Б.Доржготов: 29-р сургуулиас охиныхоо амийг нэхэж, шүүхэд хандана

-ТАЛИЙГААЧ ОХИНЫ ХӨЛИЙГ ХУГАЛЖ, ХҮЧИНДЭН, ЗҮРХЭН ТУС ГАЗАРТ НЬ

ХОЁР УДАА ХУТГАЛСАН БАЙЖЭЭ-

Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 онд бяцхан охин аав руугаа утас цохиж, “Аав аа, та надад гоё цагаан трико, оймс авч өгөөрэй. Би Япон руу дуучин Ариунаатай хамт дуулахаар явна. Хагас, бүтэн сайнд охин нь гэртээ харихгүй, дууныхаа бэлтгэлээ хийнэ шүү, аав аа” хэмээн ярьжээ. Аав нь баяртайгаар “Гэртээ ирэхийг бодоорой, миний охин. Аав нь охиноо санаж байна шүү” хэмээн хариулсан байна. Энэ ярианаас хойш охин аав дээрээ үүрд ирэхгүйгээр явжээ. Бяцхан охин 29-р сургуулийн дотуур байранд амьдардаг, хараагүй, долдугаар ангид сурдаг, гоё дуулдаг, сургуулийнхаа баяр, уралдаан тэмцээн болгонд оролцсон авьяаслаг нэгэн байжээ.

Тухайн үед хараагүй болон сонсголгүй хүүхдийн сургууль нэг дор буюу 29-р сургуулийн харьяанд байсан аж. Хэрэг гардаг өдөр тав дахь өдөр байсан бөгөөд охин мөрөөдлийн тайзан дээрээ хайртай дуучинтайгаа гарч дуулах гэж догдлон, бэлтгэл хийхээр сургууль дээрээ үлджээ. Харамсалтай нь, тэр орой харааны бэрхшээлтэй, 14 настай охиныг хэн нэгэн дотуур байрных нь цонхоор авч гаран, нэг хөлийг нь хугалж, хүчиндэж, зүрхэн тус газарт нь хоёр удаа хутгалж хэрцгийгээр амь намыг нь хөнөөжээ. Хөөрхий эцэг охиных нь амийг хөнөөсөн зэрлэг балмад этгээдүүд хэн болохыг тогтоолгохоор бүтэн 20 жилийн турш цуцалтгүй хөөцөлдөж яваагаа учирлан утсаар холбогдсон юм.

Тэрбээр бидэнтэй уулзахдаа хар цүнхэндээ хэрэгт хамаатай бүх материалуудыг хийж сугандаа чанга хавчуулсаар ирсэн юм. “Энэ хар цүнхэнд миний амьдрал яваа, надад өөр юу ч хэрэггүй. Та бүхэн надад тус бол” хэмээн тэрбээр яриагаа эхлэв. Түүний ярианд олон нэр болон өөр гэмт хэрэг дурдагдсаныг бид болзошгүй аюулаас сэрэмжлэх үүднээс хассан болно.

Энэхүү бага   насны охиныг сургуулийн орчинд хүчирхийлж, онц хэрцгийгээр амь  насыг нь хөнөөсөн хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байгаа билээ. Хэрэг гарсан өдөр нас барсан охинтой хамт ангийн найз нь байсан гэх бөгөөд тэр охин сураггүй алга болсноос хойш мөн л 20 жил өнгөрчээ.

-Та манай сайтад ямар шалтгааны улмаас хандах болов?

-Миний нэрийг Б.Доржготов гэдэг. Үндсэн захиргаа Завхан аймгийн харъяа. Одоогийн байдлаар би охдынхоо алуулсан шалтгааныг өдий 15 жилийн турш илрүүлж өгөөч гэж яваа. Би энэ хэргийг эцэслэн шийдэгдтэл үхэхгүй. Миний бага охин 14 настай, Өнөржаргал 2001 оны аравдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө дотуур байранд байхдаа хүнд алагдсан юм. Тухайн өдөр дотуур байрны жижүүр болон асрагч хоёр багш хонож байсан гэдэг. Миний охин аравдугаар сарын 15-ны өдөр Дэлхийн цагаан таягтны өдрөөр дуучин МУГЖ Т.Ариунаатай хамт “Нарны хаан хүүхдүүд” гэдэг дуу дуулах ёстой байсан. Тухайн хэрэг гардаг өдрийн 17 цагийн орчим над руу охин минь залгаад “Аав аа,та надад цагаан оймс, трико хоёр авч өгөөрэй. Би хагас сайн, бүтэн сайн өдөр гэртээ харьж чадахгүй байна шүү. 15-ны өдөр Япон улс руу дуулахаар явна” гэж байсан. Тэр өдрийнхөө шөнө өнгөрсөн байсан.

