НЭГҮҮН МЭДЭЭ
ГУДАМЖИНД ХАЯГДСАН НЯРАЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Нярай хүүхдийг эцэг, эх нь гудамжинд хаяж авсан асуудлын талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Энэ талаар Нийслэлийн ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө "Өчигдөр Налайх дүүрэгт болсон явдалтай холбоотойгоор манай байгууллага, Цагдаагийн байгууллагатай хамтран газар дээр нь очиж ажилласан. Ингээд тухайн хүүхдийн эцэг, эх хүүхдээ асран хамгаалах чадваргүй, согтуурсан байдалтай байсан учраас Цагдаагийн байгууллага эцэг, эхийг нь эрүүлжүүлсэн. Одоогоор тэднээс мэдүүлэг авч, хэргийг шалгаж байгаа. Харин манай байгууллагаас өчигдөр Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын дагуу эрсдэлийн нөхцөл байдал, хүүхдийн хүчирхийллийн болон хүүхдийн гэр бүлийн байдлын нөхцөл байдлын үнэлгээг газар дээр нь хийсэн. Ингээд бага насны, нярай хүүхдийн эцэг эх асран хамгаалах чадваргүй байсан тул журмын дагуу хүүхдийг түр хамгаалах байранд аваад байна. Хүүхэд хөхүүл учраас угжинд дасаагүй нь санаа зовоож байна. Гэхдээ бид аль болох хүүхдийг угжаар хооллоход дасгах арга хэмжээг авч байгаа. Түүнчлэн хүүхдийн эрүүл мэнд, хооллолттой холбоотойгоор ээжээс нь аль болох салгахгүй байх бодлогыг барина. Гэхдээ эрсдэл өндөр буюу хүүхдэд аюултай гэж үзвэл заавал хүүхдийг ар гэрт нь эргэн нэгтгэх шаардлагагүй. Эдгээр нь Цагдаагийн байгууллага болон хорооны хамтарсан хурлаар тодорхой болно” гэдгийг мэдээллээ. Мөн тэрбээр "Одоогоор тухайн гэр бүл хүүхдэд үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн дэргэд архидан согтуурсан гэх дүгнэлт гарсан. Иймд гэр бүлд 300 мянган төгрөгийн торгуулийг Зөрчлийн хуулийн дагуу ногдуулна. Гэхдээ цагдаагийн байгууллагаас эцэг эхийн согтуурлын зэрэг гэх мэт мэдээллийг ирүүлэх шаардлагатай. Тухайн хүүхдэд ээж аав нь бие махбодийн хохирол учруулсан эсэхийг хамтарсан баг шалгана. Энэ багт хорооны нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийг хамгаалагч, цагдаагийн байгууллагын төлөөлөл багтдаг. Энэ явдлыг анх харсан иргэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй. Хүүхдийн 108 утас үнэ төлбөргүй. Хүүхдийг газар байхад харсан иргэн 102, 108 дугаарын утсанд дуудлага өгөөгүй. Цахим орчинд мэдээллийг байршуулсан. Иргэд энэ тохиолдолд шууд 108 руу хандаарай. Иргэн хүүхэд газарт 2-3 минут байсан, ээж аав нь хоорондоо маргасан гэж бидэнд мэдээлсэн. Хүүхдийн нус гоожсон байдалтай байна. Бусдаар эрүүл мэнд нь хэвийн" хэмээв.

