НЭГҮҮН МЭДЭЭ
СХД-Т 20 ГА ГАЗРЫГ БНХАУ-ЫН “ТИ СИ ДИ” ХХК ЭЗЭМШИЖ БАЙНА !!!

2024.01.22-нд АТГ-аас хууль бусаар газар олгож, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Сонгинохайрхан дүүрэгт 72 га газар хууль бусаар олгогдсоноос 20 га газрыг нь зарж борлуулан мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг шалгаж тогтоосон ба хууль бусаар олгосон 72 га газрын 50-ийнх нь зөвшөөрлийг цуцлуулсан. Харин алга болсон буюу зарж үрэгдүүлсэн 20 га газрын эзэмшигч нь “Ти Си Ди” ХХК гэх компани ба Гүйцэтгэх захирал нь БНХАУ-ын иргэн Yang Qiuheng, гэх нэр бүртгэлтэй. Харин хувьцаа эзэмшигч нь Tianjin Real Estate Trust Group байна. 2013.11.22-нд бүртгүүлжээ. Тус компанид Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэр дэх 198,646мкв буюу 20га газрыг 2014 оны арванхоёрдугаар сарын 08-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших зориулалтаар олгожээ. "Ти Си Ди" ХХК нь 2013 оны үес баруун дөрвөн замын орчим буюу “Гранд плаза”-гийн чанх ард сүндэрлэсэн “Г” хэлбэртэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан ч, чанаргүй гэх хэл ам дагуулж байсан юм.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРГҮЙ ХОРИГДОГСДООР 461 ДҮҮРЧ, ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛЛОО У.ХҮРЭЛСҮХ ЭЭ!!!

