ЭХДЭЭ ГОЛОГДСОН ҮРИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БОДЛОГЫГ ИЛҮҮ ТОДОРХОЙ БОЛГОЁ ...

“Зайлшгүй” гэх  шалтгаанаар хүүхдээ, хаях, голох үзэгдэл нийгмийн шилжилт болгонд байсаар иржээ. Дээхэн үед дөнгөж төрүүлсэн үрээ гандангийн хүрдэн дээр орхихдоо хүн аваад явах хүртэл нь холоос манадаг байсан гэх ярианаас үүдэж “Хүрд”-ний хүүхдүүд нэршил бий болсон гэдэг.Тэгвэл нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн ухамсар, хандлага ч хувирч хүүхдээ “хүрдэн” дээр биш эрүүл мэндийн байгууллага, айлын үүдэнд орхидог байсан бол сүүлийн үед сэтгэл сэрдхийлгэм  үйлдэл гарах болсныг хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн баримтаас харж болно. 

Өөрөөр хэлбэл, хүүхдээ өсгөх боломжгүй болсон ээжүүд үрээ аюулгүй газар үлдээх биш өнөө үед амь насыг нь эрсдэлд оруулсан сэтгэл шимшрүүлсэн үйлдэл гарах боллоо.Дөнгөж төрөөд хэд хонож байгаа үрээ хогийн цэгт орхих, өвлийн хүйтэнд автомашин дээр, гудамжинд үлдээх, бүр үйлчилгээний байгууллагын хогийн саванд хаяад явсан тохиолдол цагдаагийн байгууллагад  бүртгэгдсэн.Хариуцлагагүй эхийн үйлдлээс болж хүүхэд хөлдөх, харангадах зэргээр амь насанд нь аюул учрах эрсдэл ойрхон. Сүүлийн таван жилд 60 гаруй хүүхэд эцэг, эхдээ хаягдсан тоон мэдээлэл байгаа бол хүүхдээ орхиод явсан ээжүүд ихэвчлэн 25-35 насныхан байдаг гэсэн судалгаа байна. 

Өөрөөр хэлбэл, “Хүрд”-ний хүүхдүүд 2015 онд 15, 2016 онд найм, 2017 онд 16 байсан бол сүүлийн хоёр жилд энэ тоо нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.Тэр болгонд хүүхдийн амь нас нь аюулд учрах эрсдэлд орж байна. Эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа мэдээллээр хяналтгүй төрөлт энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 80-85 хувь нь оршин суугаа хороо, дүүрэгтээ жирэмсний хяналтад ордог бол үлдсэн хувь нь хяналтад оролгүй явсаар эмнэлгийн бус газарт төрснөөс хүүхдээ хаях тохиолдол гардаг байна.Энэ мэтээр эцэг, эхдээ хаягдаж, гологдсон хүүхдийг Эрүүл мэндийн яамны харьяа “Хүүхдийн төв сувилал”-д хүлээлгэж өгдөг. Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хүүхдээ хаясан ээжид хариуцлага хүлээлгэж, хүүхдийг төрийн асрамжид авч байна. Хуульд зааснаар асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаясан бол 5.4 саяас 27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг буюу 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,  тав хүртэлх жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Хүүхдийг хаясны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Мөн эцэг, эх байх эрхийг нь хасах хүртэл заалт бий.

Хүүхдээ хаяж, амь нас эрсэдсэнээс ял эдэлж байгаа ээжүүд ч мэр сэр бий. Гэтэл хүүхдээ тэжээж чадахгүйгээс болж хаяж байгаа хүнийг мөнгөөр торгох, албадан ажил хийлгэж, ял эдлүүлнэ гэдэг оновчгүй. 

Хүүхэд, эх хоёулаа хохирогч болж байна. Тиймээс хамгийн чухал нь хүүхдийг эрүүл, аюулгүй авч үлдэж ирээдүйд нь анхаарал хандуулах юм.

Нярай хүүхдээ хаях гэмт хэрэг өсөж байгаа нь нийгмийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Тиймээс тухайн ээжийг өршөөж ойлгох гарцаагүй шалтгаан ч бий байх. Мэдээж хүүхдээ хаяхыг өөгшүүлж болохгүй. Тодорхой хэмжээний хариуцлагаас гадна энэ хэргийн үндэс, суурь шалтгааныг олж “Эмчлэх” төрийн бодлого хэрэгтэй. Хэрэв энэ л янзаараа хүүхдээ хаясан эхийг олж шийтгээд орхих биш хүүхдийг эрүүл саруул төрийн хамгаалалтад авах бодлого зайлшгүй шаардлагатай болсоор байна.

Дэлхийн улс орнууд хаягдсан хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аврах. Ирээдүйд анхаарал хандуулж, ач холбогдол өгч “Амьдралын цонх” төслийг хэрэгжүүлдэг. Тодруулбал, байрны хананд байрлуулсан, хоёр талаасаа онгойдог нялх хүүхэд хүлээн авах тасалгааг байрлуулдаг байна.Тэр нь гудамжны талаас чөлөөтэй онгойдог, төмөр хүрээгээр бэхэлсэн хагардаггүй вакуум цонхтой байдаг бөгөөд тусгай өлгийгөөр бүтээсэн ортой, дулаанаа тогтмол барих байдлаар тохижуулдаг. Хүүхдийг орхихдоо тасалгааны цонхыг гудамжнаас онгойлгон өлгийн дээр  байрлуулаад хаалгыг хааснаар 30 секундийн дараа түгжигдэнэ. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд хаалгыг гаднаасаа онгойхгүйгээр зохион байгуулж хийдэг. Хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн ажилтнуудад “Амьдралын цонх” нээгдэж, тусгай дохио ирснээр хүүхдийн эрүүл мэндийг үзэж хууль хяналт болон халамжийн байгууллагуудад мэдэгддэг гэнэ. “Амьдралын цонх”-нд орхисон хүүхдээс эрх зөрчсөн, хүчирхийллийн ул мөр илрээгүй тохиолдолд ээжид нь ямар нэг хариуцлага тооцдоггүй. Өөрөөр хэлбэл, хүүхдийг өсгөх боломжгүй зайлшгүй шалтгаан гэж үзэж тасалгааны орчим камер, хамгаалалт байрлуулдаггүй. Улс орнууд өөрсдийн онцлогт тохируулан орхигдсон хүүхдүүдэд зориулсан төслийг “Амьдралын цонх”, “Тогоруун өлгий”, “Амьдралын өлгий” гэх зэргээр хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, Пакистан 300 “Амьдралын цонх”-оор 16 мянган хүүхдийн амийг аварчээ.Мөн Польшийн 47 хотод “Амьдралын цонх” үйл ажиллагаа явуулдаг бол АНУ-д төрөөд 72 цагаас хэтрээгүй хүүхдийг нэрээ нууцлан эмнэлэг, гал унтраах ангиудад байрлуулсан “Намуухан зогсоол” нэртэй тусгай тохижуулсан газарт орхих хуулийг 50 гаруй мужид баталсан байдаг. Тиймээс манай улсад ч гэсэн эхийг буруутгах, хуулийн хариуцлага хүлээлгэхийг урьтал болгохгүйгээр хүүхдийг хамгаалах асуудлыг судалж, төрийн бодлогыг илүү тодорхой болгох цаг болсныг сүүлийн үед нэмэгдэж байгаа энэ төрлийн хэргүүд харуулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.