ЭНЭ САРЫН 20-НООС "ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК ХАГАС КОКСЖИХ НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТАА ЗОГСООЖЭЭ

Энэ сарын 20-ноос коксжих болон эрчим хүчний нүүрсний борлуулалтаа "Эрдэнэс таван толгой" ХК зогсоожээ.

Засгийн газрын тогтоолын дагуу энэ оны долдугаар сараас эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцдог болсон. Ийнхүү нүүрсний зах зээлийн жишиг үнийг өндрөөр тогтоосон нь олборлолт, борлуулалт, экспортын чиглэлээр ажилладаг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооход хүрээд байгаа аж.

Учир нь бодит бус жишиг үнэ нь нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдэд үндэслэлгүй татвар ногдуулах, татварын шударга бус дарамтад өртөх нөхцөлийг бий болгож байгаа хэрэг юм.

"Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Ковид-19 цар тахлаас гадна АМНАТ-ын дарамт бий болсон. Гуравдугаар улиралд бид 83 ам.доллароор нэг тонн коксжих нүүрсийг борлуулахад 260 гаруй ам.доллар буюу 259 хувийн өндөр АМНАТ ногдож байсан. Тэгэхээр 13-14 ам.доллароор борлуулаад 15 долларын АМНАТ төлнө гэдэг бизнес биш.

Хагас коксжих болон эрчим хүчний нүүрсийг зарах тухай яриад ч хэрэггүй. Иймд бид аравдугаар сарын 20-ний өдрөөс хагас коксжих болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг зогсоосон" гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.