НЭГҮҮН МЭДЭЭ
СХД-Т 20 ГА ГАЗРЫГ БНХАУ-ЫН “ТИ СИ ДИ” ХХК ЭЗЭМШИЖ БАЙНА !!!

2024.01.22-нд АТГ-аас хууль бусаар газар олгож, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Сонгинохайрхан дүүрэгт 72 га газар хууль бусаар олгогдсоноос 20 га газрыг нь зарж борлуулан мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг шалгаж тогтоосон ба хууль бусаар олгосон 72 га газрын 50-ийнх нь зөвшөөрлийг цуцлуулсан. Харин алга болсон буюу зарж үрэгдүүлсэн 20 га газрын эзэмшигч нь “Ти Си Ди” ХХК гэх компани ба Гүйцэтгэх захирал нь БНХАУ-ын иргэн Yang Qiuheng, гэх нэр бүртгэлтэй. Харин хувьцаа эзэмшигч нь Tianjin Real Estate Trust Group байна. 2013.11.22-нд бүртгүүлжээ. Тус компанид Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэр дэх 198,646мкв буюу 20га газрыг 2014 оны арванхоёрдугаар сарын 08-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших зориулалтаар олгожээ. "Ти Си Ди" ХХК нь 2013 оны үес баруун дөрвөн замын орчим буюу “Гранд плаза”-гийн чанх ард сүндэрлэсэн “Г” хэлбэртэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан ч, чанаргүй гэх хэл ам дагуулж байсан юм.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРГҮЙ ХОРИГДОГСДООР 461 ДҮҮРЧ, ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛЛОО У.ХҮРЭЛСҮХ ЭЭ!!!

Шүүгчийн дээр мөрдөгч заларч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн цаг үе дээр Шүүх байгууллага эрх мэдэлгүй болоод зогсохгүй прокурор, мөрдөн, улстөрч гэх гурван толгойт “мангас”-ын саварт амь тавьж мэдэх нь. Шүүхийн шийдвэргүй цагдан хоригдогсод 461 гээч хорих ангийг дүүргэж, өдөр бүр гэмтэй гэмгүй сайхан залуусаа машин машинаар нь аваачин “асгаж” байна, У.Хүрэлсүх ээ!!! Алгын чинээхэн нутаг дэвсгэрт хилийн хориг, цахим гав гээчүүдээ ашиглаад мөрдөн шалгаж болох байтал бөөн бөөнөөр нь аваачиж хорьдог тэнэглэлээрээ дэлхийн шившиг боллоо, улс орон чинь. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа хэрээс хэтэрч, ур чадвар дутмаг мөрдөгчийн хувийн тоглолт шахуу болчихлоо. Гартаа барьсан баримт, нотолгоогүй атлаа 8-аас дээш жилийн хорих ялтай зүйл ангиар шалгагдаж байгаа хэмээн “хүчээр” нааж ирээд баривчилдаг болсонд өмгөөлөгч нар шүүмжлэлтэй хандаж байна. Нотолгоогүй атлаа хувийн тоглолт, таамгаар 8-аас дээш жилийн хорих ялтай зүйл ангид хүчээр хамааруулж цагдан хорьж буй тохиолдол хэдэн зуугаараа байна, цаана чинь!!! Улмаар баримтгүйгээр, үндэслэлгүйгээр хорьчихсондоо бантаад байцаалт мэдүүлгээр ороож унагахын төлөө улайрсан мөрдөгчид улай үзсэн хэрээ шиг гаарлаа гэдгийг ч хуулийнхан хэлж байна. Үүнийг Хүний эрхийн үндэсний комиссоос баталж, адгийн тэнэг ч ойлгохоор тоо баримт дурьдан, хамар дор чинь илтгэл тавиад өглөө, Ерөнхийлөгч өө!!! Цагдан хорих 461 дүгээр анги чинь бөөнөөр хорих лагер шиг болчихлоо хэмээн халаглах илтгэлд гадны ажиглагчид цочирдож байна. Ерөнхийлөгч өө, хэзээнээс эхлээд шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдлыг ингэтэл улангасан урьтал болгодог болчихов… Хичнээн нь баримт нотолгоо бүрдээгүйгээр 30, 30 хоногоор сунгагдан хоригдож байна вэ?! Шүүгч нар чинь Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэрэг гэхээр л сүнс сүлдгүй болтлоо айдаг болчихсныг анзаарсан уу?!… Тэднийг алхаа аятайхан цохиорой, чадахгүй бол ажлаа өгөөрэй гэж хэн айлгадаг болчихов оо?!… Эрхэм Ерөнхийлөгч та анхаарал тавьж, шүүх эрх мэдлийн эрх үүрэг, сүр хүчийг нэмэхгүй бол энэ байгууллага чинь устаж үгүй боллоо. У.Хүрэлсүх та, дүүргийн шүүхийн байруудаар хөл тавьж үзсэн үү… Ажилсаг малчны малын пүнзнээс дор байранд тэд чинь ажиллаж, онц ноцтой хэргийн материалуудаа хадгалчих олигтойхон өрөө байтугай сейф ч байдаггүйг мэдэх үү? ШҮҮХ чинь байгаа нэртэй байхгүй байгууллага болов… Өнгөрөгч чуулганы нэгдсэн хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комисс онц ноцтой илтгэлийг тавилаа. Дэлхийн шившиг болохоосоо өмнө илтгэлийн халуун мөрөөр ажиллаж, яг одоо 461 дүгээр хаалттай хорих ангид шүүхийн шийдвэргүйгээр, тодорхой баримт үндэслэлгүйгээр хоригдчихоод байгаа залуусын дуу хоолойг очоод сонсооч!!! Энэ улсын эцэг биз дээ, та… Өмгөөлөгч нарт өөрсдөд нь ӨМГӨӨЛӨЛ, ХАМГААЛАЛ хэрэгтэй болчихсныг мэдэж байгаа юу. Тэдэнд ил тод нээлттэй, шударга мэтгэлцэх зарчим алдагдаж, мөрдөгч прокурорууд нь хавтаст хэргүүдээ өндөг шиг дарж хэвтсээр шүүхийн шат руу боогоод шидчихэж байна. Эцэстээ, захын нэг мөрдөгч өмгөөлөгч рүү хашгирч, зүхэл урсгадаг болсон нь гашуун үнэн юм. Хүний эрхийн үндэсний комисст сүүлийн таван жилийн байдлаар нийт 4165 гомдол ирснээс халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд 722, эрүү шүүлтээс ангид байх эрхтэй холбоотой 157, хууль бусаар баривчлахтай холбоотой 61, хууль бусаар цагдан хорихтой холбоотой 257 гомдол ирчихсэн байна. Хүний эрхийг дээдэлдэг нам, Засаг байна гэсэн амлалт чинь хаачив Л.