УСАНД АВТСАН БАЙРНУУДЫН УСЫГ СОРУУЛЖ ДУУССАНЫ ДАРАА ТОГ ЦАХИЛГААНЫГ ЗАЛГАНА

Цаг уурын өнөөдрийн нөхцөлөөс шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 54  дэд өртөө, 14132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсны 53 дэд өртөө, 10020 хэрэглэгчийн хэрэглээг сэргээжээ.

Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой 22 дэд өртөө, орон сууцны 43 байрны  4112 хэрэглэгч байна. Эдгээр хэрэглэгчдийн байршлыг нэрлэвэл СБД-ийн 1-р хороонд 3 байр, БЗД-ийн 43-р хороо, ХУД-ийн 15-р хороо Рапид харш хотхоны 4 байр, 2, 3, 10-р хороонд 5 байр, БГД-т 8 байр байна.

Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг нь сэргээгээд байна. УБЦТС ТӨХК шуурхай үйлчилгээ, үзлэг, засварын бригадуудын хүчийг нэмэгдүүлж, тасралтгүй ажилласан байна.

Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.