Д.ЗАГДЖАВ ГЕНЕРАЛ ХАСХОМ-ТЭЭ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ ОРД ГАЗАР, ЛИЦЕНЗЭЭ ГАДНЫХАНД ХУДАЛДАХ ГЭЖ БАЙНА

Шинэхэн бригадын генерал, ШШГЕГ-ын дарга Д.Загджавын талаар хэл ам, хийсэн бүхэн нь  асуудал дагуулдаг талаар бид өмнө нь баримттай хүргэсэн билээ.  

Тэгвэл Д.Загджавын өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлээгүй орд газар, аж ахуйн нэгжийнхээ лицензийг гадаадынханд худалдахаар явж буй талаар чих дэлсэх болов. Энэ талаар дэлгэрүүлэн хүргэе!

Монгол Улсын хэмжээнд MV буюу ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1806, XV хэмээх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 1226, нийт 3032 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэдгийг АМГТГ-ын цахим хуудаснаас харж болно.

Тэдгээрээс Дундговь аймгийн нутагт ашигт малтмал олборлох чиглэлээр 115, хайгуулын 136 аж ахуйн нэгж ажиллаж буй аж.

Тэдний нэг нь эрхэм генералын ойрын төрлийн садангийн хүний хүүхдийн эзэмшилд бүртгэлтэй байдаг юм билээ.

Тодруулбал, УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангийн http://opendata.burtgel.gov.mn/ цахим хуудсанд улсын бүртгэлийн 6396682 дугаартай “Гео зил” ХХК нь уул уурхай, бизнесийн зөвөлгөө өгөх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан, 2019 оны хоёрдугаар сарын 18-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн аж ахуйн нэгж. Тус компанийн захирал, эцсийн өмчлөгч нь Н.Ариунзаяа хэмээн бүртгэжээ. Тэрбээр бригадын генерал Д.Загджавын төрсөн дүү Д.Загдсүрэнгийн охин нь аж.

“Гео-зил” ХХК нь 2019 оны нэгдүгээр сарын 30-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал буюу барилгын материалын чиглэлээр 21 дүгээр зуун гэх талбайд 15408.02 га-д үйл ажиллагаа явуулах ашиглалтын MV021278 дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай 2049 оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл үйл ажиллагаа явуулахаар авчээ.

Энэ том хэмжээтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал буюу барилгын материалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2019 оны нэгдүгээр сарын 30-нд олгосон байдаг бөгөөд тухайн үед Д.Загджав Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан нь тусгай зөвшөөрөл олгоход нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага ч байдаг юм.

Мөн бригадын генерал Д.Загджавын хамаарал бүхий гэж хэлж болохуйц өөр нэг компани Дундговь аймгийн Хулд суманд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна.

Гэхдээ тэр нь БНХАУ-ын хоёр ч аж ахуйн нэгжтэй хамтарсан хөрөнгө оруулалттай.

Тодруулбал, Хятадын эрчим хүчний нөөцийн компани, БНХАУ-ын   гэх аж ахуйн нэгжүүдтэй хамтарч МИНВЕСКО гэх компанийг М.Баатархүү гэх иргэн байгуулжээ. Энэ М.Баатархүү нь дээрх “Гео зил”-ийг ч удирдаж байсан нэгэн аж. МИНВЕСКО-гийн эцсийн өмчлөгч нь М.Баатархүү, Bao Geriletu нар бол гүйцэтгэх захирал нь Л.Сайханцэцэг гэх эмэгтэй.

Бригадын генерал Д.Загджав Удирдах зөвлөлийнх нь даргаар ажилладаг “Монголын энх тайван найрамдлын байгууллага” НҮТББ-тай дээрх Л.Сайханцэцэг бас холбоотой аж. МИНВЕСКО ХХК нь Хулд сумын нутагт “Гео зил” ХХК-тай ижил нэртэй буюу 21 дүгээр зуун хэмээх талбайд 2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд MV020674 дугаартай бал чулууны хайгуулын чиглэлээр 3000.56 га-д үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл 30 жилийн хугацаатай авсан юм байна. Улмаар МИВЕСКО ХХК нь 21 дүгээр зуун талбайд эзэмшиж байсан 589.26 га газраа “Гео зил” компани руу шилжүүлснийг АМГТГ-ын Кадастрын хэлтсээс гаргадаг Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 2019 оны зургадугаар сарын хөдөлгөөний мэдээнд тодорхой тусгажээ.

Лицензээ нөгөө компанидаа шилжүүлсэн МИНВЕСКО ХХК-д хэд хэдэн захирал байдаг агаад “Космо” ХХК-ийн  захирал Б.Батбаасан, иргэн Ц.Энхбүрэн нараас гадна бригадын генерал Д.Загджав нь захирал гэх албан тушаалд хамаарагддаг гэх мэдээлэл бий.

Гэхдээ АТГ-т жил бүр гаргаж өгдөг ХАСХОМ-тээ дээрх компанитай холбоотой хувьцаа эзэмшдэг талаар мэдүүлээгүй байдаг.

Түүгээр ч зогсохгүй УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн санд бүртгэгдсэн, Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг “Монголын энх тайван найрамдлын байгууллага” НҮТББ-аа ч бүртгүүлээгүй байгаа юм билээ. Эдгээр компанийнхан нь Дундговь аймгийн нутагт эзэмшдэг ашиглалтын дээр дурдсан хоёр тусгай зөвшөөрлөө гадаадынханд өндөр үнээр худалдахаар явж байгаа гэх мэдээлэл бий.

Өөрөөр хэлбэл, Д.Загджав генералтай санхүүгийн юм уу, өөр ямар нэг байдлаар хамааралтай аж ахуйн нэгжийнхэн Монгол Улсын газар шороог лиценз хэлбэрээр наймаалцах гэж буй аж.

ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй аж ахуйн нэгж, орд газраа гадаадынханд худалдах гэж байгаа нь үнэн ч бай, хов жив ч байлаа гэсэн АТГ Авлигын эсрэг хуулийн 13.5-13-8 дарь хэсгийг үндэслэл болгон шалгаж нягтлах, улмаар хариуцсан салбарын сайд хариуцлага тооцох боломж бүрэн бий.

Авлигын эсрэг хуулийн 13.5-д “Авлигатай тэмцэх газар өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно” гэж заасан бол 13.8.4-т “нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах” заалттай.

эх сурвалж:arslan.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.