Оюун-Эрдэнэ ээ?! Иргэдийн чинь эрхзүйн байдал шалаар нэг болчихсон байхад эрх баригч намын хувь заяа ирэх сонгуулиар өнгөтэй, өөдтэй байж чадах уу?!… 2021 онд УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай багц хуулийг батлахдаа “Энэ цагаас эхлээд эзэнтэй шүүгч гэж байх ёсгүй, шүүгчдэд хуулиас өөр дарга байхгүй” хэмээн бардамнасан гишүүдийн чинь шүлс хатаагүй байгаа шүү. Олон улсын, хараат бус хөндлөнгийн үнэлгээгээр Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийн 140 улсаас 120-д жагссан нь шившиг юм, У.Хүрэлсүх ээ!!! Баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хийгдсэн гэх гутамшгаа засч залруулах цаг болоогүй юу.. Хэдхэн хоногийн өмнөх, дөрөвдүгээр сарын 10-ны орой ТЕГ-аас нэг иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цагаар саатуулж, улмаар 48 цагийг 30 хоног болгон цагдан хорих шүүх хурлыг зарлахаас хоёр, гуравхан цагийн өмнө яллагдагчийн тогтоол танилцуулсан гэх увайгүй жишээг өнөөдөр өмгөөлөгчид ярьж байна… Гэрч гэж дуудуутаа сэжигтнээр хорьж, сэжигтнээр хорьж шоконд оруулмагцаа яллагдагч болгон “хурдны галт тэргэнд” суулгачихдаг Тагнуулын байгууллагатай улс Монголоос өөр хаана байна вэ, Ерөнхий сайд аа!!! Хүчээр цагдан хориутаа яллагдагчийн тогтоолд гарын үсэг зуруулсан явдлыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэхгүй бол, өөр юу гэж үзэх вэ… Үүгээр тогтохгүй 30 хоног цагдан хорих шүүх хурал дээр прокурор нь хавтаст хэрэггүй орж ирж, үүнийг нь эсэргүүцсэн өмгөөлөгчийн өмнө “хавтаст хэрэг нь байсан, байсан… би танилцаж байгаад өрөөндөө орхичихож” гэж шүүгч нь алиатсан гэх ичгүүр сонжуургүй үзэгдлийг улстөрийн, тэр дундаа Ерөнхий сайдын захиалга юм биш байгаа гээд хардчихад болохгүй гэх газаргүй юм. Учир нь, Ерөнхий сайдаас өөр Тагнуулын ерөнхий газрыг хөдөлгөх хүч хаана, хэнд бий билээ. Ийм эмгэнэлт драмд шүүгч нар чинь гар бие оролцож, дүр бүтээж яваа юм биш байгаа У.Хүрэлсүх ээ!!! Шүүгч нар прокурорын харцан дор алх цохиж, прокурор нь мөрдөгчдийн үзэгний үзүүрээр хөдөлж эхэлсэн цагт улс орон мөхөл рүүгээ явдаг гэдэг. Тэгэхээр манай улс МАН-ын дангаар эрх барьж буй энэ цаг дор мөхөл, үхлийнхээ замаар ороод шуударчихсан яваа юм биш байгаа. Дээр дурьдсан эл кэйс нь Монголд мөрдөгч нар, тэр дундаа ТЕГ болоод АТГ-ын мөрдөгч нар шүүх, прокуроруудын дээр сандайлчихсан юм биш үү гэх шүүмжлэлт асуулгыг босгож ирж байна. Шүүх хуралд прокурор хавтаст хэрэггүй орж ирж байна гэдэг өөрөө эл хэрэг улстөрийн захиалгат гэж хардахаас өөрөөр харагдахгүй байгаа нь үнэн. Шүүхийн шийдвэргүй цагдан хоригдсон иргэдийг аргаа барахдаа Хорих ангийн дарга нар нь сулласан олон жишээг Хүний эрхийн үндэсний комисс хэлж байна. Мөрдөгчид ийнхүү шүүхийн зөвшөөрөлгүйгээр бусдын эрх чөлөөнд халдаж, цагдан хорьсоор байх юм бол Шүүх байгууллага гэх данхар бүтцийг төсвөөс хооллох шаардлага байгаа юм уу?! Шүүгч нь хавтаст хэрэгтэй танилцдаггүй, прокурор нь хавтаст хэрэггүйгээр яллах санал барьчихсан орж ирдэг, мөрдөгч нь сэжигтэн гэгдсэн азгүй амьтныг Цагдан хоригдох хугацаанд нь баримт хайдаг, олдохгүй бол мэдүүлэг байцаалт нэрээр ороож, өөрөө өөрийг нь яллах тактик ашигладаг новшийн арга Монголын хууль хяналтынханд нутагшчихсан юм биш биз?!… Улмаар баримт олдохгүй, цагдан хорьсноо нотолж чадахгүй болоод ирмэгц хэргийн ээдрээт байдал арилаагүй байна гэх утгагүй тайлбартайгаар үргэлжлүүлэн 30 хоногоор саатуулдаг байхыг ч үгүйсгэхгүй юм. Үүн дээр ч төвлөрч шалгах цаг нэгэнт болсон. Тиймээс, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ… Энэ улсын эцэг шиг зангараг зааж Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд анхаарал хандуулаад өг. Иргэдийн чинь эрхзүйн байдлыг дордуулан байж шалгадаг увайгүй хийрхэл газар авчихлаа. Өмгөөлөгчдийн ярьж буй дээрх дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн гэх кэйсийг л татаад шалгачих. Хүний эрхийн үндэсний комиссын хэлээд буй ноцтой зөрчлийн бүх цуглуулгыг 2023.04.10-ны оройн 20-21 цагийн орчимд саатуулагдсан А гэх иргэний нөхцөл байдал дангаараа хангалттай харуулна гэж Өмгөөлөгчдийн холбоо даяар ярьж байна… Ямар учиртай цагдан хорио болоод Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурьдагдсан бүх зөрчлийн “цуглуулга” гэгдээд байна вэ, Л.