ЗАХИАЛГАГҮЙ СУРВАЛЖЛАГА
ЭХДЭЭ ГОЛОГДСОН ҮРИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БОДЛОГЫГ ИЛҮҮ ТОДОРХОЙ БОЛГОЁ ...

“Зайлшгүй” гэх шалтгаанаар хүүхдээ, хаях, голох үзэгдэл нийгмийн шилжилт болгонд байсаар иржээ. Дээхэн үед дөнгөж төрүүлсэн үрээ гандангийн хүрдэн дээр орхихдоо хүн аваад явах хүртэл нь холоос манадаг байсан гэх ярианаас үүдэж “Хүрд”-ний хүүхдүүд нэршил бий болсон гэдэг.Тэгвэл нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн ухамсар, хандлага ч хувирч хүүхдээ “хүрдэн” дээр биш эрүүл мэндийн байгууллага, айлын үүдэнд орхидог байсан бол сүүлийн үед сэтгэл сэрдхийлгэм үйлдэл гарах болсныг хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн баримтаас харж болно. Өөрөөр хэлбэл, хүүхдээ өсгөх боломжгүй болсон ээжүүд үрээ аюулгүй газар үлдээх биш өнөө үед амь насыг нь эрсдэлд оруулсан сэтгэл шимшрүүлсэн үйлдэл гарах боллоо.Дөнгөж төрөөд хэд хонож байгаа үрээ хогийн цэгт орхих, өвлийн хүйтэнд автомашин дээр, гудамжинд үлдээх, бүр үйлчилгээний байгууллагын хогийн саванд хаяад явсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.Хариуцлагагүй эхийн үйлдлээс болж хүүхэд хөлдөх, харангадах зэргээр амь насанд нь аюул учрах эрсдэл ойрхон. Сүүлийн таван жилд 60 гаруй хүүхэд эцэг, эхдээ хаягдсан тоон мэдээлэл байгаа бол хүүхдээ орхиод явсан ээжүүд ихэвчлэн 25-35 насныхан байдаг гэсэн судалгаа байна. Өөрөөр хэлбэл, “Хүрд”-ний хүүхдүүд 2015 онд 15, 2016 онд найм, 2017 онд 16 байсан бол сүүлийн хоёр жилд энэ тоо нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.Тэр болгонд хүүхдийн амь нас нь аюулд учрах эрсдэлд орж байна. Эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа мэдээллээр хяналтгүй төрөлт энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 80-85 хувь нь оршин суугаа хороо, дүүрэгтээ жирэмсний хяналтад ордог бол үлдсэн хувь нь хяналтад оролгүй явсаар эмнэлгийн бус газарт төрснөөс хүүхдээ хаях тохиолдол гардаг байна.Энэ мэтээр эцэг, эхдээ хаягдаж, гологдсон хүүхдийг Эрүүл мэндийн яамны харьяа “Хүүхдийн төв сувилал”-д хүлээлгэж өгдөг. Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хүүхдээ хаясан ээжид хариуцлага хүлээлгэж, хүүхдийг төрийн асрамжид авч байна. Хуульд зааснаар асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаясан бол 5.4 саяас 27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг буюу 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, тав хүртэлх жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Хүүхдийг хаясны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Мөн эцэг, эх байх эрхийг нь хасах хүртэл заалт бий. Хүүхдээ хаяж, амь нас эрсэдсэнээс ял эдэлж байгаа ээжүүд ч мэр сэр бий. Гэтэл хүүхдээ тэжээж чадахгүйгээс болж хаяж байгаа хүнийг мөнгөөр торгох, албадан ажил хийлгэж, ял эдлүүлнэ гэдэг оновчгүй. Хүүхэд, эх хоёулаа хохирогч болж байна. Тиймээс хамгийн чухал нь хүүхдийг эрүүл, аюулгүй авч үлдэж ирээдүйд нь анхаарал хандуулах юм. Нярай хүүхдээ хаях гэмт хэрэг өсөж байгаа нь нийгмийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Тиймээс тухайн ээжийг өршөөж ойлгох гарцаагүй шалтгаан ч бий байх. Мэдээж хүүхдээ хаяхыг өөгшүүлж болохгүй. Тодорхой хэмжээний хариуцлагаас гадна энэ хэргийн үндэс, суурь шалтгааныг олж “Эмчлэх” төрийн бодлого хэрэгтэй. Хэрэв энэ л янзаараа хүүхдээ хаясан эхийг олж шийтгээд орхих биш хүүхдийг эрүүл саруул төрийн хамгаалалтад авах бодлого зайлшгүй шаардлагатай болсоор байна. Дэлхийн улс орнууд хаягдсан хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аврах. Ирээдүйд анхаарал хандуулж, ач холбогдол өгч “Амьдралын цонх” төслийг хэрэгжүүлдэг. Тодруулбал, байрны хананд байрлуулсан, хоёр талаасаа онгойдог нялх хүүхэд хүлээн авах тасалгааг байрлуулдаг байна.Тэр нь гудамжны талаас чөлөөтэй онгойдог, төмөр хүрээгээр бэхэлсэн хагардаггүй вакуум цонхтой байдаг бөгөөд тусгай өлгийгөөр бүтээсэн ортой, дулаанаа тогтмол барих байдлаар тохижуулдаг. Хүүхдийг орхихдоо тасалгааны цонхыг гудамжнаас онгойлгон өлгийн дээр байрлуулаад хаалгыг хааснаар 30 секундийн дараа түгжигдэнэ. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд хаалгыг гаднаасаа онгойхгүйгээр зохион байгуулж хийдэг. Хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн ажилтнуудад “Амьдралын цонх” нээгдэж, тусгай дохио ирснээр хүүхдийн эрүүл мэндийг үзэж хууль хяналт болон халамжийн байгууллагуудад мэдэгддэг гэнэ. “Амьдралын цонх”-нд орхисон хүүхдээс эрх зөрчсөн, хүчирхийллийн ул мөр илрээгүй тохиолдолд ээжид нь ямар нэг хариуцлага тооцдоггүй. Өөрөөр хэлбэл, хүүхдийг өсгөх боломжгүй зайлшгүй шалтгаан гэж үзэж тасалгааны орчим камер, хамгаалалт байрлуулдаггүй. Улс орнууд өөрсдийн онцлогт тохируулан орхигдсон хүүхдүүдэд зориулсан төслийг “Амьдралын цонх”, “Тогоруун өлгий”, “Амьдралын өлгий” гэх зэргээр хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, Пакистан 300 “Амьдралын цонх”-оор 16 мянган хүүхдийн амийг аварчээ.Мөн Польшийн 47 хотод “Амьдралын цонх” үйл ажиллагаа явуулдаг бол АНУ-д төрөөд 72 цагаас хэтрээгүй хүүхдийг нэрээ нууцлан эмнэлэг, гал унтраах ангиудад байрлуулсан “Намуухан зогсоол” нэртэй тусгай тохижуулсан газарт орхих хуулийг 50 гаруй мужид баталсан байдаг. Тиймээс манай улсад ч гэсэн эхийг буруутгах, хуулийн хариуцлага хүлээлгэхийг урьтал болгохгүйгээр хүүхдийг хамгаалах асуудлыг судалж, төрийн бодлогыг илүү тодорхой болгох цаг болсныг сүүлийн үед нэмэгдэж байгаа энэ төрлийн хэргүүд харуулж байна.

