НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛ ШОУ ТӨДИЙ ӨНГӨРӨВ

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, мега төслүүдийн хэрэгжилтийг шалгана хэмээн сүр дуулиантай зарласан УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол эцэстээ хариуцлага нэхэх талбар бус, эзэнгүй танилцуулгын индэр болон хувирлаа.

 

Олон нийт Х.Нямбаатарын үед хэрэгжсэн их наядын төслүүдийг нэг бүрчлэн задлах, хариуцлага нэхэх, асуудалтай шийдвэрүүдийг ил гаргах бодит хүлээлттэй байсан. Гэвч сонсголын гол дүр болох хотын дарга асан Х.Нямбаатар өөрөө ирсэнгүй. Хамгийн их асуулт дагуулсан хүнийг оролцуулж чадаагүй сонсгол анхнаасаа эзэнгүй, амьгүй байдалд орсон юм.

 

Сонсголыг санаачлагчид хүртэл өмнөх хотын даргыг албадан ирүүлэх эрх зүйн боломжоо урьдчилан тооцоогүй нь бэлтгэлгүй, тооцоогүй ажилласныг илтгэв. "Ёс зүйн хувьд ирэх ёстой байсан" гэх тайлбараар асуудлыг хаацайлах гэсэн нь улам бүр шүүмжлэл дагууллаа.

 

Засгийн газрын оролцоо ч хангалтгүй байв. Нийслэлийн төсвийн алдагдал хэдэн их наядаар хэмжигдэж, улсын төсөвт дарамт учруулж байгааг Сангийн яам өөрөө танилцуулсан атлаа сайд нар нь сонсголоос бараг зугтаж, агентлаг, газрын дарга нараа явуулчхаад сураг тасрав. Нийслэлийн удирдлагууд ч ялгаагүй. Хариуцлага үүрэх ёстой хүмүүсийн оронд төлөөлөгчид ирж, хэдэн слайд үзүүлээд танхимаас гарсан нь сонсголын ач холбогдлыг үгүй хийв.

 

Хамгийн эмгэнэлтэй нь, сонсголыг өөрсдөө санаачилсан УИХ-ын гишүүд хүртэл танхимдаа суусангүй. Өглөөний 09:00 цагт эхлэх ёстой хурал хоёр цагийн дараа ирцээ арай гэж бүрдүүлж эхэлсэн нь хэн энэ асуудлыг үнэхээр сонирхож байгааг харууллаа. Иргэд, аж ахуйн нэгжүүд ирсэн байсан ч гишүүд нь өөрсдөө ирээгүй.

 

Иргэдийн бухимдал ч үүн дээр төвлөрөв. "Та нар сонсгол нэрээр гол гаргадаг" гэсэн шүүмжлэл танхимд хэдэнтээ цуурайтсан ч бодит хариулт, тодорхой тайлбар бараг сонсогдсонгүй.

 

Туулын хурдны зам, Сэлбэ дэд төв зэрэг олон нийтийн анхаарал татсан төслүүдийн тухайд ч "хууль хяналтын байгууллага шалгаж байгаа" гэх ганц өгүүлбэрээр халхавчилж, тоймтой хариултаас зайлсхийв.

 

Эцэст нь, хоёр өдөр үргэлжилсэн энэ сонсгол хариуцлага тогтоосонгүй, буруутан нэрлэсэнгүй, эргэлзээ тайлсангүй. Харин ч "сонсгол" гэх сүржин нэрийн цаана улс төрийн шоу, эзэнгүй танилцуулга, ирцгүй гишүүд, хариуцлагаас зугтсан албан тушаалтнуудын дүр зураг л үлдэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.