ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД 20 ЦАГ ХҮРТЭЛ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАНА

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан ХӨСҮТ вирус судлалын шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээгээр орчилд томуугийн А хүрээний вирус илэрчээ.

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнийн байдлаар 2420 хүн үйлчлүүлсэн нь өмнөх өдрөөс 200 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Мөн нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу 103-т өнгөрсөн шөнө 2787 дуудлага ирж, гэрийн үзлэгийг хийсэн. Энэ нь өмнөх өдрөөс 23 хувийн өсөлттэй байна. Иймд өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн дүүргүүдийг бүсчилж, бүс тус бүрд ӨЭМТ болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулахаар бэлтгэл хангаж байна.

Уртасгасан цагийн хуваарь:

  1. Ажлын өдөр: 08:30-20:00 цаг
  2. Амралтын өдөр: 11:00–18:00 цаг
  3. Бүх нийтийн амралтын өдөр: 11:00–17:00 цаг хүртэл ажиллана.

Мөн Засгийн газраас хүүхэд нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан. Иймд хүүхэд халуурах, ханиад хүрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа ӨЭМТ-д үзүүлж, эмчийн хуудсыг үндэслэн цалинтай чөлөө авах боломжтой юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.