ОРГҮЙ ЭМНЭЛЭГ, ТОЛГОЙГҮЙ САЙД

Халдвар авсан иргэд эмнэлэг бараадсан ч нэмэргүй болоод олон хоног өнгөрлөө. Эмнэлгээс аврал ирэн тэнхээ баран очсон иргэн тусламж авч чадалгүй үүдэнд нь нас барсан харамсалтай үйл явдал болоод иргэдийн шүлс хатаагүй байна. Энэ хугацаанд шийдэл гаргаж эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж эмч ажилчдын хүний нөөцийн асуудлыг цэгцлэх хугацаа байсан. Гэтэл өнөөдөр Нийслэлийн хэмжээнд орны хүрэлцээ байхгүй таазандаа тулсаан гээд мэдээлэл өгөөд сууж байгаа нь яамны болон УОК ийн үнэн төрх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын онцгой комиссын алдаатай, цагаа олоогүй оновчгүй журмаас болж автомашиндаа нас барж, төрсөн ээж нь бяцхан охиноо хэдхэн метрийн цаана уйлуулсаар хорвоогоос үдсэн гэх мэт олон хөрсөн дээрээ буугаагү журмаас болж олон хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн талаар дурдаад байвал дуусашгүй олон тохиолдол бий. Энэ бүхний дараа Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гаргажээ. Гаргасан журмыг хэрэгжүүлэх Ажлын хэсэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагаас гадна Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Эмийн хяналтыг зохицуулах газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн төлөөллүүд багтсан байна. Энэхүү журманд: - Эмнэлгүүд өөрсдөө хэвтэн эмчлүүлэгчдээ авдаг байсан бол одоо ор зохицуулалтын баг хэвтэх хүмүүсийг эмнэлэг рүү илгээнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдээс сулрах орны тоон мэдээллийг урд орой нь авч, маргааш нь өвчтөнүүдийг хуваарилна гэсэн үг. - Энгийн болоод эрчимт эмчилгээний, хүчилтөрөгчийн хэрэгцээт ор хэчнээн байгааг тус баг нэгтгэнэ. - Энэхүү багаар дамжаагүй иргэдийг эмнэлэг дураараа авч хэвтүүлбэл эрүүл мэндийн даатгал нь тухайн эмнэлэгт олгогдохгүй гэх зэрэг өөрчлөлтүүдийн хийсэн байна. Нэн түрүүнд шаардлагатай байгаа ор нэмж дэлгэх гэхээсээ илүү өвчтөнүүдээ маш хүнд, хүнд, хөнгөвтөр гэж ангилаад хэнийг хаана хэвтүүлэх вэ гэдгийг УОК оос шийдэхээр болсон гэсэн үг. Өмнө нь эмнэлгүүд өвчтөнөө хэвтэн эмчлүүлснийх нь дараа мэдээллээ нэгтгэж өгдөг байсан бол журам батлагдан гарснаар одоо хэвтэхээс нь өмнө мэдээллээ нэгтгэж хэвтэх эсэх зөвшөөрөл авдаг болсон аж. ЖУРАМ ДАГАХ НЭРЭЭР ЭМНЭГИЙН ҮҮДЭНД ХЭДЭН ИРГЭН АМИА ӨРГӨХ БОЛ Энэхүү журмыг ХӨСТҮ ийн мэргэжилтнүүд шүүмжилж, хэрэгжүүлэхэд олон бэрхшээл болон хүндрэл гарч болохыг УОК руу саналаа хэлж байгаа ч авч хэлэлцэхгүй байгааг эх сурвалж мэдээллээ. Журам бодит байдал дээрээ хэрэгжвэл, иргэн халдвар авч хүндрээд эмнэлэгт хэвтэхээр болбол заавал УОК руу хандаж хүлээж байж хэвтэх журам хэрэгжиж байна. Үнэн хэрэг дээрээ коронавирусын халдвар гэнэтийн байдлаар хүндэрч амьсгалах аргагүй болдог гэдгийг ЭМЯ болон УОК мартсан бололтой. УОК ийн зөвшөөрлийг хүлээж эмнэлгийг үүдэнд хэдэн иргэн хорвоогийн мөнх бусыг үзүүлэх бол гэдэг айдас иргэдийн дунд түгсээр....

МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар хүчингийн хэрэгт холбогджээ

Энэ сарын 11- ний өдөр Баянзүр дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн захирал асан хүчингийн хэрэг үйлдсэн гэх гомдол мэдээлэл өргөдлөөр иржээ. Тодруулбал, МҮОНРТ ийн захирал асан одоогийн тус телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Мянганбуугийн Наранбаатар 32 настай эмэгтэйг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас мэдээллийн дагуу материалжуулан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр, тухайн хохирогч эмэгтэй цагдаагийн хэлтэст өөрийн биеэр өргөдөл гаргаж ирсэн. Мөн өмнө нь М.Наранбаатартай амрагийн харилцаатай байсан аж.

ЕРӨНХИЙ САЙД ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖ НЭРТЭЙ ЛУЙВАР ЭХЛҮҮЛЛЭЭ

"Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулалт 2021" зөвлөлдөх уулзалтын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халамжийг хөдөлмөрт шилжүүлэх төрийн бодлогын талаар товч танилцуулсан юм. Халамжийн нэг хэлбэр болох төрөөс олгодог хүүхдийн мөнгийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар Ерөнхий сайд танилцуулсан. Тэрбээр "Цалинтай ээж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн бодлого цар тахлын үед үнэхээр хэрэгтэй байсан. Хүүхдийн мөнгийг зөвхөн халамжийн бодлого гэж харж болохгүй. Энэ бол ирээдүйн маш том хөрөнгө оруулалт. Бид 1.4 их наяд төгрөгийг бэлнээр өгөөд яваад байх уу. Гэтэл үүнээс болж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдэл өгч байна гэдэг шүүмжлэл гарч байгаа” гэв. Мөн тэрээр, “Бид хүүхдийн мөнгийг одоо байгаа хэмжээгээр нь хуримтлуулах, өөрөөр хэлбэл хадгаламжтай Монголыг бүтээх бодлогын шинэчлэл рүү цаг алдалгүй орох шаардлагатай байна. Хүүхэд мөнгөө хуримтлалаар авна” гэсэн үг юм хэмээлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нэг сая гаруй 0-18 хүүхэд хүүхдийн мөнгө авдаг гэх судалгаа бий. Тэдний 50 иас дээш хувь нь хүүхдийн мөнгөөрөө өдрийн хоолоо залгуулдаг. Өөрөөр хэлбэл олон хүүхэдтэй, өрх толгойлсон ээж, аав, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьжиргааны төвшин доогуур өрх айлууд сар бүрд авдаг хүүхдийн халамжийн мөнгөөр амьдардаг. Одоо ч цар тахлын үе үргэлжилсээр байгаа цаг мөч мөн. Цар тахал хумигдаж, Засгаас ажлын байр бий болгож, сайхан цаг наашлаагүй. Хүүхдээ хараад гэртээ суугаа ээжийн толгойд сарын 100 мянган төгрөг өгөхгүй болчихвол яах вэ гэсэн бодол эргэлдэж эхэлсэн нь гарцаагүй. Олон бага насны хүүхдээ гэртээ хараад суугаа өрх толгойлсон ээж хүүхдүүдээ гэрт нь цоожлоод ажил хийх үү. Тэгэх боломжгүй. Яагаад гэвэл, цар тахлын үед зарим бизнес хумигдаж, ажилгүй 250 мянга орчим иргэнтэй болсон. Гараад ажлын байр олох боломж бага болсон гэсэн үг. Нөгөөтээгүүр, Хүүхэд харах хүнгүй тохиолдолд хүүхдүүдээ эрсдэл дунд гэрт нь орхиод гарах ээж байхгүй л болов уу. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ хамтдаа Ерөнхий сайдын гоё амлалтыг хүлээгээд өлсгөлөн ходоодтой, хадгаламжийн дэвтрийнхээ тоог хараад суух нь тодорхой боллоо. Ерөнхий сайдын эхний томоохон ажил нь хүүхдийн ирээдүйд хадгална гэх нэрийдлээр сар бүрийн мөнгөө өгөхгүй том тоо харуулаад хулхитах гэж байгаад олон иргэд халаглан сууна.

