SOCIAL NEWS
Тайваньд дайн дэгдэхэд бэлэн байна

Тайванийн Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чэн сүүлийн 40 жилийн түүхэнд гараагүй зэвсэгт мөргөлдөөн эхлэх хамгийн аюултай нөхцөл байдал үүсээд байгаа талаар лхагва гарагт мэдээлжээ. Бээжин байлдааны нэлээд тооны онгоцоо сүүлийн дөрөв хоногт Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү илгээсэн байна. Хэдийгээр тэд арал руу хүрээгүй ч хурцадмал нөхцөл байдал хэдийнээ үүссэн хэмээжээ. Түүнчлэн БНХАУ 2025 онд Тайвань руу довтлохоор төлөвлөж байж болзошгүй. Бээжин өнөөдөр бэлэн байгаа ч ойрын ирээдүйд энэ төлөвлөгөөгөө илүү хялбараар гүйцэлдүүлэх боломжтой талаар сайд дурьджээ. Чиу Куо Чен Тайванийн зэвсэгт хүчинд зориулан пуужин, байлдааны хөлөг онгоц авахад зарцуулах төсвөө хэлэлцэх үеэрээ ийнхүү хэлсэн аж. Хятадын цэргийн хүчин чадлыг харуулсан энэ үйл явдалд барууны улс орнууд нэлээдгүй санаа зовниж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Эх сурвалж: ВВС

Дорноговь аймагт тэсрэх бөмбөг олдлоо

Дорноговь аймгийн Алтанширээ сумын “Тоосгонтын хэц” гэдэг газар нэгэн малчин цэнэгтэй тэсрэх бөмбөг олжээ. Тус дуудлагыг 10.06-ны 16:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах салбарын тэсэлгээчин аврагч, Цагдаагийн газрын алба хаагчид 26 км замыг туулан 17:01 цагт очиход малчин Т.. нь "ТМ-62" маркын цэнэгтэй танк эсэргүүцэгч мина буюу тэсрэх бөмбөг олсон байсныг Цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид мэдэгджээ. Эх сурвалж: ОБЕГ

Украйны онгоцны үйлчлэгчдийн хувцас загварын "хувьсгал"

Украйны агаарын тээврийн “SkyUp Airlines” компани багийн гишүүддээ өмд, пүүз өмсөх сонголтыг өгснөөрөө онгоцны үйлчлэгчийн хувцас загварт "хувьсгал" хийж, уламжлалт ёсыг халаад буй. Онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд өндөр өсгийт бараан өнгийн шулуун юбка өмсдөг нь хүн бүрийн нүдэнд хэдийнээ танил болжээ. Тус компани энэ намраас эхлэн уг шинэ дүрэмт хувцастайгаар үйлчлүүлэгчдээ хүлээн авах юм байна. Албан ёсны вэбсайтад дурдсанаар дүрэмт хувцас нь цагаан, улбар шар өнгийн костюмны хослол, цагаан пүүз байх аж. Агаарын тээврийн компаниас нь “Nike Air Max 720” загварын пүүзийг ажилчдадаа сонгосон бөгөөд бүтэн өдрийн турш дээд зэргийн тохь тухыг мэдрүүлэх болно хэмээжээ. Мөн мөрөн дээгүүрээ цайвар цэнхэр өнгийн торгон ороолт тохох болсон нь дүрэмт хувцсыг улам хээнцэр болгожээ. Нүүр будалтад тэнгэрийн өнгийг санагдуулам улбар шар, цэнхэр өнгийн будалт хийж, тод улбар шар өнгийн чемодан бариулан нэлээдгүй өөрчлөлт оруулахаар зорьжээ.

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа Вашингтонд хотноо болно

Nрэх сарын 15-наас 25-ны өдрүүдэд “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёл” чуулган АНУ-ын Вашингтон, Канад улсын Торонто хотод тус тус зохион байгуулагдана. Вашингтон хотын төвд зохион байгуулагдах чуулганд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохиогдох аж. Энэ удаагийн үйл ажиллагаа үйлдвэр, ХАА, газар тариалан, эрчим хүч, барилга, тээвэр, соёл урлаг, аялал жуулчлал, мэдээллийн технологи, анагаах ухаан, банк санхүү, харилцаа холбоо, уул уурхайн салбарыг хамарч байгаа юм. Цахим болон тусгайлсан VIP бизнес уулзалт, сургалт-семинар, олон улсын 40 гаруй хөрөнгө оруулагч нарт төсөл хөтөлбөр соёл ахуйгаа танилцуулна. Тус үйл ажиллагаа дууссаны дараа мэдээллийн албан ёсны сувгуудаар хоёр сар сурталчлах юм.

Гал түймэр унтраах 21 автомашиныг Францын талаас хүлээн авлаа

Монгол Бүгд Найрамдах Франц улсын засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” хэрэгжиж байна. Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу дөрвөн төрлийн 14 сая 985 мянган еврогийн өртөг бүхий 42 автомашин 2021 онд бүрэн нийлүүлж дуусах юм. Эхний ээлжийн хоёр төрлийн 21 гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг хүлээн авах арга хэмжээ боллоо. Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины жолооч нарын сургалт, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулилт өнгөрсөн сард болж өндөрлөсөн.

