НЭГҮҮН МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗАР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Засгийн газар өчигдөр /2022-04-08/ ээлжит бусаар хуралдаж жагсагчдын тавьсан 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэснээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцуулсан юм. Өнөөдөр Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Ерөнхий сайд өөрөө ахална, мөн шаардлага тавьсан залуусын төлөөллөөс оролцуулах юм. Тус Ажлын хэсэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана.

Оюутолгойн гадаад мэргэжилтний цогцос уурхайн II кэмпээс олджээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” уурхайд гадаадын иргэн нас баржээ. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр уурхайн II кемпээс туслан гүйцэтгэгч “СР” компанийн мэргэжилтэн Австрали улсын иргэн 50 настай эрэгтэйн цогцос олдсон байна. Задлан шинжилгээний дүгнэлт нь хараахан гараагүй ч урьдчилсан байдлаар түүнийг өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн байна. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг үргэлжлүүлэн шалгаж байна.

ЦЕГ: ДОХИОТ ГАЛ АСААЖ БУСДАД ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ ҮЙЛДЭЛ ГАРГАЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс төв талбайд жагсаалд оролцогчдод хандан анхааруулга гаргасан байна. Уг анхааруулгад "Жагсаалд оролцогчдоос дохиот галыг асааж байшин барилга руу шидэх, иргэд бөөгнөрсөн хэсэгт асаах зэргээр бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргаж байгааг цагдаагийн албан хаагчид таслан зогсоож иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Иргэн та бусдын өдөөн хатгалтад авталгүй, аюулгүй байдлаа хангаж, цагдаагийн байгууллага, алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна" гэжээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 08-нд боллоо. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцууллаа. Тэрбээр: -Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэж буй ардчилсан Монгол Улсын эрхэм иргэд, оюутан залуучууд аа Та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл бүхий шаардлагыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд дараахь хариуг хүргүүлж байна. 1.Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулна. Энэ хууль батлагдсанаар олон улсын зах зээлд огцом өсч буй шатахуун, мах, гурилын үнийн өсөлт, хомсдолоос сэргийлж, мөнгөний болон сангийн бодлого уялдах эрх зүйн орчин бүрдэнэ. 2. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд оролцож, жагсаал цуглаанаас шалтгаалж саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан талаар мэдээлэл өгсөн болно. 3. Авилга, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авилгын хэргийн ялын бодлогыг чангатгасан хуулийн төслийг ирэх долоо хоногт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтов. Мөн Та бүхний шаардсан шаардлагыг Авилгатай тэмцэх газар шалгах талаар Авилгын эсрэг хуулийн 13.2-т заасан өөрчлөлтүүд энэ хуулийн төсөлд багтсан байгаа болно.Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн газраас шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллана. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, сонгон шалгаруулалтыг ил тод болгоно.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАЙВНААР ЖАГСААЛАА ӨНДӨРЛҮҮЛ

Сүхбаатарын талбайд хоёр өдөр "Монголдоо сайхан амьдаръя" жагсаал болж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.04.08/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гарсан шийдвэрийг Төв талбайд цугласан иргэдэд танилцууллаа. Тэрээр: "Өчигдөр гарсан жагсаалын үеэр саатуулагдсан иргэдийн талаар ЦЕГ, ТЕГ-ын дарга нар оролцож өнөөдөр шуурхай мэдээлэл хийсэн. Одоогоор саатуулагдаад байсан бүх иргэдийг сулласан. Авилга, албан тушаалтны нэр холбогдсон этгээдийн хэргийг "ял наймаалцах" хэлбэрээр шийдэхгүй байхад анхаарч ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Мөн төрийн албан хаагчид том оврын автомашиныг нийслэл хот дотор ашиглахгүй байх, төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын хязгаар тогтоохоор шийдвэрлэлээ. Иймд Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн үнийн өсөлт хомсдолоос урьдчилан сэргийлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсруулан нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг УИХ-аар дөрөвдүгээр сарын 15-ны дотор амжуулж хэлэлцүүлэн эцэслэн батлуулна. Иймээс залуус тайвнаар жагсаалаа дуусгаж, тарахыг уриалж байна" хэмээв.