С.БЯМБАЦОГТ: ИРГЭДДЭЭ ХУДАЛ ХЭЛЖ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭХ ХЭРЭГГҮЙ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нөхцөл байдал амаргүй байгаа нь үнэн. Ард иргэддээ “гайгүй байна, болж байна, бүтэж байна” гэж худал хэлж хүлээлт үүсгэхгүйгээр нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч хэрхэн шийдвэрлэх, хохирол багатай хэрхэн давах туулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Олонх нь цөөнхөө даапаалаад, цөөнх нь олонхио шүүмжлээд, алдаа хийдлээ аль нэг рүүгээ чихээд ард нь гарахгүй. Монгол Улс, монголчууд бид бүгдээрээ л нэг зорилготой, нэг л жаргал зовлонтой гэдгээ ухаарах цаг. Хоёр хөрш маань нэг нь цар тахлын нөхцөл байдлаас үүдээд хөл хориотой, нөгөө нь дайны байдлаас болоод олон улсын хоригт орчихлоо. Үүнээс үүдээд дунд нь байдаг бид хоригийн хоригт орчихлоо. Энэ нөхцөл байдлыг хэрхэн, зөв, бага эрсдэлтэй давах вэ гэдэг дээр өнөөдөр байгаа нөхцөл байдлаа зөв үнэлж дүгнэж анхаарч ажиллах тал дээр анхаарах нь зүйтэй. Дэлхийн зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдол, валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн сулрал, тээвэр ложистикийн гацаа бидэнд давхар цохилт болж байна. Тиймээс хүнсний, шатахууны, бараа бүтээгдэхүүний хангалттай хэмжээний нөөц бүрдүүлж, илүү эрсдэлд орохоос эртнээс сэргийлэх ёстой. Стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний буюу гурил, будаа, элсэн чихэр, эм хангамжийн нөөц бүрдүүлэх асуудалд анхаарах ёстой. Энэ чиглэлд худалдаа, бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжийн татвараас хөнгөлөлтийн асуудал дээр бодлогын асуудал яригдсан болов уу. Хувийн хэвшилд буй нөөцийг төр худалдаж аваад, эргэлтийн хөрөнгийг нь суллаад өгөх юм бол цаана нь дахин татан авалт, дахин худалдан авалт хийгдэж Монгол Улсын нөөц 2 дахин нэмэгдэх бодит бололцоо байна” хэмээв.

“СОД-МОНГОЛ” ШТС-ЫН МАШИН ХҮН ДАЙРЧ ГЭМТЭЭЖЭЭ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр том оврын шатахуун ачсан автомашин хүн дайрч гэмтээжээ. Тодруулбал:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагдаагийн өргөн чөлөөнд “Содмонгол” ШТС-ын Zoomlion маркын автомашины жолооч гарцаар гарч явсан 25 настай эмэгтэйг мөргөж гэмтээжээ. Одоогоор гэмтсэн иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Г.АМАРТҮВШИН: ХУУЛИЙН БАЙГУУЛАГАД МЭДҮҮЛЭГ ӨГСӨН

Хөгжлийн банктай нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хүсэлт гаргасан билээ. Уг хүсэлтийг хэлэлцэх боломжгүй гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2022.04.13/ мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин дээрх асуудалд тайлбар өглөө. Тэрээр: "Хуулийн нарийн зүйлийг би бодсонгүй. Гэхдээ УИХ-ын зүгээс миний хүсэлтийг шийдүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бол прокурор оруулаад ирэг, тэгээд асуудлыг шийдье л гэсэн санаа юм. Намайг хуулийн байгууллагаас дуудсан. Нэг удаа мэдүүлэг өгсөн. Хуулийн байгууллага шударгаар шалгаж, шийднэ гэдэгт итгэж байна" гэв.

