БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ УЛС ТӨР ХОЙШ ТАВЬЖ БАЙНА

 Сүүлийн гурван долоо хоногт багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргүүлэхийг шаардсан ажил хаялтаа үргэлжлүүлж байна. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлдээ явж чадаагүй, цоожтой хаалганы цаана үлдэв. Үүний араас эмч нар цалин нэмүүлэхээр Төв талбайд жагсаал зохион байгуулж эхэлсэн байна. 

Гэвч багш, эмч нарын шаардлагыг улс төрийн хүрээнд үл ойшоосон байр суурь их байна. Улс төрчид улс орны ирээдүй, иргэдийн амьдралыг бодохын оронд улс төрийн маргаанд анхаарал хандуулж байгаа нь илт. Өнөөдөр галын шугам, онцгой байдлын ажил, цагдаагийн алба зэрэг салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлага ч хангалттай байна. Харин бодит амьдралд цалин нь амьдралын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй, ахмад настнуудын тэтгэвэр ч адилхан хангалтгүй хэвээр байна. 

Засгийн газар багш, ажилчдын цалинг нэмэхэд хэд хэдэн шалтгаан дурдаж, шатлалтай нэмэх санал тавьсан ч үр дүнд хүрээгүй. Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх нь зайлшгүй шаардлагатай гэдгийг аль аль тал мэдэж байгаа. Гэвч өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд, улс төрчид энэ асуудлыг дэмжиж, хамгаалж дуугарсангүй. 

Улстөрчид өөрийн эрх ашиг, бүлэглэлийн асуудалд хэр хүчтэй эсэргүүцэж, төрийн үүргээ ашиглаж чаддагийг өнгөрсөн хугацаанд бид харсан. Гэтэл багш, эмч нарын цалинг нэмэх асуудал дээр 126 гишүүнээс хэн нь ч ард түмний төлөөлөл болж, дуу хоолойгоо хүргэсэнгүй. Үнэндээ улсын төсвийн боломж, үр ашгийг зөв ашиглан багш, ажилчдын цалинг нэмэх бүрэн боломж байсан ч энэ боломжийг хангалттай ашиглаагүй нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгожээ.

 Иймээс иргэд эрх баригч нам, УИХ-ын гишүүдээс хариуцлага нэхэж, улс төрийн маргаанаа орхиж, эдийн засгаа сэргээх, багш, эмч ажилчдын цалинг нэмэх арга хэмжээг нэн даруй авахыг шаардаж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.