АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Д.ДОЛГОРТ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖ, ҮҮРЭГТ АЖЛААС НЬ “ЧӨЛӨӨЛЖЭЭ”

МҮЭ-ийн холбооны харьяа Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдалгууд Д.Долгор, Х.Буянжаргал тэргүүтэй удирдлагуудын 11 хүнийг яллагдагчаар татсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Тодруулбал, эрчим хүчний салбарын ажилчид сар бүр цалингийнхаа нэг хувийг өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах зорилгоор үйлдвэрчний эвлэлдээ хуримтлуулдаг. Харин энэхүү мөнгөөр нь эрх ашгийг нь хамгаалж  ажиллах ёстой   ЭХГУУҮЭХ-ны үе үеийн удирдлагууд болох Б.Рагчаа хоёр сая, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал 197 сая, Д.Долгор 14 сая гэх зэрэг байдлаар цалингийн зээл нэрээр санхүүгийн анхан шатны баримтгүйгээр авсан аж. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Үйлдвэрчин” хотхоноос Х.Буянжаргал, Д.Долгор нар 1-3 өрөө байр авсан атлаа “орон сууцгүй” хэмээн 2021 онд дэмжлэг авсан байдаг. Уг хэргийг хоёр жилийн турш хуулийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд өдгөө нэр бүхий 11 этгээдийг яллагдагчаар татаад байгаа юм.

Яллагдагчаар татагдсан этгээдүүдэд хилийн хориг тавиулах, хоорондоо уулзахгүй байх саналыг нийслэлийн прокуророос Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байна. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс яллагдагч Д.Долгорт Монгол Улсын хилээр  гарахыг хязгаарлах  болон бусадтай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах тухай саналыг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд хилийн хориг тавьсан байна.

Үүнээс гадна Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Долгорыг  Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирүүлсэн байна. Шүүхээс саналыг 2025 оны 02 сарын 27-ны өдөр хэлэлцээд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хангаж шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Д.Долгор нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүрэгт ажлаасаа “чөлөөлөгдөөд” зогсохгүй хилийн хориг тавиулаад байна.

Бид энэ хэргийн талаар болон эдгээр хүмүүсийн холбогдсон ноцтой асуудлуудын талаар эргэж мэдээлэх болно.

Мэдээллийн эх сурвалж:  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, бусадтай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв

Яллагдагч Д.Д-г Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хангаж шийдвэрлэв

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.