Д.ЭРДЭНЭБИЛЭГ МОНГОЛЫН ХУУЛЬД ИТГЭЭД ИРЭВ ҮҮ, ЭСВЭЛ ХУУЛИЙН ӨМНӨ ОЧИХ ЗАМЫГ НЬ УРЬДЧИЛАН ЗАСЧИХСАН УЧРААС ИРЭВ ҮҮ?

   Гадагш ниссэн шувууд нэг нэгээрээ эргэн ирж, араас нь “Би буруугүй, шалгаад юу ч илрээгүй” гэх үгс дагалдах нь. Энэ бол зүгээр нэг давхцал уу, эсвэл хөшигний цаадах тохирооны эхлэл үү?

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж наадмын өмнөхөн Монголд ирлээ. Өнгөн дээрээ Төрийн далбааны өдрийн хүндэтгэлийн ёслол, Эрдэнэтийн 50 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Гэвч түүний Монголд ирсэн цаг хугацаа, араас нь хил даван орж ирсэн хүмүүсийн дараалал анхаарал татахгүй өнгөрөхөөргүй байна.

Сингапурт 4.2 жил суусан “Сахал” Д.Эрдэнэбилэг ч Монголын хилээр орж ирэв.


  Энэ зориг хаанаас гарав?

Есөн жилийн өмнөөс шалгагдаж, гурван жилийн өмнө шүүхэд шилжсэн “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь”-ын гэх хэргийн гол дүрүүдийн нэг бол Д.Эрдэнэбилэг. Түүнийг тойрсон маргаан найман жил үргэлжилж, гурван үйлдвэртэй холбоотой асуудал, мөнгөний урсгал, хөрөнгө шилжилтийн талаарх хардлага, мөрдөн шалгах ажиллагаа удаан хугацаанд үргэлжилсэн.

Тэрбээр өмнө нь хоёр удаа сүр дуулиантайгаар цагдан хоригдож, улмаар суллагдсан. Гадаадад эмчилгээ хийлгэх шалтгаанаар явсан ч Монголд эргэн ирэлгүй удсан. Барьцаанд тавьсан гурван тэрбум төгрөг нь хүртэл улсын орлого болсон.

Цаг хугацааны хувьд нэг зүйл илт харагдана.

Ц.Элбэгдорж Монголд ирсний дараа хилийн чанадад олон жил байсан Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нарын хөдөлгөөн эрчимжив.

Энэ бол зүгээр нэг давхцал гэж тайлбарлахад хэтэрхий сонирхолтой дараалал.


  Хөшигний цаана юу яригдав?

Ц.Элбэгдоржийн улс төрийн дэмжлэг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэр, Д.Эрдэнэбилэгийн “Эрдэнэт”-тэй холбоотой хэлцэл нэг цаг хугацаанд огтлолцож байсан.

Тиймээс өнөөдөр асуух ёстой асуулт нь ганцхан:


  Д.Эрдэнэбилэг яагаад яг одоо Монголд ирэв?

Хэрэв хууль шүүхийн байгууллагад итгэлтэй байсан юм бол яагаад 4.2 жил гадаадад суув?

Хэрэв буруугүй гэдгээ нотлохыг хүссэн юм бол яагаад өнөөг хүртэл хүлээв?

Хэрэв одоо ирэхэд ямар нэгэн саад байхгүй болсон юм бол тэр саадыг хэн арилгав?



  Шүүхийн хаалга одоо нээлттэй

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны дөрөвдүгээр сарын 10-нд “Монгол Улсад байхгүй, эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж үзэн, бусад яллагдагчидтай холбоотой хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, түүний эзгүй байдал хэрэг шийдэгдэхэд бодит саад болж байсан.

Харин одоо тэр Монголд байна.

Тэгэхээр шүүх хурал ч хүлээж байна. Хууль ч хүлээж байна. Олон нийт ч хүлээж байна.

Одоо ганцхан зүйл тодорхой болох ёстой.


  Тэр үнэхээр хуульд итгээд ирэв үү, эсвэл хуулийн өмнө очих замыг нь урьдчилан засчихсан учраас ирэв үү?

Хэрэв бүх зүйл хуулийн дагуу явах гэж байгаа бол үүнийг нуух шаардлага байхгүй.

Харин хөшигний ард тохироо хийж, ард түмний өмчтэй холбоотой асар их маргааныг хэдхэн хүний ширээний ард шийдэх гэж байгаа бол Монголын иргэд дахин дуугүй суух ёсгүй.


  Гадагш ниссэн шувууд буцаж ирж болно. Харин хуулийн хариуцлагаас нисэж гарах эрх хэнд ч байхгүй.

“Би буруугүй” гэдгийг мэдэгдлээр бус, шүүхийн өмнө нотлох ёстой.

Харин төрийн өмчийг тойрсон тохироог төрийн хаалганы цаана биш, ард түмний өмнө ил тод хийх ёстой.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.