НЭГҮҮН МЭДЭЭ
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

1932 онд анх Монгол гэрт ажлаа эхлүүлж байсан аймгийн Прокурорын байгууллага нь эдүгээ 90 жилийнхээ түүхэн ойг тэмдэглэж байна. Түүхт ойн баярын хуралд аймгийн Засаг дарга Р.Сэддорж оролцож баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн Прокурорын газрын ахмад ажилтнууд, албан хаагчид, зочид төлөөлөгчид оролцлоо. Орон нутгийн зүгээс Прокурорын газрын үндсэн чиг үүргээ гүйцэтгэхэд үргэлж дэмжиж ирсэн төдийгүй аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “НУТГИЙН ХИШИГ” хөтөлбөрийн хүрээнд оффисын барилгыг засварлах, тоног төхөөрөмж, автомашинаар хангах, албан хаагчдыг орон сууцаар хангах зэргээр хөрөнгө оруулалт хийх, ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид ч Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бүхий л талаар дэмжин ажиллахаа аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ онцоллоо. Баярын хурлын үеэр Төрийн дээд шагнал болон ардын хувьсгалын 100 жил, аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн медаль аймгийн Засаг даргын жуух бичиг зэргээр ажил хөдөлмөрөөрөө манлайлсан шилдэг ажилтнууд шагнагдлаа.

УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон албаны бусад хүмүүс Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдын нутагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн бүтээн байгуулалт ажлын явц, хил боомтын асуудалтай газар дээр нь танилцлаа. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон холбогдох албаны хүмүүс Уул уурхайн сайдыг орон нутагт томилолтоор ирэх үеэр цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулан хамтран ажиллаж байна. Гашуун сухайтын хилийн боомтын үйл ажиллагаа, чингэлэгт терминалын бүтээн байгуулалт, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлын явц, мөн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн авто зам, параллель замын бүтээн байгуулалт, Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын үйл ажиллагаа, Оюу толгойн ил уурхай, баяжуулах үйлдвэр, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай тус тус танилцаж байна.

ОСОЛД ӨРТСӨН 12 НАСТАЙ ОХИНЫ ХУВЬ ЗАЯА ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР ДЭНЖГЭНЭЖ БАЙНА

Энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан. Ослын бичлэг нүд халтирам байхад хохирогч зүгээр "Хөл нь зулгарсан" гэх зүйл ярьж байгаа нь үнэнд яаав ч нийцэхгүй.Олон нийтийн дунд эргэлзээ хардлага одоог хүртэл байсаар.Албан бус мэдээллээр охины аарцагны яс бяцарсан бөгөөд хөлийг нь тайрахгүйн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа болов ч биеийн байдал нь маш хүнд сэхээн амьдруулахаас одоогоор гарсан хэмээв.

Д.СУМЪЯАБАЗАР: ХУУЛЬ ЗӨРЧСӨН 22 БАРИЛГЫГ НУРААНА

Богдхан уулын Дугуй цагаан орчимд хийж буй тохижилтын ажилд тус уулын аманд газар эзэмшдэг компани саад учруулж байгаа талаар албаны хүмүүс мэдээлэх үеэр Хотын дарга Д.Сумъяабазар хууль зөрчсөн 22 байршлын барилгыг нураана хэмээн мэдэгдлээ. "Тохижилтын ажилд саад учруулж буй тухайн компани өөрсдөө ойрхон их гоё байшин барьчихсан. Тэгсэн мөртлөө нийтийн эрх ашгийн төлөө нийслэл жоохон юм хийх гэхээр оруулахгүй байгаа нь буруу. Буруугаар ч барахгүй ийм зүйл байх ёсгүй. Гэтэл Байгаль орчны сайд нь хамгаалаад, хувийн өмчид халдлаа гээд байдаг. Хуулийг уландаа гишгэсэн, иргэдийн хүсэл сонирхлын дээрээс дэвссэн байдалтай нийслэл эвлэрэхгүй. Нийслэл аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Гэхдээ ийм аж ахуйн нэгжийг дэмжих бололцоо алга" хэмээн хэлээд "Энигма" компанитай холбоотой дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг албаныханд өглөө. Үргэлжлүүлэн "Нийслэлд хууль зөрчиж барилга барьсан 116 байршлаас 22-т нь бид даруй арга хэмжээ авна. Одоо яахыг хараарай. Дээрх 22 байршлын барилгыг нураагаад эхэлбэл хувийн хэвшилд халдлаа гэх байх. Гэхдээ нураана. Үндэсний номын сангийн урд байгаа барилга байгууламжаас эхлээд дүгнэлтийг нь гаргуулж байгаад бүгдийг нь нураана" хэмээв.

ХНХ-ЫН САЙДААР Т.АЮУРСАЙХАНЫГ ТОМИЛЛОО

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томиллоо. Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төмөрбаатарын Аюурсайхан нь: -1975 онд Улаанбаатар хотод төрсөн Боловсрол: -1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль, 2006 онд Японы олон улсын их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль, 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, боловсролын докторын зэрэгтэй Ажилласан байдал: 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-ийн ерөнхий захирал 2006-2009 онд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах референт, 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2013-2015 онд Монгол ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2020 оноос Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна. Улсад 22 жил ажилласан туршлагатай нэгэн аж.

ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫН МЭС ЗАСАЛ, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС ХАРИУЦНА

ЭМДҮЗ-ийн 2022 оны 1-р тогтоолын хүрээнд элэг ба элгэн дэх цөсний сувгийн болон элэгний гаднах цөсний суваг, нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээ түүний дараах хими, байн эмчилгээнд шаардагдах багаж хэрэгсэл, бусад хэрэглэгдэхүүний төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж, иргэн төлбөр төлөхгүй байхаар зохицуулсан. Ингэхдээ нэг иргэнд хийгдсэн мэс заслын тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэл зэргийг тооцож үзээд 3.7-8.3 сая төгрөгийн өртөгтэй байхаар баталсан. Харин эмийн эмчилгээг 657-943 мянган төгрөгөөр санхүүжүүлж байна. Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрөгч найман сарын байдлаар элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээнд ЭМД-ын сангаас нийт 4.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, 857 иргэний амь насыг аварч, амьдралын чанарыг дээшлүүлжээ. Өнөөдрийн байдлаар ЭДЕГ-тай хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэхээр улсын болон хувийн хэвшлийн 42 эрүүл мэндийн байгууллага гэрээ байгуулсан байна. Үүний 23 нь Улаанбаатар хотод, 19 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.Т а гэрээт байгууллагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авах боломжтой. Мөн ЭМДЕГ-тай гэрээт байгууллагаас хорт хавдрын тусламж, үйлчилгээ авахад иргэнээс нэмэлт төлбөр авсан тохиолдолд 1800-1363 дугаарын утсанд хандаарай.

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙДАД М.ГАНХҮЛЭГИЙГ ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг томилохыг дэмжсэн байна. Энэхүү томилгоог Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлах юм. М.Ганхүлэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөхөөр ажиллаж байжээ. М.Ганхүлэг нь 1990 онд төржээ.

ХНХ-ЫН САЙДААР Т.АЮУРСАЙХАНЫГ 100 ХУВИЙН САНАЛААР ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж ХНХ-ын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы нэрийг намын дарга нэр дэвшүүлсэн бөгөөд зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн байна. Мөн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж оронд нь Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлсэн хэмээн МАН-аас мэдэгдлээ.

ХОРИХ АНГИЙН ХҮМҮҮЖИГЧИД ХЯНАГЧДАА ЗОДУУЛСАН ХЭМЭЭН ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь Цагдан хорих байр болон Мандал сум дахь хорих ангид хүмүүжиж байгаад суллагдсан иргэд хянагчдадаа зодуулсан тухай гомдол тус аймгийн Цагдаагийн газарт нэгэн зэрэг шахам иржээ. Аймгийн төвд байдаг Цагдан хорих байрны аж ахуй, үйлчилгээнд ажил хийж байгаад саяхан суллагдсан 19 настай Б, 31 настай Л нар хянагч А.Ариунбадрахад 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд зодуулсан хэмээн өргөдөл өгсөн аж. Мөн Мандал сум буюу Зүүнхараа дахь нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид хүмүүжиж байсан 41 настай Э нь харуул хамгаалалтын ажилтан дэд ахлагч Н.Мөнхбаярт зодуулж гэмтсэн хэмээн гомдол гаргасныг Сум дундын Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн гэнэ. ШШГЕГ-ын удирдлага солигдсоноос хойш тус байгууллагад сахилга хариуцлага муудаж, олон хоригдол оргож, хүмүүжигч бүү хэл, хэрэгт шалгуулан цагдан хоригдаж байсан жирийн иргэд ч нас барсан явдал шил дараалан гарлаа. Тэдний нэг болох Мандал сум буюу Зүүнхараа дахь нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид сэжигтэн нас барсан, хүмүүжигч оргосон нь хянагч нар хүний эрх зөрчиж, хоригдогчдыг зодож гэмтээсэн гэх зэрэг элдэв дарамт шахалтаас болсон байх магадлал ч өндөр. ХЗДХЯ-наас харьяа агентлаг болох ШШГЕГ-ын үйл ажиллагааг шалгах ажиллагаа нь хянагч нар хүмүүжигчдээ зодсон дээрх хоёр үйлдлийг нягтлах ажлаар үргэлжлэх нь гарцаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хариуцлага алдагдаж, удаа дараа удирдлага, албан тушаалтнуудтай холбогдсон хэргүүд ар араасаа салахгүй байгаа тул ХЗДХ-ийн сайдын тушаалаар “ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгах”-аар ажлын хэсгийг гаргаад байгаа билээ. Хяналт, шалгалтын дүн ирэх долоо хоногт буюу энэ сарын 25-ны өдөр гарна хэмээн ТНБД П.Сайнзориг мэдэгдээд байгаа юм. Ташрамд дурдахад, ШШГЕГ-ын харьяа Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар тус сумын Цагдаагийн хэсгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, ахлах дэслэгч Ч.Тулгатын эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. ШШҮХ-гийн шинжээчдийн дүгнэлтээр хууль сахиулах байгууллагын уг хоёр ажилтны эрүүл мэндэд хоёуланд нь хөнгөн гэмтэл тогтоогдсон гэнэ. Тэгэхээр уг хоёр албан тушаалтан харилцан зодолдсон гэдэг нь тодорхой болж байна гэсэн үг юм.

МАНАЙ УЛСАД 100,000 ХҮН ТУТМЫН 21 НЬ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НАС БАРЖ БАЙНА

Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна. Харин Монгол Улсад 100 мянган хүн тутмын 21 нь энэ төрлийн ослоор нас барж байгаа нь бүс нутгийн хэмжээнд өндөр үзүүлэлт юм. 2022 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсөж, нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн бүртгэгдсэн ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1087 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амиа алдсан хүний тоо 69 нэгжээр буюу 78.4 хувиар, гэмтсэн хүний тоо 125 нэгжээр буюу 43.0 хувиар тус тус өссөн байна. Үүнээс хүүхэд өртсөн 123 зам тээврийн ослын улмаас 23 хүүхэд амь насаа алдаж, 127 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоон үзүүлэлттэй байна. Монголд зам тээврийн осол нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

1 ... 200 201 202 203 204 205 206 207 208 ... 374