ОЮУТНАА АЛГАДСАН "ИХ ЗАСАГ" ИХ СУРГУУЛИЙН БАГШИЙГ АЖЛААС НЬ ХАЛЛАА

"Их засаг" Олон Улсын их сургуулийн биеийн тамирын дасгалжуулагч багш Б нь эмэгтэй оюутнаа алгадсан бичлэг цахим орчинд ил болсон. Тус бичлэг дээр багш оюутантай ёс бус харьцаж байгаа нь тод бичигдсэн байсан бөгөөд энэ нь олны бухимдлыг хүргээд байсан юм. Тэгвэл тус сургуулийн зүгээс багшийг ажлаас нь халсан талаар мэдэгдлээ. Тодруулбал:Монгол улсын боловсролын тухай хуулийн 44-р зүйлийн 44.2.1, 44-р зүйлийн 3, Байгууллагын дотоод журмын 10.6.1, Багш ажилтны ёс зүйн дүрмийн 5-р зүйлийн 5.1.27 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзлээ. Улмаар багш ажилтны ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ МАНЛАЙ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг хөтөлбөрийн томоохон зорилтын нэг “Эрүүл Өмнөговь хөтөлбөр Манлай сумаас эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллаж байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж, албаны бусад хүмүүс Манлай сумын ард иргэдтэй уулзалт хийж, #Орон нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явц, хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, малчид иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Манлай сум 2720 гаруй хүн амтай, 2021 оны эцсийн мал тооллогоор 225 мянга гаруй мал тоолуулсан бөгөөд мал төллөлт 70% тай байна. Манлай сумын нутагт энэ жил өвөлжилт хаваржилт сайхан, мал амьтны халдварт өвчин байхгүй, малчдын хувьд харьцангуй тайван цаг үеийг өнгөрүүлж байна.

НМХГ-ААС “2021-2022 ОНД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ”-ЫГ МЭДЭЭЛЖ БАЙНА

Тодруулбал: нмхг-аас “2021-2022 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалт”-ыг нийт 53 дээж авч шалгуулахад шахмал түлш стандартын шаардлага хангасан гэв. "Таван толгой түлш" компани БНХАУ-аас барьцалдуулагч авч ашигладаг. Үүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бодис илрээгүй. Агаар бохирлуулагч эх үүсвэр ашигладаг 360 орчим байгууллага бий. Хог хаягдал шатаасан гэх мэт зөрчлүүдийг илрүүлэн торгууль тавьсан. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мөн хяналт шалгалт хийдэг. Нийслэл рүү түүхий нүүрс оруулах зөрчил өмнөх оны мөн үеэс 90 хувиар буурсан. Гэвч нийслэлээс шахмал түлш авч, орон нутаг руу авч гарах зөрчил гарсаар байна. Орон нутагт 90 мянган сайжруулсан зуух байна гэдгийг тогтоосон. Ийм зуухтай иргэд шахмал түлш түлэх хүсэлтэй байгаа тул нийслэлээс авч байна. Иргэд уламжлалт зуух хэрэглэх хүсэлгүй байна. "Таван толгой түлш" компани цаашид манай түлш бүх төрлийн зууханд тохирно гэж мэдээлэх нь буруу. Ийм сурталчилгаа бүү хийгээч гэж хүссэн. Бид ид ачааллын үеэр тус компанийн үйлдвэрт 24 цагаар жижүүрлэн ажилласан. Энэ үйлдвэрийн түлшинд ямар ч эргэлзээ байхгүй. Манай лабораторид хийсэн шинжилгээний хариу гадаад улс руу явуулан хийлгэсэн шинжилгээтэй таарсан.Тэгэхээр агаарын бохирдол утаатай шууд хамаагүй. Харин иргэд уламжлалт биш сайжруулсан зуухтай болох хэрэгтэй байна. Эс бөгөөс ирэх өвөл мөн л утаа яриад сууна. Сайжруулсан зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдах боломжийг олгох ёстой. Энэ зуух ухаалаг утасны үнэтэй. Ухаалаг утсыг зээлээр авч, төлбөрийг нь хуваан төлдөг шиг нөхцөл бүрдүүлчихвэл иргэдэд хэрэгтэй байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний зөвлөлд бид энэ саналыг тавьсан. Гадаад дотоод агаарын температурын зөрүү багассан энэ өдрүүдэд угаарын хийд хордох тохиолдол нэмэгддэг. Энэ хий үхлийн аюултай. Угаар мэдрэгч хий л мэдэрдэг тул угаар мэдрэгчээ байнга асаалттай байлгахыг анхаарууллаа.