Г.САРАНГЭРЭЛД ЦАГДААГИЙН МӨРДӨГЧ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ ТОХОЖ, ЯЛЛАСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт ажиллаж байсан цагдаагийн алба хаагчийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлжээ. Тодруулбал, Цагдаагийн ахлах дэслэгч, мөрдөгч Ж.Э нь Хар тамхитай тэмцэх газарт ажиллаж байхдаа гадаад улсаас их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр оруулсан гэх хэргийг шалгаж байжээ. Улмаар дээрх хэргийг мөрдөн шалгах явцдаа гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй байгаа тул Эрүүгийн хуулийн 20.7.3.3-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүний шалгаж байсан хэрэг нь өмнө нь хар тамхины хэргээр ял эдэлж байсан Г.Сарангэрэл нарт холбогдох хэрэг бөгөөд энэ хэрэг шалгагдаж дуусаад шүүхийн шатанд очоод байгаа аж. Шүүгдэгч Г.Сарангэрэл нар нь тухайн үед өөрийг нь шалгаж байсан мөрдөгч Ж.Э нь нотлох баримтгүйгээр хэрэг тохож, өөрийг нь хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаагаа шүүхийн шатанд илэрхийлсэн байна. Г.Сарангэрэлийн гэгдээд буй түүний сүүлийн холбогдсон гэх хэрэг нь нилээдгүй томоохон хэрэг байв. Тодруулбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүжиний нялх амраг гэгдэж байсан Г.Сарангэрэл гэх бүсгүй хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа 461-р ангид энэ оны дөрөвдүгээр сард хоригдсон. Түүнийг Монгол улсад урьд өмнө нь орж ирж байгаагүй онц их хэмжээний хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох мөсийг оруулж ирэх ажлыг өөрөө гардан зохион байгуулж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байв. Мөн Г.Сарангэрэл гадаад улсын иргэдтэй холбоо тогтоон их хэмжээний хар тамхи Монгол Улс руу нэвтрүүлж, зарж борлуулах, холбоо тогтоох ажлыг өөрөө зохион байгуулсан үйлдлийг илрүүлсэн гэгдэж байсан бөгөөд цагдаагийн алба хаагч нар түүнийг их хэмжээний бараагаа өөрөө хил дээрээс хүлээн авч байх үед нь баримтжуулан саатуулсан гэгдэж байсан. Гадаад улсын иргэд болох Нигер улсын хар тамхины томоохон гэмт бүлэглэлтэй холбоо тогтоон нууцаар ажиллаж байсан гэдгийг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ дагуу мөрдлөгө явуулж Эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурор руу шилжүүлсэн. Харин прокурорын байгууллагаас хэргийг хянан хэлэлцээд шүүх рүү шилжүүлсэн. Уг хар тамхины бүлэглэлийн хэрэгт холбогдсон сэжигтэн Г.Сарангэрэл хуурамч хэрэг тохсон хэмээн мэдүүлэг өгснөөр шалгагдаж байгаа аж.

