НЭГҮҮН МЭДЭЭ
БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД ҮҮСЭЭД БУЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ

Казахстан Улсын Засгийн газар 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал Мангистау мужийн Жанаозен болон Актау хотуудад 1 дүгээр сарын 2-ны өдөр гарч, Алматы, Нур-Султан зэрэг хотуудад тэлж, улмаар шаардлага нь зөвхөн хийн үнийн асуудал бус, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн хэлбэрт шилжив. Нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч К.Ж.Токаев 1 дүгээр сарын 4-ний өдөр Мангистау муж болон Алматы хотод, 5-ны өдрийн 16.00 цагт Нурсултан хотод онц байдал зарлаж, дараах арга хэмжээ авч эхлээд байна: Нийтийн хэв журам сахих, онцгой чухал объект, иргэдийн амь нас, нийтийн тээврийн үйл ажиллагааг хангах байгууламжийн хамгаалалтыг бэхжүүлэх; Алматы, Нурсултан хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөг хязгаарлах; Иргэний үнэмлэхийг баталгаажуулах, биечлэн шалгах, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах; Алматы, Нурсултан хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах; Тайван жагсаал, спортын болон бусад төрлийн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох; Ажил хаялт, хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох зэргийг хориглох; Зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, тусгай хэрэгсэл, хортой бодис худалдахыг хориглох, эм, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүнчлэн этилийн спирт, согтууруулах ундааны бүтээгдэхүүний эргэлтийн тусгай дэглэм тогтоох; Хувь хүн, хуулийн этгээдээс зэвсэг, сум, хорт бодисыг түр хураан авах, зэвсэг, сум, хорт бодис, түүнчлэн цэргийн болон сургалтын техник, тэсэрч дэлбэрэх бодис, цацраг идэвхт бодисыг түр хураах, зэрэг болно. Ерөнхийлөгч К.Токаев 20.00 цагт /орон нутгийн цагаар/ ард түмэндээ хандаж “Төрийн тэргүүний хувьд, мөн өнөөдрөөс Аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд ард иргэдийн энх амгалан, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бүхий л арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн. Тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын үүргийг 5-ны өдрийн 16.00 цагт тус улсын Ерөнхийлөгч асан Н.Назарбаеваас аваад байгаа аж. /Жич: Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Казахстаны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш Аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч “Нур-Отан” намын даргын албыг нэг хэсэгтээ хашсан хэвээр байсан. 2021 оны 11 дүгээр сард тэрээр намын даргын албаа Казахстаны Ерөнхийлөгч К-Ж.Токаевт шилжүүлж, 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Аюулгүй байдлын зөвлөлийн дарга байв./ Түүнчлэн Ерөнхийлөгч К.Токаев 20.00 цагт нөхцөл байдалтай холбогдуулан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэн тухай мэдээлж байна. 1 дүгээр сарын 5-ны байдлаар Казахстаны Нур-Султан, Алматы Актау, Жанаозен, Атырау, Кызылорда, Исатая, Махамбета, Таразе, Шымкенте, Кокшетау болон бусад хотуудад томоохон жагсаал гарсан. Жагсагчид Алматы хотын захиргааны байр, нисэх онгоцны буудлыг эзэлсэн байна. Харин орон нутгийн хэвлэлээр цагдаагийн албан хаагчид жагсагчдын үйлдлийг таслан зогсоож тус байрыг чөлөөлсөн гэх мэдээлэл гарч байна. 1 дүгээр сарын 5-ны өдөр тус улс интернэт сүлжээг хязгаарлаж Facebook, Viber, WhatsApp, Instagram зэрэг нийгмийн сүлжээг хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Харин 6-ны өдрийн өглөө интернэт сүлжээг сэргээж эхлээд байна. Олон улсын хэвлэлээр нийт 10 гаруй хүн амиа алдаж, зарим газар цагдаа нар жагсагчдын талд орсон тухай мэдээлэл ч гарч байна. Японы Никкэй сонины мэдээлснээр, 100 гаруй цагдаагийн ажилтан бэртэж, 200 гаруй иргэнийг хорьж саатуулаад байна. Мөн 190 иргэн эмнэлгийн тусламж авснаас 137 нь цагдаагийн албан хаагчид байсан гэх мэдээлэл байна. Мөн Аэрофлот зэрэг гадаадын компаниудын нислэгүүд зогссон, иргэд банкнаас их хэмжээгээр мөнгөө татан авч байна, ихэнх телевизийн сувгууд нэвтрүүлгээ зогсоосон гэх мэдээллүүд цахим орчинд гарч байна. Казахстан дахь Монгол иргэд: Өнөөдрийн байдлаар манай нийт 4028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байна. Үүнээс 1383 хүн хууль ёсны дагуу, 1600 хүн хууль бусаар оршин сууж, нийт 1045 оюутан сурч байна. Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байна. Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Консулын газрын шуурхай утсанд холбогдсон тохиолдол одоогоор байхгүй байна. Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас тус улсад байгаа монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодид хохирол учирсан тохиолдол одоогоор гараагүй байна. ГХЯ-ны зүгээс үйл явдлын явцыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсаал, цуглаан болж буй газруудаар явахгүй байхыг БНКазУ-д байгаа иргэддээ зөвлөж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой яаралтай туслалцаа, зөвлөгөө авах бол Нур Султан дахь ЭСЯ-ны +77172266773,+77055840628, +77051395535 болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮЖ, ИЛРЭЭГҮЙ 15 ХЭРЭГ ТОХСОН ЦАГДАА НАРТ ТОРГОХ ЯЛ ОНОГДУУЛЛАА !

