НЭГҮҮН МЭДЭЭ
САР БҮР ХҮСЭЛТ ГАРГАЖ ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВАХ НЬ ИРГЭДЭД ИХЭЭХЭН ХҮНДРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ТУЛ УГ ЖУРМЫГ ШИНЭЧИЛНЭ

Хүүхдийн мөнгө олгох журмыг дахин шинэчлэхээр боллоо. Шинэ журмын төсөлд Эцэг эхчүүд сар бүр и-баримт аппликэйшн болон и-монголиа системээр дамжуулан хүүхдийн мөнгө авах хүсэлт илгээх ёстой. Ухаалаг гар утасгүй, интернетгүй бол харьяа Хөдөлмөр халамжийн хэлтэс болон банканд хандана хэмээх ХНХЯ-наас боловсруулсан журам нь иргэдийг ихээхэн бухимдуулсан шийдвэр болсон. Иймд Засгийн газрын хуралдаанаар иргэдийн саналыг харгалзан энэ сарын 20-ноос өмнө журмыг шинэчлэхийг ХНХ-ын сайд А.Ариунзаяад үүрэгдлээ . Иргэд тухайн сарын 20-ноос өмнө хүсэлтээ илгээгээгүй бол мөнгийг хүүхдийн хуримтлалын нэрийн данс руу шилжүүлэх талаар ч тусгажээ. Одоо ашиглаж буй арилжааны банкны дансандаа хүлээн авахгүй юм .

3 ЖИЛИЙН ХУГАЦААНД ААН-ҮҮДЭД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОГСООЛОО

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван жилийн хугацаанд бизнесийн байгууллага, ААН-үүдэд тавих төрийн хяналт шалгалтыг зогсоохоор болсноо мэдэгдлээ. 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл түр зогсоож байгаа аж. Ингэхдээ нийгмийн даатгал СЗХ Монголбанк, СЗХ, гааль татвар, эрүүл мэнд хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалт зогсохгүй. Үүнээс бусад ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэлттэй холбоотой бүхий л хяналт шалгалтыг зогсоолоо. Хүний эрүүл мэнд, амь нас, хоол хүнстэй холбоотой хяналт шалгалтыг иргэдээс мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн гомдлын дагуу хийнэ .

ШҮЛХИЙ ДЭГДСЭН БОЛ МАЛАА БОРЛУУЛЖ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ БОЛОХГҮЙ

Өмнөговь аймгийн хэмжээнд Мандал-овоо сумын Мандал, Өтгөн баг, Сэврэй сумын Хоолт багийн нутагт 9 өрхийн мал малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилж 2 сумын 4 голомтын 9 өрхийн 785 толгой мал өвчилснөөс 5 өрхийн хонь-342, ямаа-295 бүгд нийт 637 толгой малын шүлхий өвчний шинж тэмдэг арилж, 2 сумын 4 өрхийн 148 толгой мал шүлхий өвчний шинж тэмдэг арилаагүй өвчлөлтэй байна. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 50 өрхийн 25452 толгой малыг шүлхийгээс сэргийлэх дархлаажуулалтад хамруулаад байна. Мандал-Овоо суманд байнгын хяналтын 2 пост 4 хүний /Хэсгийн төлөөлөгч цагдаа 1, сургуулийн жолооч 1, цэцэрлэгийн аж ахуй нярав 1, ахмад ажилтан 1/ бүрэлдэхүүнтэй,Хөдөлгөөнт эргүүл 2 Булган суманд байнгын хяналтын 2 пост тус бүр 4 хүний /сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч 1, багийн засаг дарга 4, цагдаа 1, ЗДТГ-ын ажилтан 5, бусад ажилтан 5 / бүрэлдэхүүнтэй, Сэврэй суманд байнгын хяналтын 1 пост Булган, Сэврэй сумын зааг хэсэг дээр 3 хүний /Мал эмнэлгийн тасгийн тархар зүйч 1, ЗДТГ-ын ажилтан 2/ бүрэлдэхүүнтэй нийт 3 суманд байнгын 5 пост, 2 хөдөлгөөнт эргүүлд 25 хүн, 7 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

ХУДАРГАГҮЙ ЗАН ГАРГАЖ МОННИС МОТОРС ТӨРӨӨС 6.9 ТЭРБУМИЙГ ХУМСАЛСАН УУ?

