НЭГҮҮН МЭДЭЭ
НИЙСЛЭЛ ХОТОД ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙГАА ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ “СЭРЭМЖ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖИЛ

Нийслэл хотод зохион явуулж байгаа халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх “Сэрэмж” арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 224 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 159 нэгжээр буюу 41,5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Энэ долоо хоногт илрүүлсэн онцлог хэргээс дурьдвал: ОХУ-ын иргэн В.Н.А нь ченж нараас гэмт хэргийн замаар алдагдсан олон тооны гар утас худалдан авч улсын хилээр гаргах гэж байсан хууль бус үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан гар утаснаас шалгалтын явцад Нийслэл хотод 2025 оны 03 дугаар сард үйлдэгдсэн дээрэм, хулгайлах гэмт хэргийн замаар алдагдсан олон тооны гар утас болохыг тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

ХУУРАМЧ ХАЯГААР “ГАЛЗУУРАГСАД”

Монгол Улсын иргэд фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа тэргүүлж байна. Гэвч зүй зохистой хэрэглээ гэж ярьвал дутуу дулимаг. Ганцхан жишээ хэлэхэд, Монгол Улсад 2.5 сая фэйсбүүк хэрэглэгч байгаагаас 1.5 сая нь хуурамч хаягтан юм. Ялангуяа хавар болохоор тэд жинхэнэ галзуурч эхэлдэг. Дуулна. Бүжиглэнэ. Жүжиглэнэ. Хараана. Ерөөнө. Хүний хийж болох, болохгүй бүхнийг хийж, заавал нэг сенсаци үүсгэнэ. Сошиалын галзуурлыг үзсээр хаврын туршид ярианы сэдэвтэй л өнгөрдөг. Саяхан гэхэд хуруу, гараараа дүүрэн алтан бөгж, бугуйвч зүүчихээд “Би ядуу хүн, амьдрал хэцүү байна” гэж хашгирч, уйлж, орилж лайв хийгээд л байсан. Бас нэг нь машинаараа гүүрний хаалтыг мөргөчихөөд хажууд нь зогсоод бүжиглээд л байсан. Шинээр гарч байгаа “Ододтой бүжиглэе”, “Тэнгисийн эрэг” шоунд оролцогчдыг хичнээн сайн, сайхан байсан ч яаж ийж байгаад л шүүмжилнэ. Улс төрд нэг юм болохоо байлаа, нэг дуулиан гарлаа. Шүүмжлээд л байдаг. Бид өөрсдийгөө шүүмжлэгч ард түмэн ч гэж нэг талаар өмөөрдөг. Гэхдээ энэ байдал хэрээс хэтэрч, хот айл, улс үндэстнээ сүйтгэж ч мэдэх хэмжээнд хүрлээ. Мэдээллийн үнэ цэн, цензур гэж алга. Сошиалд олигтой хязгаарлалт алга. Галзуурагсдад авч байгаа зохицуулалт, хуулийн хариуцлага ч гэж алга. Тэд улам бүр галзуурсаар. Түүнийг нь дагаж монгол хүний үнэлэмж унасаар. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргисоор. Энэ байдал энэ хавар, дараа жилийн хавар, түүний дараагийн хавар. Хавар ч гэлтгүй Монголын жилийн дөрвөн улирлаа тойрч эргэлдсээр даамжирсаар. Монгол Улс буурай хөгжилтэй орон байхаа болж, ОУБ-аас тусламж авахыг нь зогсоолоо Монгол таван хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай ч болчихлоо. Саяхан Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5875 ам.долларт хүрснээр Монгол Улс хөгжил буурай орноос урагшилж, олон улсын байгууллагуудаас зээл, тусламж, дэмжлэг авахааргүй ахисан хөгжилд хүрлээ. Гэтэл улсын хөгжлийг түүчээлэгч хүн амынхаа хөгжлөөр бол ухарч байна. Хүн амын хөгжлийг хойш татаж, Монголдоо ч төдийгүй дэлхий дахинд биднийг сошиалаар “муухай” харагдуулж байгаа галзуурагсад, хуурамч хаягтай улс орныхоо болж бүтээж байгаа ажил бүрийг харлуулж, муулагсдыг хууль журмын дагуу хязгаарлаж, шийтгэх хэрэгтэй байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН СПОРТ НААДАМ 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 12,13 ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТ, МУБИС-ИЙН СПОРТ ЗААЛАНД БОЛНО.

