МАН-ЫГ ДАХИН ХАГАРАЛД ОРУУЛЖ, ТӨРИЙН ХЯМРАЛ ҮҮСГЭВ

Г.Занданшатарын тэргүүлсэн шинэ Засгийн газар байгуулагдах үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Л.Мөнхбаатар томилогдсоноор бүлгийн даргын орон тоо шинээр гарах нөхцөл үүсжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилуулах саналаа гаргасан ч, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн саналтай зөрж, Ж.Бат-Эрдэнийг томилсон. 

Тухайн үед Л.Энх-Амгаланг бүлгийн даргаар томилох асуудал олон нийтийн дунд ид яригдаж байсан ч гэнэт намжсан нь анхаарал татсан билээ. Харин энэ шийдвэр Ерөнхийлөгчийг ихэд бухимдуулж, “Намын дарга, Их хурлын даргын суудлаа өг” хэмээн Д.Амарбаясгаланд хатуухан шаардлага тавьсан гэх мэдээлэл тархжээ. 

Л.Энх-Амгалангийн хувьд улс төрийн карьертаа Байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга, дараа нь ХНХ-ын сайд, БШУ-ы сайд гэх мэтээр “давхар дээл”-ийн олон алба хашиж ирсэн нэгэн. Гэвч Г.Занданшатарын Засгийн газар бүрдэхэд тэрээр ямар нэгэн сайдын албан тушаал аваагүй үлдсэн. 

Энэ бүхний цаана “Ухаа худаг”-ийн асуудал байсан гэх яриа ч гарчээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Ухаа худаг”-тай холбоотой санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Л.Энх-Амгаланд тодорхой “даалгавар” өгөгдсөн байсныг Саарал ордныхон Д.Амарбаясгаланд дуулгасан гэх юм. 

Нөгөө талд нь, Зам тээврийн сайдын албан тушаалаасаа бууснаас хойш улс төрийн идэвх нь сулраад байсан Ж.Бат-Эрдэнэ ч мөн бүлгийн даргын суудалд санаархаж, Д.Амарбаясгаланг шахаж эхэлжээ. Ахынхаа үгнээс хэзээ ч зөрж байгаагүй Д.Амарбаясгалан Л.Энх-Амгалангийн нэр яригдахад Ж.Бат-Эрдэнийг илүүд үзэж, түүнийг томилсон нь дотоодын зөрчлийн эхлэл болсон байна. 

Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн саналыг эсэргүүцсэнд дургүйцэж, “Намын дарга”-аар үлдэхээ илэрхийлэн, Ерөнхий сайд Г.Занданшатарыг Д.Амарбаясгалангийн эсрэг чиглүүлсэн гэх мэдээлэл гараад буй. Ингэснээр МАН доторх эрх мэдлийн тэмцэл гүнзгийрч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёуланг нь унагаах хэмжээнд хүрсэн байна. 

Түүнчлэн “MCS”-ийн нөлөө бүхий гишүүд Ерөнхий сайдыг хамгаалж, харин УИХ-ын даргын тал эсрэг зогссон нь Л.Энх-Амгалангийн оролцоотой гэх яриаг улам өдөөжээ. Үүний улмаас Ж.Бат-Эрдэнийн удирдсан бүлгийн хуралдаанд олон гишүүн оролцохоо больж, тусдаа бүлэг байгуулсан бөгөөд түүнийг Ж.Батжаргал удирдаж эхэлсэн байна. Энэ нь мөн эрх мэдлийн төлөөх дотоод тэмцлийн нэг илрэл гэж үзэж болно. 

Ингэж МАН-ынхан “жоомоо алах гэж гэрээ шатаав” гэгч болж, эрх мэдлийн төлөөх шуналдаа автсанаар эв нэгдлээ алдлаа. Тэд Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай, УИХ-ын даргатай нам хэдий ч, дотоодын хагарал тэднийг улс төрийн том хямралд оруулж орхилоо. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.