ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД
Зургаадугаар сарын 22-ний Даваа гарагт цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийх байршлын мэдээллийг хүргэж байна.
Зургаадугаар сарын 22-ний Даваа гарагт цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийх байршлын мэдээллийг хүргэж байна.
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25 өдөр түүхийн шалгалтаар эхэлнэ. Дархан-Уул аймгийн Засаг дарга хүүхэд нь элсэлтийн шалгалттай тухайн өдөр эцэг эхэд цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн ЭЕШ-ын өдөр шалгалт зохион байгуулагдах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх, Цагдаагийн байгууллагаас зам, тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг зохих түвшинд хэрэгжүүлнэ.
Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) -ны 82 дахь жилийн бүх гишүүдийн хурал (AGM) болон Дэлхийн агаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалт (WATS) Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохион байгуулагдлаа. Дэлхийн агаарын тээврийн салбарын 1500 гаруй удирдах албан тушаалтан, бодлого боловсруулагчид оролцсон IATA-ны Захирлуудын зөвлөлийн ээлжит дээд хэмжээний чуулга уулзалт, хуралд Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн оролцож, Агаарын тээврийн холбооны 2026 оны зорилт, чиглэл, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлалцаж, мөн санхүүгийн тайлан, төлөвлөгөөнд санал өгч ажиллав. Түүнчлэн Захирлуудын зөвлөлийн хурлын үеэр Олон улсын Агаарын тээврийн холбооны дарга Уилли Уолшийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийн хүрээнд өнгөрсөн хугацааны ажлын тайлантай танилцаж, мөн Холбооны даргад шинээр нэр дэвшигчийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцон санал солилцсоны зэрэгцээ 2027 оны ИАТА-ны салбар хуралдаанууд болон ээлжит их хурлын зохион байгуулагч компанийг батламжлан саналаа өгсөн байна. Энэ удаагийн хурал, дээд хэмжээний уулзалтаар агаарын тээврийн салбарын эдийн засаг, салбарт тулгамдаж байгаа өнөөгийн тулгамдаж байгаа асуудал, тогтвортой хөгжил, нисэхийн аюулгүй байдал, олон улсын зохицуулалтын цаашдын асуудлыг хэлэлцжээ.
Өнөө шөнөөс эхлэн Монгол орны ихэнх нутгаар цаг агаар эрс өөрчлөгдөж, хүйтэн бороо, нойтон цас, хүчтэй салхи шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Ялангуяа Хөвсгөл, Завхан, Архангайн хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтэрч, зарим газарт температур тэг градусаас доош унах төлөвтэй байна. Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлгээр зургаадугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь аймгийн нутгаар хүйтэн бороо орж, уулархаг бүс нутгаар нойтон цас орох аж. Мөн Төв аймгийн хойд болон Хэнтийн зарим хэсгээр хүйтэн бороо үргэлжлэн орж, агаарын температур эрс буурахыг анхааруулжээ. Харин зургаадугаар сарын 19-ний өдөр Дундговийн нутаг болон Өмнөговийн хойд хэсгээр салхины хурд секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метрийг давах төлөвтэй байгаа нь шороон шуурга шуурах нөхцөл бүрдүүлж болзошгүй байна. Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан сэрэмжлүүлэгт Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал хээрийн бүсэд хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулжээ. Улаанбаатар хотод өнөө шөнө бороо орж, маргааш бага зэргийн бороо үргэлжлэх төлөвтэй байна. Салхи секундэд 8-13 метр хүрч ширүүсэх бөгөөд агаарын температур шөнөдөө +4...+6, өдөртөө +9...+11 градус болж сэрүүсэх юм. Тэрэлж орчимд бороо орж, өндөрлөг хэсгээрээ нойтон цас орох бол Багануур орчимд мөн бороотой, сэрүүн байх төлөв гарчээ. Ирэх тав хоногт буюу зургаадугаар сарын 20-24-ний хооронд төв, зүүн болон баруун аймгуудын зарим нутгаар үе үе бороо орж, уулархаг бүс нутгаар нойтон цас үргэлжлэх төлөвтэй байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө хөрсөн дээр -4 хүртэл хэм хүрч цочир хүйтрэх бол өдөртөө ихэнх нутгаар +7...+17 градусын хооронд дулаан байх аж. Иймд малчид, тариаланчид, замын хөдөлгөөнд оролцогчид цаг агаарын нөхцөл байдалд онцгой анхаарч, хүчтэй салхи, аадар бороо, нойтон цаснаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох “Какао банк”-ны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Даниел Юн болон тус банкны удирдлагуудын хүсэлтээр албан уулзалт хийлээ. Тус банкны төлөөлөгчид Монголын анхны дижитал банк болох МБанк-тай хөрөнгө оруулж хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцуулж, энэ хүрээнд БНСУ-д нэвтрүүлж буй дижитал банкны шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжуудыг судалж буйгаа мэдээлж танилцуулав. Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Монголбанк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудын орчин үеийн дэвшилтэт үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг идэвхтэй дэмжиж хэрэглэгчдэд илүү боломж олгох бодлого баримталж буйгаа илэрхийлжээ. Үүнтэй уялдуулан шаардлагатай хууль эрх зүйн орчинг сайжруулах, бусад зохицуулалт болон дэмжлэгийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцоллоо. Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарын дижитал шилжилт, төлбөрийн системийн хөгжил, хиймэл оюун ухаан болон санхүүгийн технологийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцсоныг Монголбанк мэдээлэв.
УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2026.06.18/ -ийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөл нь бизнес эрхлэгчдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн ачааллыг бууруулж бизнесийг нь идэвхижүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой ажээ. Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар (2026.06.17) Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулж, Улсын Их Хурлын гишүүдийн сонирхсон асуултуудад тодорхой хариулт өгөв. Хуулийн төслийн гол реформ, зохицуулалтууд: Хийсвэр буюу хоосон бичилттэй нэрийн дансны тогтолцоог халж, бодит хуримтлалд суурилсан, баталгаат тэтгэврийн тогтолцоог оруулж ирж байна. Олон жил шимтгэл төлсөн иргэн өндөр тэтгэвэр тогтоолгох шударга зарчим үйлчилнэ. Даатгуулагч тэтгэвэрт гарах насаа хойшлуулсан жил тутамд тэтгэвэр дээр нь 4.0 хувийн нэмэгдэл тооцно. Ажил олгогчдын шимтгэлийн дарамтыг бууруулж, гарааны бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлнө. Хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхэлж буй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан нөхцөл олгоно. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутнуудыг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад нөхөн төлөх боломжийг бүрдүүлнэ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Засгийн газраас улс төрийн зоригтой шийдэл гаргаж, бодлогын, даацтай реформ төлөвлөж оруулж ирсэнд талархал илэрхийлж, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж байгааг сайшаасан юм. Мөн хуралдаанаар А.Ариунзаяа нарын найман гишүүний санаачилж, өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхээр тогтсон. Энэхүү төсөл нь Засгийн газрын төсөлтэй давхардаагүй тул цаашид төслүүдийг нэгтгэн, ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалтуудыг хамтад нь хэлэлцэн явахаар боллоо.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан тус холбооны гишүүн таван орноос тамхи, тамхин бүтээгдэхүүн гаалийн албан татваргүй орж ирэх нөхцөл бүрдсэн. Энэ хүрээнд гаалийн албан татварыг тэглээд оронд нь онцгой албан татвар авах үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Сангийн сайд онцолсон. Ингэснээр бусад улс орнуудаас импорлодог тамхи, тамхин бүтээгдэхүүнд ногдуулдаг татвартай адил тэгш байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж байлаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 117 дугаар тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан бөгөөд тус тогтоолоор тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор татвар, төсөв, нийгэм, эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд тамхи, тамхин бүтээгдэхүүний өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах, хэрэглээ нэмэгдэх, улмаар улсын төсвийн онцгой албан татварын орлого буурах эрсдэлтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд хуулийн төсөлд тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах, мөн үнэд суурилсан татварын хувь хэмжээг тодорхойлон зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа интеграцийн тэргүүн дэд сайд Бижанова Айжан Адиловна тэргүүтэй төлөөлөгчдийг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Энэхүү уулзалтад Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд А.С.Сейтакинов болон Kazzinc, ERG, Тау Кен Алтын зэрэг том компаниудын төлөөлөгч оролцлоо. Талууд газрын тос, цөмийн энерги болон геологийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Уулзалтын үеэр Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичгийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцсон юм. Энэхүү санамж бичигт тус улсаас Монгол Улсад түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх судалгааг эхлүүлэхээр тусгасан бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг зохицуулах Хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар харилцан тохиролцов. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын зүгээс Монгол Улсын уул уурхайн салбарт сонирхол татахуйц хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар мэдээлэл авахыг хүслээ. Үүний дагуу Монгол Улсаас холбогдох төслүүдийг танилцуулахаар болов. Уулзалтын төгсгөлд сайд Г.Дамдинням 2026 оны есдүгээр сарын 16-18-нд зохион байгуулагдах "Mining Week-2026" уул уурхайн арга хэмжээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын компаниудын төлөөлөгчдийг хүрэлцэн ирэхийг урилаа.
