THE LEMONS ХАМТЛАГ 22 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл The Lemons хамтлаг 22 жилийн ойгоо тохиолдуулан бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо хийхээр болжээ.

Тус хамтлагийн “The Lemons 22 жил” тоглолт есдүгээр сарын 4-ний 18:00 цагт SocialPay Park-д болно. Энэ нь тус хамтлагийн Улаанбаатар хотын томоохон задгай талбайд хийж буй анхны бие даасан тоглолт бөгөөд шинэ цомгийн нээлтээрээ онцлог юм.

Мөн Анар, Одноо, Тулгаа, Өөжгий, Чөөгий нарын өргөн бүрэлдэхүүнээрээ анх удаа нэг тайзнаа тоглох аж.

Дөрвөн уран бүтээлч зочноор оролцоно

“Монгол Микс Прожект” ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тоглолтод A-Sound хамтлагийн дуучин Тэмүүлэн, The Colors, сүүлийн үед залуусын дунд хит болж буй Byeghosts хамтлаг болон DJ Kvkene нар зочноор оролцоно.

Шинэ уран бүтээлүүдээ хүргэнэ

Сүүлийн жилүүдэд шинэ уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзаагүй The Lemons хамтлаг энэ жилээс уран бүтээлийн ажилдаа эргэн орж, шинэ дуу, бүтээлүүдээрээ фэнүүдээ баярлуулахаар төлөвлөжээ.

Тоглолтыг “Монгол Микс Прожект” ХХК хамтран зохион байгуулж, APU ХХК дэмжин ажиллаж байгаа бол тасалбарын борлуулалтыг Eventx.mn хариуцаж байна.

Тасалбарыг наймдугаар сарын 31 хүртэл 89,000 төгрөгийн Late Bird үнээр, есдүгээр сарын 1-нээс тоглолтын өдөр буюу есдүгээр сарын 4 хүртэл 109,000 төгрөгөөр худалдаалах юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.