ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙГ СОДОН ХОРООЛОЛТОЙ ХОЛБОХ ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 95 ХУВЬТАЙ БАЙНА

  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбоно.
  • Олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байна.
  • Тус байршилд Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Энэ үеэр тэрбээр:            
-Авто зам, замын байгууламжийн өргөтгөл, шинэчлэл үргэлжилж байна. Түгжрэлийг бууруулах зорилгоор 13 байршилд авто зам, замын байгууламжуудыг  өргөтгөн, шинэчилж байна.

Улаанбаатарын хэвтээ чиглэлд зургаан эгнээ замыг ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулна. Энэ жил шороо, далан овоолгын ажлыг 70 хувьтай хийж дуусгах ёстой. Хучилтыг ирэх онд хийж дуусгана.

Газар чөлөөлөлт 2022 оноос хойш буюу нэг жил гаруй үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар өртсөнөөс одоогоор 34 нэгж талбар үлдлээ. Тодруулбал, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг хэрнээ хувь хүний нэр дээр байдаг газрын зургаан иргэнтэй ойлголцож чадаагүй.

Тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилдэг. Үүнээс болж замын ажил саатсан. Энэ зам хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болно. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэнэ. Мөн өмнө нь тавьсан холбоос замыг үндсэн замтай холбох ажлыг хийж байна гэв.

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох авто зам нь зургаан эгнээ, хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Замыг “Монгол зам групп" гүйцэтгэж байна. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн, ирэх оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолсон байна.

Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт 10 хувьтай үргэлжилж буй. Энэ жил нийслэлд 16 байршилд зам засвар, шинэчлэл гүйцэтгэж байгаагаас тав нь ашиглалтад оржээ. Мөн үерийн улмаас замын ажил удааширсан байна. Авто замын шинэчлэл, засварын ажлуудыг наймдугаар сарын 15-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.