ЕРӨНХИЙ САЙДЫН ДАРААГИЙН АЛХАМ — “ЧӨДӨРТЭЙ” САЙД НАРААСАА САЛАХ ЦАГ ИРЖЭЭ

 МАН доторх зөрчил Үндсэн хуулийн Цэцэд хүрч, улмаар гарсан шийдвэрийн үр дүнд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн үндэстэй болсонУлс төрийн энэ тогтвортой байдал нь автоматаар сайн засаглал бий болгоно гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ, Ерөнхий сайд одоо дотооддоо бодит өөрчлөлт хийж, ажлаа хийж чадахгүй, асуудал дагуулсан сайд нараасаа салахгүй бол Засгийн газар “чөдөртэй морь” мэт урагшлахгүй байх эрсдэлтэй байна. Төрийн ажлыг хариуцаж байгаа хүн бүрийн бодлого, шийдвэр нийгэмд шууд нөлөөлдөг. Сүүлийн хэдэн долоо хоногт болсон үйл явдлууд хоёр сайдын нэрийг илт тодруулж, Засгийн газрын чадамжийг эргэлзээтэй болгожээ. Г.Дамдинням — хомсдлын бодлого Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын хувьд шатахууны хомсдолын үеэр иргэдийг төөрөгдүүлсэн, бодлогын түвшинд арга хэмжээ авч чадаагүй нь хамгийн том алдаа боллоо. 

Эхэндээ “шатахууны нөөц хэвийн” гэж мэдэгдэж байсан ч нөхцөл байдал дордохын хэрээр иргэдийг “нөөцөлж авч байгаа” хэмээн буруутгасан нь хариуцлагаас бултсан үйлдэл байв. Үүн дээр нэмээд хэвлэл мэдээлэл, иргэдийн шүүмжлэлийг хүчний байгууллагаар дарамтлах оролдлого хийсэн нь ардчилсан нийгмийн зарчимд нийцэхгүй үйлдэл байлаа. Бодлогын шинжилгээ, урьдчилсан тооцоо, салбарын менежмент гээд хийх ёстой ажлын оронд импортлогчдын агуулахыг шөнө дөлөөр шалгаж явах нь “популизм”-аас цаашгүй. Нийслэлд бензин олдохгүй байгаа нь орон нутагт бүр ч дордож, шатахуун ховордсон энэ нөхцөл байдал сайдын бодит чадамжийг тодорхой харууллаа. П.Наранбаяр — боловсролын салбар дахь бодлогын хямрал Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярын хувьд ч нөхцөл байдал сайнгүй. Багш нар цалин, нийгмийн баталгааны асуудлаар ажил хаялт зарлаж, сургалтын хэвийн үйл ажиллагаа доголдож байхад сайд нь асуудлын голыг ойлгож, шийдэхийн оронд “багш нар хангалттай цалин авч байна” хэмээн мэдэгдэж сууна. Бодит байдал дээр боловсролын салбарынхан цалингийнхаа хэрээр бус, хэт их бичиг цаас, тайлан, үнэлгээний дарамттай тулгарч байгаа нь нууц биш. Тийм байхад салбарын сайд нь өөрийн суудлыг хамгаалах талдаа анхаарч, асуудлыг үл ойшоож байгаа нь төрийн бодлого алдагдаж байгаагийн илрэл юм. 

Төрийн тогтвортой байдлын нэрийн дор үр дүнгүй сайд нарыг тэвчих ёсгүй Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар тогтвортой ажиллах суурь нөхцөл бүрдсэн энэ үед улс төрийн бус, бодит засаглалын шинэчлэл хийх цаг иржээ. Засгийн газар амьдралд ойр, хариуцлагатай бодлого явуулахын тулд салбар бүрийн удирдлагад бодит үр дүн гаргах чадвартай хүмүүс байх ёстой. Г.Дамдинням, П.Наранбаяр нарын жишээ нь нэг зүйлийг харуулж байна — сайд суудлаа хамгаалж чадна, гэхдээ улсын хөгжилд саад болж байгаа бол тэр суудал нь утгагүй. Иймээс Ерөнхий сайдын дараагийн зоримог алхам бол дотоод шинэчлэл. Энэ бол улс төрийн эр зоригийн шалгуур бөгөөд Монгол Улсын Засгийн газар үнэхээр “ажилладаг” болох эсэхийг шийдэх мөч юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.