НЭГҮҮН МЭДЭЭ
ЦЕГ: ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ЭСРЭГ БЭЛТГЭЭГҮЙГ МЭДЭГДЭЖ БАЙНА

Өнөөдөр цагдаа нарын бөөндөө жагсаж буй зураг цахим орчинд цацагдаж, “Үнийн өсөлтийн эсрэг жагсах иргэдийнхээ өмнөөс төр хүч хэрэглэх нь, Үймээн самуун бишдээ” гэхчлэн шүүмжлэл дагуулж байна. Тэгвэл уг асуудалд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаа дотоодын цэргийн байгууллага зуны хувцсанд шилжсэнтэй холбогдуулан Жагсаалын үзлэг хийж байгаа юм” хэмээжээ.

ХУУРАЙШИЛТТАЙ ҮЕД ИРГЭДИЙН ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛААС ҮҮДЭН ГАЛ ТҮЙМЭР ГАРСААР БАЙНА

Баянзүрх дүүргийн 11-р хороо Зүүн богины аманд шар өвс шатаж байна гэх дуудлага 15:43 цагт ирсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 6 ангийн 63 алба хаагч, 13 автомашин, Pajero club 10 иргэн 7 автомашин, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 12 иргэн, 5 автомашин, БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн 8 албан хаагч, 2 автомашин, мөн иргэн хуулийн этгээдийн 100 гаруй хүн, 6 мотоциклтойгоор түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн тархалтыг 16:40 цагт зогсоож, уугилт ихтэй байгаа газруудыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

ДУУЧИН БАРИЛГАЧИН ЗАЛУУ А.ОТГОНБАЯР НАЙЗ ОХИНЫХОО ГЭРИЙН ГАДАА ОЧИЖ ӨӨРИЙГӨӨ ШАТААЖЭЭ

"Авьяаслаг монголчууд" шоуны оролцогч дуучин, барилгачин А.Отгонбаяр нас барсан харамсалтай мэдээллийг өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл тэрээр энэ сарын 02-ны өдөр өөр дээрээ шатахуун асгаж шатаасан байна. Хэрэг явдал болонгуут түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ. Талийгаач хамт амьдарч байсан эмэгтэйгээ маргалдаантай байсан бөгөөд гэрийнх нь гадаа очиж ийнхүү өөрийгөө шатаажээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Эх сурвалж : Asu.mn

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР НЭР БҮХИЙ ДӨРВӨН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛЫГ УИХ-Д ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргээр шалгагдаж байгаа захирлууд ам нээж эхэлсэн бололтой. Энэ хүрээнд Хөгжлийн банктай холбоотой хэргийн ард УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий эрхмүүд тодорсоор байна. Тодруулбал хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад 5-6 гишүүний хэрэг нотлогдсон байна. Тиймээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тухайн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар бэлдэж байгаа бололтой. Эдгээр гишүүдийн дунд Ерөнхий сайд асан, Байнгын хорооны дарга зэрэг албан тушаал хашиж буй эрхмүүд багтаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

БҮЛЭГЛЭН УДАА ДАРАА АВТОМАШИН ХУЛГАЙЛСАН 15-18 НАСНЫ ГУРВАН ЗАЛУУСЫГ БАРИВЧИЛЖЭЭ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нийт 6 тээврийн хэрэгслийг хулгайлсан 3 этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шалгалтын ажиллагаагаар 15 настай, эрэгтэй “Г” нь өмнө нь автомашин хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд 16 настай, эрэгтэй “Б”, 18 настай, эрэгтэй “Ч” нартай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдоод байна. 1. 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо …. байрны гадна байрлуулсан “Toyota Prius-11” маркийн автомашиныг, 2. 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 22:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо …. байрны гадна байрлуулсан “Hyunda Sonata-6” маркийн автомашиныг, 3. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо …. байрны гадна байрлуулсан “Honda Fit” маркийн автомашиныг, 4. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо …. дэлгүүрийн зогсоолд байрлуулсан “Honda CRV” маркийн автомашиныг, 5. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо …. байрны гадна байрлуулсан “Honda CRV” маркийн автомашиныг, 6. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо …. шатахуун түгээх станцын зогсоолд байрлуулсан “Honda CRV” маркийн автомашиныг тус тус хулгайлсныг илрүүлэн тээврийн хэрэгслүүдийг олж тогтоон хохирогч нарт хүлээлгэн өгсөн. Иймд тээврийн хэрэгслээ нүдэнд ил харагдахуйц гэрэлтүүлэгтэй газар, болон гарааш, хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байршуулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