ЭХНЭРЭЭ ЗОДСОН ГЭХ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТЫН ӨГИЙ НУУРЫГ БАЛЛАСАН ТҮҮХ

Төрөөс төрсөн тэрбумтан гэдэг шиг Төрд гарсан тендерчин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат саяхан дуулианы эзэн болов. Учир нь тэрээр удаа дараа гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэртээ гар хүрдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг жудаггүй Төрийн түшээ гэдэг өнцгөө олон нийтэд ил болгосон юм. Эрхэм гишүүнийг яруу найрагч, Улсын төсвөөр зарлагддаг тендер болон худалдан авах ажиллагааны томоохон мөнгөн дүнтэй ажлуудыг хамдаг гэдгийг улс төрчид болон Монголын ард түмэн хэдийнээ андахгүй. Төрийн ордонд сууж бусдыг уран яруу холбоос үгээр элдэвлэж суудаг Ж.Мөнхбат гишүүн болж Засгийн газрын ордны хүндэт суудалд суусан өдрөөс эхлэн өөрийн шууд болон шууд бус компаниараа дамжуулан тендерийн эрхийг хамдаг болсон юм. Хэвлэлийн хуудаснаа шуугиан тарьж, Улсын төсвийн онц их хэмжээний мөнгө буюу 163 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн гэдэг нь аудитаар тогтоогдсон ч хариуцлага хүлээж эргүүлэг төлөөгүй нь 2018 он байв. Тодруулбал, УИХ - ын гишүүн Ж.Мөнхбатын хамаарал бүхий “Засагт чандмань майнз” концессоос 163 тэрбум төгрөг халаасалж байв. Энэхүү Улсын төсвөөс ажил хэрэгжүүлэх нэрийдлээр онц их хэмжээний мөнгө авсан компани нь УИХ - ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр Д.Буянжаргалын төрсөн ахын компани юм. Энэхүү хэрэг явдлаас хойш гурван жилийн хугацаанд тоолж барамгүй их төсөл, тендер, худалдан авах ажиллагааг өөрийн хамаарал бүхий компаниуд руугаа холбож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нөлөөлж авсаар иржээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг савалгаатай гэгддэг. Нэгэн жил буюу 2019 онд л гэхэд хоёр тэрбум төгрөг байсан бол дараагийн жил нь буюу 2020 онд шууд тэг болдог. Энэ нь томоохон тендерүүдэд хөрөнгө оруулж мөнгө угаах замаар өндөр ашиг хонжоо олдог гэдгийг эх сурвалжууд мэдээлдэг. ӨГИЙ НУУРЫГ СҮЙТГЭСЭН ҮЙЛДЭЛДЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ОГЦОР Ж.Мөнхбат нутгийн зон олныхоо итгэлийг хүлээж гишүүн болох жил буюу 2018 онд өөрийн төрсөн нутаг болох Архангай аймагт байрлах Өгий нуурыг байгалийн үзэсгэлэн цогцолбор болгоно, ховор ан амьтан, ургамалыг хамгаална хэмээн сүржин амлалтаа тендэр болгож улмаар Улсын төсвөөс 4 тэрбум төгрөг авчээ. Харин тэрээр гишүүн болох гэж амласан гол амлалт буюу Архангай аймгийн Өгийн нуур орчимд аялал жуучлалын бүс барих төслийн тал мөнгө болох 2 тэрбум төгрөгийг өөртөө завшсанаар төсөл биеллээ олоогүй явсаар өдийг хүрчээ. Өдгөө Өгийн нуурыг тасалж тэг дундуур нь хоёр томоохон нүх ухаад хаясан байдалтай болгожээ. Тэрхүү газарт өдгөө нутгийн малчид унаж бэртэж, төл мал энддэг харамсалтай тохиолдол олон гарсан байна. Байгалийн үзэсгэлэнт нуурын эрэг орчмыг сайжруулна гэх худал үгээр нутгийн малчид төдийгүй Төрийн түшээдийг хулхитсан түүнээс Өгийн нуураа нэхэх цаг болжээ. Улсын төсвөөр ажил хийж гэж худал хэлж онц их хэмжээний мөнгө туудаг юм аа гэхэд төрсөн нутгаа гэх сэтгэлгүй мөнгөнд нүд нь сохорсон эрхэм Төрийн түшээ УИХ - ын гишүүн Ж.Мөнхбат та байгаль сүйтгэж 2 тэрбум төгрөгөө эргүүлэн төлнө үү. Мөн байгал сүйтгэж экологийн тэнцвэр байдал алдагдуулсан жудаггүй үйлдэлдээ хариуцлага хүлээж суудлаасаа бууж, гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахыг шаардаж байна.

