SOCIAL NEWS
МОТОЦИКЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИГЛОЛОО

Завхан аймгийн Засаг дарга захирамж гарган тус аймгийн нутаг дэвсгэрт таван сарын хугацаанд мотоциклоор хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.

ЧЕНЖИЙН НУГАЛААГҮЙ ҮНЭЭР ӨВЛИЙН ИДЭШ БОЛОН ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Нийслэлийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал зохион байгуулна. Орон нутгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай малын мах, сүү, цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаална. Орон нутгий н мал, махны бизнес эрхлэгчид, иргэд болон цагаан идээ үйлдвэрлэдэг ААН-үүдээ дэмжих шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ хүрээнд бид нийтдээ 31 байршилд өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөлөө. Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнд сарын хугацаанд өргөтгөсөн худалдааг зохион байгуулж Улаанбаатарын иргэдээ дундын зуучлалгүй, хямд үнээр мах, сүү цагаан идээ худалдан авч, өвлийн идшээ базаах боломжийг олгож буй юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн бизнес эрхлэгчид болон иргэдийн бэлдсэн мах, цагаан идээг ченж болон худалдааны байгууллагын нугалаагүй, хямд өртгөөр төв суурин газрын иргэдэд нийлүүлнэ.

ӨВЛИЙН ТЭСГЭМ ХҮЙТЭНД ХЭДХЭН ХОНОГТОЙ ҮРЭЭ ОРЦОНД ОРХИН ЯВЖЭЭ

Орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхин явсан иргэнийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна. "Цагдаагийн байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 19:00 цагийн орчимд нийслэлийн ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгуулагад иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг зохион байгуулсны үндсэнд нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгчээ.

ГАЛТ ТЭРГЭЭР ДАРХЛААЖУУЛАЛТЫН НЭМЭЛТ ТУНГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран хөдөлгөөнт дархлаажуулалтыг эхлүүлээд байна. Төмөр замчид, тэдгээрийн гэр бүлийнхэн, төмөр зам дагуу оршин сууж буй иргэдийг КОВИД-19 цар тахлын эсрэг нэмэлт тунгаар дархлаажуулахаар галт тэрэг замдаа гарчээ. Энэхүү хөдөлгөөнт дархлаажуулалтын галт тэрэг Замын-Үүд өртөөнд энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зогсож дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах аж. Цаашид Булагтай зөрлөг хүртэл зорчиж иргэдийг дархлаажуулна. Дархлаажуулалтын Галт тэрэгний хуваарьтай танилцана уу.

АИ-92 ШАТАХУУНЫГ ЛИТР ТУТМЫГ 400 ТӨГРӨГӨӨР НЭМЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

"Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлын зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн хуралдаанаар шатахууны үнийг сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолж, тодорхойлох автомат механизм руу шилжих аж. Нэг удаагийн үнийн хэлбэлзэл 100 төгрөгөөс хэтрэхгүй байх үнийн зохицуулалт, бодолтыг автоматаар тооцох механизмд шилжиж байна гэсэн үг. Огцом хэлбэлзэлгүйгээр гэхээр нэг удаад шууд 300 төгрөгөөр үнийг нэмэхгүй. АИ-92 авто бензин 2050 төгрөгөөр худалдагдаж байгаа. Харин Сингапурын хөрөнгийн биржээс худалдан авч буй өртөг нь 2400 орчим төгрөг байгаа. Хуралдаанд оролцогчид нэг удаад 100 төгрөгөөс хэтрэхгүй байх автомат үнийн зохицуулалтыг авч хэлэлцээд 82 гишүүний дэмжлэгтэйгээр баталжээ. Иймд ойрын хугацаанд АИ-92 авто бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг дэд сайд хэллээ. Харин шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс 400 төгрөгөөр үнэ нэмэх хүсэлтэй байгаа аж.

15 АЙМГИЙН 90 СУМАНД ШҮЛХИЙ ГАРЛАА

Он гарсаар 15 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгджээ.Одоогоор халдварын 97 голомт буюу 10 аймгийн хорио цээр бүрэн цуцлагдсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад Малын гоц халдварт өвчний улмаас1700 орчим үхэр устгалд оруулсан байна. Тус гурван аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсныг Засгийн газар гоц халдварт өвчний жагсаалтад оруулж, өвчилсөн малыг устгажээ.

ХҮН АЛСАН ХОЁР ЭМЧИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОГДОВ

“Тод каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон, 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2 жилийн өмнө гарсан. Тус эмнэлэгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох шүүх хурал өнгөрөгч 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч хойшилжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт тавьж, иргэний хариуцагч Д.Тодномбат Covid-19 халдварын ойрын хавьтал болсон тухай баримтаа ирүүлсэн, шинжээч Б.Байгалмаа хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа аж. Тус хэрэг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод каннам” эмнэлэгт 29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсч, улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан юм. Тухайн үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй гэсэн мэдээлэл өгч байв. Шүүх эмнэлгийн дүгнэлт "Мэргэжлийн бус хүн хагалгаа хийснээс үүдэн амь хохирсон" гэж гарсан. Гэтэл тухайн хоёр эмч нь Солонгост 45 хоногийн курст сурч ирээд миний охинд хагалгаа хийсэн" гэдгийг хохирогчийн ар гэрээс мэдэгдэж байв.

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ИРГЭНИЙ МОРИЙГ НЬ ОЛЖЭЭ

Баян-Өлгий аймгийн харьяа 26 настай эрэгтэй морьтойгоо мал хариулахаар яваад сураг тасарчээ. Тодруулбал: Аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, мал хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр 21:20 цагт хүлээн авч, эрлийн ажлыг эхлүүлээд байна. Өнөө өглөө 06:00 цагт эрлийн явцад сураггүй болсон иргэний гэрээс нь баруун зүгт 3 км зайнаас унаж явсан морийг нь олжээ. Эрэл хайгуулын ажлыг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт үргэлжлүүлж байна. СУРАГГҮЙ БОЛСОН МАЛЧНЫ УНАЖ ЯВСАН МОРИЙГ НЬ ОЛЖЭЭ

ГАНЦХАН ШӨНИЙН ЦАС НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ӨВЛИЙН БЭЛТГЭЛ , УР ЧАДВАРЫГ ШАЛГАЛАА

Үд дунд болж байхад 100 гаруй ослын дуудлага бүртгэгджээ. Энэ нь энгийн үеэс даруй хоёр дахин их үзүүлэлт юм. Мөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй замын хөдөлгөөний түжрэл ихсэж хэн хүнгүй л яарч адгаж цухалдсан байдалтай цас хаялсан шинэхэн өглөөг угтлаа. Цас орж үүнтэй зэрэгцэн нийслэлийн замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсэхээс гадна мөн зам тээврийн осол бүртгэгдэх нь эрс нэмэгддэг. Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацжээ. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэсэн ба энэ оны нөөцлөлт хангалттай аж. Жолооч та бүхэн халтиргаа гулгаанаас үүдэх аюул ослоос болгоомжлон замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой!

КОРОНАВИРУСААР ӨВЧЛӨН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙСАН ИРГЭН ОРГОН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр 51 настай эмэгтэй Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ковидын халдвар аван эмчлэгдэж байгаад сураггүй алга болжээ. Тус иргэнийг цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна. Эмнэлгээс гарч явах үедээ хар хөх өнгийн углааш, дан цамцтай байсан аж. Хэргийг аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ковидын халдвараас гадна сэтгэл гутрал, мэдрэлийн гаралтай өвчний оноштой байжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 24