Багт амжилт хүсье Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын спорт наадам 2025 оны 04 дүгээр сарын 12,13 өдрүүдэд Улаанбаатар хот, МУБИС-ийн спорт зааланд болно. 2025 оны спорт наадам "ДӨЛ" сонины 80 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдах гэж байна. Сагсан бөмбөг ( Эрэгтэй, Эмэгтэй 5х5) Волейбол - Холимог Дартс- баг Тэмцээний удирдамжийг 2025 оны 03 дугаар сарын 25 өдөр мэдээлнэ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН СПОРТ НААДАМ 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 12,13 ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТ, МУБИС-ИЙН СПОРТ ЗААЛАНД БОЛНО.

Багт амжилт хүсье Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын спорт наадам 2025 оны 04 дүгээр сарын 12,13 өдрүүдэд Улаанбаатар хот, МУБИС-ийн спорт зааланд болно. 2025 оны спорт наадам "ДӨЛ" сонины 80 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдах гэж байна. Сагсан бөмбөг ( Эрэгтэй, Эмэгтэй 5х5) Волейбол - Холимог Дартс- баг Тэмцээний удирдамжийг 2025 оны 03 дугаар сарын 25 өдөр мэдээлнэ.

МАН-ЫН ГАЗРЫН ДАРГА Н.ЖАВХЛАН БУСДЫН БИЕД ХАЛДАЖ ЗОДЖЭЭ

МАН-ын газрын дарга болон тус намын гишүүд хоорондоо маргалдаж, гудамжинд зодолдсон хэрэг гарчээ. Уг зодооны улмаас хоёр хүн гэмтэж, өдгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын зэрэгцээ хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа ажээ. Тодруулбал , МАН-ын Цахим хөгжил, инновацын газрын дарга Н.Жавхлан Солонгос улсын элчин сайдын гадна талбайд намынхаа нэр бүхий хүмүүстэй маргалдан улмаар зодолдсон хэрэг 2025.03.11-ны өдрийн орой болсон байна. Түүнд зодуулсан хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдээлэл байна. Бид энэ хэргийн талаар Н.Жавхлангаас тодруулахад хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Нууцын баталгаанд гарын үсэг зурсан болохоор ярих боломжгүй байна. Харин энэ хэргийн талаар мэдээлэх юм бол хуулийн байгууллагад хандах болно гэсэн юм. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар тодруулахад тухайн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Цагдаагийн 102 дугаарт энэ хэргийн дуудлага 2025.03.11-ны өдөр ирсэн гэв. Өнөөдрийн байдлаар зодсон гэх МАН-ын Цахим хөгжил, инновацын газрын дарга Н.Жавхлан, зодуулсан гэх этгээдүүд шүүх эмнэлэгт үзүүлж, гэмилийн зэрэг тогтоолгохоор хандаад байгаа аж. МАН-ын Цахим хөгжил, инновацын газрын дарга Н.Жавхлан нь 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын листэд жагссан хүн юм. Тэрбээр өдгөө эмчилгээ хийлгэн ажилдаа ирэхгүй байгаа бөгөө бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СИНДЕРЕЛЛА ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ Б.УЯНГЫГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ СОХОЛСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг нь хүнийг эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаар нь хохироох тохиолдол цөөнгүй гарч байгаа билээ. Тэгвэл хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээр хохироосон эмнэлэг болон эмнэлгийн захирал Б.Уянга гэх бүсгүй өнөөдөр хуулийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, Синдерелла эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.З гэх эмэгтэйд GANA V PLLA /Ганна ви плла/ найрлагатай нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийх явцдаа духны дээд хоёрны нэг хэсэг каннула гэх мохоо үзүүртэй зүү хатгаж филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийг цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан. Уг хэрэг шүүхээр хоёр жил гаран явсны эцэст буруутай эмч л ял авсан юм. Харин энэ хэргээс “хуурай” гарсан Синдерелла эмнэлэг болон захирал Б.Уянга нар нь өнөөдөр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, Синдерелла эмнэлэг болон тус эмнэлгийн захирал Б.Уянга нарыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйл. Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа юм. Учир нь Синдерелла эмнэлэг нь тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй байхдаа уг үйлчилгээг хийсэн байгаа нь нээлттэй мэдээлийн сангаас харагдаж байна. Хамгийн ноцтой нь үйлчлүүлэгчдээ хийсэн GANA V PLLA /Ганна ви плла/ филлер тарилгыг БНСУ-аас шууд оруулж ирсэн болох нь нотлогдсон ба энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.9.3-т заасныг тус тус ноцтой зөрчжээ. Тодруулбал, тус эмнэлэг тусгай зөвшөөрөлгүй байх хугацаандаа GANA V PLLA /Ганна ви плла/ нүүрний дүүргэлтийн эмчилгээ хийсэн, GANA V PLLA /Ганна ви плла/ дүүргэгч тарилга нь хууль бусаар оруулж ирсэн буюу хуульд зааснаар зөвшөөрөлгүй хэрэглэж Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль бусаар эм, эмийн түүхий эд био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмт хэрэг, 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл гарсан” хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа юм. Үүнээс гадна Синдерелла эмнэлэг болон эмнэгийн захирал Б.Уянга нар нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, хуулийн 15.1-д заасан Монгол Улсад бүртгэлтэй хууль ёсны зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллагаас авч үйлчилгээнд хэрэглэхээр, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн хэрэгсэл” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах болон бие махбодын бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашигладаг туслах зориулалтын эд зүйлийг буюу тус эмнэлгийн филлер тарилга нь эмнэлгийн хэрэгсэлд ордог. Үүнийг мөн хуулийн 3.1.23-т “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага” гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” буюу 9.1.2-т “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага оруулж ирэхээр” хууль тогтоомжид заасныг мөн зөрчсөн байж болзошгүй байгаа юм.