Оюун-Эрдэнэ ээ!!! ТЕГ 48-хан цагийн дотор нэр бүхий иргэнийг гэрчээс сэжигтэн, сэжигтнээс яллагдагч болгон шуурхайлсны учир юув. Сэжигтнээр цагдан хорьж байгаад яллагдагчийн тогтоолд гарын үсэг зуруулах нь хүний эрхийн онц ноцтой зөрчил гэдгийг захын хуульч хэлж байгааг дахин сануулъя. ХЭҮК-оос шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр суллагдсан 864 хүний хувийн хэрэгт дүн шинжилгээ хийхэд 2020-2022 онд баривчлагдаад суллагдсан нийт тохиолдлын 76.1 хувийг эзэлж байгаа нь эрх баригч нам хүний эрхийг дээдлэх бус эрхзүйн байдлыг нь улам бүр дордуулж буйн тод жишээ болох биз. Тэрбайтугай баримтаар нотлогдоогүй байхад зүйл ангийг таамгаар тавьдаг, зүйл ангид 8-аас дээш хорих ялтай гэчихсэн байвал онц хүнд хэрэг гээд үг сүггүй хорьчихдог “ширэнгийн хууль”-иа яаралтай эргэн харж, ийм зүй бус байдлаар хохирсон иргэний хохирлыг тухайн хэргийн мөрдөгч, прокурор, шүүгчдээс гаргуулдаг, хатуу хариуцлага тооцдог болохгүй бол маргааш Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар өөрсдөө ч 30, 30 хоногоор саатуулагдчихсан явж байж мэдэхээр байна. Тиймээс дэлхийн шившиг болохоосоо өмнө анхааралдаа авч ажил хэрэг болго, У.Хүрэлсүх ээ!!! Мэдээллийн эх сурвалж : Нийгмийн толь

Л.ОЮУН-ЭРДЭНЭ 150 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН УСНЫ ТӨСЛИЙН ТУСГАЙ ЭЛЧЭЭР ТОМИЛОГДЖЭЭ

Дэлхийн усны түншлэлийн байгууллага Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг өөрсдийн “Дэлхийн элч”-ээр томиллоо. Мөн Ази, Номхон далайн ус, уур амьсгалын тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын тусгай элчээр томилоод байна. Тэрээр 2030 дуустал тус албан үүргийг гүйцэтгэх аж. Түүнийг энэ сарын 23-27 өдрүүдэд Швед улсын Стокгольм хотод болсон дэлхийн усны долоо хоногийн "Шинэ элч нарын чуулга уулзалт"-ын үеэр сонгожээ. Энэхүү хөрөнгө оруулалтын төсөл нь Ази, Номхон далайн улс орнуудын удирдагчдыг хамтран ажиллах боломжийг бий болгох зорилготой. Цаашлаад ус, уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олох, 2030 он хүртэл 150 тэрбум ам.долларын санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас түүнийг элч болгосноор усны аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэртэй байдалд улс төрийн салбарын хүний зүгээс туслалцаа үзүүлнэ гэж үзэж байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ДАВААСҮРЭН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО

Тавантолгой түлш ХХК-ийн газар, хэлтсийн дарга нар өнөөдөр Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнд ажлаа танилцуулж, тулгамдаж буй асуудлынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ хуралд Үйл ажиллагааны газрын дарга О. Эрдэнэбат, Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц. Алтансүх нар болон компанийн ажилчид оролцож, хариуцсан ажлаа тайлагнав. 2026-2027 оны халаалтын улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэл, татан авалтын явц, түгээлт, борлуулалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгснөөс гадна компанийн дотоод үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц зэрэг асуудлаар танилцууллаа. Түлшний үйлдвэрийн хоёр болон гуравдугаар цехийн үйлдвэрлэлийн шугамаар мидлингэн шахмал түлшний үйлдвэрлэл үргэлжилж буй. Үйлдвэрлэсэн түлшийг нөөцийн агуулахад төвлөрүүлэх дотоодын тээврийг өчигдрөөс эхэлж, холбогдох мэргэжилтнүүд өрөлт хураалтад хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн түрээсийн агуулахад 27 гаруй мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна. Түлшний борлуулалтыг есдүгээр сарын 15-аас эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгааг газрын дарга нар танилцуулав.

ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮНЭ 40 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Цахилгаан, дулааны үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй зэрэгцэн цэвэр, бохир усны тарифыг мөн нэмэгдүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс цэвэр, бохир усны үнийг 40 хувиар нэмэгдүүлж, шинэ тарифаар тооцож эхэлжээ. Уг тарифын өөрчлөлтийн талаар олон нийтэд урьдчилан мэдээлээгүй бөгөөд Ус сувгийн удирдах газраас тодруулахад өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр холбогдох тушаал гаргаж, зургадугаар сарын 1-нээс шинэ тарифыг мөрдөж эхэлсэн гэх мэдээллийг өгсөн юм. Ингэснээр иргэдийн цэвэр, бохир усны хэрэглээний төлбөр өмнөх тарифтай харьцуулахад 40 хувиар нэмэгджээ.

