TEMU-ИЙН ХҮҮХДИЙН БАРААНААС ХОРТ ХИМИЙН БОДИС ИЛЭРЧЭЭ

Хямд үнийн цаадах эрсдэл: Temu-ийн бүтээгдэхүүнүүд хэр аюулгүй вэ?

Онлайн худалдааны платформуудын хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, хямд үнэ, өргөн сонголт, гэрээсээ захиалга хийх боломж нь хэрэглэгчдийн сонирхлыг татах болсон. Тэдгээрийн нэг болох Хятадын Temu платформ Монголын зах зээлд 2024 оны арваннэгдүгээр сараас нэвтэрч, богино хугацаанд хэрэглэгчдийн дунд түгээмэл хэрэглээ болсон. Гэвч хямд үнээр худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарах шаардлагатайг олон улсын шинжилгээ, шалгалтууд харуулж байна.

Тухайлбал, БНСУ-ын Сөүлийн хотын захиргаа 2024 оны арваннэгдүгээр сарын 22-нд Temu-ээр худалдаалагдаж байсан хүүхдийн өвлийн хувцас, хүрэм зэрэг 26 бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд долоон бүтээгдэхүүнээс хар тугалга болон фталатын төрлийн хуванцаржуулагч бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Зарим бүтээгдэхүүнд фталатын хэмжээ стандартад заасан хэмжээнээс 622 дахин их байсан бол хүүхдийн усны хамгаалалттай малгайнаас хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин их илэрсэн байна.

Энэ нь Өмнөд Солонгост бүртгэгдсэн анхны тохиолдол биш юм. Тус улсын Гаалийн алба 2024 оны дөрөвдүгээр сард AliExpress болон Temu платформоор худалдаалагдаж байсан хүүхдийн 252 бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд 27 бүтээгдэхүүнээс фталатын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 82 дахин их байсныг мэдээлж байжээ.

Фталат болон хар тугалга хүүхдийн эрүүл мэндэд ямар эрсдэлтэй вэ?

Фталат, тэр дундаа DEHP нь хуванцрыг уян, зөөлөн болгоход ашиглагддаг химийн бодис юм. Гэвч удаан хугацаанд болон өндөр хэмжээгээр өртөх нь хүүхдийн өсөлт хөгжил, нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг.

Хар тугалгын хувьд хүүхдийн эрүүл мэндэд илүү ноцтой эрсдэл дагуулдаг. Ялангуяа хүүхдийн тархи, мэдрэлийн тогтолцооны хөгжилд сөргөөр нөлөөлж, суралцах болон танин мэдэхүйн чадварт нөлөөлөх эрсдэлтэй.

Мөн Олон улсын хавдар судлалын агентлагийн ангиллаар DEHP нь хүний биед хавдар үүсгэх эрсдэлтэй бодист хамаардаг. Тиймээс хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүнээс эдгээр бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн хэмжээгээр илэрсэн нь анхаарал татах асуудал юм.

Бусад улс орнууд ч анхааруулж байна

Temu-ийн бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой асуудал зөвхөн Өмнөд Солонгост хязгаарлагдахгүй. Олон улс, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд тус платформоор худалдаалагдаж буй бүтээгдэхүүнд шалгалт хийж, стандарт зөрчсөн бараа илрүүлсэн талаар мэдээлж байсан.

Тухайлбал, Их Британийн Which? байгууллага 2023 онд Temu-ийн худалдаалж байсан зарим бараанд шалгалт хийхдээ цахилгаан халаагуур зэрэг аюултай бүтээгдэхүүн, хууль бус бараа худалдаалагдаж байсныг мэдээлсэн. Мөн Германы Stiftung Warentest байгууллага Temu-ийн аппликэйшн хэрэглэгчийн мэдээлэлтэй хэрхэн харьцаж байгаад анхаарал хандуулж байжээ.

Италийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах Altroconsumo байгууллага 2024 оны долоодугаар сард Temu-ээс худалдан авсан 25 бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд тэдгээрийн ихэнх нь үндэсний болон Европын Холбооны стандартын шаардлага хангаагүй гэж мэдээлсэн байна.

Мөн Данийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах Forbrugerrådet Tænk байгууллага 2024 оны наймдугаар сард 38 бүтээгдэхүүнд шалгалт хийхэд 30 бүтээгдэхүүнээс анхаарал татахуйц химийн бодис илэрсэн талаар мэдээлжээ. Тэдгээрийн дунд хүүхдийн хэрэглээний 11 бүтээгдэхүүн болон нарны тосны гурван бүтээгдэхүүн багтсан байна.

Ийнхүү улс орнуудын холбогдох байгууллагууд иргэддээ анхааруулга хүргүүлэхийн зэрэгцээ шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаанаас татах, платформуудад шаардлага тавих зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Монгол Улсад ямар хяналт байна вэ?

Temu 2024 оны арваннэгдүгээр сараас Монголын зах зээлд нэвтэрсэн. УИХ-ын гишүүн С.Цэнгүүний мэдээлснээр тус платформоор дамжуулан Монгол Улсад орж ирсэн захиалгын барааны нийт үнэ 24 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Гэвч гадаадын онлайн худалдааны платформоор дамжин Монгол Улсад орж ирж буй бүтээгдэхүүн бүрийг химийн найрлага, эрүүл мэнд болон хэрэглэгчийн аюулгүй байдлын үзүүлэлтээр тогтмол шинжилдэг эсэх, сүүлийн жилүүдэд ийм төрлийн бүтээгдэхүүнд хэдэн удаа хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй, нэгдсэн статистик мэдээлэл хангалтгүй хэвээр байна.

Энэ нь ялангуяа хүүхдийн хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл, хоол хүнстэй харьцдаг сав суулга зэрэг өдөр тутамд өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний хувьд анхаарах асуудал юм.

Хямд үнэ эрүүл мэндээс үнэтэй юу?

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэглэл, өдөр тутмын хувцас зэрэг бүтээгдэхүүний эрэлт нэмэгддэг. Үнийн хувьд дотоодын зах зээлээс харьцангуй хямд байдаг учраас эцэг, эхчүүд эдгээр барааг онлайн худалдааны платформоор захиалах нь нэмэгдэх хандлагатай.

Гэхдээ бараа бүтээгдэхүүнийг зөвхөн үнэ, өнгө үзэмж, хүргэлтийн хугацаагаар нь сонгох нь хангалтгүй. Ялангуяа хүүхдийн хэрэглээний бүтээгдэхүүнд ямар материал ашигласан, аюулгүй байдлын ямар стандарт хангасан, үйлдвэрлэгч болон борлуулагчийн мэдээлэл тодорхой эсэхийг анхаарах шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд, хямд үнэ нь тухайн бүтээгдэхүүн чанаргүй гэсэн үг биш ч хэт хямд бүтээгдэхүүний цаана ямар эрсдэл байж болохыг хэрэглэгч өөрөө анхаарах хэрэгтэй. Онлайн захиалгаар ирсэн бараа бүрийг хил дээр эсвэл гэрийн тань үүдэнд эрүүл мэнд, аюулгүй байдлын үзүүлэлтээр шинжилж өгөх боломжгүй.

Тиймээс өөрийн болон гэр бүлийнхнийхээ, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд хамаатай бүтээгдэхүүн сонгохдоо хямд үнээс илүүтэй чанар, баталгаатай байдал, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих нь хамгийн зөв сонголт юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.