НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИН САНХҮҮ АВНА ГЭСЭН ЗАР ОРУУЛАН 25 ИРГЭНЭЭС 4 САЯ ОРЧИМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Насанд хүрээгүй Н охин фэйсбүүк орчинд санхүү авна гэсэн зар оруулахад 25 хүн холбогдсон бөгөөд охин эдгээр хүмүүсийн чатыг ар гэрт үзүүлнэ хэмээн айлган сүрдүүлж 4 сая орчим төгрөг авсан хэрэг гарсан байна.

Улмаар “урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэж 3 хүнээс 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан байна. Мөн чатаар харилцсан зурвасыг нь тухайн хүмүүсийн гэр бүл, ойр дотны хүмүүст тараахаар сүрдүүлж мөнгө нэхэн 24 хүнээс нийт 3.520.000 төгрөг авсан үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “залилах” болон “заналхийлэх” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хуульд зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд уг ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих юм.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.