-НИЙТ НАЙМАН БАЙЦААГЧ ДАМЖИЖ ЯВСААР   20 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ-

-Охиныг тань амиа алдахад дотуур байрны багш, асрагч нар нь байсан юм болов уу?

-Би их гайхдаг, дотуур байрны жижүүр нь манай охины өрөөний яг өөдөөс харж суудаг байсан. Яаж миний охиныг өрөөнөөс нь гаргасан байх вэ? Цонхоор гаргасан байх гэж би боддог юм. Тухайн үед хонож байсан багш, жижүүрийг бүгдийг ажлаас нь халаад явуулчихсан байсан. Хэрэг гарах үед жижүүр нь байхгүй байсан гэдэг.

-Өрөөндөө ганцаараа амьдардаг байсан уу?

-Ганцхан хүүхэд хамт байдаг байсан. Тэр хүүхдийг хэрэг гарсны дараа сургуулиас нь гаргаад, Архангай руу явуулсан гэж би сонссон. Надтай уулзуулахгүй гэж тэр байх. Би уулзах гэж очиж байсан, даанч уулзуулдаггүй байсан юм.

-Та хэрэг гардаг өдөр ээлжинд хонож байсан харуултай уулзсан уу?

-Надтай ерөөсөө уулзуулж байгаагүй юм. Тэр өдөр хонож байсан асрагч багш нартай уулзана гэж тухайн үеийн захирал дээр нь очиж байсан. Даанч намайг уулзуулж байгаагүй. Би захирлын нэрэмжит хурал болж байхад нь ороод уулзъя гээд орох гэтэл оруулаагүй. Надтай хэнийг ч уулзуулаагүй.

-Шүүх эмнэлгийн хариу юу гэж гарсан бэ. Та шинжилгээний хариутай танилцаж байсан уу?

-Нэг хөлийг нь хугалсан, хүчиндээд, зүрхэн тус газар нь хоёр удаа хутгалсан байсан. Цагдаагийнхан надад хавтаст хэргийг өдий болтол нэг ч удаа үзүүлээгүй юм. Цонхоор нь гаргаж өөр газар аваачиж, хүчиндээд, шовх үзүүртэй зүйлээр зүрхэн тус газар нь хоёр удаа хутгалж алсан байсан. Энэ хэргийг хамгийн анх хүлээж авсан байцаагч надад хэлэхдээ “За Готов ах аа, ер нь бараг болчихлоо шүү. Одоо урдаас шинжилгээний хариу ирвэл болох гээд байна” гэж байсан. Удалгүй өөр байцаагч дээр хэрэг шилжээд, үндсэндээ замхарсан гэж хэлж болно. Тэрнээс хойш нийтдээ найман байцаагчид шилжиж, дамжиж явсаар илрээгүй 15 жил болсон.

-Маш олон газар албан бичиг хүргүүлжээ. Ямар хариу ирдэг байв?

-Би энэ хугацаанд цагдаа, прокурор, ЦЕГ, хууль зүйн үе үеийн сайд нар, ард түмний төлөө явдаг УИХ-ын гишүүд, ерөнхийлөгчидтэй хүртэл уулзах гээд бичиг илгээгээд найман жил боллоо. Үнэхээр ядуу хүнийг тоодоггүй юм байна. Задарсан улсуудаа тоодог юм байна. Өөр хэлэх үг алга. Хэргийн явц болон албан бичгүүд надад одоо бүгд явна. Хүсэлтийн бүх хариу, бичгээр өгсөн бичиг гээд бүгд байна. Миний бодлоор 29-р сургууль бол ерөөсөө асуудлаа хүлээж авдаггүй газар юм. Одоо би бүх хэргийн материалыг дэлгэнэ. Дэлгэхээс айх юм үнэндээ алга. Гэхдээ би хүн гүтгэхгүй. Үнэн бодит байдлыг хэлж 29-р сургуулиас хүнээ нэхэж шүүхэд хандана. Бүр болохгүй бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Одоо бол би мөнгө нэхнэ. Би өмгөөлөгч авах гэж очихоор хүлээж авахгүй байсан, их сонин. Одоо би хэвлэл мэдээллээр хандана. Цаашдаа ч гэсэн болж өгвөл хэвлэлийн хурал хиймээр байна. Даанч мөнгө алга байна. Энэ 15 жилийн хугацаанд хавтаст хэргийн бүх материал байна. Бүгдийг нь дэлгэмээр байна.