TEMU-ИЙН ХҮҮХДИЙН БАРААНААС ХОРТ ХИМИЙН БОДИС ИЛЭРЧЭЭ

Хямд үнийн цаадах эрсдэл: Temu-ийн бүтээгдэхүүнүүд хэр аюулгүй вэ? Онлайн худалдааны платформуудын хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, хямд үнэ, өргөн сонголт, гэрээсээ захиалга хийх боломж нь хэрэглэгчдийн сонирхлыг татах болсон. Тэдгээрийн нэг болох Хятадын Temu платформ Монголын зах зээлд 2024 оны арваннэгдүгээр сараас нэвтэрч, богино хугацаанд хэрэглэгчдийн дунд түгээмэл хэрэглээ болсон. Гэвч хямд үнээр худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарах шаардлагатайг олон улсын шинжилгээ, шалгалтууд харуулж байна. Тухайлбал, БНСУ-ын Сөүлийн хотын захиргаа 2024 оны арваннэгдүгээр сарын 22-нд Temu-ээр худалдаалагдаж байсан хүүхдийн өвлийн хувцас, хүрэм зэрэг 26 бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд долоон бүтээгдэхүүнээс хар тугалга болон фталатын төрлийн хуванцаржуулагч бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Зарим бүтээгдэхүүнд фталатын хэмжээ стандартад заасан хэмжээнээс 622 дахин их байсан бол хүүхдийн усны хамгаалалттай малгайнаас хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин их илэрсэн байна. Энэ нь Өмнөд Солонгост бүртгэгдсэн анхны тохиолдол биш юм. Тус улсын Гаалийн алба 2024 оны дөрөвдүгээр сард AliExpress болон Temu платформоор худалдаалагдаж байсан хүүхдийн 252 бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд 27 бүтээгдэхүүнээс фталатын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 82 дахин их байсныг мэдээлж байжээ. Фталат болон хар тугалга хүүхдийн эрүүл мэндэд ямар эрсдэлтэй вэ? Фталат, тэр дундаа DEHP нь хуванцрыг уян, зөөлөн болгоход ашиглагддаг химийн бодис юм. Гэвч удаан хугацаанд болон өндөр хэмжээгээр өртөх нь хүүхдийн өсөлт хөгжил, нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг. Хар тугалгын хувьд хүүхдийн эрүүл мэндэд илүү ноцтой эрсдэл дагуулдаг. Ялангуяа хүүхдийн тархи, мэдрэлийн тогтолцооны хөгжилд сөргөөр нөлөөлж, суралцах болон танин мэдэхүйн чадварт нөлөөлөх эрсдэлтэй. Мөн Олон улсын хавдар судлалын агентлагийн ангиллаар DEHP нь хүний биед хавдар үүсгэх эрсдэлтэй бодист хамаардаг. Тиймээс хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүнээс эдгээр бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн хэмжээгээр илэрсэн нь анхаарал татах асуудал юм. Бусад улс орнууд ч анхааруулж байна Temu-ийн бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой асуудал зөвхөн Өмнөд Солонгост хязгаарлагдахгүй. Олон улс, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд тус платформоор худалдаалагдаж буй бүтээгдэхүүнд шалгалт хийж, стандарт зөрчсөн бараа илрүүлсэн талаар мэдээлж байсан. Тухайлбал, Их Британийн Which? байгууллага 2023 онд Temu-ийн худалдаалж байсан зарим бараанд шалгалт хийхдээ цахилгаан халаагуур зэрэг аюултай бүтээгдэхүүн, хууль бус бараа худалдаалагдаж байсныг мэдээлсэн. Мөн Германы Stiftung Warentest байгууллага Temu-ийн аппликэйшн хэрэглэгчийн мэдээлэлтэй хэрхэн харьцаж байгаад анхаарал хандуулж байжээ. Италийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах Altroconsumo байгууллага 2024 оны долоодугаар сард Temu-ээс худалдан авсан 25 бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд тэдгээрийн ихэнх нь үндэсний болон Европын Холбооны стандартын шаардлага хангаагүй гэж мэдээлсэн байна. Мөн Данийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах Forbrugerrådet Tænk байгууллага 2024 оны наймдугаар сард 38 бүтээгдэхүүнд шалгалт хийхэд 30 бүтээгдэхүүнээс анхаарал татахуйц химийн бодис илэрсэн талаар мэдээлжээ. Тэдгээрийн дунд хүүхдийн хэрэглээний 11 бүтээгдэхүүн болон нарны тосны гурван бүтээгдэхүүн багтсан байна. Ийнхүү улс орнуудын холбогдох байгууллагууд иргэддээ анхааруулга хүргүүлэхийн зэрэгцээ шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаанаас татах, платформуудад шаардлага тавих зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Монгол Улсад ямар хяналт байна вэ? Temu 2024 оны арваннэгдүгээр сараас Монголын зах зээлд нэвтэрсэн. УИХ-ын гишүүн С.Цэнгүүний мэдээлснээр тус платформоор дамжуулан Монгол Улсад орж ирсэн захиалгын барааны нийт үнэ 24 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэвч гадаадын онлайн худалдааны платформоор дамжин Монгол Улсад орж ирж буй бүтээгдэхүүн бүрийг химийн найрлага, эрүүл мэнд болон хэрэглэгчийн аюулгүй байдлын үзүүлэлтээр тогтмол шинжилдэг эсэх, сүүлийн жилүүдэд ийм төрлийн бүтээгдэхүүнд хэдэн удаа хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй, нэгдсэн статистик мэдээлэл хангалтгүй хэвээр байна. Энэ нь ялангуяа хүүхдийн хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл, хоол хүнстэй харьцдаг сав суулга зэрэг өдөр тутамд өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний хувьд анхаарах асуудал юм. Хямд үнэ эрүүл мэндээс үнэтэй юу? Хичээлийн шинэ жил эхлэх үеэр дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэглэл, өдөр тутмын хувцас зэрэг бүтээгдэхүүний эрэлт нэмэгддэг. Үнийн хувьд дотоодын зах зээлээс харьцангуй хямд байдаг учраас эцэг, эхчүүд эдгээр барааг онлайн худалдааны платформоор захиалах нь нэмэгдэх хандлагатай. Гэхдээ бараа бүтээгдэхүүнийг зөвхөн үнэ, өнгө үзэмж, хүргэлтийн хугацаагаар нь сонгох нь хангалтгүй. Ялангуяа хүүхдийн хэрэглээний бүтээгдэхүүнд ямар материал ашигласан, аюулгүй байдлын ямар стандарт хангасан, үйлдвэрлэгч болон борлуулагчийн мэдээлэл тодорхой эсэхийг анхаарах шаардлагатай. Эцэст нь хэлэхэд, хямд үнэ нь тухайн бүтээгдэхүүн чанаргүй гэсэн үг биш ч хэт хямд бүтээгдэхүүний цаана ямар эрсдэл байж болохыг хэрэглэгч өөрөө анхаарах хэрэгтэй. Онлайн захиалгаар ирсэн бараа бүрийг хил дээр эсвэл гэрийн тань үүдэнд эрүүл мэнд, аюулгүй байдлын үзүүлэлтээр шинжилж өгөх боломжгүй. Тиймээс өөрийн болон гэр бүлийнхнийхээ, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд хамаатай бүтээгдэхүүн сонгохдоо хямд үнээс илүүтэй чанар, баталгаатай байдал, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих нь хамгийн зөв сонголт юм.