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нар Монгол улсын иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт саатуулан. Улмаар 2019.10.24-25-нд шилжих шөнө гавлаж цагдаагийн хэсэгт хонуулахдаа эрүүдэн шүүж СХД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохсон байна. Ингэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн мэдээллийг бид өмнө нь мэдээлж байсан. Иргэн Д-г эрүүдэн шүүсэн, 15 гэмт хэрэг тохсон болох нь шүүхээр нотлогдсон байдаг. Харин ийнхүү тухайн цагдаа нарын хэргийг шүүхээс торгох ял оноолоо. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах / мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / эрүү шүүлт тулгах / хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны нэгдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд хянан хэлэлцлээ. Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарыг ЭХТА-ийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалайгнарыг ЭХТА-ийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Гандалайг 7,500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл нарт тус бүрт нь 6,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Г.Гандалайг нийт 17,500,000 төгрөгөөр, Д.Чинбат, Д.Батцэнгэл нарыг нийт 16,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

МОНГОЛ УЛСАД КОВИД19 ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ХУРДАЦТАЙ НЭМЭГДСЭЭР БАЙНА

Хэсэг халдварын тохиолдол буурч байсан бол 2022 он гарснаас хойш Ковидын халдвар огцом хурдацтай нэмэгдэж эхэллээ. Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад КОВИД-19-ийн 585 шинэ тохиолдол батлагдсан талаар мэдэгдсэн. Тэдгээрээс дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 385 нь нийслэлд, 196 нь орон нутагт бүртгэгджээ. Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 287 нь хүүхэд, 136 нь жирэмсэн эмэгтэй байна. Харамсалтай нь өнгөрсөн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар гурван иргэн нас барлаа. 2022.01.05-нд халдварын 585 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдээс дариу 3 дахин их байгаа юм.

"ТАВАН ТОЛГОЙ" ХХК-ИЙН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТ ГАЛ АЛДЖЭЭ

Таван толгой ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарсан байна. Тодруулбал : Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт гурван барилга шатаж байна гэсэн дуудлага өнөө өглөө /01.06/ үүрээр 05:06 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийг түшиглэн байгуулагдсан "Таван толгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ийнхүү 2 дох удаагаа гал алдлаа. 2019.10.30-ны өдрийн 19:15 цагт Онцгой байдлын албанд гал гарсан дуудлага мэдээлэл өмнө нь бүртгэгдэж байсан юм.

КАЗАХСТАНД ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЖ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭН УЧИР ТУС УЛСАД СУУГАА МОНГОЛЫН ЭСЯ-НААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА

Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Казахстанд суугаа иргэддээ хандан зөвлөмж гаргажээ. Тус зөвлөмжид : "Казахстан Улсын зарим хотод өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд Та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна" гэжээ. Өнөөдрийн байдлаар Казахстанд цагдаа, цэргийн найман алба хаагч, амиа алдаж, 317 хүн гэмтэж бэртээд байна гэж Дотоод хэргийн яамнаас нь мэдэгдсэн юм. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн ням гарагт эхэлсэн бөгөөд өдгөө тус улсад эмх замбараагүй байдал болон хувираад байна. Тус улсын интернэт хаагдсан байна. Ерөнхийлөгч Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагуудаас /ХАБГБ/ тусламж хүсжээ. ХАБГБ гэдэг нь энхийг сахиулах хүчин бөгөөд 3600 орчим хүнтэй юм байна. ХАБГБ-д Армени, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан улсууд багтдаг. Тус байгууллагуудын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн, Арменийн ерөнхий сайд Никол Пашинян Казахстан руу энхийг сахиулагчид илгээх шийдвэр гаргаад байна. Тиймээс тус улсад суугаа Монгол улсын иргэдийг аюулгүй байдалдаа анхаар ч олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

"GLOBAL RESIDENCE" ИРГЭДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРАХ БОЛОМЖГҮЙ БАЙРЫГ ХУДАЛДАН БОРЛУУЛЖ БАЙНА !!!

