БОГД УУЛАНД ХУУЛЬ БУСААР ГАЗАР АВСАН Д.ӨНӨРБОЛОРЫГ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ ?

АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгасан гэх нэр төдий мэдээлэл цацагдаад , төд удалгүй намжсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байсан хэргийг сануулбал : 

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Авлигатай тэмцэх газар, МХЕГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг оффшор бүсэд данстай улс төр, бизнесийн “томчууд” мөнгөө Монголд оруулж ирж, тансаг зэрэглэлийн барилга барьж зарах байдлаар угаасан байж болзошгүй ноцтой хэргийн сэжүүр илрүүлсэн байдаг. Тиймээс дархан цаазат Богд хан уулын амуудыг самнаж, тэнд баригдсан үнэтэй тансаг амины болон орон сууцнуудыг хэний ямар компани барьсан, санхүүжилт нь хаанаас гарсан, газрын зөвшөөрлөө ямар замаар авсан, хууль зөрчсөн эсэх гээд бүх мэдээллийг эхнээс нь нягтлан шалгаж, цаад эздийг нь илрүүлэх ажиллагааг хууль, хяналтынхан явуулсан байна.Сонирхолтой нь, Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн амины болон нийтийн орон сууц барьж, зараад асар их ашиг олсон компаниудын цаад эздийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор тэргүүлсэн байдаг.

Рестораны эзэн эмэгтэй гэнэт барилгын бизнест орсон, тэр тусмаа үнэтэй, тансаг зэрэглэлийн орон сууцны хотхонуудыг Зайсангийн аманд жил дараалан сүндэрлүүлж, түүнийгээ улс төр, бизнесийн томчуудад зарж, бүр цаашлаад өөрөө улс төрд орж ирсэн зэрэг нь түүнийг хууль хяналтын байгууллагуудын хардах үндэслэл болжээ. Өнгөрсөн сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болсон Д.Өнөрболор нь “Сөүл” группын эзэн. Өмнө нь 2016 онд Барилга, хот байгуулалтын сайд болохоор яригдаж байсан улс төр, бизнест нөлөө бүхий нэгэн. Тэрээр, жилдээ 853 сая төгрөгийн орлоготой, 12 орон сууцтай, 7,5 тэрбум төгрөгийн хадгаламжтай, “Сөүл” ХХК, “Роял виндөү” ХХК, “Зэндмэнэ хурх” ХХК, “Энокси” ХХК зэрэг компанийг эзэмшдэг. УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Сөүл” групп анх 2002-2004 онд Монголын тансаг зэрэглэлийн орон сууцнуудын нэг буюу Баянзүрх дүүргийн I хороонд байрлах “Роял Кастл” хотхоныг ашиглалтад оруулсан байдаг. Тухайн үеийн зах зээлд орон сууцны м2 талбайн үнэ 250 ам.доллар байхад тус хотхон 1200 ам.доллараар захиалга авч байжээ. Ингээд 2005 оноос тусгай хамгаалалттай Богд хан уулын Зайсангийн аманд хууль бусаар газар авч, тансаг зэрэглэлийн сууцнуудыг  сүндэрлүүлэх ажлаа эхлүүлжээ.Тэрээр 2005-2007 онд Хан-Уул дүүргийн XI хороо буюу Зайсан толгойн чанх урд 22 мянган м2 газар авч, VIP зэрэглэлийн “Роял Грийн вилла” хотхоныг барьсан. 2008-2011 онд тус хотхонтойгоо хаяа залган мөн л  тансаг зэрэглэлийн “Сөүл Роял Каунти вилла” хотхоныг барьсан байдаг. Одоо тус хотхонуудын хамгийн бага талбайтай нэг орон сууц нь 600 орчим сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

 Тэрбум тэрбумаар үнэлэгдэх тансаг зэрэглэлийн гурван хотхон барьж, зарсан УИХ-ын гишүүн, “Сөүл” группын эзэн Д.Өнөрболорын өндөр үнэтэй амины болон нийтийн орон сууц барьж зарах бизнес 2012 оноос улам хүчээ авсан байна. Тухайлбал, Зайсангийн аманд 2012-2014 онд “Роял Кровн Вилла” гэх тансаг зэрэглэлийн хотхон, 2011-2016 онд “Роял Хилл Каунти” тансаг зэрэглэлийн амины орон сууц бүхий хотхоныг тус тус барьжээ. “Роял Хилл Каунти” амины орон сууц бүхий хотхон нь нийт 99,800 м2 талбайг хамрах бөгөөд 29 хаустай.Энэ мэтээр Д.Өнөрболорын гэх тодотголтой тансаг зэрэглэлийн амины болон нийтийн орон сууцууд Зайсангийн аманд дүүрчээ. Угтаа Богд уулын 28 амыг хөл гишгэх зайгүй болтол нь барилга байшингаар дүүргэх ажлын тэргүүн шугаманд тэр ийнхүү хошуучилж явна. Хамгийн гол нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2.12 дугаар зүйлд Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг зааж өгсөн байдаг. Тэнд дархан цаазат газарт олон давхар тансаг орон сууц, бохироо ч шийдээгүй амины орон сууц барих бүү хэл газар ухахыг ч хориглоно гэж заасан нь бий. Харамсалтай нь, өнгөрсөн 18 жил Д.Өнөрболорт энэ хууль үйлчилсэнгүй. Энэ мэтээр УИХ-ын гишүүн, “Сөүл” группээр овоглогч Д.Өнөрболорт газрын наймаа, авлига албан тушаалын асар зузаан хавтаст хэрэг үүсэх ёстой байтал өдгөө нам гүм байна…

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.