МОНГОЛЫН ПАБЛО ЭСКАБОР -“УРЬХАН” Б.ЧИНБАТЫН УГСАРСАН КАРТЕЛИЙН СИСТЕМ

Ц.Нямдоржийг сайд болохоос өмнө эрүүгийн гэмт хэрэгтнүүд Монгол төрийн Хууль зүйн сайдыг өрөөнд нь ороод зодчихдог байв. Логийн Цог сайд байхдаа зодохоор орж ирсэн эрүүгийн гэмт хэрэгтнүүдээс айхдаа ширээн доогуураа орчихсон чичирч суусан гэдэг. Хууль хүчнийхэнтэй хамссан рецедивүүд бүгдийн оройд заларч, Центрпойнтын гэх мэт дуулиант хэргүүд шил дарж байсан харанхуй өдрүүд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд болсноос хойш дууссан юм. Эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн дийлдэхээ больсон бүлэглэлүүдэд цэг тавьсных нь төлөө түүнд алга таших учиртай. Харамсалтай нь хууль хяналт, эрүүгийн хэрэгтнүүдийн хамссан картелийн систем эргэн амилж улам хүчирхэгжсээр байна. Цагдаа, хууль, шүүхийнхэн эрүүгийн гэмт хэрэгтэнтэй хамтарч жирийн иргэд, компанийн захирлуудаг хилсээр хэлмэгдүүлж дээрэмддэг явдал газар авчихлаа. Хөрөнгөжсөн хурандаа нар гэсэн бүхэл бүтэн анги давхарга ч үүсээд амжив. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал аа хяналтаас нэгэнт гарчихсан эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн угсарсан картелийн системтэй тэмцэхгүй бол энэ улс дээрэмчин тонуулчдын хөлд сүйрэхдээ тулчихжээ. Картелийн систем угсрагч гэмт хэрэгтний сонгодог жишээ бол “Урьхан” Б.Чинбат. Хуучин нийгмийн үеэс Ажилчны, Октябрийн районы шүүхээс ял сонсч явсан Б.Чинбатын картелийн систем жирийн нэг компанийн захирал залууг торны цаана суулгачихаж. “Урьхан”-ы боссын хонгилын системд шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаа, хөрөнгөжсөн хурандаа нар гээд хууль хүчнийхэн тэр чигтээ багтаж байх юм. Мань эр шоронд хориулчихаад байгаа компанийн захирал залууг өмнө нь нэг удаа дээрэмдэж байж. Ахиад дээрэмдэх гэнгүүт өнөөх нь “Дахиж дээрэмдүүлж чадахгүй” гээд гөжчихөж. Тэгэнгүүт нь системээ ажиллуулаад шоронд хийсэн нь хэвлэлийнхний анхааралд ороод байна. “Урьхан” Б.Чинбатаас хахууль авч жирийн бизнес эрхлэгч залууг шоронд хууль бусаар хорьсон хууль, шүүх, прокурорынхон, хөрөнгөжсөн хурандаа нарын ажилладаг системийг одоо хэлж өгье. Эхлээд өмгөөлөгч нь хохирсон бизнес эрхлэгчийн талаар ор үндэсгүй мэдээлэл цацна, дараа нь цагдаа, шүүх, прокурор дээрээс өгсөн чиглэлийн дагуу ажиллаж эхэлдэг. Б.Чинбатын өмгөөлөгч нь ядарсан иргэний хүүг зодсон баячуудын хүүхдийг ялгүй мулталсан Б.Мэргэн. Өдгөө шоронд сууж буй В.Ганзоригийн талаар тэрээр худал мэдээллийг давтамжтай цацсаар байгаа. Цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нарын тоонд багтах “пээдэг” Эрдэнэбаяр, цээж Ууганбаяр нар Б.Чинбатын дээрэмд гар бие оролцсон гэж эх сурвалж хэлж байна. Өнгөрсөн жилийн өдийд цагдаагийн хурандаа “банхар” Батсайхан “Чинбаттайгаа учраа олчихвол бүх юм дууслаа шүү дээ” гэж В.Ганзоригийг дарамталж байжээ.Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм, Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг, ЦЕГ-ын дэд дарга М.Батсайхан, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Доной нар “Урьхан” Б.Чинбатын захиалгаар ажилласан нь илэрчихлээ. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар танхимынхаа шүүгч Ч.Алдарт үүрэг өгч В.Ганзоригийг хорих шийдвэр гаргуулсан байх юм. В.Ганзоригийг цагдан хорих шүүгчийн захирамж гаргасныхаа дараа Ч.Алдар шүүгч хөрөнгөжсөн хурандаа нарын нэг “цээж” хочит Х.Ууганбаяр руу “Би ажлаа хийж байгаа шүү” гэсэн утга бүхий мессэж явуулсан баримт АТГ-т оччихсон байгаа юм билээ. Энэ кейсийг дээрэм гэж нотлоход маш амархан. Б.Чинбат анх В.Ганзоригоос 5 сая доллараар хайгуулын лиценз авч байж. Мань эр 14 тэрбум төгрөгөөр худалдаж авсан лицензит талбайгаасаа алт олборлож 50 гаруй тэрбумыг халаасалсан нь баримттайгаа дурайж байна. “Урьхан” Б.Чинбат В.Ганзоригт өгсөн мөнгөө дөрөв, тав нугалаад олчихсон гэсэн үг. Б.Чинбат 36 тэрбумын цэвэр ашиг хийчихээд одоо болохоор “Таван сая доллараа залилуулчихлаа” гэж нохойтож буй. Хачирхалтай нь мань эр залилуулсан гэж гүтгэж байгаа В.