“Мон Вет Торговля” ХХК-ийн захирал Б.БАДАМЖАВ: Бидэнд итгэсэн компаниудад итгэл хайрласан өдөр байна

“Мон Вет Торговля” ХХК-ийн захирал Б.БАДАМЖАВ: Бидэнд итгэсэн компаниудад итгэл хайрласан өдөр байна Төрийн дээд одон “Алтангадас”-аар энгэрээ мялаалгасан онцгой өдөр тохиож байна. Тэртээх 40 жилийн өмнө 1985 онд Гурилын компанийн лабораторид лаборантаар ажлын гараагаа эхлүүлж байлаа. Одоо Хөдөө аж ахуйн Мал эмнэлгийн салбарт хувийн бизнесээ хөгжүүлж, ОХУ-ын Микро-плюс, Биоиндустрия, Солонгосын Woogene B&G компаниудын албан ёсны дистрибютер болжээ. Бидэнд итгэсэн компаниудад ч итгэл хайрласан сайхан зүйл тохиож байгаад маш их баяртай байна. Манай компанитай хамтран ажилладаг бүх хүнд баярлалаа. Тэнгэрийн оронд байгаа аавдаа баярлалаа. Мөн үргэлж дэмждэг ээж, ах, эгч, дүү нар болон хань үр хүүхдүүддээ баярлалаа.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭС ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХУРАНДАА НАРЫН ОРОГНОХ ГАЗАР ЭТТ БОЛОВ УУ?