Шүүгчийн дээр мөрдөгч заларч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн цаг үе дээр Шүүх байгууллага эрх мэдэлгүй болоод зогсохгүй прокурор, мөрдөн, улстөрч гэх гурван толгойт “мангас”-ын саварт амь тавьж мэдэх нь. Шүүхийн шийдвэргүй цагдан хоригдогсод 461 гээч хорих ангийг дүүргэж, өдөр бүр гэмтэй гэмгүй сайхан залуусаа машин машинаар нь аваачин “асгаж” байна, У.Хүрэлсүх ээ!!! Алгын чинээхэн нутаг дэвсгэрт хилийн хориг, цахим гав гээчүүдээ ашиглаад мөрдөн шалгаж болох байтал бөөн бөөнөөр нь аваачиж хорьдог тэнэглэлээрээ дэлхийн шившиг боллоо, улс орон чинь. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа хэрээс хэтэрч, ур чадвар дутмаг мөрдөгчийн хувийн тоглолт шахуу болчихлоо. Гартаа барьсан баримт, нотолгоогүй атлаа 8-аас дээш жилийн хорих ялтай зүйл ангиар шалгагдаж байгаа хэмээн “хүчээр” нааж ирээд баривчилдаг болсонд өмгөөлөгч нар шүүмжлэлтэй хандаж байна. Нотолгоогүй атлаа хувийн тоглолт, таамгаар 8-аас дээш жилийн хорих ялтай зүйл ангид хүчээр хамааруулж цагдан хорьж буй тохиолдол хэдэн зуугаараа байна, цаана чинь!!! Улмаар баримтгүйгээр, үндэслэлгүйгээр хорьчихсондоо бантаад байцаалт мэдүүлгээр ороож унагахын төлөө улайрсан мөрдөгчид улай үзсэн хэрээ шиг гаарлаа гэдгийг ч хуулийнхан хэлж байна. Үүнийг Хүний эрхийн үндэсний комиссоос баталж, адгийн тэнэг ч ойлгохоор тоо баримт дурьдан, хамар дор чинь илтгэл тавиад өглөө, Ерөнхийлөгч өө!!! Цагдан хорих 461 дүгээр анги чинь бөөнөөр хорих лагер шиг болчихлоо хэмээн халаглах илтгэлд гадны ажиглагчид цочирдож байна. Ерөнхийлөгч өө, хэзээнээс эхлээд шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдлыг ингэтэл улангасан урьтал болгодог болчихов… Хичнээн нь баримт нотолгоо бүрдээгүйгээр 30, 30 хоногоор сунгагдан хоригдож байна вэ?! Шүүгч нар чинь Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэрэг гэхээр л сүнс сүлдгүй болтлоо айдаг болчихсныг анзаарсан уу?!… Тэднийг алхаа аятайхан цохиорой, чадахгүй бол ажлаа өгөөрэй гэж хэн айлгадаг болчихов оо?!… Эрхэм Ерөнхийлөгч та анхаарал тавьж, шүүх эрх мэдлийн эрх үүрэг, сүр хүчийг нэмэхгүй бол энэ байгууллага чинь устаж үгүй боллоо. У.Хүрэлсүх та, дүүргийн шүүхийн байруудаар хөл тавьж үзсэн үү… Ажилсаг малчны малын пүнзнээс дор байранд тэд чинь ажиллаж, онц ноцтой хэргийн материалуудаа хадгалчих олигтойхон өрөө байтугай сейф ч байдаггүйг мэдэх үү? ШҮҮХ чинь байгаа нэртэй байхгүй байгууллага болов… Өнгөрөгч чуулганы нэгдсэн хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комисс онц ноцтой илтгэлийг тавилаа. Дэлхийн шившиг болохоосоо өмнө илтгэлийн халуун мөрөөр ажиллаж, яг одоо 461 дүгээр хаалттай хорих ангид шүүхийн шийдвэргүйгээр, тодорхой баримт үндэслэлгүйгээр хоригдчихоод байгаа залуусын дуу хоолойг очоод сонсооч!!! Энэ улсын эцэг биз дээ, та… Өмгөөлөгч нарт өөрсдөд нь ӨМГӨӨЛӨЛ, ХАМГААЛАЛ хэрэгтэй болчихсныг мэдэж байгаа юу. Тэдэнд ил тод нээлттэй, шударга мэтгэлцэх зарчим алдагдаж, мөрдөгч прокурорууд нь хавтаст хэргүүдээ өндөг шиг дарж хэвтсээр шүүхийн шат руу боогоод шидчихэж байна. Эцэстээ, захын нэг мөрдөгч өмгөөлөгч рүү хашгирч, зүхэл урсгадаг болсон нь гашуун үнэн юм. Хүний эрхийн үндэсний комисст сүүлийн таван жилийн байдлаар нийт 4165 гомдол ирснээс халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд 722, эрүү шүүлтээс ангид байх эрхтэй холбоотой 157, хууль бусаар баривчлахтай холбоотой 61, хууль бусаар цагдан хорихтой холбоотой 257 гомдол ирчихсэн байна. Хүний эрхийг дээдэлдэг нам, Засаг байна гэсэн амлалт чинь хаачив Л.Оюун-Эрдэнэ ээ?! Иргэдийн чинь эрхзүйн байдал шалаар нэг болчихсон байхад эрх баригч намын хувь заяа ирэх сонгуулиар өнгөтэй, өөдтэй байж чадах уу?!… 2021 онд УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай багц хуулийг батлахдаа “Энэ цагаас эхлээд эзэнтэй шүүгч гэж байх ёсгүй, шүүгчдэд хуулиас өөр дарга байхгүй” хэмээн бардамнасан гишүүдийн чинь шүлс хатаагүй байгаа шүү. Олон улсын, хараат бус хөндлөнгийн үнэлгээгээр Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийн 140 улсаас 120-д жагссан нь шившиг юм, У.