ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ОРДЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТАЙЛАНГ СОНСОВ

Өнөөдөр (2025.11.20) Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаж, “Халзан бүрэгтэй”-н орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо. 

Халзан бүрэгтэй орд бол газрын ховор элементийн орд бөгөөд хайгуулын шатанд явж байгаа бөгөөд цаашид ашиглалтад бэлтгэгдэж байгаа төсөл. Тус ордод диспрози, терби, ниодим, паразиоди гэх 4 тогтмол соронзонгийн түүхий эд газрын ховор элемент агуулагддаг бөгөөд эдгээр нь өөрөөсөө цацраг идэвхгүй. Зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед Халзан бүрэгтэй ордын газрын ховор элементийн ордыг ашиглан, түүхий эдийг дунд шат хүртэл боловсруулж, нийлмэл исэл үйлдвэрлэх нь өндөр ач холбогдолтой. Энэ нь ордын нөөцийг илүү үр ашигтай ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, улмаар дэлхийн тогтмол соронзонгийн зах зээлд урт хугацаанд найдвартай нийлүүлэгч болох боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах чухал төсөл болох аж.

Өмнөх жилүүдэд ордыг ашиглаагүй, хөрс хөндөгдөөгүй, зөвхөн хайгуул судалгааны ажил хийж, нөөцийг нэмэгдүүлэх, боловсруулалтын аргыг судлах үйл ажиллагаанууд явагдаж байгааг тус дүгнэлтэд дурдсан байна.

Малын эрүүл мэндийн талаар Мянгад суманд өмнөх онуудад төрсөн гажигтай төлүүдэд хийсэн Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй, цацрагаас болсон гэдэг нь тогтоогдоогүй. Мянгад суманд 2025 оны хавар ургийн гажигтай төрсөн төлүүдэд цацрагийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториор хийлгэж,  цацрагаас шалтгаалсан эсэхийг баталгаажуулах шаардлагатай. Учир нь Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн цацрагийн тоног төхөөрөмж эвдэрсний улмаас одоогоор цацрагийн шинжилгээ хийх боломжгүй гэдгийг ерөнхий хяналтын сонсголоор дүгнэжээ.

Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан гэсэн нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээллээр нотлогдоогүй гэжээ. Гэхдээ ашиглалтад шилжих үеийн технологийн усны хэрэглээг эцэслэн тооцоолох, эх үүсвэрийг тодорхойлох, усны нөөц, чанарыг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Хайгуул судалгааны ажил дууссаны дараа Халзан бүрэгтэй ордын нөөцийн тооцоолол, ТЭЗҮ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ зэргийг харьяа яамд мэргэжлийн зөвлөлүүдээрээ хэлэлцүүлж, ордыг ашиглалтад бүрэн бэлтгэгдсэн эсэх, ашиглалтаас үүдэх экологи, эдийн засгийн болзошгүй хохирлын талаар дүгнэлт гаргах шаардлагатай болохыг чухалчилсан байна. Иймээс чиг үүргийн төрийн захиргааны төв байгууллагууд газрын ховор элемент дээр шинжлэх ухаанд суурилсан нарийвчилсан судалгаа, шинжилгээтэй, хангалттай мэдээлэлтэй байх шаардлагатай гэжээ.

Халзан бүрэгтэй ордоос Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг дээр 4.2.13-т заасан зорилтын хэрэгжилтийг хангах үүднээс тус ордын түүхий эдийг боловсруулахдаа баяжуулалт болон боловсруулалтын үйлдвэрийг ашиглан нэмүү өртөг шингээсэн, эдийн засгийн тэлэлтийг дэмжих бүтээгдэхүүн гаргах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар тайландаа танилцуулсан. Түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагууд хоорондын ажлын уялдааг сайжруулах, нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авах; төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс цацраг идэвхийн нөлөөлөл технологийн процесст ямар бүтээгдэхүүнд хэрхэн тархаж байгааг судлан, холбогдох дүрэм журмыг баримтлан ажиллах; хүрээлэн буй орчин, ус, хөрс, хүн, малд цацрагийн шинжилгээ хийх чадавх хангалтгүй байгаа тул цацрагийн чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөц, лабораторийн тоног төхөөрөмжийг орон нутагт сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг саналыг гаргажээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.