-ХЭРГИЙГ ШИЙДНЭ ГЭСЭН ИТГЭЛТЭЙ Л АМЬД ЯВНА-

-Таныг Монголын харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө их юм хийсэн гэж дуулсан?

-Тийм ээ, би Монголын хараагүй хүүхдүүдийн төлөө их юм хийсэн. 1974 оноос эхлэн Монголын 14 аймаг, бүх сумын эмч нарт захидал илгээж, хариу аваад бүх хараагүй хүүхдийн тоог гаргаж, 1992 онд хараагүй болон хэлгүй хүүхдүүдийн нийгэмлэгийг салгаж байлаа. Анх нэг байсан юм.

-Бас нэг охиноо та хүний гарт алдсан гэлээ. Энэ талаар ярихгүй юу?

-Миний том охин 29-р сургууль төгссөн. Нэг орой гэртээ хоолоо хийчихээд “Аав аа, би хурдхан гараад ирье” гээд гарсан. Гэтэл тэр орой нь Сүхбаатар дүүргийн түргэний эмнэлгийн гадна баригдаж байсан барилга дотор мөн л хүчиндүүлээд амиа алдсан байсан. Энэ хэргийн талаар цагдаа нар надад олигтой юм ярьж байгаагүй. Манай цагдаа нарын нэг аюултай нь “Та байцаалт өгөх үүрэгтэй. Асуух эрх байхгүй гээд байдаг. Миний хоёр охин хоёулаа алагдсан. Одоо надад хорогдоод байх зүйл алга. Хэргийг шийдэх хүртлээ би зогсохгүй.

-Тухайн үед энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ?

-Одоо хүртэл эзэн холбогдогчийг нь олоогүй, хэрэг хаагдаагүй байгаа. Яг одоо надад бүх цагдаа, олон улсын прокуророос ирсэн, би өөрөө хүсэлт бичиж, хариу ирсэн бүх материал байна. Би чамд бүгдийг нь үзүүлнэ. Бүх албан бичигт хэргийг шалгаж байгаа л гээд хариу ирээд байсан.

-Талийгаач охин чинь 29-р сургуулийн багш нар нь гар хүрдэг байсан талаар таньд хэлж байсан гэсэн?

-Тийм асуудал зөндөө ярьж ирдэг байсан. Тэгэхэд нь би “За миний охиныг алчихгүй л биз, гайгүй байх аа” гэдэг байсан. Сүүлд нэг хүүхэд бас дотуур байрныхаа цонхоор нисэж үхсэн хэрэг гарч байсан юм. Энэ сургууль олон хүүхдийн амь авлаа даа. Би 29-өөс охиныхоо амийг нэхнэ.

-Сүүлийн асуултыг таны мэдэлд үлдээе?

-Би хоёр охиныг минь хүчиндэж хөнөөсөн хэргийг илрүүлж байж үхнэ. Надад одоо хорогдох юм алга. Миний барьж яваа энэ хар цүнхэнд миний амьдрал яваа. Энэ хэдэн цаас миний амьдралыг шийднэ. Энэ хэргийг шийднэ гэсэн итгэлээр амьд явна. Тэргүй бол би аль хэдийнэ архичин болж, гудамжинд гарч үхчихсэн байх байсан. Амьдрал их хэцүү байна. Миний хань олон жилийн өмнө өнгөрсөн. Ганц хүү минь бас хүнд алуулсан. Одоо би хоёр охиныхоо хэргийг л шийдэхийн төлөө явж байна. Юу ч хийсэн бэлэн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.