SOCIAL NEWS
НЯРАЙ ХҮҮХЭДТЭЙ ЭМЭГТЭЙГ ГЭРТЭЭ БАЙХАД НЬ ХУТГА ТУЛГАН ХҮЧИНДСЭН БАЙНА

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн саруудад хүчин, дээрэм хулгай, амь нас, эрүүл мэндэд онц хэрцгийгэр халдах зэрэг гэмт хэрэг бүртгэгдэх болсонтой холбогдуулан тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2-р хэлтсээс гэмт этгээдийг илрүүлэх чиглэлээр ажилласан байна. Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 25 настай А гэгч этгээдийг олж тогтоон мөрдөн шалгалтын явцад сэжигтэн А-нь дараах гэмт хэргүүдийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. -Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А гэх эмэгтэйг 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нярай хүүхдийн хамт гэртээ байхад нь хутга тулган айлган сүрдүүлж хүчиндсэн, -Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Г гэгчтэй хамтран 15-16 насны 3 хүүхдийг айлган сүрдүүлж, гар утас эд зүйлийг нь дээрэмдсэн, -Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орцонд 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө иргэн эмэгтэй С-ийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулан төмрөөр зодож гар утас, цүнхийг нь дээрэмдсэн, -Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 30 орчим, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 10 орчим автомашины цонхыг хагалж эд зүйл хулгайлсан үйлдлүүд тус тус тогтоогдсон байна.

С.ЭНХБОЛД: САЛБАРЫН НИЙТ АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛНЭ

- 2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхгүй юм уу? С.Энхболд: Цалинг нэмнэ. Харин яаж хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тооцоо судалгааг Эрүүл мэндийн яамны зүгээс маш олон янзаар хийсэн. Эдгээрээсээ хамгийн зөв, эрүүл мэндийн ажилчиддаа ашигтай байх хувилбараар нь нэмэх тал дээр салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, сангийн яам зэрэгтэй зөвшилцөөд явж байна. Яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа төсөвт ч тусгуулан ажиллаж байна. -Цалинг 2 дахин нэмэгдүүлэх шаардлагаа Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл тавьсан. Тэдний шаардлагыг биелүүлнэ гэсэн үг үү? С.Энхболд: Цалинг нэмнэ. Гэхдээ хэдэн хувь нэмэх үү гэдгийг тооцоо судалгаа, төсвийн чадамж, улсын мөнгө санхүүгийн байдал зэргээс хамаараад байгаа юм. Эхний ээлжинд 20 хувь нэмэгдүүлэх боломжтой гэдэг судалгааг бид гаргаад байна. Ингэхэд 145 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах ёстой. Энэхүү тооцооллоо хийгээд холбогдох газруудтай зөвшилцөөд төсвийн төсөлд тусгуулсан байгаа. -Цалинг 20 хувь нэмэхэд эмч, сувилагч нарын цалинг хэр хэмжээнд дээшлэх юм вэ? Өнөөдөр тэд ер нь хэдийг авдаг юм. С.Энхболд: Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшилд 56 мянган хүн ажиллаж байна. Тэдний 30 гаруй мянга нь улсаас цалинждаг. Хамгийн бага цалинтай буюу ТҮЭМ-1 шатлалаар цалингаа авдаг эмнэлгийн шил угаагч нарын хувьд 547,509 төгрөгийн цалин авч байна. 20 хувь нэмэгдүүлэхэд 657,010 төгрөгийн цалин авах нь. Нэмэгдэл цалин урамшуулалтайгаа 919,940төг болохнээ. Эрчимт, мэс заслын эмч нар одоо 885,763 төг авч байгаа бол 20 хувь нэмбэл 1,062,915төг болно. Нэмэгдэл цалин урамшуулалтайгаа дунджаар 1,658,147 төгрөг хамгийн багадаа цалин авах болно. Гэхдээ энэ бол бүх хүмүүсийн цалинг тэгшээр 20 хувь нэмэгдүүлэх хувилбар юм. Гэвч цаашид бүх хүнд адил хэмжээгээр цалинг өсгөөд явах нь зөвүү гэдгийг бид ярилцаж байна. Миний хувьд сайд болсон цагаасаа хойш хэлж байгаа нэг зүйл бол салбарынхаа цалингийн доод босгыг тогтоож өгье. Тухайлбал шил угаагч гэхэд эмнэлгийн даргаас хамааран 5 өөр шатлалаар цалинжиж байгааг болиулья. Бүтээмжинд суурилсан цалинтай, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгоё. Эмнэлгүүд чадвартай мэргэжилтэнгээ дээшээ хэдэн ч төгрөгийн цалин авч болдог алхамыг бий болгоё гэж зорьж буй. -Цалингийн доод шатлалтыг тогтооно гэсэн чинь юу гэсэн үг вэ? С.Энхболд: Өнөөдөр Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, асрагч, мэргэжлийн бусад ажилчид маань ТҮЭМ-ээр шатлагдаж цалинждаг. ТҮЭМ-ийн шатлал нь үндсэн 9 шатлалтай. Шатлал бүртээ 5 дэд хэсгүүдээр ялгагддаг. Аль шатлалаар цалинжуулах нь эмнэлгийн удирдлагын асуудал байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарынхан 45 шатлалд хуваагдан цалинжиж байна. Иймээс нэн тэргүүнд энэ олон шатлалыг арилгаж 9н л шатлалтай болгоё. Ингэж шатлалыг цөөрүүлэхийн зэрэгцээ шатлал бүрийн хамгийн өндөр хэсгүүдийг салбарынхаа хамгийн доод цалингийн жишиг болгон тогтоож өгье гэдэг тооцооллыг гаргасан юм. Ингэвэл эмнэлэг ажилчиддаа сайн цалин өгөх боломж нь бүрдээд явна гэсэн үг. Энэ нь цаашдаа бидний эхлүүлээд байгаа эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон тогтолцоотой уялдсан, манай салбарт маш их хэрэгтэй зохицуулалт болно гэж харж байгаа юм. Өөрөөр хэлбэл сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байна. Энэ тохиолдолд бидэнд 173 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэг болно гэж тооцоолсон. -Тэгэхээр 2022 оны төсөвт цалинг нэмэгдүүлэх нь УИХ-ын асуудал болж байх шиг байна. Харин хэрхэн нэмэгдүүлэх боломжтой гэдэг тооцооллоо салбарын сайдын хувьд гаргачихжээ гэж харж болох уу? С.Энхболд: Яг тийм. Цалингийн доод шатлалыг тогтоох, босго цалинтай болгоход дахин хэлэхэд 173 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нь цалинг 3-14 хувиар нэмэгдүүлэх тооцоолол юм. Хэдийгээр нөгөө хувилбараасаа бага нэмэгдэж байгаа сонсогдож магадгүй ч энэ нь босго цалин л юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд эмнэлгийн удирдлагууд цалинг өсгөх гэхээр хязгаарлаад байгаа эрх зүйн зохицуулалт засагдана гэсэн үг юм. Тэгэхээр нөгөө л яриад байгаа хэн хөдөлмөрлөнө тэр илүү цалин авах эрх зүйн зохицуулалт нээгдэнэ. Харин бүгдийг ижилхэн 20 хувь нэмэгдүүлэхэд 145 тэрбум шаардлагатай. Гэхдээ аль ч тохиолдолд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн манай салбарын хувьд оношийн бүлгээр олгогдож байгаа өртгийн жинд цалингийн нэмэгдлийг тусгах гээд хэд хэдэн ажлуудыг хийгээд ажиллаж байна да. Тэгэхээр төсвийн тухай хууль, төрийн албаны тухай хууль батлагдвал бид дараа дараагийн ажлаа хийгээд явнаа л гэсэн үг. Эх сурвалж: Moh.gov.mn