Хүрэлсүх ээ!!! Баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хийгдсэн гэх гутамшгаа засч залруулах цаг болоогүй юу.. Хэдхэн хоногийн өмнөх, дөрөвдүгээр сарын 10-ны орой ТЕГ-аас нэг иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цагаар саатуулж, улмаар 48 цагийг 30 хоног болгон цагдан хорих шүүх хурлыг зарлахаас хоёр, гуравхан цагийн өмнө яллагдагчийн тогтоол танилцуулсан гэх увайгүй жишээг өнөөдөр өмгөөлөгчид ярьж байна… Гэрч гэж дуудуутаа сэжигтнээр хорьж, сэжигтнээр хорьж шоконд оруулмагцаа яллагдагч болгон “хурдны галт тэргэнд” суулгачихдаг Тагнуулын байгууллагатай улс Монголоос өөр хаана байна вэ, Ерөнхий сайд аа!!! Хүчээр цагдан хориутаа яллагдагчийн тогтоолд гарын үсэг зуруулсан явдлыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэхгүй бол, өөр юу гэж үзэх вэ… Үүгээр тогтохгүй 30 хоног цагдан хорих шүүх хурал дээр прокурор нь хавтаст хэрэггүй орж ирж, үүнийг нь эсэргүүцсэн өмгөөлөгчийн өмнө “хавтаст хэрэг нь байсан, байсан… би танилцаж байгаад өрөөндөө орхичихож” гэж шүүгч нь алиатсан гэх ичгүүр сонжуургүй үзэгдлийг улстөрийн, тэр дундаа Ерөнхий сайдын захиалга юм биш байгаа гээд хардчихад болохгүй гэх газаргүй юм. Учир нь, Ерөнхий сайдаас өөр Тагнуулын ерөнхий газрыг хөдөлгөх хүч хаана, хэнд бий билээ. Ийм эмгэнэлт драмд шүүгч нар чинь гар бие оролцож, дүр бүтээж яваа юм биш байгаа У.Хүрэлсүх ээ!!! Шүүгч нар прокурорын харцан дор алх цохиж, прокурор нь мөрдөгчдийн үзэгний үзүүрээр хөдөлж эхэлсэн цагт улс орон мөхөл рүүгээ явдаг гэдэг. Тэгэхээр манай улс МАН-ын дангаар эрх барьж буй энэ цаг дор мөхөл, үхлийнхээ замаар ороод шуударчихсан яваа юм биш байгаа. Дээр дурьдсан эл кэйс нь Монголд мөрдөгч нар, тэр дундаа ТЕГ болоод АТГ-ын мөрдөгч нар шүүх, прокуроруудын дээр сандайлчихсан юм биш үү гэх шүүмжлэлт асуулгыг босгож ирж байна. Шүүх хуралд прокурор хавтаст хэрэггүй орж ирж байна гэдэг өөрөө эл хэрэг улстөрийн захиалгат гэж хардахаас өөрөөр харагдахгүй байгаа нь үнэн. Шүүхийн шийдвэргүй цагдан хоригдсон иргэдийг аргаа барахдаа Хорих ангийн дарга нар нь сулласан олон жишээг Хүний эрхийн үндэсний комисс хэлж байна. Мөрдөгчид ийнхүү шүүхийн зөвшөөрөлгүйгээр бусдын эрх чөлөөнд халдаж, цагдан хорьсоор байх юм бол Шүүх байгууллага гэх данхар бүтцийг төсвөөс хооллох шаардлага байгаа юм уу?! Шүүгч нь хавтаст хэрэгтэй танилцдаггүй, прокурор нь хавтаст хэрэггүйгээр яллах санал барьчихсан орж ирдэг, мөрдөгч нь сэжигтэн гэгдсэн азгүй амьтныг Цагдан хоригдох хугацаанд нь баримт хайдаг, олдохгүй бол мэдүүлэг байцаалт нэрээр ороож, өөрөө өөрийг нь яллах тактик ашигладаг новшийн арга Монголын хууль хяналтынханд нутагшчихсан юм биш биз?!… Улмаар баримт олдохгүй, цагдан хорьсноо нотолж чадахгүй болоод ирмэгц хэргийн ээдрээт байдал арилаагүй байна гэх утгагүй тайлбартайгаар үргэлжлүүлэн 30 хоногоор саатуулдаг байхыг ч үгүйсгэхгүй юм. Үүн дээр ч төвлөрч шалгах цаг нэгэнт болсон. Тиймээс, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ… Энэ улсын эцэг шиг зангараг зааж Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд анхаарал хандуулаад өг. Иргэдийн чинь эрхзүйн байдлыг дордуулан байж шалгадаг увайгүй хийрхэл газар авчихлаа. Өмгөөлөгчдийн ярьж буй дээрх дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн гэх кэйсийг л татаад шалгачих. Хүний эрхийн үндэсний комиссын хэлээд буй ноцтой зөрчлийн бүх цуглуулгыг 2023.04.10-ны оройн 20-21 цагийн орчимд саатуулагдсан А гэх иргэний нөхцөл байдал дангаараа хангалттай харуулна гэж Өмгөөлөгчдийн холбоо даяар ярьж байна… Ямар учиртай цагдан хорио болоод Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурьдагдсан бүх зөрчлийн “цуглуулга” гэгдээд байна вэ, Л.Оюун-Эрдэнэ ээ!!! ТЕГ 48-хан цагийн дотор нэр бүхий иргэнийг гэрчээс сэжигтэн, сэжигтнээс яллагдагч болгон шуурхайлсны учир юув. Сэжигтнээр цагдан хорьж байгаад яллагдагчийн тогтоолд гарын үсэг зуруулах нь хүний эрхийн онц ноцтой зөрчил гэдгийг захын хуульч хэлж байгааг дахин сануулъя. ХЭҮК-оос шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр суллагдсан 864 хүний хувийн хэрэгт дүн шинжилгээ хийхэд 2020-2022 онд баривчлагдаад суллагдсан нийт тохиолдлын 76.1 хувийг эзэлж байгаа нь эрх баригч нам хүний эрхийг дээдлэх бус эрхзүйн байдлыг нь улам бүр дордуулж буйн тод жишээ болох биз. Тэрбайтугай баримтаар нотлогдоогүй байхад зүйл ангийг таамгаар тавьдаг, зүйл ангид 8-аас дээш хорих ялтай гэчихсэн байвал онц хүнд хэрэг гээд үг сүггүй хорьчихдог “ширэнгийн хууль”-иа яаралтай эргэн харж, ийм зүй бус байдлаар хохирсон иргэний хохирлыг тухайн хэргийн мөрдөгч, прокурор, шүүгчдээс гаргуулдаг, хатуу хариуцлага тооцдог болохгүй бол маргааш Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар өөрсдөө ч 30, 30 хоногоор саатуулагдчихсан явж байж мэдэхээр байна. Тиймээс дэлхийн шившиг болохоосоо өмнө анхааралдаа авч ажил хэрэг болго, У.Хүрэлсүх ээ!!! Мэдээллийн эх сурвалж : Нийгмийн толь