Чимэглэлийн болон Башир цэцэгнээс шүлхий хачиг илэрчээ

Замын-Үүд боомтоор “Цэцэгт мэндчилгээ” ХХК-ны башир цэцгэнд Монгол Улсад хязгаарлагдмал, хөнөөлт шавж бүхий шүлхий хачиг /үхсэн хэлбэрээр/ байсныг мэргэжлийн хяналтынхан өнгөрсөн сарын 26-нд илрүүлж устгалд оруулжээ. Тус компанийн Башир цэцэгнээс өнгөрсөн сарын 30-нд дахин шүлхий хачиг илэрсэн.Мөн энэ сарын 2-нд Гардения ХХК-ий чимэглэлийн цэцгэнд шүлхий хачиг илэрсэн. Түүнчлэн шар буурцгийн уураг, нойтон салфетка, хуванцар сав зэргийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр хилээр нэвтрүүлэх гэж байсныг боомтын алба хаагчид илрүүлэн, шуурхай арга хэмжээ авчээ.

Дубайн экспод Монгол Улс оролцож байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) Дубай хотноо “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ боллоо. Манай улс аялал жуулчлал, байгаль орчин, цаг уурын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлалт ёс, түүх дурсгалыг танилцуулан Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба боломжуудыг сурталчилан, үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний дээжийг дэлгэжээ. Гадаад харилцааны яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Музей, Монголын Үндэсний Номын сан, Зэв дижитал нүүдлийн музей зэрэг байгууллагууд дэмжин оролцож байна. “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” сэдвээр энэ сарын 1-ээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 6 сарын туршид зохион байгуулагдах юм. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Монголын Үндэсний Өдөрлөг” болон бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагаа харилцан туршлага солилцох боломжийг нээх юм. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жил тохиож байгаатай холбогдуулан энэ жил Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын нийслэл Абу Даби хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулах гэж байгаа билээ.

Covid-19-ийн тандалтын багт Хувьдаа машинтай иргэдийг ажиллуулна

Хувийн автомашинтай жолоочийг Covid-19 халдварын эсрэг тандалт, хариу арга хэмжээнд ажиллахыг Нийслэлийн онцгой комиссоос урьж байна. Тандалтыг эрчимжүүлэх, тархалтыг бууруулах, өрхийн эрүүл мэндийн төвд дэмжлэг үзүүлэх зорилгоор цалинтай ажиллуулахаар болсон аж. Өөрийн тээврийн хэрэгслийг ашиглаж өрх, тосгоны эрүүл мэндийн төвтэй хамтран гэрийн хяналт хийх, эмийн багц хүргэх, нөөц татан авалт хийх, шинжилгээ авах зэрэгт эрүүл мэндийн ажилтныг тээвэрлэх болон шаардлагатай тохиолдолд батлагдсан тохиолдлыг эмнэлэгт хүргэнэ. Ерөнхий нөхцөл: Covid-19 тархалт, ӨЭМТ-ийн ачааллаас хамаарч ажиллах газрын хуваарийг Нийслэлийн Онцгой комиссоос долоо хоног бүр хийнэ. Долоо хоногт зургаан өдөр ажиллана, ажлын цаг 09:00 цагаас эхэлж ӨЭМТ-ийн тухайн өдрийн ажил дуусах хүртэл ажиллана. Урамшууллыг 1 өдрийн 50,000 төгрөг байхаар тооцож, 14 хоног тутам олгоно /Хүн амын орлогын албан татвар болох 10 хувийг суутгана/. Шатахууны зардалд 1 өдрийн 20,000 төгрөг олгоно. Нэмэлт шатахуун, хоол, хамгаалах хувцас хэрэгслийг тухайн ӨЭМТ хариуцна. Дээрх нөхцөлийн дагуу ажиллах боломжтой иргэд дараах холбоосоор орж бүртгүүлэх юм байна. Эмч, дадлагажигч эмч, сувилагч бол давуу тал болох аж.

Хятад улс Тайвань руу 38 байлдааны онгоц илгээжээ

Тайванийн Батлан хамгаалах яамнаас Хятад улс Тайвань орчмын тэнгэрт 38 байлдааны онгоцоо илгээж хилийн бүсийг зөрчсөн гэж хэмээн мэдээллээ. Тайванийн Агаарын довтолгооноос хамгаалах бүсийн хилийг БНХАУ-ын Ардын армийн агаарын цэргийн хүчний онгоцнууд хоёр удаагийн ээлжээр нэвтэрсэн байна. Тэдгээр онгоцнууд дунд 28 ширхэг "J-16" сөнөөгч, дөрвөн ширхэг "Su-30" сөнөөгч, 4 ширхэг "H-6" бөмбөгдөг болон нэг "Y-8" шумбагч онгоц сөнөөгч, нэг KJ-500 онгоц байсан аж. Хятадын 28 онгоц өнгөрсөн зургадугаар сард мөн л бүсийн хил нэвтэрч байсан юм. H-6 бөмбөгдөгч Y-8 шумбагч онгоц сөнөөгч

1 ... 11 12 13 14 15 16 17 18 19 ... 24