НИЙТ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН 17 ХУВЬ НЬ ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРГҮЙ

Монгол Улсын нийт 130 гаруй мянган барилга байгууламжийн 17 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байна. Монгол Улсад 9 сарын байдлаар 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлт 277 удаа, 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд дахь газар хөдлөлтийн дундажтай харьцуулахад 577-оор өссөн үзүүлэлт аж. Газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийн дийлэнх нь 1970 оноос өмнөх үеийнх аж. Ашиглалтын шаардлага хангахгүй 556 барилгыг нурааж шинээр барих Засгийн газрын шийдвэр гарсан бөгөөд 18.1 хувьтай хэрэгжиж байна.

ЭНЭ САРЫН 20-НООС "ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК ХАГАС КОКСЖИХ НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТАА ЗОГСООЖЭЭ

Энэ сарын 20-ноос коксжих болон эрчим хүчний нүүрсний борлуулалтаа "Эрдэнэс таван толгой" ХК зогсоожээ. Засгийн газрын тогтоолын дагуу энэ оны долдугаар сараас эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцдог болсон. Ийнхүү нүүрсний зах зээлийн жишиг үнийг өндрөөр тогтоосон нь олборлолт, борлуулалт, экспортын чиглэлээр ажилладаг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооход хүрээд байгаа аж. Учир нь бодит бус жишиг үнэ нь нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдэд үндэслэлгүй татвар ногдуулах, татварын шударга бус дарамтад өртөх нөхцөлийг бий болгож байгаа хэрэг юм. "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Ковид-19 цар тахлаас гадна АМНАТ-ын дарамт бий болсон. Гуравдугаар улиралд бид 83 ам.доллароор нэг тонн коксжих нүүрсийг борлуулахад 260 гаруй ам.доллар буюу 259 хувийн өндөр АМНАТ ногдож байсан. Тэгэхээр 13-14 ам.доллароор борлуулаад 15 долларын АМНАТ төлнө гэдэг бизнес биш. Хагас коксжих болон эрчим хүчний нүүрсийг зарах тухай яриад ч хэрэггүй. Иймд бид аравдугаар сарын 20-ний өдрөөс хагас коксжих болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг зогсоосон" гэв.

БАГШ СУРАГЧДЫГ СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХАД, БАЙЖ БОЛЗОШГҮЙ 29 ТОХИОЛДОЛ ИЛРҮҮЛЖЭЭ

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм. Эрт илрүүлэгийн үзлэгт эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн сурагч хамрагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1100 сурагч, 62 багш, ажилтнууд хамрагдаад байна. Урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй 29 тохиолдлыг илрүүлж, сорил тавих, баталгаажуулах шинжилгээг давхар хийж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хяналтанд оруулсан байна. Түүнчлэн энэ үеэр Коронавируст халдварын дараах шинж тэмдгийн илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Мэдээлэл: Сүрьеэ гэж юу вэ? Сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг. Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авдаг. Шинэ эзний биед нянгийн үржих тохиромжтой хэсэг нь уушги юм. Уушгинаас нян цусаар дамжин бусад эрхтэн системд очдог. Уушгины хэлбэрийн сүрьеэ нь халдвартай ба бусад эрхтэний сүрьеэ нь халдваргүй. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй ойр байгаа хүмүүс халдвар авах боломж их байдаг. /Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт ажиллагсад гэх мэт/ Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчлөхгүй. Энэ нь хүний дархлалын систем буюу биеийн эсэргүүцэлтэй ихээхэн холбоотой. Хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгч нянгийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь суларвал идэвхгүй байсан сүрьеэгийн нян идэвхтэй үржиж өвчнийг үүсгэнэ. Сүрьеэ өвчин үүсэхэд: Нийгэм болон орчны эрүүл ахуйн таагүй байдал Хоол тэжээлийн дутагдалСтресс Жирэмслэлт Дагалдах өвчнүүдтэй байх (Чихрийн шижин, ходоод гэдэсний шархлаа өвчин, уушигны өвчин, хавдар) зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.

