25 April 2020
10 mins read
159k Views
Амиа хорлогсдын нас манай улсад улам л залуужсаар байгаа нь нууц биш. Өсвөр насныхан эцэг, эхээ айлгах нэг арга нь амиа хорлолт болжээ. Хүүхэд гэмтсэн, бэртсэн, өвдсөн, амиа алдсан, тамлуулж зодуулсан, хүчир-хийлүүлсэн, амиа хорлосон мэдээ сонсох бүрт нийтээрээ бид хэдэн өдөртөө сэтгэл тайван бус байдаг. Гэтэл үүнийг нь байдаг л үзэгдэл шиг, ийм л амьдрал байх ёстой юм шиг, жам ёсоороо л явчхаж байгаа юм шиг л томчууд бид чимээгүй харсаар л сууна. Сүүлийн үед хүүхэд амиа хорлож өөрийгөө егүүтгэсэн хэргүүд. Өдөр бүр л ямар нэгэн байдлаар хүүхэдтэй холбоотой энэ мэт бараан, харамсалтай хэргийн дүн нэмэгдэж тоо нь ихэссээр байгаа нь харамсалтай. АНХААР : Өсвөр насыг хүн бүр тойрч биш дайрч гардаг. Энэ нас нь хүүхэд төдийгүй эцэг эхчүүдийн хувьд хамгийн хариуцлагатай хандах ёстой үеүдийн нэг. Гэтэл эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал болон үр хүүхдүүдтэйгээ хамаагүй харьцаж байгаагаас болж өсвөр үеийнхэн буюу 11,12-16,17 насны хүүхдүүд амиа хорлож байгаа үзэгдэл даамжирсаар л байна. Тухайн үеийн хүүхдүүдийг эмзэг, мэдрэмтгий хэмээн тодорхойлдог. Тиймээс ч энэ насны хүүхдүүд байж боломгүй үйлдлүүд хийх нь элбэг. Сүүлийн үед гарч байгаа айдаст автуулам мэдээллүүд ихэвчлэн өсвөр насныхантай холбоотой байх боллоо. Тодруулбал : /2021. 10-р сарын 04-нд / ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн охин ээжтэйгээ маргалдаж жижиг өрөөнийхөө цонхоороо үсэрч амиа хорлосон харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Маргааны гол үндэс нь гэртээ тэжээсэн муур нь аяга таваг завааруулаад байна хэмээн ээж нь загнан 2 удаа алгадсанаас боллоо. Өсвөр насны хүүхэд эрх чөлөөтэй байх, өөрөөрөө байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, түүнийг буруутгахгүй сонсох хэн нэгнийг, орчныг эрэлхийлж байдаг. Тэдний хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бүх зүйлийн талаар ярилцах боломжтой газар бол найз нөхдийн орчин байдаг. Тиймээс ч өсвөр үеийнхэн бие даан шийдвэр гаргах бүрэн чадвартай болсон гэж үздэг тул эсэргүүцэх тусам улам зөрж, улмаар буруу зүйл рүү өөрөө гүйгээд орох тохиолдол байдаг. Энэ үед л эцэг, эх гэдэг үүргээ ухамсарлан хүүхдүүдтэйгээ сайтар ярилцаж тэднийг ойлгодог байх хэрэгтэй. Үгүй бол энэ мэт харамсалтай жишээгээр бид бүгдийн босгосон амьдрал ганцхан минутад хар дарсан зүүд болон хувирахыг үгүйсгэхгүй юм. Манай улсад сүүлийн жилүүдэд амиа хорлох үзэгдэл эрс ихсэж байгаа бөгөөд үүнд өсвөр үеийнхэн өртсөөр байгааг бүгд ойлгох хэрэгтэй. ДЭМБ-ын мэдээлснээр, 15-29 насны залуучуудын нас баралтын тэргүүлэх гурван шалтгааны нэгд амиа хорлолт орж байгаа. Монгол Улсад өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах цаг үе гэдгийг анхааруулж байна. Аравхан настай хүү, 12-хон настай охин насанд хүрсэн эрүүл хүний толгойд ч багтамгүй аймшигт шийдвэр гаргаж байгаа нь зөвхөн тухайн гэр бүлийн биш нийгмийн эмгэнэл юм. Тиймээс эцэг эхчүүд ч гэсэн дараах шинж тэмдгийг сайтар ажиглаж байхыг зөвлөж байна. -Амиа хорлож болзошгүйг сэрэмжлүүлэх шинж тэмдгүүдэд -Таны ойр дотнын хэн нэгэн, найз нөхөд, гэр бүлийн гишүүн, хамт ажилладаг хүн хэн ч бай Мухардаж, эсвэл ямар ч амьдрах шалтгаангүй болсон мэт санагдаж байгаа тухайгаа ярих Гарах гарцгүй болсон мэт санагдаж, эсвэл тэсэхийн аргагүй өвчин шаналал мэдэрч байгаа тухайгаа ярих Бусдад ачаа дарамт болж байгаа гэж ярих Согтууруулах ундаа, эсвэл мансууруулах бодисын хэрэглээгээ нэмэгдүүлэх Ямар ч шалтгаангүйгээр хувийнхаа эд зүйлсийг бусдад өгөх Сэтгэл нь тавгүйтэж, цухалдах, эсвэл тайван бус зан байдалтай байх Өөрийгөө бусдаас тусгаарлан, ганцаардмал байдалд орох Уурлаж, хилэгнэх, эсвэл өшөө авахыг эрэлхийлэх Зан ааш нь огцом өөрчлөгдөж байгаа байдал ажиглагдаж байгаа бол та нэн даруй эмнэлгийн тэр тусмаа сэтгэлзүйн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандах хэрэгтэйг зөвлөж байна.