Шинээр нэмэгдсэн
мэдээ
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах үйл ажиллагааны бодлогын чиглэлийг боловсруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн санал, дүгнэлтийг нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан танилцууллаа. Нийслэлийн төрийн өмчийн 158 сургууль үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж, 156928 суралцагчийг хамруулж байна. Төрийн өмчийн 327 цэцэрлэг 100039 хүүхдийг хоол хүнсээр хангаж байна. 158 сургуулиас 116 нь үдийн хоолыг бие даан хийж байгаа бол 42 сургууль тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдлаас үүдэн хувийн ААН-үүдийг түрээсэлдэг. Цахим дэлгүүрээр хүнс хангамжийн үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай. Өнгөрсөн хугацаанд хүнс хангамжийн дөрвөн байгууллагаар дамжуулан худалдан авалтыг хийдэг байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бизнесийн хийж чаддаг зүйлийг төр хийхгүй байх бодлого баримталж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгасан. Хоол хүнстэй холбоотой асуудал учир бид маш болгоомжтой хандах шаардлагатай. Хүнс хангамжтай холбоотой асуудлаар дахин төлөвлөгөө гаргаж, салбаруудын уялдаа холбоог хангах, ААН-үүдтэй уулзалт зохион байгуулж, шийдэл гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэв. Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна Нийслэлийн боловсролын салбарт нийт 1.168.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Он гарснаас хойш таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал буюу нийт 12 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан. Мөн сургуулийн ачааллыг богино хугацаанд бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн зарим цэцэрлэгийн зориулалтын барилгыг "Хотхоны бага сургууль" болгон ашиглахаар төлөвлөж буй. Үүнд төрийн өмчийн таван цэцэрлэгийн барилга ашиглан нэг ээлжид 840, хоёр ээлжээр 1680 суралцагч, төрийн бус өмчийн нэг цэцэрлэгийн барилга ашиглан нэг ээлжид 280, хоёр ээлжээр 560 суралцагчийг хамруулж, нийт 2240 хүүхэд суралцах боломжтой юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “1-6-р ангийн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхийн тулд замын хөдөлгөөнд 150.000 машин оролцож байна. Бид есдүгээр сарын нэгнээс өмнө нийслэлийн хүн амын нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна. Холбогдох албаныхан хамгийн түрүүнд хэдэн цэгт хотхоны бага сургууль байгуулах, хичээлийн шинэ жилээс өмнө худалдан авах, түрээслэх боломжийг судалж дараагийн хуралд танилцуулахыг үүрэг болгоё” гэв. Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Хууль, эрх зүйн орчинд нийцүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх хүүхдийн төв” болгон хөгжүүлэх шаардлага үүссэн гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрууд барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хувьд харилцан адилгүй тул тус бүрд нь нарийвчилсан судалгаа хийж, шаардлагатай хөрөнгө оруулалт, төсвийн тооцоог боловсруулан НИТХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. "Туул-1" коллекторын ажлыг эрчимжүүлнэ "Туул-1" коллекторын 3, 4 хэсгийн трасстай давхацсан бусад инженерийн шугам сүлжээг зөөж шилжүүлэх, хамгаалах ажилтай холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан танилцууллаа. Улаанбаатар хотын бохир усны гол цуглуулах Ф1200мм, Ф1400 мм-ийн коллекторуудын тооцоот хүчин чадал ачааллаас хэтэрч өдрийн оргил ачааллын үед шугамуудын дүүргэлт 100 хувьд хүрсэн. Гэр хорооллыг барилгажуулах зэрэг төслийг хэрэгжүүлэхийн тулд “Туул-1” коллекторыг яаралтай ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага тулгараад буй. Тиймээс “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авч ажиллахыг Зөвлөлийн хуралдаанаас Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбатад даалгав.

13-ААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ ЦАХИМ БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ ХОРИГЛОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ

Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан судалгааны дүнд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернет ашигладаг хэмээн хариулсныг төсөл санаачлагчид танилцууллаа. Өнөөгийн байдлаар хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, дарамт, мөлжлөг, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг тодорхой болгох зорилгоор төслийг боловсруулсан байна. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн зорилт нь хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах, хүүхдийг цахим дарамт, донтолт, заналхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг зохицуулах аж. Тухайлбал, нийгмийн сүлжээний эрсдэлд үндэслэн 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насанд тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Технологийн энэхүү хамгаалалтын арга хэмжээтэй уялдуулан нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад Нийгмийн сүлжээ, Харилцаа холбоо зэрэг үйлчилгээ эрхлэгчид болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгч хүүхдүүд, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудын хүлээх чиг үүргийг тодорхойлжээ. Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад оролцогч төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна. Төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн баримт бичиг, гадаад улсын туршлагыг харьцуулан судалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран үе шаттай судалгаа, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан хэмээн Улсын Их Хурлын даргад төсөл санаачлагчид танилцуулсан юм. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт боловсруулж буй бусад хуулийн төсөлд олон нийтийн саналыг авахаар Улсын Их Хурлын d.parliament.mn цахим сүлжээнд байршуулахад 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 660 иргэн танилцсан аж. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, цахим орчин дахь эрсдэл, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо боловсронгуй болох ач холбогдолтой юм байна .

ОРОН НУТГИЙН ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ 1000-AAС 5000 ТӨГРӨГ БОЛГОЖ НЭМЛЭЭ

Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Д.Оюунболд орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг энэ оны наймдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр болсныг мэдээллээ. Тэрээр "Улсын хэмжээнд 8000 км хатуу хучилттай зам бий. Нэг ам метр замыг засахад 115 мянган төгрөгийн өртөгтэй. Улсаас батлагдсан төсөв нийт замын 10-12 хувийг л засахад хүрэлцэж байна. Тиймээс энэ оны наймдугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн замд зорчсон суудлын автомашинаас авдаг 1000 төгрөгийн төлбөрийг 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ. Мөн суудлын тээврийн хэрэгслийн төлбөрийг тав дахин, том оврын ачааны тээврийн хэрэгслийнхийг хоёр дахин нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн. Иргэдээс авч буй зам ашиглалтын төлбөрийг замын засвар, өвөл, зуны арчлалт, урсгал засвар буюу нүх бөглөх, хөвөө гагнах зэрэг ажилд зарцуулдаг" гэлээ. Түүнчлэн, улсын чанартай авто замаар тогтмол зорчдог иргэд, аж ахуйн нэгжүүд жилийн зорчих тоогоо урьдчилан мэдүүлж, Зам тээврийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулснаар нийт төлбөрөөсөө 30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин Эмээлт, Батсүмбэр, Налайх, Хан-Уул дүүргийн иргэд автомашиныхаа серийн дугаарыг e-Mongolia болон Зам тээврийн хөгжлийн төвд бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой хэмээв.