SOCIAL NEWS
Вьетнам засварын газруудаас татвар авдаг болно

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөөр удирдуулсан хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ажилтан, алба хаагчид дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газруудаар орж дараах зүйлсийг хийж хэрэгжүүлэхийг үүрэгдлээ. Үүнд: 1. Вьетнам засварын газрууд дүүрэгт татвар төлдөггүй учир татвар төлдөг болгох 2. Үйл ажиллагаа явуулж буй газрын дотор болон гадна талын тохижилтод анхаарч шаардлагатай тохижуулалтыг хийж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх 3. Гарч буй хог хаягдлыг яаралтай шийдэж ажиллах хэрэгтэй талаар хэлж санууллаа. Дээрх шаардлагуудыг хэрэгжүүлэх тал дээр байнгын хяналт шалгалт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Бадамхандад үүрэг болголоо.

Сая мод тарьсан зохиолч Ч.Галсан "Байгаль орчны тэргүүний ажилтан" боллоо

БОАЖЯ-аас зохиолч Ч.Галсанд "Байгаль орчны тэргүүний ажилтан" тэмдгийг гардуулан өгчээ. 2009 онд өөрийн бичсэн номоо зарж олсон мөнгөөрөө нэг сая мод худалдан авч хүмүүст хандивлаж, тарьж ургуулж эхэлснээс хойш дэлхийн олон хүмүүс, байгууллага түүнд туслаж дэмжсээр 2021 оны намар нэг сая дахь модоо тарьж дуусгажээ. Түүний нөр их хөдөлмөрийн үр шим өдгөө цэцэрлэг, сургууль, эмнэлэг, олон нийтийн газар, цэргийн анги, 17 аймгийн олон зуун суманд үндэслэж, ногоон төгөл болон ургаж байна. Тэрээр хэлсэн үгэндээ "нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь над шиг 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина" хэмээжээ. Зохиолч маань аравдугаар сарын 9-ний хагас сайн өдөр Баянхошууны Зүүн Салааны эцэст байрлах Энх Мөнхийн Байгаль цэцэрлэгт 3000 мод аравдугаар сарын 10-ны Ням гаригт Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт дахин 2000 мод тус тус хандивлахаар төлөвлөжээ.

Ургац хураалтад 11 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна

Ургац хураалтад 1797 цэрэг, 1911 оюутан, 7404 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11112 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байгаа билээ. Урьдчилсан байдлаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ. Өнөөдрийн байдлаар 55.7 мянган га талбайг ангилан хадаж, 106.4 мянган га-аас 154.6 мянган тонн үр тариа, үүнээс 99.7 мянган га-аас 145.2 мянган тонн улаанбуудай, 13.9 мянган га-аас 128.4 мянган тонн төмс, 6.1 мянган га-аас 72.6 мянган тонн хүнсний ногоо, 22.6 мянган га-аас 64.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-аас 13.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан. Ийнхүү одоогийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы хураалт 26.4 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 65.6-69.9 хувийн явцтай байна.

Тайваньд дайн дэгдэхэд бэлэн байна

Тайванийн Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чэн сүүлийн 40 жилийн түүхэнд гараагүй зэвсэгт мөргөлдөөн эхлэх хамгийн аюултай нөхцөл байдал үүсээд байгаа талаар лхагва гарагт мэдээлжээ. Бээжин байлдааны нэлээд тооны онгоцоо сүүлийн дөрөв хоногт Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү илгээсэн байна. Хэдийгээр тэд арал руу хүрээгүй ч хурцадмал нөхцөл байдал хэдийнээ үүссэн хэмээжээ. Түүнчлэн БНХАУ 2025 онд Тайвань руу довтлохоор төлөвлөж байж болзошгүй. Бээжин өнөөдөр бэлэн байгаа ч ойрын ирээдүйд энэ төлөвлөгөөгөө илүү хялбараар гүйцэлдүүлэх боломжтой талаар сайд дурьджээ. Чиу Куо Чен Тайванийн зэвсэгт хүчинд зориулан пуужин, байлдааны хөлөг онгоц авахад зарцуулах төсвөө хэлэлцэх үеэрээ ийнхүү хэлсэн аж. Хятадын цэргийн хүчин чадлыг харуулсан энэ үйл явдалд барууны улс орнууд нэлээдгүй санаа зовниж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Эх сурвалж: ВВС

