КОВИДЫН ХАМГИЙН АНХНЫ ЭМИЙГ ХЭРЭГЛЭЭНД АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

Ковидын хамгийн анхны эмийг Их Британийн Эмийн зохицуулах байгууллага биеийн байдал хөнгөн, дунд  өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвшөөрлөө.

Анх ханиадны эмчилгээнд ашиглахаар боловсруулсан “Молнупиравир” эмийг  халдвар авсан өвчтөнүүд дээр туршихад эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг хоёр дахин бууруулж байжээ. Эмийг халдварын эхний үед өдөрт хоёр ширхэгээр уухыг зөвлөж байгаа юм.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавид “Өнөөдөр манай улсын хувьд түүхэн өдөр. Их Британи улс дэлхийд анх удаа гэртээ ууж болох Ковид19-ийн эсрэг эмийг баталлаа.  Молнупиравир дархлаа нь дарангуйлагдсан, бие султай өвчтөнүүдийн байдлыг эрс өөрчилнө” хэмээжээ.

Халдварын дунд болон бага зэргийн шинж тэмдэгтэй, хүнд хэлбэрийн хавсарсан өвчтэй, илүүдэл жинтэй, нас өндөр, чихрийн шижин, зүрхний өвчтэй хүмүүст уг эмийг хэрэглэхийг зөвлөж байна. Мөн Их Британи энэ оны эцэс гэхэд 480,000 тун эм худалдан авах захиалгаа хэдийн өгчээ.

АНУ-ын эмийн компани болох Пфайзер, Швейцарийн Роше компани мөн ковид 19-ийн эсрэг эм гарган авахаар туршилт явуулж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.