НӨӨЦИЙН МАХ ЗАМДАА ТӨӨРЧИХӨВ ҮҮ, ЭСВЭЛ ГЭРЭЭН ДЭЭРЭЭ ЦАРЦЧИХАВ УУ?

Нийслэлийн нөөцийн махны 37 хувь буюу 1.8 мянган тонн мах нийлүүлэх эрхийг Багануур махмаркет, Чойбалсан групп хоёр авчээ. Гэхдээ мах нь л ганц олдохгүй. Гэрээ нь гарчихсан, тоо нь тодорхой, компани нь бэлэн… харин мах нь “түр эзгүй” бололтой. Эдгээр компанийн эцсийн өмчлөгчөөр М.Бас-Эрдэнэ нэрлэгддэг бөгөөд түүнийг М.Бадамсүрэн-гийн ойрын хүн гэдэг. Төрийн тендерүүд ч авч байсан туршлагатай компаниуд гэнэ. Туршлага нь хангалттай, мах нь л хангалтгүй байж. Нэг нь мах, махан бүтээгдэхүүн, мал аж ахуй, тээвэр, фермер гээд бүх чиглэлтэй. Нөгөө нь бүр зочид буудал, ресторан, жимс ногоо, гадаад худалдаа, мах боловсруулах үйлдвэр хүртэлтэй. Ийм олон чиглэлтэй компаниуд 1.8 мянган тонн мах олж чадаагүй гэхээр монголд мах биш, магадгүй ичих нүүр л ховордсон бололтой. М.Бас-Эрдэнэ 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хэдэн зуун саяын хөрөнгө, хадгаламжтайгаа мэдүүлсэн байдаг. Үүнээс гадна хэд хэдэн компани эзэмшдэг. Бизнесийн цар хүрээ бол хангалттай том. Харин нөөцийн махны сураг л жижигдээд алга болчихов уу даа. Ташрамд, түүний хүүтэй холбоотой зам тээврийн ослын мэдээлэл өмнө нь гарч байсан бол өөрийг нь Д.Мөнх-Эрдэнэ-тэй ойр гэх мэдээлэл ч дагалддаг. Ер нь холбоо сүлжээ, танил талын хүрээ өргөн юм. Харин махны хүргэлт дээр л холбоо тасарчихсан бололтой. Хамгийн сонирхолтой нь энэ 1.8 мянган тонн мах гэдэг нь Н.Учрал-ын яриад байгаа 2500 тонн махны 72 хувь. Өөрөөр хэлбэл, махны “гол дүр” нь гэрээ дээрээ л үлдчихэж.