МАН-ын албан ёсны дарга Л.Оюун-Эрдэнэ биш

Өнгөрөгч Баасан, Бямба гаригт У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхийн өмнө МАН - ын Бага хурлаа хуралдуулж, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг томилов. Мөн намынхаа удирдах зөвлөлийг өргөтгөж, бүрэлдэхүүнээ өөрчилсөн үйл явдал боллоо. БАГА ХУРЛААР НАМЫН ДАРГАА СОНГОХ ХУУЛИЙН ЗААЛТ БАЙХГҮЙ Л.Оюун-Эрдэнэд МАН-ын шинэ дарга гэгдэж, бага хурлаараа нам дотроо олонхийн санал авсан ч яг таг МАН ын шинэ дарга болсон гэсэн үг биш юм. МАН ын дотоод хуулиараа Бага хурал нь намын дарга томилох боломжгүй байдаг. Намыг цаашид толгойлж, асуудал шийдэж, хариуцлага хүлээлгэхийг шийдэх жинхэнэ намын даргыг тус намын Их хурлаар шийдэж улмаар тамга тэмдэгээ албан ёсоор хүлээлгэн өгдөг тухай хууль нам.мн сайтад бичигдэн үлджээ. Тус МАН ын дотоодод мөрдөгддөг хуулийг сийрүүлэн харвал, МАН ын даргыг Их хурлаараа сонгоно хэмээн заасан байх бөгөөд Их хурал нь ирэх 11 сард хуралдах аж. Тэгэхээр намын даргын тамга, тэмдэгийг өвөртлөн их эрх мэдэл рүү улайрч буй Л.Оюун - Эрдэнэ 11 сар хүртэл хүлээх нь. Харин наана нь намдаа Ерөнхийлөгчийн ачаар ямар саадгүй сонгогдох орчноо бүрдүүлсэн. Тэр ч бүү хэл МАН ын Бага хурлаар дэмжигдмэгц олон нийт рүү чиглэж албан ёсны дарга болсон хэмээх мессеж өгч байлаа. Намын дарга албан ёсоор болоогүй байж нам доторх хүрээллээ бүрдүүлж буй нь Их хуралдаа дахин хаалтгүйгээр олонх санал авахаар зэхэж байгааг тодхон харуулаад байгаа юм. ХАЛДВАРЫН УЛМААС ХОЁР САРТАЙ НЯРАЙ НАС БАРСАН НЬ ОГЦРОХ ШАЛГААН МӨН У.Хүрэлсүхийн Засгийн газар дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг хөл нүцгэн, нимгэн халаадтай нь өвлийн хүйтэнд хүнлэг бусаар зөөвөрлөснөөрөө унасан байдаг. Гэтэл одоогийн Засгийн газрыг тэргүүлж буй шинэхэн Ерөнхий сайд Л.Оюун - Эрдэнийн үед хоёр сартай нярай коронавирусын халдварын улмаас амь эрсдэлээ. Гэтэл тэрээр ямар нэгэн эмгэнэл илэрхийлж, хариуцлага ярихгүй байх төдийгүй таг дуугүй суусаар. Түүнд нярайн амь нас хамаагүй мэт Их хуралдаа бэлдэн жинхэнэ намын дарга болохоор улайрч байна. Ерөнхий сайд Л.Оюун - Эрдэнийн дотоод дайндаа ялахтай зэрэгцэн Төв талбайд иргэд, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл Тэвчээр тасарлаа гэдгээ дуулган жагсаж байна. Л.Оюун - Эрдэнэ халдварын улмаас нас барсан нярайн асуудалд үг дуугарах юм бол ирэх Их хурлынхаа өмнө хариуцлага хүлээж намынхаа дарга болохгүй байх вий гэсэн айдас бий. Мөн тэрээр халдварын тохиолдол багасах гэж тэмцэж буй олон мянган алба хаагчдынхаа ам руу алгадах мэт цахим наадам хийнэ гэж бэлтгэж эхэлсэн нь нийгмийг бухимдуулаад байгаа юм. Өдөрт дор хаяж арван хүн халдварын улмаас цаг бусаар хорвоог орхиж, өдөрт нэг үйлчилгээний байгууллага дампуурлаа зарлаж, Төрийн байгууллагын аль ч салбар үйл ажиллагаа явуулах боломжгүй өдөр хоног аргацааж байх цаг дор цахим наадам хийж баярлаж суух хэдэн хүн байна вэ? Хагас хөл хориотой, орон нутаг руу явуулахгүй байгаа үед цахим наадам хийж Төрийн өндөрлөгүүд тэр дундаа МАН ынхан үнэмлэхүй ялалтаа тэмдэглэж, баярын парад алхуулж, телевизээр худлаа үг хэлж, цомхон наадам хийхэд арван тэрбум төгрөг зарцуулах нь. Зохиолч, яруу найрагч Р.Эмүүжингийн тэмдэглэснээр, “Томчуудын наадмын хуушуурын хамар цоргим үнэрт, Ядуу иргэд гэдэс нь өлсөх нь” гэсэн нь оноод хэллээ гэлтэй. Дээр нь онцлоход, цахим наадам хийснээрээ Улсаараа халдварын улаан бүс болж, энэ цаг үед буруу шийдвэр гаргасныхаа горыг арван жилдээ нөхөж барашгүй болно гэсэн үг юм. Улс даяараа гашуудаж, айдастай байгаа үед Ерөнхий сайд цахим наадам хийснээрээ өөрөө огцрох үндэслэлээ бүрдүүлээд зогсохгүй, МАН - ын намын дарга болох боломжгүй. Ирэх 11 сард болох МАН - ын Их хурлаар өөр хүнийг сонгох боломж бидэнд бүрэн байгаа гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.