Цагдаагийн асуудалтай хурган дарга нар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд “ямар нэг” дарга болдог. Харин зарим нь Дотоод хэргийн их сургуульд багшилж, хурган төлгөн дарга болж байгааг та бид өнөөдөр харж байна. Тэгвэл энэ төрлийн будлиантай буухиаг Шүүхийн шийдвэрт ажиллаж байсан хурандаа нар тэтгэврээ авахаас гадна төрийн байгууллагад удирдах албан тушаалд сууснаар үргэлжлүүлж байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэвэрт гарсан хүмүүс Эрдэнэс таван толгойд ажилладаг жишиг тогтож байна. Өнөөдөр Эрдэнэс таван толгойд тэтгэвэр авдаг, давхар тус байгууллагаас цалинждаг 60 гаруй хүн байна гэх мэдээлэл байна. Тэдгээрээс дөрөв нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэвэрт гарсан хурандаа нар байгаа аж. ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байсан хурандаа Ч.ОЮУНЦЭЦЭГ өдгөө тэтгэвэр авдаг. Тэрбээр өдгөө тэтгэврээ ч авч давхар Эрдэнэс таван толгойд шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүрэгт ажлыг хийж байгаа аж. Ч.Оюунцэцэгийн хувьд эмэгтэйчүүдийн хорих ангийн даргаар ажиллаж байхдаа хоригдлуудыг эрүүдэн шүүж, тамлан зовоосон гэх таагүй ярианд орооцолдож явсан нэгэн. Шүүгч эртэй дэр нэгтгэж байсан, албаныхаа хүнтэй ч хамтран амьдарч байсан гэх мэтээр баялаг түүхтэй нэгэн гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлдэг ярьдаг юм билээ. Тэтгэврээ авч, ЭТТ-оос цалин авдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэвэрт гарсан дараагийн эрхэм бол Бямбадорж хурандаа. Хүн л юм чинь ажил хөдөлмөр эрхэлж бололгүй л яахав. Гэхдээ Монгол улсын Ерөнхий сайд нь 5Ш ажиллагаа гэгчийг сүр дуулиантайгаа эхлүүлсэн билээ. 5Ш ажиллагааны шүүрийнх нь хүрээнд тэтгэвэр авч байгаа хэрнээ төрд ажиллаж байгаа хүмүүсийг шүүрдэх болно гэж байв. Учир нь улс орны эдийн засаг хүнд байгаагаас үүдээд хэмнэлтийн хуулиа баримтлах хэрэг байгаагаас ийнхүү цалин бас тэтгэвэр авдаг хүмүүсийг төрөөс шүүрдэх болсон билээ. Гэтэл Эрдэнэс таван толгой ХК-ийн захирал хэмнэлтийн хуулиа умартсан уу, 5Ш ажиллагааны шүүрийг нь мартсан уу? Шүүхийн шийдвэрт өр төлөөстэй байж таараад тэтгэвэрт гарсан хүмүүсийг аваад байна уу гэдэг нь өнөөдөр эргэлзээ төрүүлж байна.

“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД" 2025

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн 3 дугаар сарын эхний долоо хоногт Монголчуудын үндэсний Цагаан сарын баяр давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн 35 музей оршин байгаа газар нутгийн ард иргэддээ музейн байнгын үзүүллэгийн танхимаараа үнэ төлбөргүй үйлчилнэ. Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно. Мөн энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн” явагдана. Дэлгэрэнгүйг:

АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Д.ДОЛГОРТ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖ, ҮҮРЭГТ АЖЛААС НЬ “ЧӨЛӨӨЛЖЭЭ”

МҮЭ-ийн холбооны харьяа Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдалгууд Д.Долгор, Х.Буянжаргал тэргүүтэй удирдлагуудын 11 хүнийг яллагдагчаар татсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тодруулбал, эрчим хүчний салбарын ажилчид сар бүр цалингийнхаа нэг хувийг өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах зорилгоор үйлдвэрчний эвлэлдээ хуримтлуулдаг. Харин энэхүү мөнгөөр нь эрх ашгийг нь хамгаалж ажиллах ёстой ЭХГУУҮЭХ-ны үе үеийн удирдлагууд болох Б.Рагчаа хоёр сая, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал 197 сая, Д.Долгор 14 сая гэх зэрэг байдлаар цалингийн зээл нэрээр санхүүгийн анхан шатны баримтгүйгээр авсан аж. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Үйлдвэрчин” хотхоноос Х.Буянжаргал, Д.Долгор нар 1-3 өрөө байр авсан атлаа “орон сууцгүй” хэмээн 2021 онд дэмжлэг авсан байдаг. Уг хэргийг хоёр жилийн турш хуулийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд өдгөө нэр бүхий 11 этгээдийг яллагдагчаар татаад байгаа юм. Яллагдагчаар татагдсан этгээдүүдэд хилийн хориг тавиулах, хоорондоо уулзахгүй байх саналыг нийслэлийн прокуророос Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байна. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс яллагдагч Д.Долгорт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон бусадтай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах тухай саналыг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд хилийн хориг тавьсан байна. Үүнээс гадна Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Долгорыг Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирүүлсэн байна. Шүүхээс саналыг 2025 оны 02 сарын 27-ны өдөр хэлэлцээд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хангаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр Д.Долгор нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүрэгт ажлаасаа “чөлөөлөгдөөд” зогсохгүй хилийн хориг тавиулаад байна. Бид энэ хэргийн талаар болон эдгээр хүмүүсийн холбогдсон ноцтой асуудлуудын талаар эргэж мэдээлэх болно. Мэдээллийн эх сурвалж: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, бусадтай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв Яллагдагч Д.Д-г Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хангаж шийдвэрлэв

1 ... 3 4 5 6 7 8 9 10 11 ... 318