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, мега төслүүдийн хэрэгжилтийг шалгана хэмээн сүр дуулиантай зарласан УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол эцэстээ хариуцлага нэхэх талбар бус, эзэнгүй танилцуулгын индэр болон хувирлаа. Олон нийт Х.Нямбаатарын үед хэрэгжсэн их наядын төслүүдийг нэг бүрчлэн задлах, хариуцлага нэхэх, асуудалтай шийдвэрүүдийг ил гаргах бодит хүлээлттэй байсан. Гэвч сонсголын гол дүр болох хотын дарга асан Х.Нямбаатар өөрөө ирсэнгүй. Хамгийн их асуулт дагуулсан хүнийг оролцуулж чадаагүй сонсгол анхнаасаа эзэнгүй, амьгүй байдалд орсон юм. Сонсголыг санаачлагчид хүртэл өмнөх хотын даргыг албадан ирүүлэх эрх зүйн боломжоо урьдчилан тооцоогүй нь бэлтгэлгүй, тооцоогүй ажилласныг илтгэв. "Ёс зүйн хувьд ирэх ёстой байсан" гэх тайлбараар асуудлыг хаацайлах гэсэн нь улам бүр шүүмжлэл дагууллаа. Засгийн газрын оролцоо ч хангалтгүй байв. Нийслэлийн төсвийн алдагдал хэдэн их наядаар хэмжигдэж, улсын төсөвт дарамт учруулж байгааг Сангийн яам өөрөө танилцуулсан атлаа сайд нар нь сонсголоос бараг зугтаж, агентлаг, газрын дарга нараа явуулчхаад сураг тасрав. Нийслэлийн удирдлагууд ч ялгаагүй. Хариуцлага үүрэх ёстой хүмүүсийн оронд төлөөлөгчид ирж, хэдэн слайд үзүүлээд танхимаас гарсан нь сонсголын ач холбогдлыг үгүй хийв. Хамгийн эмгэнэлтэй нь, сонсголыг өөрсдөө санаачилсан УИХ-ын гишүүд хүртэл танхимдаа суусангүй. Өглөөний 09:00 цагт эхлэх ёстой хурал хоёр цагийн дараа ирцээ арай гэж бүрдүүлж эхэлсэн нь хэн энэ асуудлыг үнэхээр сонирхож байгааг харууллаа. Иргэд, аж ахуйн нэгжүүд ирсэн байсан ч гишүүд нь өөрсдөө ирээгүй. Иргэдийн бухимдал ч үүн дээр төвлөрөв. "Та нар сонсгол нэрээр гол гаргадаг" гэсэн шүүмжлэл танхимд хэдэнтээ цуурайтсан ч бодит хариулт, тодорхой тайлбар бараг сонсогдсонгүй. Туулын хурдны зам, Сэлбэ дэд төв зэрэг олон нийтийн анхаарал татсан төслүүдийн тухайд ч "хууль хяналтын байгууллага шалгаж байгаа" гэх ганц өгүүлбэрээр халхавчилж, тоймтой хариултаас зайлсхийв. Эцэст нь, хоёр өдөр үргэлжилсэн энэ сонсгол хариуцлага тогтоосонгүй, буруутан нэрлэсэнгүй, эргэлзээ тайлсангүй. Харин ч "сонсгол" гэх сүржин нэрийн цаана улс төрийн шоу, эзэнгүй танилцуулга, ирцгүй гишүүд, хариуцлагаас зугтсан албан тушаалтнуудын дүр зураг л үлдэв.