Сэлэнгэ аймгийн ИХТ О.Дамдинпүрэв хууль бусаар алт олборлосон, хуурамч тамга ашигласан хэргээр шүүгдэнэ

Иргэдийн асуудлыг шийдвэрлэж, нутаг орноо хөгжүүлэхийн тулд тэднийг төлөөлж сонгогдсон эрхмүүд гарсан хойноо иргэдийнхээ боломжийг хулгайлж, нутаг орноо зардаг, балладаг түүх олон бий. Түүний нэгэн жишээ Сэлэнгэ аймагт үүссэн байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болон тус аймгийн Хаан банкны захирлын албан тушаалыг зэрэг хашдаг О.Дамдинпүрэв нь Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шүүх рүү шилжжээ. Тодруулбал, Тэрээр 2019 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах байгалийн үзэсгэлэнт газрыг тусгай зөвшөөрөлгүй ухаж, алт олборлосон. Ингэхдээ Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гарын үсэг болон тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн зөвшөөрөл авсан мэтээр хууль бусаар алт олборлож ундны усны ундаргыг сэндийлж их хэмжээний ашиг олсон баримт хуулийнханд ил болжээ. Энэхүү гэмт хэргийг нэг жилийн өмнө буюу 2020 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж дуусаад шүүх рүү шилжүүлсэн. Энэ дунд хамгийн ноцтой нь О.Дамдинпүрэв нь өөрийнхөө хууль бус үйлдлийг нуун далдалж, 19 настай бүтэн өнчин хүүг хэрэг үүрүүлэхээр үгсэн хуйвалдсан. Улмаар ихээхэн хэмжээний мөнгө өгөх тохироо хийж хуулийн байгууллагаар өөрийгөө биш хэрэгт хамааралгүй хүүг шалгуулсан байдаг. Харин тэрээр хуншгүй зан гаргаж, хэрэг үүрвэл өгнө гэж амласан мөнгөө өгөөгүйн улмаас хяналтын прокурорын шатанд тухайн гэм зэмгүй хүү мэдүүлгээсээ буцсанаар түүний булхай илэрсэн байгаа юм. Ийнхүү түүний хэрэг мөрдөн байцаалтаар дахин шалгагдаж шүүх рүү Эрүүгийн хэрэгт татагдаж шүүгдэх гэж буй. Тун удахгүй О.Дамдинпүрэвийг хууль бусаар Улсын хамгаалалттай ундны усны ундаргыг сүйтгэсэн, тусгай зөвшөөрөлгүй алт олборлосон, хуурамчаар тамга, тэмдэг үйлдсэн, түүнийгээ ашигласан, энэ хэргээ гүйцэлдүүлэхийн тулд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын нэр бүхий албан тушаалтнуудад удаа дараа авилгал өгсөн, мөн хэргээ нуун далдлах зорилгоор бусадтай үгсэн хуйвалдсан, хуурамч мэдүүлэг өгсөн, байгаль сүйтгэсэн нөхөн төлбөр, төлөх ёстой хуулийн хүрээн дэх татвараас зайлсхийсэн, нөхөн сэргээх гэрээ хийгээгүй, гүйцэлдүүлээгүй гэх зэрэг олон хэргээр шүүх тов зарлагдах юм байна. Сэлэнгэ аймгийн ИХТ О.Дамдинпүрэв нь тус аймгийн МАН-ын гишүүн гэх бөгөөд олон хууль бус үйлдлээ намынхаа нэрийг барьж нуун далдалж байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсээр байна. Иймэрхүү олон тооны Эрүүгийн хэрэг үйлдсэн, сонгогдсон тойрогтоо ажил хийх бус сүйтгэж хөлждөг эрхмүүдийг иргэдээ төлөөл гэж ажиллуулаад байгаа нь Сэлэнгэ аймгийн удирдлагад хариуцлага тооцох асуудал хөндөгдөнө. Нөгөөтэйгүүр МАН-ын гишүүд намын нэрээ урдаа барьж олон хууль бус үйлдэл хийдэг гэдгийг баталсан асуудал боллоо.