МОНГОЛ ЗАЛУУЧУУДЫН ЖАГСААЛЫГ ГАДНЫ ХЭВЛЭЛҮҮДЭД

‘’Монголдоо сайхан амьдаръя’’ гэсэн уриан доор зохион байгуулагдаж байгаа залуусын жагсаалыг гадны хэвлэлүүд ийнхүү мэдээллээ. Монгол залуус өчигдөр буюу 2022.04.07-ны өдөр нийслэл хотын төв талбайд цугларч, хойч ирээдүйнхээ төлөө нэгдлээ. Тэдний жагсаал шөнө болтол үргэлжиллээ. Нийслэл хотын өнцөг булан бүрээс ирсэн залуус үзэл бодлоо хэнээс ч хараат бусаар чөлөөтэй илэрхийлж тайван жагсаалд оролцлоо.Залуус “Эх орон амар амгалан байж, эрүүл орчинд, ажилтай орлоготой байхыг хүсэж байна” хэмээн хашгирч байв. “Эх орондоо сайхан амьдармаар байна” лоозон барьжээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хүртэл дуут дохио хангинуулан үзэл бодол нэг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. “Ажлаа хий” хэмээх гол уриан доор нэгдэж эрх баригч нараас хариуцлагатай байхыг шаардлаа.

ЗАЛУУСЫГ ТУРХИРЧ ҮЙМҮҮЛЭГЧИД ХОЖИХ УУ?

Монголдоо сайхан амьдрах гэж хүссэн, ирээдүйнхээ төлөө нэгдсэн өчигдрийн жагсаалын утгыг өөрчилж, балмадаар үймүүлэн, шөнө дунд баривчилгаа болж. Үзэл санаагаараа гэгдэж Монголын төрд дуу хоолойгоо хүргэж чадсан залуус, ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэхэд хэн нь хэнд хэрэгтэй, хэний хожил болох вэ???. Турхирч, үймүүлэгчид хожно. Залуусын ирээдүйг хулгайлсан банкны тонуулчид, ханахаа мэдэхгүй луйварчид л ахин дахин хожсоор л байх уу???.

ТӨРИЙН ОРДНООС СОГТУУ ГАРЧ ИРСЭН 30-40 ЭРГЭМ НАСНЫ ЭТГЭЭД ХЭН БАЙВ

Төрийн ордны зүүн талын хаалгаар гарч ирсэн этгээдээс архи үнэртсэн гэж жагсагчдын мэдээлснээр цагдаагийн алба хаагчид тухайн этгээдийг хяналтад авч. Улмаар жагсагчид уг тээврийн хэрэгслийг хааж тухайн иргэний царайг харж, согтуурлын зэргийг шалгуулахыг шаардсан юм. Ингээд иргэдийн хүсэлтээр зохих багажаар хэмжихэд төрийн ордноос гарч ирсэн этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.