НЗДТГ “Сурагчдын автобус“ хэмээх үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд 200 автобусыг нэлээдгүй өндөр үнээр “Моннис Моторс” ХХК-тай үзэглэн эхлүүлээд буй. Өндөр нууцлал бүхий уг гэрээнд 2020-2022 онд шат дараалалтайгаар автобуснуудыг нийлүүлнэ нэг бүрийн үнийг 370 сая байхаар тооцсон аж.Ингээд тооцоолоод үзэхээр 24 тэрбум 50 сая төгрөг болж байгаа юм. Гэрээг өнгөрөгч оны долдугаар сард байгуулсан байдаг. Гэвч 2020 онд 23 автобусны санхүүжилтийн мөнгийг авсан хэдий ч ердөө тавханыг нийлүүлсэн. Сурагчдын автобус худалдан авах нь яагаад Үндэсний аюулгүй байдал Нууцын зэрэглэлд хамаарах гэрээ болж хувирав.Хүүхдийн гэх нэрийдлээр хөлжихөө бодож мөнгө завших мөнхийн бодолдоо автан хөөрхий биднийгээ хөнгөхөн дөнгөсөөр л. Хааж боолгосоор хариуцлага ч нэхэхээ байж .

ТЭРБУМТНИЙ ТЭНЭГ ҮЙЛДЭЛ ИЛРЭХ ШИВ

Улсдаа хамгийн залуу тэрбумтан гэгддэг Гантогтохын Ирээдүй буюу сошиалд IZ нэрээрээ танигдсан тэрээр IT чиглэлээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Өнгөрөгч оны 11 сард өөрийн нэрээр койн гаргаж буйгаа мэдэгдэн хувь дансаараа 20 гаруй тэрбум төгрөгийг цуглуулаад амжсан.”Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо тэрээр “Иргэдийн койны мөнгө 25 тэрбум хүрвэл компанийн данс руу хийнэ” хэмээн ярьж байсан нь саяхан. Гэвч тэр тэгээгүй бөгөөд энэ сарын 6-нд цагдаагийн байгуулагад өргөдөл гарган өнгөрөгч оны 11 сарын 8-аас IZCOIN крипто токен бий болгон нийт 20 418 000 000 төгрөгийг өөрийн дансандаа төвлөрүүлсэн. Иргэдийн мөнгийг буцаан шилжүүлэхдээ 125 хүнд давхардуулж олгосон бөгөөд миний сүлжээ халдлагад өртсөн хэмээх утга бүхий өргөдөл өгсөн байдаг. Ийнхүү түүнд итгэж хөрөнгө оруулсан иргэд хохироод үлдэж байна. Түүний уянгалсан жүжиг үргэлжилсээр цахим хуудсаараа “Буцаан олголтоо аваагүй хүмүүс аваарай ‘’ гэж бүрэн хэмжээний тоглолтоо тавьсаар. Бодит байдал дээр итгэж найдаж хийсэн мөнгөө одоог хүртэл авч чадаагүй иргэд байсаар л. Иймд иргэд санхүүгийн мэдлэгээ зузаатгаж аливаа гоё сайхан PR-т итгэлгүй хашир хэрсүү байж өөрөөсөө ч харамлан хумтлуулсан хөлс тэвчээр хатуужил шингэсэн хэдэн төгрөгөө энэ мэт хүмүүст өргөн барихгүй байхыг анхааруулж байна.

ЗАМЫН ҮҮДЭД ТЭЭВЭР ЭРХЛЭГЧИД ТӨР ЗАСАГТ ҮГЭЭ ДАЙЖ БАЙНА

Замын үүдэд улс хоорондын зорчигч ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж амьжиргаагаа залгуулдаг 7000 орчим жолооч бий бөгөөд ачаа тээврийн үйл ажиллагааг төрөөс хясан боогдуулж бусдаар гүйцэтгүүлж эхэлж байгааг жолооч нар эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэж эхэллээ. Тэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэж ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө ийнхүү үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх болов. Ковидын нөлөөгөөр жолооч нар эрүүл мэндийн байгууллага онцгой байдлаас хүргүүлсэн дэглэм зааврыг чанд мөрдөж байсан ч төр засгийн шийдвэр тогтоол тусгаарлалт эрээнд ажиллах дундын жолооч зэрэг арга хэмжээнүүд нь танил талдаа илтэд давуу байдал бий болгосон үйлдлүүд олон гарсан тул энэ мэт шударга бус үйлдлүүдийг таслан зогсоохыг уриалав.

ШӨНИЙН ТҮГШҮҮР : ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГААРСААР ...

