ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭРТ ХОРИГ ТАВИХДАА ХОЁР ҮНДЭСЛЭЛИЙГ ДУРДСАН

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 43.1-д “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал, УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлж, арван хоногийн дотор шийдвэр гаргана. Хэрэв УИХ-ын нийт гишүүдийн олонхи уг саналыг дэмжвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсан гэж үзэж, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан байдаг. 

Уг санал” гэдэг нь Ерөнхий сайдыг огцруулах санал гэсэн утгатай. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороо “Огцруулахгүй байхыг дэмжих үү?” гэсэн байдлаар санал хураасан нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Хоёрдугаарт, пүрэв гарагийн УИХ-ын чуулганыг тасралтгүй үргэлжлүүлж, баасан гарагт уг асуудлыг шийдвэрлэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. 

Учир нь ажлын цаг дууссаны дараа хуралдааныг сунгах бол гишүүдийн олонхын саналаар шийдэх ёстой бөгөөд мөн хуралдаан ирц бүрдсэний дараа л хүчинтэйгээр эхэлсэнд тооцогддог. Гэвч эдгээр хоёр процесс аль аль нь биелээгүй тул баасан гарагийн хуралдаан хууль ёсны хүчинтэй биш нөхцөл үүсч байна. Эндээс үзэхэд, анхны үндэслэлээс илүүтэйгээр хоёр дахь нь илүү ноцтой зөрчил болсон гэж хэлж болох юм. Харин Үндсэн хуулийн хүрээнд авч үзвэл, УИХ-д Төрийн байгуулалтын байнгын хороо оролцож байгаа бөгөөд бүх асуудал заавал байнгын хороогоор дамждаг. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцсэн тул агуулгын хувьд Үндсэн хуулийн зөрчил үүсээгүй гэж тайлбарлах боломж ч бий. Гэхдээ хоёр дахь үндэслэлийн хувьд маргах боломж бараг үгүй. Үүнээс үзвэл, хэрэв баасан гарагийн хуралдааныг хүчинтэй гэж үзэж байгаа бол УИХ-ын даргын санал болгосноор Д.Амарбаясгаланг чөлөөлсөн шийдвэр ч мөн адил хүчинтэйд тооцогдоно. Гэвч 

Ерөнхийлөгчийн хориг зөвхөн Ерөнхий сайдын асуудалд тавигдсан нь анхаарал татаж байна. Хэрэв нэг ижил үндэслэл баримталбал, Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүний аль алиных нь асуудалд хориг тавих ёстой байв. Гэвч тэгсэнгүй. Үүний улмаас баасан гарагийн чуулганы хууль ёсны байдлыг хуульчид дахин шинээр судалж эхэлж байгаа юм.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.