ХАЯГДАЛ ГЯЛГАР УУТААР ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БИЙ БОЛГОЖЭЭ

Баянзүрх дүүрэг Лантуун тохио ТББ, Пластик центр ХХК, Өнгө нэм ТББ-тай хамтран өнгөрсөн 8 дугаар сард "ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ" аяныг эхлүүлсэн. Уг аяны хүрээнд дүүргийн 12 дугаар хорооны хүүхдүүдэд зориулж "ЗҮБИ" хүүхдийн тоглоомын талбайг бий болголоо. Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: “Баянзүрх дүүрэг иргэндээ ээлтэй орчинг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байгаа. 2022 онд хүүхэд хамгааллын төвлөрсөн байрыг ашиглалтанд оруулах, эрх нь зөрчигдөж буй хүүхдүүдийн сэтгэл заслын эмчилгээ цаашлаад Баянзүрх хүүхдийн зуслан зэрэг олон төслийг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг Лантуун дохио болон бусад ТББ-ууд дэмжиж, хамтарч ажиллаарай! Баянзүрх дүүрэг зөв санаачлагыг үргэлж дэмжих болно гэсэн юм. Тоглоомын талбайг барихын тулд хаягдал гялгар уутыг цуглуулж, дахин боловсруулснаар уг төслийн төсвийг бүрдүүлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд ийнхүү амжилттай хэрэгжүүлсэн байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

ЕБС-Н СУРАГЧ БАГШ НАРЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХАД СҮРЬЕЭТЭЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ 29 ТОХИОЛДОЛЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм. Эхний ээлжийн үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 1100 сурагч, 62 багш, ажилтнууд хамрагджээ. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгээр сүрьеэтэй байж болзошгүй 29 тохиолдлыг илрүүлж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хяналтанд оруулжээ.Мөн Коронавируст халдварыг илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, зөвлөгөө өгч ажиллалаа.

ОБЕГ: БАЙШИН ШАТАЖ ДӨРВӨН ХҮН АМИА АЛДЖЭЭ

Өчигдөр 04:04 цагт Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны "Их Дарь-Эх”-н гудамжинд байшин,машин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын Гал түймэр унтраах, ангийн алба хаагчид байшин болон Королла загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт дөрвөн хүн өртөж амиа алдсан байна.Нас барсан иргэдийн цогцсыг гаргаж, овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ЗҮҮН АЙМГУУДАД ГАРЧЭЭ

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдээд байна.Иймд ард иргэдийг дараах орон нутгуудаас мах, өвс, тэжээл авахгүй байхыг орон нутгийн мал эмнэлгийн эмч нар анхааруулж байна. Мөн Өмнөговь, Дорнод, Дорноговь, Хэнтий, Ховд, Төв, Баян-Өлгий, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчин Дундговь, Өмнөговьд аймгуудад Бог малын Мялзан өвчин тус тус бүртгэгджээ. Иймд малчдыг сонор сэрэмжтэй байж сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас санууллаа. Халдвар бүртгэгдсэн аймгуудад отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хоригложээ.

ОБЕГ: 75 настай иргэн галд өртөж амиа алджээ

Өчигдөр буюу 2021/10/23-нд Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, толгойтын гудамжинд гэр шатаж байна гэх дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах ангийн алба хаагчид ирж улмаар таван ханатай гэр шатаж байсныг унтраажээ. Уг гэрт 75 настай иргэн галд өртөж амиа алдан, 65 настай иргэн угаартаж яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэж өгсөн харамсалтай явдал болжээ. Сэрэмжлүүлэг: Иймд галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан анхаарал, болгоомжтой байхыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө.

1 ... 7 8 9 10 11 12 13 14 15 ... 24