“ТӨМӨРТЭЙ” ОРД АРД ТҮМНИЙ МЭДЭЛД ҮЛДЛЭЭ

 Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 27-нд “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэж, Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолыг хууль ёсны гэж үзлээ. 

Шүүхийн хурал 12 цаг үргэлжилж, 22 цаг 18 минутад шийдвэрээ танилцуулсан байна. “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэл болох концессийн гэрээг цуцалсан Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдлээ. 

Шүүх “Кью Эс Си” ХХК хохирол амсаагүй, өмнөх концессийн гэрээ нь улсын ашиг сонирхолд нийцээгүй гэж үзсэн байна. Энэ шийдвэр нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ашиг сонирхлыг хамгаалж, Үндсэн хуулийн “байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн зарчмыг баталгаажууллаа.

 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь уул уурхай, металлурги, хүнд үйлдвэрийн салбарын гол аж ахуйн нэгжийн нэг юм. Концессийн гэрээ хэрэгжиж байсан 2014–2022 онд тус компани улсын төсөвт жилд дунджаар 13.2 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж байсан бол менежментийн эрх төрд шилжсэн сүүлийн гурван жилд жилд дунджаар 50 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 

Мөн ажилчдын дундаж цалин 2.3 дахин өсөж, “Чингис хаан” үндэсний баялгийн санд нийт 39.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлсэн байна. 2025 оны эхний 10 сарын байдлаар тус компани 51.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 101.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий “Төмөртэй” төмрийн хүдрийн орд төрийн мэдэлд хадгалагдаж, байгалийн баялгийн өгөөж ард түмэнд үлдэх нөхцөл бүрдлээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.