2022 оны 01 сарын 07-08 нд шилжих шөнө НЭГҮҮН.МН сайт БЗД-Ц3-р хэлтэстэй хамтран шөнийн сурвалжлагдан гарсан юм. Уг өдөр дуудлагын ихэнх хувийг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эзэлж байлаа. Мөн хуурамч дуудлага өгч цагдаагийн алба хаагчийн ажилд хүндрэл учруулах явдал нэлээдгүй байсан юм. Гэр бүлийн хүчирхийлэл нь архидан согтуурах, ажилгүйдлээс үүдэлтэй үйлдэгдэж байна гэж цагдаагийн алба хаагчид анхааруулж байлаа. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ДУУДЛАГА ӨДӨРТ 100-150 БҮРТГЭГДСЭЭР БАЙНА Хэдэн жилийн өмнө Хүчирхийллийн эсрэг төв ганцаараа шахуу энэ асуудалтай тэмцдэг байсан. Харин одоо Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар гээд төрийн олон байгууллага энэ асуудалд анхаарч, өөр хоорондоо уялдаатай ажилладаг болсон. Гэвч хүчирхийллийн дуудлага мэдээлэл улам л нэмэгдсээр байгаа бөгөөд далд хэлбэрт шилжээд байгаа нь анхаарал зүйл боллоо. Хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийг цаг алдалгүй мэдээлж, арга хэмжээ авахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байгааг анхааруулъя. Магадгүй таны таних, танихгүй хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт мэдээлэл өгөх боломжтой. Таны мэдээллийн нууцыг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хамгаалдаг болсон учир санаа зовох ямар асуудалгүй...

МОНГОЛ УЛСАД ДОТООДЫН ХАЛДВАРААС ОМИКРОН ХУВИЛБАРЫН ТАВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН НЬ ЦАР ТАХЛЫН ДӨРӨВДҮГЭЭР ДАВЛАГАА ЭХЭЛЖ БАЙГААГ ХАРУУЛЛАА

Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэл хийлээ. Тэрбээр, Монгол Улсад гадаадаас ирсэн иргэдээс омикрон хувилбарын 12 тохиолдол бүртгэгдсэнийг 1-р сарын 7-ны өдөр мэдээлсэн. ХӨСҮТ-д вирусийн генийн дараалал тогтоох лабораторийг 2021 оны 12-р сард суурилуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. Өнгөрсөн хугацааанд гадаадаас ирсэн болон дотоодод илэрсэн халдваруудад генийн дараалал тогтоох шинжилгээг хийж байсан. 1-р сарын 9-ний ням гарагт буюу өнөөдөр хийсэн PCR шинжилгээний дараах вирусийн генийн дараалал тогтоох шинжилгээгээр таван сорьцоос омикрон хувилбар илэрлээ. Манай улсад дотоодын халдвараас омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ долоо хоногт халдварын тоо эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо 1000-аас дээш гарлаа. Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор аймагт хоногт 50-аас дээш тохиолдол бүртгэгдсэн ба энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Халдвар нэмэгдэж байгаа нь сүүлийн нэг сарын хугацаанд хүн амын хөдөлгөөний эрчим огцом нэмэгдсэнтэй холбоотой. Баяр ёслолыг өргөн тэмдэглэсэн нь халдвар эргээд ихсэх нэг шалтгаан боллоо. Вакцинжуулалтад иргэд идэвхтэй хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 2000 гаруй хүн IV тунгийн дархлаажуулалтыг хийлгээд байна. Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн нь манай улсад цар тахлын дөрөвдүгээр давлагаа эхэлснийг харуулж байна. Манай эрдэмтдийн хийсэн тооцооллоор манай улсад IV давлагаа 1-р сарын сүүлчээс 2-р сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Хэдийгээр тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай ч ард иргэд та бүхэн айж сандрах хэрэггүй. Омикрон хувилбар хөнгөн шинж тэмдэгтэй явагдаж байна. Цар тахлын IV давлагаа томуугийн халдвартай зэрэгцэн дэгдэж, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймд бид эхний ээлжинд хүүхэд, жирэмсэн эхчүүд, архаг өвчтэй хүмүүс болон өндөр настнуудыг эрэмбэлэн эмнэлэгт хэвтүүлэх бодлого барина. Иргэд аль болох хүлээцтэй хандахыг уриалж байна. Засгийн газар, УОК, ЭМЯ-наас аль болох хөл хорио тавихгүйгээр энэ давлагааг даван туулахаар хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд та бүхний оролцоо, хариуцлага, хамтын хүчээр энэ давлагааг даван туулж чадна гэж бүрэн итгэлтэй байна гэв. Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн нь манай улсад цар тахлын дөрөвдүгээр давлагаа эхэлснийг анхаарууллаа

1 ... 212 213 214 215 216 217 218 219 220 ... 254