Ганзоригтойгоо бүр хожим 2025 онд ч гэрээ байгуулж, лицензит талбайгаас нь 420 кг алт олборлосон байх юм. Олборлосон алтныхаа 220 кг-ийг нь Монголд банкинд тушааж, 200 кг-ыг нь хар зах дээр борлуулж хууль зөрчсөн нь тоо баримттайгаа байна. В.Ганзоригийн лицензит талбайгаас 560 кг алт олборлож хэдэн арван тэрбумын ашиг олсон Б.Чинбатын шунал ингээд зогссонгүй. “Ахиж дээрэмдүүлж чадахгүй” гэж хэлснийх нь төлөө мөрөөрөө бизнес хийж явсан залууг торны цаана хийлгэсэн шигээ пээдэлзэж явна. Монголын Пабло Эскобар “Урьхан” Чинбатын ээлжит дээрмийн хохирогч залуу ямартай ч шүгэл үлээчихлээ. Эрүүгийн гэмт хэрэгтэн Б.Чинбатын угсарсан хууль хяналтынхны картелийн системд нэгдсэн эрхтэн дархтнуудыг зарлачихлаа. Гэтэл ЦЕГ-аас өчигдөр нэг сонин мэдэгдэл хийгээтхэв. Агуулга нь их хөгийн. “Урьхан” Б.Чинбатын захиалгаар мэдээлэл хийсэн гэчихэд хэтрүүлэг болохгүй. “Чинбат гэдэг хүн энд ямар ч хамаагүй шүү” гэж хэлэхийн тулд Монгол улсын ЦЕГ-ын нэрийн өмнөөс хэвлэлийн хурал хийнэ гэдэг бол гутамшиг юм.Зүй нь ЦЕГ яг өдийд Б.Чинбаттай хамтарч дээрэм хийсэн цагдаагийн албан хаагчдаа шалгаж, хариуцлага ярьж мэдээлэл хийвэл нийгэмд зөв харагдах байв. Лицензэт газраас нь хэдэн зуун кг алт олборлож өчнөөн тэрбумыг халаасалчихаад эзнийг нь шоронд хорьж байгаад ахин дээрэмдэх санаа агуулж буй Б.Чинбатын картелийн системд анхаарал хандуулах цаг болчихжээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ. “Урьхан” Б.Чинбатын Октябрийн раойны үеэс хойш Монголын төр, хууль хүчинд угсарсан хонгилын системд нэгдсэн цагдаа, шүүх, прокурорынхны нэр ил болчихлоо. Зураг хөрөг, нэр устай зарласан энэ системийг одоо л нураахгүй бол энэ улс чинь картелийн улс боллоо. Пабло Эскобар гэж нөхөр Колумбын хууль хүчний дээр заларч хар тамхины наймааг өчнөөн жил атгаж, улсаа устгасан шиг хар үйлийг “Урьхан”-ы Б.Чинбат хийж байна. Түүний хууль, шүүх бүгдийг атгасан картел жирийн бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дээрэмдэж байна Ерөнхий сайд Н.Учрал аа. Ц.Нямдорж Хуулийн сайдыг өрөөнд нь зодтолоо оодорч явсан рецедивүүдийн хандыг хага дарж, Монгол төрийг гэмт хэргийн бүлэглэлүүдээс цэвэрлэсэн тухай өмнө цухас дурдсан. Одоо Хууль зүйн сайд О.Амарсайханд ийм зориг хэрэгтэй байна. Хууль хүчнийхэнтэй нийлж баялаг бүтээгчдийг, иргэдийг рекетлэж дээрэмддэг картелийн системийг нураах ажлаа “Урьхан”-ы Б.Чинбатаас эхэл. Нэр устайгаа зарлагдсан Б.Чинбатын хонгилыг эхлээд нураа. Авлигын асар том сүлжээ В.Ганзориг гэдэг залуугийн шүгэл үлээсний ачаар илэрчихээд байна. Ийм үед ЦЕГ нь “Наадах чинь Чинбат биш ээ” гэж эрүүгийн ертөнцөд зартай рекетчнийг өмгөөлсөн өнгөтэй мэдэгдэл хийгээд гүлдийж байна. Хууль зүйн сайд аа, та яг одоо цаг алдалгүй, Б.Чинбатын картелд нэгдсэн хууль, хүчнийхнийг шалгах ажлын хэсэг гарга. Тэгж байж иргэд төртэй, хуультай улсад амьдарч байгаагаа мэдэрнэ. С.Амарсайхан сайдад тухайлж дуулгах нэг мэдээлэл байна. Таны удирдлагад ажилладаг төрийн цагдаа Хөвсгөлийн тахилгад явж байгаагаа зураг баримтаар мэдэгдсэн хүнийг цагийн дотор ирсэнгүй гээд баримтыг нь зориуд устгасан байна лээ. Цагдаа нь “Дуудсан цагт ирсэнгүй” гэж худлаа ярьж, прокурор шүүх нь тэр худлаа ярианд нь худлаа итгээд гэм зэмгүй бизнес эрхлэгч залууг бариад хорьчихсныг та мэдсэн үү. Хатуухан хэлэхэд хууль хүчний байгууллагыг та биш эрүүгийн рецедив Б.Чинбаттангуудын угсарсан картелийн систем, хонгил удирдаад байна. Таны удирдлагад ажилладаг цагдаа, шүүх, прокурорууд жирийн иргэдээ Б.Чинбаттангуудтай нийлж дээрэмдэж, хөрөнгөжсөн хурандаа нар гэсэн бүхэл бүтэн анги давхарга үүсгэчихээд оодорч байна. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, Хууль зүйн сайд С.Амарсайхан, ЦЕГ-ын дарга Ж.Болд, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт зориуд дайх нэг үг байна. Хууль хүчнийхнийг атгандаа оруулсан Б.Чинбат тэргүүтэй эрүүгийн рецедивүүд энэ улсыг удирдаад удаж байна. Гэмт хэрэгтнүүдийн угсарсан картелуудыг нураах ажлыг “Урьхан”-ы Б.Чинбатаас эхэлмээр байна, яг одоо.