Дорноговь аймагт тэсрэх бөмбөг олдлоо

Дорноговь аймгийн Алтанширээ сумын “Тоосгонтын хэц” гэдэг газар нэгэн малчин цэнэгтэй тэсрэх бөмбөг олжээ. Тус дуудлагыг 10.06-ны 16:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах салбарын тэсэлгээчин аврагч, Цагдаагийн газрын алба хаагчид 26 км замыг туулан 17:01 цагт очиход малчин Т.. нь "ТМ-62" маркын цэнэгтэй танк эсэргүүцэгч мина буюу тэсрэх бөмбөг олсон байсныг Цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид мэдэгджээ. Эх сурвалж: ОБЕГ

Украйны онгоцны үйлчлэгчдийн хувцас загварын "хувьсгал"

Украйны агаарын тээврийн “SkyUp Airlines” компани багийн гишүүддээ өмд, пүүз өмсөх сонголтыг өгснөөрөө онгоцны үйлчлэгчийн хувцас загварт "хувьсгал" хийж, уламжлалт ёсыг халаад буй. Онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд өндөр өсгийт бараан өнгийн шулуун юбка өмсдөг нь хүн бүрийн нүдэнд хэдийнээ танил болжээ. Тус компани энэ намраас эхлэн уг шинэ дүрэмт хувцастайгаар үйлчлүүлэгчдээ хүлээн авах юм байна. Албан ёсны вэбсайтад дурдсанаар дүрэмт хувцас нь цагаан, улбар шар өнгийн костюмны хослол, цагаан пүүз байх аж. Агаарын тээврийн компаниас нь “Nike Air Max 720” загварын пүүзийг ажилчдадаа сонгосон бөгөөд бүтэн өдрийн турш дээд зэргийн тохь тухыг мэдрүүлэх болно хэмээжээ. Мөн мөрөн дээгүүрээ цайвар цэнхэр өнгийн торгон ороолт тохох болсон нь дүрэмт хувцсыг улам хээнцэр болгожээ. Нүүр будалтад тэнгэрийн өнгийг санагдуулам улбар шар, цэнхэр өнгийн будалт хийж, тод улбар шар өнгийн чемодан бариулан нэлээдгүй өөрчлөлт оруулахаар зорьжээ.

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа Вашингтонд хотноо болно

Nрэх сарын 15-наас 25-ны өдрүүдэд “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёл” чуулган АНУ-ын Вашингтон, Канад улсын Торонто хотод тус тус зохион байгуулагдана. Вашингтон хотын төвд зохион байгуулагдах чуулганд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохиогдох аж. Энэ удаагийн үйл ажиллагаа үйлдвэр, ХАА, газар тариалан, эрчим хүч, барилга, тээвэр, соёл урлаг, аялал жуулчлал, мэдээллийн технологи, анагаах ухаан, банк санхүү, харилцаа холбоо, уул уурхайн салбарыг хамарч байгаа юм. Цахим болон тусгайлсан VIP бизнес уулзалт, сургалт-семинар, олон улсын 40 гаруй хөрөнгө оруулагч нарт төсөл хөтөлбөр соёл ахуйгаа танилцуулна. Тус үйл ажиллагаа дууссаны дараа мэдээллийн албан ёсны сувгуудаар хоёр сар сурталчлах юм.

Гал түймэр унтраах 21 автомашиныг Францын талаас хүлээн авлаа

Монгол Бүгд Найрамдах Франц улсын засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” хэрэгжиж байна. Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу дөрвөн төрлийн 14 сая 985 мянган еврогийн өртөг бүхий 42 автомашин 2021 онд бүрэн нийлүүлж дуусах юм. Эхний ээлжийн хоёр төрлийн 21 гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг хүлээн авах арга хэмжээ боллоо. Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины жолооч нарын сургалт, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулилт өнгөрсөн сард болж өндөрлөсөн.

Чимэглэлийн болон Башир цэцэгнээс шүлхий хачиг илэрчээ

Замын-Үүд боомтоор “Цэцэгт мэндчилгээ” ХХК-ны башир цэцгэнд Монгол Улсад хязгаарлагдмал, хөнөөлт шавж бүхий шүлхий хачиг /үхсэн хэлбэрээр/ байсныг мэргэжлийн хяналтынхан өнгөрсөн сарын 26-нд илрүүлж устгалд оруулжээ. Тус компанийн Башир цэцэгнээс өнгөрсөн сарын 30-нд дахин шүлхий хачиг илэрсэн.Мөн энэ сарын 2-нд Гардения ХХК-ий чимэглэлийн цэцгэнд шүлхий хачиг илэрсэн. Түүнчлэн шар буурцгийн уураг, нойтон салфетка, хуванцар сав зэргийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр хилээр нэвтрүүлэх гэж байсныг боомтын алба хаагчид илрүүлэн, шуурхай арга хэмжээ авчээ.

1 ... 11 12 13 14 15 16 17 18 19 ... 24