ХУРААЖ АВСАН ЗЭВСГҮҮД ДУНД ӨМГӨӨЛӨГЧ Б.БААСАНЦОГТЫН ЭЗЭМШЛИЙН БУУ БАЙСАН НЬ ТОГТООГДСОН

ТЕГ: Зэвсэглэсэн этгээдүүдээс 12 галт зэвсэг, 861 сум, тэсрэх бодис хурааж авснаас тав нь бүртгэлгүй байсан. Хурааж авсан зэвсгүүд дунд өмгөөлөгч Б.Баасанцогтын эзэмшлийн буу байсан нь тогтоогдсон байна. Иймд Эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд өмгөөлөгчөөр ажиллаж байсан Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн учраас тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Б.Баасанцогтыг сэжигтнээр баривчилжээ.

НӨАТ-ЫН МӨНГӨ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 100 ГАРУЙ ИРГЭНИЙГ ТЕГ-ААС ИЛРҮҮЛСЭН ГЭВ

НӨАТ-ын мөнгө угаасан байж болзошгүй иргэдийг ТЕГ-аас илрүүлжээ. Тодруулбал, тэд хуурамч хуурамч компаниуд үүсгэн байгуулж, НӨАТ-ын буцаан олголтоос хууль бусаар их хэмжээний мөнгө авч, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан бүлэг этгээдийг тагнуулын байгууллагаас илрүүлж шалгаж эхэлсэн байна. Уг хэрэгт одоогийн байдлаар 100 гаруй иргэд холбогдсон байна. Харин энэ талаар тагнуулын байгууллагаас мэдээлэл өгөх болоогүй гэв.

ШАНХАЙ ХОТ БҮХЭЛДЭЭ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМД ШИЛЖЛЭЭ

Хятадын санхүүгийн төв Шанхай хотод коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа тул тус хотыг Мягмар гарагаас эхлэн бүхэлд нь хөл хорионы дэглэмд шилжүүлжээ. Өмнө нь Шанхайд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1 хүртэл Хуанпу голын зүүн хэсгийг, дараа нь залгаад баруун хэсгийг дөрвөн өдөр хөл хорионд шилжүүлж байсан юм. 26 сая оршин суугчтай тус хотод Даваа гарагт анх удаа 10,000 давсан халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Гуравдугаар сар гарснаас хойш Шанхайд бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 73,000 давжээ.

П.ӨГӨӨМӨР: УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТУУДЫГ ЭЗЛЭН АВЧ, УЛСТӨРЧИЙН АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙСАН ТАВАН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭВ

Тагнуулын Ерөнхий Газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийлээ. ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгье. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаас иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Тэгвэл энэхүү эдлэх эрхийн хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах турхирах зорилготой зохион байгуулалттай этгээдүүдийг тагнуулын байгууллага шалгаж байна. Тодруулбал, тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг этгээдүүд нь экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан бөгөөд тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн. Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрсэн. Бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг байсан. 861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрснээс байлдааны сум 274 ширхэг байсныг хураан аваад байна. Уг этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн" гэлээ.

УС ЦАГ УУРЫН ЗАХИРАЛ Г.САРАНТУЯА НЬ АЖИЛЧДАДАА НЭМЭЛТ ЦАЛИН ОЛГОХ НЭРИЙДЛЭЭР ХУВЬДАА ЗАВШСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа, тус байгууллагын нягтлан бодогч Ч.Ганчимэг нар албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэд хэдэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тухайлбал захирал Г.Сарантуяа нь тушаал гарган Хүрээлэнгийн Орчил, урсгал, урт хугацааны прогнозын хэлтэс, Гадаргын усны судалгааны хэлтэс- ийн ажилтнуудад нэмэлт цалин олгож, түүнийгээ буцааж бэлнээр хураан авч хувьдаа ашигладаг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Түүнчлэн тус байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгээгүй эд хогшил иж хэмжээгээр худалдан авсан хэргээр мөн шалгагдаж байгаа аж. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа нь тус байгууллагад олон жил удирдах албан тушаал эрхэлж байгаа аж.

1 ... 165 166 167 168 169 170 171 172 173 ... 254