УЛААНБААТАР МАРАФОНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЖЭЭ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр болно. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдын тооноос хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулагчид гарааны аюулгүй байдал, замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зөв зохион байгуулах үүднээс төрөл тус бүрийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас гарах бол хагас марафон 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт эхэлнэ. Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас гарах бөгөөд 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт эхлэхээр байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал болох тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй оролцогчдын 1.5 км-ийн төрөл 15:30 цагт МУИС-ийн урдаас гарах юм. Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны харалдаа замаас, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын харалдаа замаас тус тус гараагаа эхлүүлнэ. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг гарааны бүсэд дор хаяж 30-60 минутын өмнө ирж, энгэрийн дугаар, чип болон ангиллын мэдээллээ урьдчилан шалгахыг зөвлөж байна. Гарааны цаг, маршрут болон зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ulaanbaatar.marathon.mn сайтаас авах боломжтой.

ӨНӨР ХОРООЛЛЫН ГУДАМЖНЫ АВТО ЗАМЫГ ӨНӨӨДӨР 23:00 ЦАГААС ХААНА

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ. Тодруулбал тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлах аж. Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

СЭЛХИЙН АВТО ЗАМЫГ ДАВАА ГАРАГИЙН 05:00 ЦАГ ХҮРТЭЛ ХААЖ ШИНЭЧИЛНЭ

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны 00:00 цагаас 18-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу

“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР ТӨРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС 7 ТЭРБУМЫГ “ШҮҮРЧ” АВЧЭЭ

“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР ТӨРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС 7 ТЭРБУМЫГ “ШҮҮРЧ” АВЧЭЭ ЖДҮХС-г идэж уусан түүх Монголд дуусаагүй бололтой. Зүгээр л нэр нь солигджээ. Өнөөдөр “аялал жуулчлалыг дэмжих” гэх гоё пайзтай зургаан хувийн зээл ахиад л эрх мэдэл, мөнгөний бүлэглэлүүдийн хоол болчихсон явна. Жирийн иргэн банкны үүд сахиж, барьцаа хөрөнгө хүрэхгүй гэж гологдож байхад “томчууд” бол тэрбум тэрбумаар нь шүүрээд сууж байна. Хэн бэ гэвэл Монголын хамгийн нөлөөтэй бизнесийн бүлэглэлүүдийн нэг “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Отгонбаатар. Түүний хамаарал бүхий “Монгол технологи инвестмент” ХХК аялал жуулчлалын зургаан хувийн хөнгөлөлттэй зээлээс бүтэн 7 ТЭРБУМ төгрөг авчээ. Ард нь Д.Баянзул гэх “цаасан” эзэн харагдавч бодит удирдлага, ашиг сонирхол нь Ц.Отгонбаатартай холбогдож байгааг баримтууд харуулж байна. Өөрөөр хэлбэл, төрийн дэмжлэг хэрэгтэй жижиг аж ахуйн нэгжүүд биш, харин аль хэдийнэ хөрөнгө мөнгөөр “хахсан” олигархиуд хамгийн хямд эх үүсвэр рүү хамгийн түрүүнд дайрч оржээ. Бүр инээдтэй нь, энэ бол жирийн нэг бизнесмен биш. “Эдү апарт”-ын дуулиан, стандартын бус барилга, Дүнжингаравын дэлбэрэлтийн дараах маргаан, ТЕГ-ын барилгыг дуудлага худалдаагаар авсан асуудал гээд Ц.Отгонбаатарын нэр олон сүүдэртэй түүхийн хажууд явдаг. ТЕГ-ын төв байрыг барьж байсан объект дуудлага худалдаанд ороход өөрийн холбоотой хоёр компаниараа өрсөлдөж, эцэст нь өөрөө авсан гэх баримт ч бий. Нэг ёсондоо, төрийн өмчийг төрийн доторх мэдээлэл, нөлөөллөөр “нам дарж” авдаг схемийн үнэр ханхалж ирсэн гэсэн үг. Гэтэл өнөөдөр дахиад л төрийн хөнгөлөлттэй мөнгөн дээр сууж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр гарсан 71.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээс хамгийн том дүнг авч буй компаниудын ард дандаа нөлөө бүхий эзэд, том группүүд, улстөр бизнесийн сүлжээ харагдаж байгаа нь ноцтой. Энэ мөнгө чинь Хөвсгөлд жуулчны бааз барих гэж зүтгэж буй жижиг компанид очих ёстой байсан юм. Архангайд дөрвөн улирлын кэмп босгох гэж банкны босго элээж буй залууст хүрэх ёстой байсан юм. Гэтэл эцэст нь “том загаснууд” хамж аваад, үлдсэн хэдэн үйрмэг дээр нь жинхэнэ бизнес эрхлэгчид хоорондоо алалцаж байна. Монголд хөнгөлөлттэй зээл гэдэг хөгжлийн бодлого биш, эрх мэдэлтнүүдийн ээлжит “хувааж иддэг сан” болчихжээ.

