Л.ЭНХ-АМГАЛАН САЙДЫГ МҮИС-ИЙН АЖИЛ ХЭРГИЙН НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭЖ, НЭХЭМЖЛЭГЧЭЭС УУЧЛАЛТ ГУЙХЫГ ИХАШШ-ЭЭС ДААЛГАЖЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан,  Монголын Үндэсний Их сургуулийн хооронд 2021 онд нэлээдгүй маргаан дэгдээд байв.

Л.Энх-Амгалан сайд: “Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд МУИС-д ороод байгаа юм уу, МҮИС-д ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч, Хоёрдугаарт, УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн “Монголын Үндэсний.... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа” хэмээн мэдээлэл хийсэн.Энэхүү мэдээлэл хийсний дараагаар Монголын Үндэсний Их сургуулиас Боловсрол шинжлэх ухааны яаманд ”МҮИС-ийн нэр хүндийг гутаан доромжилсон” хэмээн гомдол гаргав. 

Жилийн хугацаанд маргалдсаны эцэст Монгол улсын төрийн хэлний зөвлөлийн хэл шинжлэлийн дүгнэлтэд “...“National University of Mongolia”, “Mongolian national university” гэсэн хэллэгүүдийн үгийн бүрэлдэхүүн болон дуудлага ижил үгсийн байрлал өөр тул авиазүйн талаар төөрөгдүүлэх боломжгүй, ялгаатай, “Монгол Улсын” гэсэн хэллэг нь тус сургууль төрийн өмчийн байгууллага болохыг илэрхийлж байна.Иймээс Монголын Үндэсний их сургуулийн нэр нь “Өрсөлдөөний тухай” хуулийн “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа” гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсгийн “Бусдын барааны тэмдэг, шошго аж ахуй эрхлэгчийн нэр барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах”-ийг хориглосон заалтыг зөрчөөгүй байна” хэмээн үзжээ.

Ийнхүү Иргэний хэргийн анхан шатны шүүхээс, хариуцагч яам нь “МҮИС нэрийг үндэслэлгүй авсан, нэр нь төрийн өмч учраас буцааж авна,  МУИС, МҮИС гэх нэр бичвэр болон дуудлагын хувьд төсөөтэй, нэрийн давхардал нь гадаад харилцаанд болон хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн” гэх мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул МҮИС-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг яаманд даалгаж шийдвэрлэсэн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.