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ӨНӨӨДӨР ГАРНА

Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр улсын хэмжээнд нийт 49 шалгалтын байранд амжилттай зохион байгуулсан бөгөөд. Шалгалтад нийт 37375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95 хувьтай байсан ба. Шалгалтын дүн оноог 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулах юм байна.

21-Р ЗУУНД 200 КМ ЗАМЫГ ТАВАН ЖИЛ БАРЬДАГ МОНГОЛ ШИГ УЛС ХАА Ч БАЙХГҮЙ !!!

Олон улсын гэх тодотголтой Улаанбаатар-Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ гээд хот хөдөөг холбосон ганц зам нь өнөөдрийн байдлаар ТАМЫН ЗАМ нэртэй болоод байна. Сүүлийн хоёр ч сонгууль дамнан энэ замыг шинэчлэх асуудлыг ярьж байгаа ч өнөөдөр ч бид замгүй шороогоор туучсаар л байна. Замтай болох гэсэн олон хэдэн жилд тухайн замд осолдож амь насаа хүний тоо хэрээс хэтэрлээ. Дарханы замыг шинэчлэх санхүүжилт, хөрөнгө мөнгө нь аль гурван жилийн өмнө шийдэгдсэн ч 2024 оноос нааш энэ замаас сайн зүйл хүлээгээд ч хэрэггүй гэхэд хэлсдэхгүй болжээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож, 2019 онд бүрэн ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан байдаг. Тус авто зам Азийн хөгжлийн банк олон ЕСБХБ-ны зээлийн хөрөнгийн эх үүсвэртэй бөгөөд Азийн хөгжлийн банкны замын гүйцэтгэл 60 хувь, ЕСБХБ ойролцоогоор 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг Зам тээврийн тээврийн яамнаас тухайн үед мэдэгдэж байсан. Дархан, Сэлэнгэ зэрэг хойд бүсийг зорих иргэдийн цор ганц хүсэл аюулгүй, стандартад нийцсэн замаар зорчих, бараа материалаа тээвэрлэхэд оршино. Гэвч Харамсалтай нь зохион байгуулалт, төлөвлөлт цаашлаад балагтай дарга нарын балгаар энэ хүсэл хойшлогдсоор гурван жилийн нүүр үзлээ. Сонгууль болхоор л өөрсдийн ярих сэдвээр тус замыг нэрлэн гарч ирдэг Улсын их хурлын гишүүд хаачив. Адаг сүүлдээ ЗТХ-ийн сайд Л.Халтар Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна ХЭМЭЭН яриж суугаа нь даан ч харамсалтай.

ИРГЭН Ч.МӨНХБАЯРЫН БАТЛАН ДААЛТАД ГАРГАХ ХҮСЭЛТИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Иргэн Ч.Мөнхбаярын гэм буруутай эсэхийг шүүх хурал энэ сарын нэгний өдөр /2022.04.01/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж, хэргийг прокурорт буцаасан билээ. Тэгвэл Ч.Мөнхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтийг хэлэлцэх хурал өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг өдгөө цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа юм. Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас баривчилсан. Дараа нь мэдээлэл хийж, түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, дансанд нь их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан талаар мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар шүүхээс түүнийг гэм буруутайд тооцох нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан юм. Тиймээс түүний өмгөөлөгчид хуулийн дагуу батлан даалтад гаргах хүсэлт гаргасан ч ийнхүү шүүх хүсэлтийг хүлээж авсангүй. Тиймээс иргэн Ч.МӨНХБАЯРЫН өмгөөлөгчид гурав хоногийн дотор ерөнхий шүүгчид хүсэлт гаргаж давж заалдана гэдгээ илэрхийллээ. Харин өмгөөлөгч Г.Баасан : Шүүх үндсэн хуулиар олгогдсон хараат бус бие даасан байдлаа алджээ. Өнөөдрийг хүртэл ямар ч нотлох баримгүй хэрэг дээр Монголын шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж чадахгүй болтлоо ялзарсан байна гэв.

1 ... 162 163 164 165 166 167 168 169 170 ... 257