Нэг өдөрт хоёр айлын таван хүн угаартаж нас барлаа

2020 онд “Таван толгой түлш ХХК”-ийн үйлдвэрлэсэн шахмал түлш түлсэн гэр хорооллын айл, өрхүүдээс өглөө болоход л гэр бүлээрээ эсвэл цэл залуухан залуус, дөнгөж төрсөн нялхас гээд л тоолж барамгүй олон иргэн харамсалтайгаар нас барсан билээ. Намрын улирал болж сэрүүссэн өдрүүдэд айлууд шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн шөнийн дотор гэртээ унтаж байсан таван иргэн угаартаж нас барлаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 22 “Хилчин тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 09-р сарын 06-ны 10:46-д авч шалгахад тус тоотод суух эрэгтэй 24 настай Ч.Б, талийгаачийн эхнэр болох эмэгтэй 23 настай Э.Т, нар ил харагдах гэмтэл шархгүй, угаартсан байдалтай нас барсан байна. Эх сурвалжийн мэдээллээр, Монгол гэрт зуухны яндангаа авч, өрхөө бүтээсэн, угаар мэдрэгчгүй байсан гэх. Мөн тус дүүргийн 33-р дугаар хороонд оршин суух хаягтай “Тахилтын дугаар тоотод эрэгтэй 53 настай Д.А, эрэгтэй 45 настай Л, эрэгтэй 48 настай А.Б, нарын нийт гурван хүн ил харагдах гэмтэл шархгүй, угаартсан байдалтай нас баржээ. Одоогоор уг угаартаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна. Иймээс иргэд та бүхэн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж утаа мэдрэгчийг байнгын ажиллагаатай байлгах болон агааржуулалтаа сайжруулахыг анхааруулж байна.

Ял шийтгэл эдэлж байсан Х.Бат-Ялалт дахин нэр дэвшихээр болжээ

УИХ-ын сонгуульд удаа дараа нэр дэвшиж, өвдөг шорооддог хүмүүсийн нэг бол Х.Бат-Ялалт. Өнгөрсөн жилийн сонгуулиар тэрбээр уламжлал ёсоор өвдөг шороодсон. Энэ удаад ч гэсэн өвдөг шороодохоор Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Тодруулбал, наашаа гэсэн нам бүрийг дагаж нэр дэвшдэг түүний улс төрийн карьер нэгэнт дууссан тул энэ удаад тэрбээр бие даан нэр дэвшихээр болсон нь энэ юм. Сонгох, сонгогдох эрхээ эдэлж хэн ч нэр дэвшиж болно. Харин ял шийтгэлтэй этгээд сонгуульд нэр дэвших нь хэр зохистой вэ? Х.Бат-Ялалт нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан. Энэ бол түүний шүүхээс сонссон анхны ял. Хоёр дахь ялаа тэрбээр саяхан сонссон. Тодруулбал, 2020.07.24 ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15 360 000 төгрөгийн торгох ял оногдуулсан юм. ХУУЛИЙН ЦООРХОЙ ГЭМТ ЭТГЭЭДЭД НЭР ДЭВШИХ БОЛОМЖ ОЛГОЖЭЭ Шүүхээс хоёр удаа ял сонссон этгээд ийнхүү сонгуульд нэр дэвшиж байгаа нь Өршөөлийн хууль болон шүүхийг үл хүндэтгэсэн байдалтай шууд холбоотой. Сонгуулийн тухай хуулийн 26.4.2.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх гэж заасан. Харин олон удаагийн өршөөлийн хуулийн ачаар Х.Бат-Ялалт ялгүй хэмээн намтар түүхээ “ариусгасан” байх магадлалтай. Харин Х.Бат-Ялалт Л.Эрдэнэчимэгээс 200 саяыг нэхээд өгөхгүй болохоор нь 50 сая төгрөг авсан буюу шүүхээс хоёр дахь удаагаа ял сонссон хэрэг нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй л байгаа. Тодруулбал, анхан шатны шүүхээс ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх хурал нь 2021.08.23 ны өдөр хуралдах байсан боловч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан шалтгаанаар 2021.10.12 ны өдрийн 11:00 цаг эхлүүлэхээр хойшлуулсан байна. Өөрөөр хэлбэл нөхөн сонгуулийн дараа хүртэл Х.Бат-Ялалт шүүх хурлаа хойшлуулж чадлаа. Нөхөн сонгуульд зориулж шүүх хурлаа хүссэнээрээ хойшлуулж, шүүхийг үл хүнэдтгэж байгаа үйлдэл гэж хэлж болно. Ял авсан л бол ялтан, гэмт хэрэгтэн. Ялтан, гэмт хэрэгтэн этгээд хоёр дахь хэрэг дээрээ ял сонсох нь баараггүй болсон тул хугацаа хожиж боломжит хувилбараар ийнхүү сонгуульд нэр дэвшиж байна. СХД-ийн нөхөн сонгуульд • МАН-аас Н.Батшугар • АН-аас Э.Бат-Үүл • ХҮН-аас Б.Найдалаа • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх • ШИНЭ намаас Ц.Гантулга • ИЗНН-аас Ш.Гантулга • Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар • Бие дааж Х.Бат-Ялалт нар дэвшиж байна. Нэр дэвшигчид энэ есдүгээр сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ.СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах бөгөөд нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилнэ. СЕХ-нд гэмт этгээдийг нэр дэвшүүлэх эсэхийг хянах тав хоног үлдээд байна. Ялтай этгээдийг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг СЕХ хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.

1 2