С.ЭРДЭНЭ: З.ЭНХБОЛД, Х.БАТТУЛГА ГЭХ ХОЁР НОВШТОЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ ИРНЭ

Өнгөрөгч Ням гараг /2022.04.03/-ны өдөр явагдаж өндөрлөсөн АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан Х.Баттулгыг батламжлах хурал өнөөдөр /2022.04.07/ боллоо. Учир нь С.Эрдэнэ нарын өргөн барьсан АН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн тул энэ удаагийн АН-ын даргын сунгаа “хууль бус” гэж мэдэгдэн нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татсан. С.Эрдэнэ @serdenemn З.Энхболд гэж Төрийн ордны тайган байсан урвагч тамга хийлгэнэ ч гэж юу байхав?!! Монгол төрийн тамгыг Зика хийлгэдэг байсан юм байлгүй дээ?! АН-ыг самарсан ардчиллын ар нуруунд хутга шаасан Жонхуу Зика гэж 2-новштой Монголын түүх хариуцлага тооцох цаг ирнэ дээ тун удахгүй!! 3:31 PM · Apr 7, 2022 Х.Баттулгыг батламжлах хурлын үеэр З.Энхболд АН-ын хүчингүй болсон тамгыг тайлбарлаж, “миний 2000 онд АН-ын генсек байхдаа хийлгэсэн тамга мөн байна” гэж мэдэгдсэн. Харин С.Эрдэнэ, “З.Энхболд гэж Төрийн ордны тайган байсан урвагч тамга хийлгэнэ ч гэж юу байхав?Монгол төрийн тамгыг Зика хийлгэдэг байсан юм байлгүй дээ? АН-ыг самарсан ардчиллын ар нуруунд хутга шаасан Жонхуу Зика гэж 2-новштой Монголын түүх хариуцлага тооцох цаг ирнэ дээ тун удахгүй” хэмээв.

Ц.МӨНХ-ОРГИЛ: “АЛТАНБУЛАГ”, “ЦАГААННУУР” ЧӨЛӨӨТ БҮСЭЭС СУРГАМЖ АВААГҮЙ ЮУ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Чөлөөт бүс байгуулах нь амаргүй ажил. Өмнө нь “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүс байгуулчхаад түүнээсээ сургамж аваагүй л явна. Өмнөх хоёр чөлөөт бүс яагаад өнөөдрийг хүртэл ажиллахгүй байна вэ гэхээр улс дотор улс байгуулах цаад санааг нь ойлгож хүлээж авч чадахгүйтэй холбоотой. Тогтоолоо баталчхаад дараа нь хуулиа оруулж ирэх юм байна. Уг нь Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах тогтоолтой хамт хуулиа оруулж ирмээр байна. Ажлын хэсгээс асууя өмнөх хоёр чөлөөт бүсээс сургамж авсан зүйл юу байна. Тэнд юу нь болохгүй байна вэ. Бидэнд санхүүгийн том төв байгуулах талаар мөрөөдөж болно. Гэхдээ бодит байдал дээр бид 30 жил хөөцөлдөөд банкуудын лоббиг давж чадаагүй учраас Монголд өнөөдөр нэг ч гадаадын банк байхгүй. Нэг ч гадаадын банкгүй байж олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулах талаар ярих нь хоорондоо авцалдахгүй байна. Ядаж эхлээд гадны банктай болмоор байна. Банкны үйл ажиллагаагаа эрүүлжүүлмээр байна. Гадны банкыг удирдаад зохицуулсныхаа дараа олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулах нь логиктой. Чөлөөт бүсийн ач холбогдол нь өөр хаана ч байхгүй давуу талыг олгох зорилготой. Яг ямар давуу тал олгох нь тодорхойгүй. Жишээ нь Хятадын далайн эрэг дээрх олон чөлөөт бүсийг байгуулахдаа хямдхан ажиллах хүчнээр татсан. Зарим газар нь Дубай шиг өөрсдөө асар их нефт буюу мөнгөн дээр сууж байгаа учраас тэр мөнгийг менежмент хийх багийг бүрдүүлж байна. Казино байгуулах нь их ярвигтай шүү. Монгол шиг жижиг улс дээрээс нь Орос, Хятадын дунд байдаг хоёр хөршийн аль аль нь мөнгө угаах тал дээр хяналтаа гүйцэт тавьж чаддаггүй. Ийм тохиолдолд Монголд казино оруулж ирээд мөнгө угаагаад дэлхийн санхүүгийн системээс таслагдах вий дээ. Казиног дагаж хэдэн төгрөг орж ирэх байх. Үүнийг дагаад ямар сөрөг нөлөөтэй үзүүлэх талаар бодож үзэх хэрэгтэй. Казино цэвэр, ил тод, мөнгө угаадаггүй бол асуудал алга" хэмээв.

1 ... 163 164 165 166 167 168 169 170 171 ... 254