Л.Гүндалай: Койныг дотооддоо хийлгэдэг Монгол шиг тэнэг улс байхгүй
Сүүлийн жилүүдэд технологийн хурдацтай хөгжил дэвшил, цахим хувьсгал санхүүгийн салбарт гэлтгүй хүний нийгмийн амьдралд маш хүчтэй нөлөөлж байна. Технологийн шийдлүүд нь өөрөө хүний амьдралыг илүү амар хялбар маягаар хөнгөвчилж, орон зай цаг хугацааг хэмнэх зэрэг эерэг зүйлсийг авч ирж байгаа бол санхүүгийн зах зээлд санхүүгийн хүртээмжийг хурдацтай нэмэгдүүлж байгаа сайн талтай. Гэвч үүнийг дагаад сөрөг асуудлууд гарч байна. Үүний нэг хэлбэр нь виртуал хөрөнгө бөгөөд үүнийг Монгол Улсад хараахан ямар нэгэн байдлаар зохицуулж чадаагүй байна. Нэг үе бодвол хүмүүс виртуал хөрөнгө тэр дундаа биткойны талаар нэлээд ойлголттой болжээ. Биткойн дэлхийд гарч эхлээд арав гаруй жил болсон. Энэ хооронд өсөлт, уналт бүх л юм болж байсан. Технологи хөгжиж буй учир төдийгөөс, өдийг хүртэл маш олон койн ар араас нь гарч ирж алдаж, оносон олон хүн байгаа. Биткойн өсөлтөд нөлөөлөх маш олон зүйлс байдаг. Аливаа санхүүгийн зах зээлд эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйл нөлөөлдөг. Эрэлт их байвал өсдөг, эрэлт багасвал буурдаг ийм л зарчимтай. Биткойны хувьд эрэлт бий болгосон учир өсөөд байна. Эрэлтийг хэн бий болгосон гэвэл томоохон хөрөнгө оруулагч компаниуд бий болгож байна. Хүмүүс эрсдэлгүй гэж үзэн том хөрөнгө оруулагчийг дагаж орсноор эрэлт өсөх нөлөөлсөн. Гэхдээ энэ мөн маш өндөр эрсдэлийг дагуулах эрсдэлтэйг учир мэдэх хүмүүс хэлж буй. Виртуал хөрөнгө үүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа нь урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савлагаа ихтэй, баталгаагүй тул анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг тэд сануулсаар буй. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргээд байна. Тэрээр “Дотооддоо койн гаргасан улс дэлхийд байхгүй. Биткойн болон бусад крипто валют дэлхийн зах зээл дээр гардаг учраас аливаа улс оронд хууль зүйн хяналт зохицуулалт байхгүй. Монгол шиг дотооддоо койн гаргаад тэрийгээ бүгдээрээ худалдаж аваад, нэг нэгнээ шулдаг, нэг нь хожиж нөгөөх нь шулдаг ийм “сүлжээ” шиг юмыг дэмждэг улс хаана ч үгүй. Энийг бид дэлхийд байхгүй тэнэг үйлдэл гэж харах хэрэгтэй. Өнөөдөр койныг бага мөнгөөр худалдаж авсан, “ядуу” хэсэг нь хохирно. Койн өсөх ёстой. Өсөх бууралтын зөрүүн дээр “тоглолт” хийж, койн гаргасан хүн хожиж, нэг нэгнээ шулж байна. Одоо 9-р сарын 13-нд дахиад зарагдах юм гэсэн. Нэг хүн 15 сая төгрөгөөс илүү худалдаж авах боломжгүй гэж байгаа юм. Эндээс харахад л, сэжиг төрүүлж байгаа байхгүй юу. Зохиомлоор ханш үүсгэх гэж байна уу гэдгийг бодолцох хэрэгтэй. Хэд хоногийн өмнө койн худалдаж авсан хүмүүсийн мөнгө хэвээрээ, тэндэнд нэг төгрөгний ашиг өгөөгүй, нэг төгрөгний хүү нэмэгдээгүй. Есдүгээр сарын 13-нд нэг юм болж байж л, өсөх гээд байна шүү дээ. Үнэхээр мундаг койн юм бол үүнийгээ дэлхийн зах зээл дээр гарга л даа. Монголчууд бидний ядуу сэтгэлгээн дээр л тоглолт хийж ашиг олж байгааг бид ойлгох хэрэгтэй” гэжээ.