БУСДЫН КОМПАНИЙГ ДЭЭРЭМДЭХИЙН ТУЛД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАНТАЙ НИЙЛЖ, ИРГЭН В.ГАНЗОРИГТ ХИЛС ХЭРЭГ ҮҮРҮҮЛЖ, ХОРИУЛСАН УУ

Сүүлийн үед Монгол Улсад эрүүгийн ертөнцийн нэгэн зартай дээрэмчин болох Урьхан хочит Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компанийн тусгай зөвшөөрлийг нь дээрэмдэхээр хууль бусаар хэрэг үүсгэж цагдан хориулж байгаа талаар мэдээллүүд нийгмийн сүлжээгээр гаргах болсон. Уг мэдээллүүдэд Б.Чинбатын хууль бус ажиллагаанд хууль хяналтын байгууллагын хөрөнгөжсөн хурандаа нар оролцож, гэмт хэрэг үйлдээгүй энгийн иргэнийг шоронд хийж байгаа талаар дурдагдаад буй. Тодруулбал, 2022 онд Урьхан хочит Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн Глиймстар ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлах МV-021972 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 5 сая ам.доллараар худалдан авах хүсэлт тавьсных нь дагуу худалдсан байдаг. Улмаар Б.Чинбат нь тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн Вайнд Майнд ХХК руу шилжүүлж аваад олборлолтын үйл ажиллагаа явуулж 140 кг алт олборлож 50 орчим тэрбум төгрөг болгон авсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.15-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг” гэж зааснаар хайгуулын талбайд зөвхөн ашигт малтмал эрэх, хайх эрхтэй. Зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд зааснаар Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг болдог. Гэвч хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд Б.Чинбатын олборлолтын үйл ажиллагаа явуулж 140 кг алт олборлосон үйл ажиллагааг шалгахгүй байгаа нь түүнийг гарт хууль хяналтын байгууллагынхан бүрэн орсон байгаа нь илт харагдаж байна. 2025 онд Б.Чинбат нь В.Ганзоригтой дахин хамтран ажиллах хүсэлт гаргасны дагуу хамтран ажиллахаар болж В.Ганзоригийн эзэмшлийн Хамтын эх булаг ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын MV-022106 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолтын үйл ажиллагааг явуулж 20/80 хувиар ашгийг хувааж авах, 80 хувийг Б.Чинбат, 20 хувийг нь В.Ганзориг авахаар харилцан тохиролцсон байна. Тус ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Б.Чинбат нь 420 кг алт олборлож 240 орчим тэрбум төгрөг буюу нийт Б.Чинбат нь 2022, 2025 онд иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компаниудын нэр дээрх талбайгаас нийт 300 орчим тэрбум төгрөг олсон байна. Шороон ордны олборлолт борлуулалтын үйл ажиллагааг Б.Чинбат тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нэр дээр биш 220 кг алтыг өөрийн компанийн нэр дээр тушааж харин үлдэгдэл 200 кг алтыг хууль бусаар хар зах дээр худалдан борлуулсан нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, Эрүүгийн хуулийн 24.2 дахь хэсэгт заасан Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргүүдийг үйлдсэн байдаг. Улмаар Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн Хамтын эх булаг ХХК-ийн MV-022106 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн үлдсэн хэсэгт олборлолтын үйл ажиллагааг явуулах хүсэлт гаргасныг В.Ганзориг зөвшөөрөөгүй нь улмаас “Чи зөвшөөрсөн зөвшөөрөөгүй чиний эзэмшлийн талбайг дээрэмдэж авна” гэж сүрдүүлэг хийж, хууль хяналтын байгууллага миний гарт гэж дарамталж айлгах болсон. Цаашлаад зөвшөөрөөгүйнх нь төлөө В.Ганзоригийг 2026 оны наймдугаар сарын 10-нд цагдан хориулсан байдаг. Дээрх үйл ажиллагааг нь хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтнууд цагдаа, прокурор, шүүгч нар дээрмийн үйл ажиллагаанд хамтран оролцсон гэж харагдаж байна. Б.Чинбатын зорилго бол В.Ганзоригийн эзэмшлийн Хамтын эх булаг ХХК-ийн MV-022106 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн үлдсэн хэсэгт алт олборлолтын үйл ажиллагааг явуулах, өөрийгөө 2022 онд 5 сая ам.доллароо В.Ганзоригт залилуулсан гэж байгаа боловч 2022 онд түүнээс худалдан авсан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 140 кг алт, 2025 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 420 кг алт олборлож нийт 300 орчим тэрбум төгрөг авсан түүнийг залилуулсан гэж үзэхэд бүх хүнд эргэлзээ төрөхөөр байгаагийн цаана нь үлдсэн талбайг ухах санаа зорилго юм. Тэрбээр 2022-2025 онд хамтран ажиллачихаад 2026 онд ашиглалтын талбайн үлдсэн хэсэг дээр олборлолтын үйл ажиллагаа явуулахгүй гэхээр нь гэнэт 3 жилийн дараа 5 сая ам.доллароо залилуулсан гэдэг гомдол өгөхөөр нь хууль хяналтын байгууллага гэрлийн хурдаар ажиллаж байгаагийн цаана шалтгаан байгаа бололтой. Учир нь эрүүгийн гэмт хэрэгтэн Урьхан хочит Б.Чинбатын бүх хар муу муухайн ажлыг нь гүйцээж хийдэг өмгөөлөгч Б.Мэргэнээр залилуулсан мэтээр үлгэр зохиож хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нэр төрд халдаж улмаар түүний ажиллагааг хууль хяналтын байгууллага гүйцэтгэж дээрмийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Б.Чинбатын өмнө нь дээрэмдэж авсан хэргүүд үүгээр дуусахгүй, баялаг түүхтэй нэгэн. Тэрбээр Ажилчны районы шүүхийн 1986 оны 06 сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.