SOCIAL NEWS
ЗАМ ТОВЧЛОХООР ГОЛЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВСНААР ЖОЛООЧИД АМЬ НАС, ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРСООР

Голын мөс цөмөрч автомашинтайгаа осолдсон гэх дуудлага нэмэгдэж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Арваннэгдүгээр сар гарснаас хойш зарим аймагт эрс хүйтэрч, иргэд гол мөрнийг хөлдсөн хэмээн тооцоолсноор энэ төрлийн осол эрс өсөх болжээ. Гэвч гол хөлдөх цаг болоогүй бөгөөд зам товчлох гэж голы н мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл, ердийн хөсөгтэй болон явганаар зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

15 ХҮН ТӨВ АЙМАГТ САМАР ТҮҮХЭЭР ЯВААД НЭГ НЬ СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Улаанбаатар хот болон Төв аймгийн харьяат 15 хүн самар түүхээр Чулуут багийн Галтай булнай гэх газар аравдугаар сарын 30-нд явцгаасан боловч нэг иргэн нь сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 5-нд Төв аймгийн онцгой байдлын газрын алба хүлээн авчээ. Одоогоор Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэлч нохой болон цуг явж байсан иргэдтэй хамтран эрлийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна.Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид Баянтуул багийн Хагийн хар нуур гэх газрын чиглэлд 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан Сонгинотын-Эх гэх газраас 45 настай эрэгтэйн бээлийг олжээ.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХАД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 2000 ТОНН ТУСГАЙ БОДИС ШААРДЛАГАТАЙ

Авто замын хальтиргаа гулгаанаас сэргийлэх үүднээс 2000 тонн тусгай бодис, 500 тонн давсыг нийслэлийн хэмжээнд нөөцлөөд байгаа хэдий ч дахин 2000 орчим тонн тусгай бодис шаардлагатай байгаа аж. Хэдийгээр "энэ оны нөөц хангалттай" гэж Улаанбаатаар хотын захирагчийн ажлын албанаас үзэж байгаа ч нэмэлтээр ийнхүү татахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нэмэлтээр 1600 тонн бодисыг өгөхөөр болжээ. Одоогоор дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл 80-94 хувьтай байна.

БНСУ МОНГОЛ ТЭРГҮҮТЭЙ 16 ОРНООС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХААР БОЛЖЭЭ

Өмнөд Солонгос улс гадаадын цагаач ажилчдад хилээ нээхээр төлөвлөж байна.Ирэх сараас эхлэн хөдөлмөр эрхлэх хүсэлт гаргасан Монгол тэргүүтэй 16 орны ажиллах хүчинд виз олгохоор болжээ. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа Мьянмар, Филиппин, Пакистан, Узбекистан, Кыргызстан зэрэг орнуудаас ирэх ажилчид вакцинжуулалтанд хамрагдсанаас 14 хоногийн дараагаар виз авах боломжтой болох аж. Түүнчлэн нисэх онгоцонд суухаас 72 цагийн өмнө "PCR" шинжилгээгээр сөрөг хариу авсан байх шаардлагатай. Бусад 11 орны ажилчдаас зөвхөн "PCR" шинжилгээний сөрөг хариу шаардах ба Өмнөд Солонгост ирснийхээ дараа вакцинд хамрагдах боломжтой хэмээв. Гадаадаас ирж буй ажилчид вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран тусгаарлах байранд 10 хоног ажиглалтанд байх шаардлагатай аж.

КОВИДЫН ХАМГИЙН АНХНЫ ЭМИЙГ ХЭРЭГЛЭЭНД АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

Ковидын хамгийн анхны эмийг Их Британийн Эмийн зохицуулах байгууллага биеийн байдал хөнгөн, дунд өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвшөөрлөө. Анх ханиадны эмчилгээнд ашиглахаар боловсруулсан “Молнупиравир” эмийг халдвар авсан өвчтөнүүд дээр туршихад эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг хоёр дахин бууруулж байжээ. Эмийг халдварын эхний үед өдөрт хоёр ширхэгээр уухыг зөвлөж байгаа юм. Тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавид “Өнөөдөр манай улсын хувьд түүхэн өдөр. Их Британи улс дэлхийд анх удаа гэртээ ууж болох Ковид19-ийн эсрэг эмийг баталлаа. Молнупиравир дархлаа нь дарангуйлагдсан, бие султай өвчтөнүүдийн байдлыг эрс өөрчилнө” хэмээжээ. Халдварын дунд болон бага зэргийн шинж тэмдэгтэй, хүнд хэлбэрийн хавсарсан өвчтэй, илүүдэл жинтэй, нас өндөр, чихрийн шижин, зүрхний өвчтэй хүмүүст уг эмийг хэрэглэхийг зөвлөж байна. Мөн Их Британи энэ оны эцэс гэхэд 480,000 тун эм худалдан авах захиалгаа хэдийн өгчээ. АНУ-ын эмийн компани болох Пфайзер, Швейцарийн Роше компани мөн ковид 19-ийн эсрэг эм гарган авахаар туршилт явуулж байна.

ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД 00:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАХААР БОЛЛОО

Өмнө гаргасан шийдвэрийн дагуу Худалдаа, үйлчилгээний газрууд, тэр дундаа найман нэрийн дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллаж байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уг захирамжинд өөрчлөлт оруулан 00:00 цаг хүртэл ажиллахаар болсныг мэдэгдлээ. "Худалдааны байгуулагуудыг Олон улсын гэх нэршлээр "CU, GS25" гэж ангилан 00:00 цаг хүртэл ажиллуулж байсан захирамжийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас өгсөн албан шаардлагаар хүчингүй болгож бүх худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарийг 07:00-00:00 цаг гэж ялгаваргүй тогтоосон "Захирамж" гарсан. Зарим иргэн, ААН үүнийг мэдэхгүй байна" хэмээв.

2027 ОНД ЧИНГИС ХААН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСНА

Хэнтий аймагт Монголын төрт ёсны түүх, дурсгалын үнэт өв, нүүдлийн соёл, уламжлалт ахуйд түшиглэн Их Эзэн Чингис хааны цогцолбор байгуулж түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус цогцолборыг барих ажил 2019 оноос эхэлсэн ба нийт 5-6 цогцолбор барихаар төлөвлөгдсөн. Цогцолборын бүтээн байгуулалт 2027 он хүртэл үргэлжилнэ. Барилгын ажил 70-80 хувьтай байгаа бол менежмент, үйл ажиллагаанд бэлтгэх ажлыг мөн төлөвлөгөөний дагуу хийж байна.

БНСУ-С НЭН ШААРДЛАГАТАЙ ЭМ ТАРИА , ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТАН АВАЛТ ХИЙЛЭЭ

Эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтын тухай Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “БНСУ-аас өчигдөр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа. Мөн арваннэгдүгээр сарын 5, 8, 10-нд агаарын тээврээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна. Ийнхүү шат дараалсан арга хэмжээгээр нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах ажиллагааг Эрүүл мэндийн байгууллага, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нэгдсэн шуурхай штаб, Улсын Онцгой комисс зэрэг байгууллага бүгд хамтран зохион байгуулж байна” хэмээв. Арваннэгдүгээр сарын 3-нд татан авч буй эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад антибиотик, тариур, цус шингэлэх эм зэрэг бүтээгдэхүүн багтжээ.

190 УЛС НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАХ АМЛАЛТ ӨГЛӨӨ

НҮБ-ын бага хурлын үеэр Польш, Вьетнам, Чили зэрэг нүүрсний томоохон хэрэглэгчид хатуу түлшнээс татгалзах үүрэг авчээ. Их Британийн Засгийн газраас мэдээлснээр, дэлхийн нийт 190 улс орон, байгууллага нүүрснээс татгалзах амлалт өгсөн. Одоогоор Австрали, Энэтхэг, Хятад, АНУ зэрэг эдийн засаг нь нүүрснээс ихээхэн хамааралтай улс орон энэхүү санаачилгад нэгдээгүй байна. Томоохон их гүрнүүд 2030-аад он, буурай орнууд 2040-өөд онд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа үе шаттайгаар зогсоох тохиролцоонд хүрсэн ба энэхүү санаачилгад дэлхийн 40 гаруй орон нэгджээ. Дэлхий нийт нүүрсний хэрэглээгээ бууруулах чиглэлд дэвшил гаргаж байгаа хэдий ч хэрэгцээ байсаар л.

МАНАЙ УЛС ЭРЭЭНЭЭС 60 ВАГОН НАРИЙН НОГОО, ЖИМС АЧУУЛАН ОРУУЛЖ ИРНЭ

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол, Хятадын хилийн 4 боомтыг тодорхойгүй хугацаагаар түр хаасан. Энэ сард нийт 43 ширхэг чингэлэг, үүнээс 15 ширхэг 20 футийн чингэлэг, 28 ширхэг 40 футийн чингэлэг эм, эмийн бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоос төмөр замаар тээвэрлэх ажлыг зохион байгуулна. ХХААХҮЯ-аас ирүүлсэн жагсаалтад 6 ААН-ийн 70 вагон цагаан будаа, 89 вагон элсэн чихэр ачуулах захиалгыг Хятадын талд хүргүүлэхээр ГХЯ-нд уламжилжээ. Мөн БНХАУ-ын Эрээн өртөөнөөс 60 вагон жимс, нарийн ногоо ачих ажлыг зохион байгуулна. Мөн Шадар сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Гашуунсухайт боомтоор уул уурхайн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг батлан хэрэгжүүлж эхэлжээ.

1 ... 3 4 5 6 7 8 9 10 11 ... 24