SOCIAL NEWS
ОХУ хамарт цацаж хэрэглэдэг вакцин туршина

ОХУ Covid-19-тэй холбоотой “Sputnik V” вакцины хамарт цацдаг хэлбэрийг туршихаар болсноо мэдэгдэв. Цар тахал бий болох үед Орос улс “Sputnik V” вакциныг гарган хэрэглээнд нэвтрүүлсэн. Гэвч иргэдийн шинэ бүтээгдэхүүнээс болгоомжилж үл итгэх байдлаас тус улсад вакцинжуулалтын ажил удааширалттай байгаа. Хамарт цацдаг вакциныг Санкт Петербург хотын эмнэлэгт хоёр тунгаар турших бөгөөд цаг хугацааны талаар тодорхой мэдээлэл дурдаагүй аж. Эрх баригчид 8-12 насны хүүхдүүдэд зориулсан хамарт цацдаг вакциныг өнгөрөгч зургадугаар сард туршсан бөгөөд есдүгээр сард худалдаанд гаргана гэж мэдэгдэж байсан билээ.

Ухань хотын цусны банкинд судалгаа хийн Цар тахлын үүслийг олж тогтоох аж

БНХАУ-н Ухань хотын цусны банк дах нэлээд тооны цусны дээжийг шинжилж цар тахлын судалгаа хийж эхлүүлээд байна. ДЭМБ-аас энэ оны хоёрдугаар сард Ухань хотын цусны банк дахь 2019 оны сүүлийн саруудад авч хадгалсан 200 мянга гаруй хүний цусны дээж судалгааны ажилдаа ашиглаж байгаа аж. Тэдгээрийг нарийн шинжилж үзсэнээр цар тахал чухам анх хэзээ хүнд халдварласныг нарийн тогтоох боломжтой гэж үзжээ. Цусны дээжийг дээд тал нь хоёр жил хадгалах боломжтой тул судалгааны баг ажилаа нэн яаралтай эхлүүлсэн аж. Цусны дээжүүд сайн хадгалагдаж үлдсэн бол яг хэзээнээс хүний цусанд цар тахал үүсгэгч Covid-19-ийн эсрэг биет үүссэнийг тогтоох боломжтой.

20 гаруй улс Метан хийн ялгаруулалтыг бууруулах гэрээнд нэгдээд байна

АНУ болон Европын Холбооноос Канад, Франц, Герман зэрэг 20 гаруй улс метан хийн ялгаруулалтыг бууруулах олон улсын гэрээнд нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ. Эдгээр улс нийт метан хийн ялгаруулалтын 30 орчим хувийг гаргадаг ба дэлхийн эдийн засгийн 60 хувийг бүрдүүлдэг гэсэн тооцоо байдаг. Хамгийн их метан хий ялгаруулдаг 20 улсын ес нь энэхүү гэрээнд нэгдээд байна. 2030 он гэхэд хөтөлбөрт нэгдсэн улсууд метан хийн ялгаруулалтыг одоогийн байдлаас 30 хувиар бууруулахыг зорин ажиллаж байгаа юм.

Монгол Улсын өргөмжит консулын газар Милан хотод нээгдлээ

Италийн Милан хотод энэ сарын 7-нд Монгол Улсын консулын газар нээгджээ. Элчин сайд Ц.Жамбалдорж, Монгол Улсаас Итали Улсын Ломбарди мужид суух Өргөмжит консул Паоло Бонеттид Өргөмжит консулын Патентыг гардуулан өгчээ. Тус мужид сурч, амьдардаг Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөвхөн консулын төдийгүй хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.

10 хүртэлх жилээр Самар түүх, бэлтгэхийг хориглох санал гаргалаа

Байгаль орчны багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж буй УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нарт албан бичиг хүргүүллээ. Тус албан бичигт “Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, “Ойн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 тоот зарлигийг баримтлан ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Улсын хэмжээнд долдугаар сараас хойш 5,766 өрх хүнсний талон авахаа больжээ

2021 оны долоодугаар сараас хойш улсын хэмжээнд нийт 5,766 өрх хүнсний талон авахаа больсон байна. Түүнчлэн хүнсний талон авахаа больсон хэд хэдэн аймаг болон нийслэлийн дүүрэг байна.Үүнд: 2019 оны нэгдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сум Хүнсний талонгүй сум 2020 оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Бугант сум Хүнсний талонгүй сум 2020 оны аравдугаар сард Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгон 2021 оны гуравдугаар сард Дорноговь аймгийн Сайхандулаан 2021 оны долдугаар сард Хэнтий аймгийн Баян-Овоо, Өмнөговь аймгийн Хүрмэн 2021 оны наймдугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ 2021 оны аравдугаар сард Дархан-Уул аймгийн 11, 12, 16-р баг, Улаанбаатар Баянгол дүүргийн 2-р хороо хүнсний талон авдаг өрхгүй болж, ажлын байранд зуучилжээ. "2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа илүү тэлж Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр нэмэгдэнэ. Өрх дээр суурилсан “Төгсөлтийн аргачлал”-аар урт хугацааны туршилт хөтөлбөрийн төсөл эхлээд байгаа.

Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан төв талбайд бүжингийн суулт зарлалаа

Өнөөдөр "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр" тохиож байна. Хүчирхийлэлд өртөж бие сэтгэлээрээ хохирч буй бяцхан охидыг төлөөлж Сүхбаатарын талбайд бүжингийн суулт боллоо. Тус суултын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Бүүвэй-Бүү айг” арга хэмжээг мөн зохион байгууллаа. 330 чихмэл бүжин сандал дээр суун суулт зарлажээ. Эдгээр бүжин бол 2019 онд гаргасан акцыг шийдвэр гаргагч нар анхаарахгүй байгаа учраас биднийг авраач ээ” гэсэн аврал ирсэн суулт хэмээжээ. Энэ өдрийг 2012 оноос хойш дэлхийн 193 оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. 2019 онд Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Бүжингийн чимээгүй хашхираа” акцыг төрийн эрх бүхий хүмүүст хүргүүлж байсан удаатай. Бэлгийн хүчирхийллийн хохирогчид насан туршдаа бие мах бодь, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирч үлддэг. Ар гэр нь ч давхар хохирдог гэмт хэрэгт юм.

Нийтийн бие засах газрыг иргэд ихээр зорчдог газруудад байршуулж эхлээд байна

Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцлөийг бүрдүүлэх зорилгоор иргэдийн хөдөлгөөн ихтэй нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Нийтийн бие засах газрыг үе шаттайгаар байрлуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд хийж байна. Эхний байршил СХД-ийн 29-р хороо “Драгон” худалдааны төвийн орчимд байрлуулж цэвэр, бохирын шугам сүлжээний холболтын ажлыг хийж эхлүүллээ. Дараагийн байршил Хан-уул дүүргийн 2 дугаар хороо “Ажилчны алдар” талбайд байршуулж холболтуудыг хийхээр төлөвлөөд байна.

Их Британи Ковидын улаан жагсаалтаасаа Монгол Улсыг хаслаа

Их Британийн Ковидын улаан жагсаалтаас Монгол Улс хасагдлаа. Улаан жагсаалтад ордог орнуудын тоогоо 54-өөс долоо болгон бууруулсан байна. Жагсаалтад багтсан улсын иргэд жуулчид зочид буудалд 10 хоног тусгаарлагдаж байсан юм.Тэгвэл жагсаалтаас хасагдсан улс орны иргэд коронавирусын вакциндаа бүрэн хамрагдсан бол тусгаарлалтанд орохгүй ажээ. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй бол дээрх журам үйлчлэхгүй бөгөөд урьдын адил 10 хоног тусгаарлагдана. Аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн уг журам хэрэгжиж эхлэх юм байна. Дараах 47 улсыг улаан жагсаалтаас хасчээ. Үүнд: Афганистан, Ангола, Аргентин, Боливи, Ботсвана, Бразил, Бурунди, Кабо Верде, Чили, Конго (Бүгд Найрамдах Ардчилсан Улс), Коста Рика, Куба, Эритреа, Эсватини, Этиоп, Францын Гвиана, Гүрж, Гайана, Индонез, Лесото, Малави, Майотте, Мексик, Монгол, Монтенегро, Мозамбик, Мьянмар, Намиби, Балба, Парагвай, Филиппин, Реюньон, Руанда, Сейшелийн арлууд, Сьерра Леон, Сомали, Өмнөд Африк, Судан, Суринам, Танзани, Тайланд, Тринидад ба Тобаго, Тунис, Уганда, Уругвай, Замби, Зимбабве. Улаан жагсаалтад Хаити, Панам, Венесуэл, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Колумби, Перу, Эквадор зэрэг долоон улс үлджээ.

Дархлаажуулалтын цэг, эмийн сангийн байршлыг гар утаснаасаа харах боломж нээгдлээ

Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүдийн байршил, 24 цаг болон уртасгасан цагаар ажиллаж буй эмийн сангийн хаяг, байршлыг орон зайн дүн шинжилгээний системд байршууллаа. Ийнхүү иргэд өөрт ойр байрлаж байгаа дархлаажуулалтын цэгийн байршил, хаяг, очих газрын маршрутаа гар утаснаасаа харж төлөвлөх боломж нээгдэж байгаа юм. 24 цаг болон уртасгасан цагаар ажиллах эмийн сангийн байршил, хаяг, холбогдох утасны дугаар зэрэг мэдээллийг харах боломжтой. Уг аппликэйшнд хандаж хэрэгцээт мэдээллээ авахыг хүсвэл arcg.is/1zaHya холбоос линкээр болон QR кодыг уншуулан нэвтрэнэ.

1 ... 10 11 12 13 14 15 16 17 18 ... 24