б-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Октябрын Районы шүүхийн 1987 оны 02 сарын 18-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан нэгэн. Эндээс харвал түүний хохирогч нар ар араасаа цуварч эдээр хохирогч нар давхар хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанаас болж давхар хохирч үлдээд байна. Мөн манай нийгэмд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бусдын нөлөөнд автахгүй шударгаар ажиллах хэрэгцээ шаардлага агаар ус мэт хэрэгтэй болсон нь харагдаж байна. Хэвлэл мэдээлэл болон энэ хэргийн хохирогчийн мэдээлснээр, энэ хэрэгт Улсын ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат оролцож Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Доной, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм нарт үүрэг чиглэл өгч эдгээр ерөнхий прокурорууд нь доод шатны прокурорууддаа В.Ганзоригийг цагдан хориулахаар үүрэг өгч, харин цагдан хорих асуудлаар Урьхан хочит Б.Чинбаттай олон жилийн харилцаа холбоотой гэж яригддаг Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатарт үүрэг өгч тус өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу шүүгч Б.Бямбаабаатар нь өөрийн танхимын шүүгч Ч.Алдарт үүрэг чиглэл өгч хориулсан. Мөн шүүгч Ч.Алдарын тухайд хөрөнгөжсөн хурандаа нарын нэг болох цээж хочит цагдаагийн хурандаа Х.Ууганбаяртай дотно холбоотой нэгэн. Цээж хочит Х.Уугбаярын нэгэн цагт хэрэглэж барьж байсан 99119797 тоот утасны дугаар руу шүүгч Ч.Алдар нь “В.Ганзоригийг цагдан хорих шүүгчийн захирамж гаргасныхаа дараа “Би ажлаа хийж байгаа шүү” гэсэн утга бүхий мессэж явуулсан нь баримтаар байдаг гэж ярьдаг. Эндээс дүгнэхэд, хууль хяналтын байгууллагын цагдаа, прокурор, шүүгч оролцсон бүлэглэл гэмт хэрэгтэнтэй нийлж энгийн иргэний бизнесийг дээрэмддэг, өмгөөлөгч нь үлгэр зохиож хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэг зүйл Монгол Улсад моданд орж байна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Хууль зүй дотоод хэргийн сайд хяналтандаа авч олон нийтэд шударга ёсыг тогтоож өгөхийг хүсэж байна. Эх сурвалж: Өдрийн сонин

Б.ПҮРЭВДАГВА: ЦӨЛЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ НЬ ЗӨВХӨН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ БУС ХОТЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ШУУД НӨЛӨӨЛӨХ СОРИЛТ БОЛООД БАЙНА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхэллээ. Өнөөдрөөс наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл цөлжилт, газрын доройтол, ган гачиг, тоосжилт, экосистемийн нөхөн сэргээлт, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан олон асуудлыг 197 орны төлөөлөл Улаанбаатар хотноо хэлэлцэнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн Монгол Улсын асуудал бус дэлхийн бүх улсын хамтын асуудал юм. Тиймээс улс орнууд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж буй аливаа бэрхшээлд хамтын шийдвэр гаргахаар хэлэлцэж буй тун чухал арга хэмжээ болж байна. Ган, зуд, үер усны аюул нь зөвхөн байгаль орчны бус хотуудын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт билээ. Тиймээс COP17 хурлын чухал хэсэг “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотод наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар 110 хотын 270 орчим төлөөлөгч оролцохоос 50 гаруй төлөөлөл нь хотын удирдлагууд байна. Энэхүү чуулга уулзалтаар хотын ойжуулалтын хамтын ажиллагааг эхлүүлэх, тоосжилтын эсрэг бүс нутгийн хамтралыг үүсгэх, Улаанбаатар хот бусад хоттой хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм” гэв.

THE LEMONS ХАМТЛАГ 22 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл The Lemons хамтлаг 22 жилийн ойгоо тохиолдуулан бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тус хамтлагийн “The Lemons 22 жил” тоглолт есдүгээр сарын 4-ний 18:00 цагт SocialPay Park-д болно. Энэ нь тус хамтлагийн Улаанбаатар хотын томоохон задгай талбайд хийж буй анхны бие даасан тоглолт бөгөөд шинэ цомгийн нээлтээрээ онцлог юм. Мөн Анар, Одноо, Тулгаа, Өөжгий, Чөөгий нарын өргөн бүрэлдэхүүнээрээ анх удаа нэг тайзнаа тоглох аж. Дөрвөн уран бүтээлч зочноор оролцоно “Монгол Микс Прожект” ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тоглолтод A-Sound хамтлагийн дуучин Тэмүүлэн, The Colors, сүүлийн үед залуусын дунд хит болж буй Byeghosts хамтлаг болон DJ Kvkene нар зочноор оролцоно. Шинэ уран бүтээлүүдээ хүргэнэ Сүүлийн жилүүдэд шинэ уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзаагүй The Lemons хамтлаг энэ жилээс уран бүтээлийн ажилдаа эргэн орж, шинэ дуу, бүтээлүүдээрээ фэнүүдээ баярлуулахаар төлөвлөжээ. Тоглолтыг “Монгол Микс Прожект” ХХК хамтран зохион байгуулж, APU ХХК дэмжин ажиллаж байгаа бол тасалбарын борлуулалтыг Eventx.mn хариуцаж байна. Тасалбарыг наймдугаар сарын 31 хүртэл 89,000 төгрөгийн Late Bird үнээр, есдүгээр сарын 1-нээс тоглолтын өдөр буюу есдүгээр сарын 4 хүртэл 109,000 төгрөгөөр худалдаалах юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 392