Герман улсын нэр нөлөө бүхий эрхэмээс 4-н сая еврогийн хөрөнгө оруулалт татсан ч гадны хөрөнгө оруулагчаа бусармагаар залилж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн Бату констракшин ХХК иргэдийг хохирооход ойрхон иржээ. Учир нь арбитрын шүүхээр үнэн зөв нь тогтоогдож Герман иргэний хөрөнгө оруулалт байсныг нь баталчихсан орон сууцыг иргэдэд худалдан борлуулсан ч байрных нь гэрчилгээ гарах боломжгүй байхад энэ мэтээр иргэдийг хохироож буй асуудлаа зогсоохгүй байна.

ТОМУУ , АМЬСГАЛЫН ЗАМЫН ДЭГДЭЛТ ЭРС ИХЭСЛЭЭ

ЭМЯ- наас Амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай улирлын томуугийн дэгдэлт их байгаа талаар мэдээллээ. Булган, Дархан, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгууд идэвхжлийн түвшинд, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Төв аймгууд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Тодруулбал: Амбулаториор үйлчлүүлэгсдийн 10,000 хүн тутамд томуу, томуу төст өвчин 16,6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1,255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 26,2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай. Улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байна .

37 КОМПАНИ 161.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ХУВИАРЛАХААР БОЛЖЭЭ

Монголын Хөрөнгийн биржээс 2021 онд 37 хувьцаат компани 161,9 тэрбум төгрөгийг ногдол ашигт тараасан бөгөөд энэ нь өмнөх оноос зургаан хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар технологид суурилсан санхүүгийн үйлчилгээтэй болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүний салбарын компаниудын ногдол ашиг болон өгөөжийн хэмжээ өндөр байгаа аж. 2021 оны цэвэр ашгаас 110 тэрбум төгрөгийг АПУ ХК ногдол ашигт хуваарилсан нь хамгийн өндөр дүнтэйд тооцогдож “Гутал” ХК нэгж хувьцаанд 1120 төгрөг тооцон, нийт 1,7 тэрбум төгрөг олгохоор болсон нь нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээний хувьд хамгийн өндөр байна .

ӨНӨӨДРӨӨС ЦЭРГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрөөс цэрэг бүртгэл эхлэж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 5-21-ний хооронд үргэлжилнэ. Өмнө нь харьяа дүүрэг хороондоо биечлэн очиж бүртгүүлдэг байсан. Харин энэ жилээс эхлэн e-mongolia аппликэйшнийг ашиглан хаанаас ч цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо. 18-55 насны иргэн бүртгэлийн дараах гурван хувилбараас сонгоно. гар утасны аппликэйшн вэб портал 21 аймаг, нийслэлийн төрийн үйлчилгээний оператораар дамжуулж бүртгүүлэх боломжтой. Интернетгүй бол нийслэлийн үйлчилгээний зургаан цэгт болон баг, хороон дээрээ иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очно. НЗДТГ-ын Цэргийн штабаас Бүртгэлийг нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явуулана хэмээж байгаа ч хугацааг сунгаж иргэдэд боломжийг бүрдүүлэх аж

БНХАУ ХИЛЭЭ ЭНЭ ОНЫГ ДУУСТАЛ НЭЭХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Энэ онд БНХАУ өвлийн Олимпын наадмаас гадна хэд хэдэн томоохон улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. “Sinovac” компаниас COVID-19-ийн халдварын эсрэг вакцин “Omicron” хувилбарын эсрэг үр нөлөө багатай байгаа нь батлагдсан. Иймд тус улсын Засгийн газар цар тахлын эсрэг хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлж магадгүй. Гуравдугаар сард хууль тогтоох байгууллагын чуулган, Коммунист намын XX их хурал IV улиралд зохиогдоно. Иймд бодлого боловсруулагчид хориг, хязгаарлалтуудаа цуцлах нь эргэлзээтэй байгаа юм .

1 ... 215 216 217 218 219 220 221 222 223 ... 254