“JADE”-ИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 100 ОРЧИМ САЯ ДОЛЛАРТ ХҮРСЭНЧ МОНГОЛЫН ТАЛД БУЮУ “ЭРДЭНЭС МЕТАН”-Д АШИГ “НААЛДСАНГҮЙ”

Тавантолгой ордын нүүрсний метан хийн 7 лицензийн 60%-ийг эзэмшигч “Jade Gas Holdings” IPO гаргаж, 100 сая долларын үнэлгээтэй болжээ.Австралийн “Jade Gas Holdings”  компани 2021 оны 10-р сарын 4-нд Австралийн Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэллээ. Арилжаа хийж эхэлсэн эхний өдрөө хувьцааны ханш нь хоёр дахин өссөн. 10-р сарын 6-ны байдлаар нэгж хувьцааны ханш нь 0.08 австрали доллар болжээ. Харин зах зээлийн үнэлгээ нь бараг 100 сая орчим ам.долларт хүрсэн байна.

Энэ компани нь өнгөрсөн наймдугаар сард Австралийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, хөрөнгө оруулагч нараас 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт амжилттай татсан. Уг нь энэ мэдээ “Баялагтаа эзэн” монголчуудын баярлах шалтгаан байх ёстой ч бараг хамаагүй бололтой юм.Учир нь Австралийн “Jade” компани нь Монголын төрийн өмчит “Эрдэнэс Метан” компанитай хамтран тус 7 лицензийг эргэлтэд оруулахаар тохиролцсон. Ингэхдээ “Jade” 60 хувийг, “Эрдэнэс метан” 40 хувийг хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнд тохирсноор “Jade” компани “Тавантолгойн нүүрсний метан хийн төслийн хайгуул, тооцоо судалгааг боловсруулж дуусах хүртэл бүх санхүүжилтийг хариуцна” гэжээ. Харин түүнээс цааш ямар нэгэн үүрэг хүлээгээгүй! Гэтэл хувийн хэвшлийн “Энержи Ресурс”-ын охин компанитай байгуулсан гэрээний хүрээнд “Баруун нарангийн нүүрсний метан хийн төслийн хайгуул, тооцоо судалгааг боловсруулж дуусах хүртэлх санхүүжилтийг хариуцахаас гадна түүнээс хойш олборлолт, үйлдвэрлэлийн ажилд харилцан тохиролцож санхүүжилт дээр оролцоно” гэж тохиролцжээ.

“Jade”-ийн төлөвлөгөөг нь харахад нэг жилд 2 гаруйхан сая ам.долларыг л Монголын газар нутаг дээр, лиценз эзэмшиж байгаа талбайнууддаа хайгуулд зарцуулна.Гэтэл хэрэв энэ ажлыг “Эрдэнэс Метан” ХХК дангаараа өөрөө хариуцаж гүйцэтгэсэн бол өнөөдөр төрийн өмчит энэ компанийн зах зээлийн үнэлгээ дор хаяж 100 орчим сая долларт хүрч, хөрөнгө оруулагчдаас 7.5 сая долларыг өөрсдөө татан төвлөрүүлж, өөрсдөө хайгуулаа санхүүжүүлэх бүрэн боломжтой байсан. Тэгвэл энэ боломжоос татгалзаж, Австралийн “Jade” гэх компанид нийт 7 лицензийнхээ 60 хувийг том үүрэг хариуцлага үүрүүлэхгүйгээр өгсөн байна.

 “Jade”-тэй хийсэн гэрээний “алдаа” буюу биднээс алдагдаж буй боломжууд нь юу байна вэ?

1-рт. Компани хайгуулын ажилд 2 жилийн хугацаанд ердөө 7.5 сая ам.доллар төсөвлөсөн. Тэр дундаа бүр нарийн харвал 4.3 орчим сая ам.доллар нь яг бодитой хайгуулд зориулагдах бөгөөд энэ нь хайгуулын ажлын тухайд маш бага зардалд тооцогдоно.

2-рт. Компани төрийн өмчит Тавантолгойн метан хийн төсөл дээр хайгуулын ажил дуусч, ТЭЗҮ боловсруулсны дараах бүтээн байгуулалт, хөгжүүлэлтэд ямар ч үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, төслийг урт хугацаанд үргэлжлүүлж, байгалийн хийн томоохон нийлүүлэгч болгох, үр шимийг нь хүртээх хэтийн зорилгоо биелүүлэх ажилд огт гар бие оролцохгүй байх бүрэн эрхтэй гэсэн үг.

Эцэст нь арилжаа 2021 оны 10 дугаар 4-нд эхлэхэд “Jade”-ийн зах зээлийн үнэлгээ бараг 100 орчим сая долларт хүрсэн боловч Монголын талд буюу “Эрдэнэс метан”-д ашиг “наалдсангүй”. Ямар ч үнэлгээгүй, хэн ч мэдэхгүй компани хэвээрээ хоцров. Ийм байхад гэрээ хийсэн хүмүүсээс хариуцлага нэхэх ёстой.

Дэлхий даяараа “цэвэр” эрчим хүч рүү хошуурч байгаа өнөө цагт нүүрсний метан хийн эрэлт хэрэгцээ маш их болсон. Улаанбаатарын нүүрсний хэрэглээг хийгээр сольж, агаарын бохирдлоос салах, цаашлаад өмнөд хөрш рүүгээ экспортлох ч бүрэн боломжтой. Ийм ирээдүйтэй төслөө Монголчууд өөрсдөө эргэлтэд оруулж, гадны зах зээл дээр таниулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж болох л байлаа.

Энэ тохиолдолд алдагдсан боломжийнхоо төлөө төрийн өмчит “Эрдэнэс Метан”, түүний толгой компани “Эрдэнэс Монгол” компанийн тухайн гэрээг байгуулсан болон мэдэж байсан албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх ёстой юм.Учир нь бид “Баялагтаа эзэн” байх ёстой юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.