ХАЯГДАЛ ГЯЛГАР УУТААР ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БИЙ БОЛГОЖЭЭ

Баянзүрх дүүрэг Лантуун тохио ТББ, Пластик центр ХХК, Өнгө нэм ТББ-тай хамтран өнгөрсөн 8 дугаар сард "ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ" аяныг эхлүүлсэн. 
Уг аяны хүрээнд дүүргийн 12 дугаар хорооны хүүхдүүдэд зориулж "ЗҮБИ" хүүхдийн тоглоомын талбайг бий болголоо.
Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: “Баянзүрх дүүрэг иргэндээ ээлтэй орчинг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байгаа. 2022 онд хүүхэд хамгааллын төвлөрсөн байрыг ашиглалтанд оруулах, эрх нь зөрчигдөж буй хүүхдүүдийн сэтгэл заслын эмчилгээ цаашлаад Баянзүрх хүүхдийн зуслан зэрэг олон төслийг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг Лантуун дохио болон бусад ТББ-ууд дэмжиж, хамтарч ажиллаарай! Баянзүрх дүүрэг зөв санаачлагыг үргэлж дэмжих болно гэсэн юм. 

Тоглоомын талбайг барихын тулд хаягдал гялгар уутыг цуглуулж, дахин боловсруулснаар уг төслийн төсвийг бүрдүүлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд ийнхүү амжилттай хэрэгжүүлсэн байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.