ЦЕГ: ИРГЭН С.ШААРИЙБУУ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРООГҮЙ

Цахим орчинд 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Бузартай юмаа!!! Харь нутагт улс төрийн өндөр албан тушаалтны гарт амиа алдсан хайрт охин Алтантуяагийнхаа амийг нэхэж 20 жил цуцашгүй тэмцэж Монгол хүний амь насны үнэ цэнийг няцалгүй бас цуцашгүй хамгаалж ялсан гавьяат багш Шаарийбууг зуслангийн замд хүмүүс дээрэмдэж зодож бэртээж” гэж мэдээлэл нийтэлсэн. Цагдаагийн байгууллагад дээрх нэр бүхий иргэний биед халдаж зодсон, эд зүйлийг хүч хэрэглэн авсан гэх мэдээлэл бүртгэгдэж, шалгагдаагүй бөгөөд тухайн иргэнээс гэмт хэрэгт өртөж хохироогүй талаар мэдээлсэн болно. Иймд олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл түгээхгүй байхыг зөвлөж байна гэв.

ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА АСАН Б.СОЛОНГОО: МОНГОЛЫН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД РИО ТИНТО КОМПАНИ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАЖ АСУУДАЛ ЯРИГДДАГ

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо дараах байр суурийг илэрхийлэв : Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд үйл ажиллагаа Рио Тинто компанийн үйл ажиллагаа манай улсын ажлын хэсэг, төрийн шйидвэр гаргах процесст зохисгүй байдлаар маш их нөлөөлдөг. Оюутолгойн хөрөнгө оруулалт гэрээ, Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг байгуулахдаа өөрсдөдөө илт давуу байдал би болгосон яриа хэлэлцээнд нөлөөлсөн.Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад Рио Тинто компани нөлөө үзүүлж ажиллаж асуудал яригддаг. Энэ асуудал зөвхөн монголчууд хариуцлага хүлээгээд, хоорондоо хэрэлдээд дуусдаг. Рио Тинто компани ямар нэг хариуцлага хүлээж байгаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээ 17 жилийн хугацаанд бидний хийж чадаагүй зүйл бол үнэхээр Оюутолгойтой холбоотой авлига албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил байсан бол. Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад хууль бусаар нөлөөлсөн бол Рио Тинто компани харицлага хүлээх ёстой. Хамгийн гол нь өөртөө давуу байдал бий болгож олж авсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай юм. Яригдаад өнгөрдөг биш энэ асуудлыг Рио Тинто компанийн нь үйл ажиллагаа явуулдаг, үүсгэн байгуулагдсан улсуудын дагуу хариуцлага асуудлыг тавих нь цаг хугацааны асуудал. О.Батнайрамдал гишүүний Их Британи албан бичиг явуулах ажлыг бүрэн дэмжиж байгаа. Жишээ нь, Английн авлигатай тэмцэх хууль ёүүлийн жилүүдэд чангарсан. Рио Тинто компани тус улсад үүсгэн байгуулагдсан, төв оффис нь тэнд байдаг. Лондонгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй компаний болохын хувьд үүргээ биелүүлэх ёстой. Энэ хуульд гадаадын улсын нийтийн албан тушаалтанд давуу байдал олгох зорилгоор авлига өгч болохгүй гэдгийг тодорхой заасан гэв.

ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ “НОГООН ДАТА ТӨВ” БАЙГУУЛНА

“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн үйлчлэлд Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл хамаарахыг заажээ. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна. Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна. 2026 онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 374