НЭГҮҮН МЭДЭЭ
“ХӨГЖЛИЙН БАНКНЫХАН” ХЭРЭГТЭЙГЭЭ ТАНИЛЦАЖ БАЙНА

Хөгжлийн банкны хэрэгт нөлөө бүхий бүхий улстөрчид, тус банкны удирдлагууд, зээлдэгч компанийн захирлуудыг яллагдагчаар татсан. АТГ-аас тэднийг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Албаны эх сурвалжууд сар шахмын өмнө “..Хөгжлийн банкны хэрэгт 80 гаруй хүн яллагдагчаар татагдлаа” гэж зарлаж байв. Мөн тухайн үед “…Хөгжлийн банкны хэргийг шүүхэд шилжихэд бэлэн боллоо” гэсэн мэдээлэл цацагдсан. Гэвч АТГ-аас “..Хэргийг прокурорт шилжүүлээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Бас Хөгжлийн банкны захирал Н.Мандуул “…Миний авсан мэдээллээр нийт 83 яллагдагч гэж сонссон. Энэ бол зөвхөн яллагдагчдын тоо. Үүн дээр гэрч, сэжигтнүүдийг нэмэх юм бол хэд хүрэх юм мэдэхгүй. Яалт ч үгүй Монголын эрүүгийн түүхэнд хамгийн том хэрэг болох байх. Тиймээс шалгах процессын ажилд цаг их зарж байгаа байх. Хэрэг прокурорт шилжиж, цаашаа шүүхэд шилжинэ. Банк хэрэгт хохирогчоор оролцож, бүх мэдээллээ АТГ-т өгсөн. Үүнээс гадна өөр хэргүүд ч шалгагдаж байгаа учраас хэрэг энэ 19-өөр дуусахгүй байх магадлалтай” гэж байлаа. Тэгвэл УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “…АТГ-аас өгсөн мэдээллээр Хөгжлийн банкны 86 ялллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа” гэх мэдээллийг бэлтгэж албан сайтдаа байршуулсан байна. Тодруулбал, УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганы 14 дүгээр тогтоолоор байгуулсан Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, цаг үеийн асуудлаарх мэдээллийг сонссон. “…АТГ-аас өгсөн мэдээллээр, тус газар Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 86 яллагдагчид холбогдох мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж. Мөрдөн шалгах явцад 769 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Гэхдээ зээл төлсөн эсэхээс үл хамаарч 86 хүний гэм буруугийн асуудал яригдана гэсэн хариултыг өгсөн” гэжээ. Түүнчлэн баттай эх сурвалжийн мэдээллээр яг одоо Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хавтаст хэрэгтэйгээ танилцаж байгаа юм байна. Уг үйл ажиллагаа энэ долоо хоногт дуусах юм байна. Ер нь бол Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн асан, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, ЗГХЭГ-ын дэд дарга асан Д.Даажамба, М.Баярмагнай, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар, ЗТХЯ-ны Газрын дарга асан Б.Махбал, ХХААЯ-ны Газрын дарга асан М.Баянмөнх, УУХҮЯ-ны Газрын дарга асан Ч.Отгочулуу, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарыг улстөрчид, албан тушаалтнууд холбогдсон нь ил болсон. Тэднээс гадна ХҮН-ын гишүүн Б.Найдалаа, МҮХАҮТ-ын газрын дарга асан Ч.Нэргүй, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас мэргэжилтэн хүртэлх албан тушаал хашиж байсан хүмүүс, зээлдэгч компанийн удирдлагуудыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж яллагдагчаар тооцсон байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл ангиар яллагдагчаар татжээ. Дашрамд хэлэхэд, яллагдагчаар татагдсан эрхмүүдээс одоо албан тушаал хашиж байгаа хэдхэн хүн байна. УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн бий. Мөн БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар байна. С.Магнайсүрэн, Б.Лхагвасүрэн нарын хувьд Хөгжлийн банкны ТУЗ-д байсан. “Хамтын шийдвэр”-ийн хамсаатан болчихжээ. Харин Г.Дөлгөөний хувьд байдал хүнд байгаа бололтой. Тэрбээр “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн, “Инжир”, “Ганхүдэр орд”, “Болор шүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг компаниудын зээлтэй холбогдсон байна. Г.Дөлгөөн нь 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЗАДГАЙ АЧААНЫ АВТОМАШИН ДЭЭР ЦЭРЭГ ТЭЭВЭРЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУШААЛ ГАРЧЭЭ

Цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин осолдож, алба хаагчид гэмтсэн тохиолдол Сүхбаатар болон Завхан аймагт гарсан байна. Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар "Зүүн тийш явж байсан цэрэг тээвэрлэлттэй холбоотой асуудал Сүхбаатар аймагт болсон. Хилийн цэргийн алба хаагчдын осолдсон. Мөн Завхан аймагт зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг тээвэрлэж явсан асуудал бий.Цаашид задгай, ачааны автомашин дээр цэрэг тээвэрлэж явдгийг зогсоохоор тушаал гаргасан. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй ч төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цэрэг тээврийг зориулалтын, шинэ автобусаар цэрэгт татах болон халах ажлыг зохион байгуулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль арваннэгдүгээр сард батлагдах байх. Сүхбаатар аймагт осолдсон хилийн цэргийн автомашин нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, зээл тусламжаар орж ирсэн. Зургаан цэрэг гэмтсэн учир тусламж үйлчилгээ үзүүлж байна" хэмээв.

НИЙСЛЭЛД ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙРШИЛ

Цэрэг татлага аравдугаар сарын 23-ныг дуустал явагдана.Цэрэг татлага зохион байгуулах байршлуудыг хүргэж байна. Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд: Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль Сүхбаатар дүүрэгт 31 дүгээр сургууль Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуульд Налайх дүүрэгт МСҮТ-ийн байранд Багануур дүүрэгт "Гүн галуутай" цогцолбор сургууль Багахангай дүүрэгт "Хангай" цогцолбор сургуулийн байранд. Цэрэг татлагын байранд очихдоо: Иргэний үнэмлэх Цэргийн үүрэгтний үнэмлэх Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

ГАДААД ПАССПОРТЫГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ

Энгийн гадаад паспортыг 2023 оноос эхлэн цахим гадаад паспорт руу шилжүүлэх хууль эрх зүйн болон загварын хувьд холбогдох шинэчлэлтүүдийг хийсэн байна. Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл өгчээ. Тэрээр "Энгийн гадаад паспортыг 2023 оноос эхлэн цахим гадаад паспорт руу шилжүүлэх хууль эрх зүйн болон загварын хувьд холбогдох шинэчлэлтүүдийг хийсэн. Мөн тоног төхөөрөмж, дэд бүтцийн тодорхой асуудлуудаа шийдсэн, дараа дараагийн алхмууд хийгдээд, бэлтгэл ажлаа хангаад явж байна. Тулгамдаж буй асуудал их байгаа ч бид тухай бүр шийдлийг олж, улам боловсронгуй болгох, мөн цахимын багц хуулиуд болон бүртгэлийн багц хуулиуд хөрсөнд буухдаа хэрэгжилт ямар байна, аль шатанд явж байна, хэрхэн хангагдаж байна, юу нь болж юу нь болохгүй байна гэдэг тал дээр илүү анхаарч ажиллана" гэжээ. Цахим буюу и-паспорттой болсноор иргэд бусад улс оронд зорчиход ямар нэгэн бэрхшээлгүй, саадгүй нэвтрэх боломж нээгдэх аж. Мөн иргэний үнэмлэхээ чипээр уншихаас гадна зайнаас уншдаг систем рүү шилжиж байгааг УБЕГ-аас мэдээлэв.

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАТЖАРГАЛЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ОГЦРУУЛЖЭЭ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.3 дахь заалтыг үндэслэн Ерөнхий сайдын 165 дугаар тоот захирамжаар түүнийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.3-д энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан; 65.1.1-д Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн; 65.1.2-д нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн хэмээн заажээ. Тус аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын орлогч В.Мөнхбатад даалгасан байна.

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛЖЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ захирамж гарган, Архангай аймгийн засаг дарга М.Батжаргалыг огцруулжээ. Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сард Архангай аймгийн ИТХ-ын 8-р хурлаар аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах тогтоолыг баталж, улмаар Ерөнхий сайдын 2022 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 165 дугаар захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. М.Батжаргал нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, хууль бус захирамж гарган “Нобле Энержи” ХХК-д ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгосон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж, хууль бусаар дуудлага худалдаа зохион байгуулсан, холбогдох материалаа дутуу бүрдүүлсэн нэг аж ахуй нэгжид давуу байдал олгож, улмаар хууль бус зөвшөөрөл олгосон, төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн зэрэг үндэслэлээр огцорсон байна.

ӨНГӨРСӨН САРЫН БАЙДЛААР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 426 ХҮН АМЬ ХОХИРЧ...

2022 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 2150 хүн осолд өртөж, 426 хүний амь хохирсон.Үүнээс 604 хүүхэд осолд өртөж, 57 хүүхдийн амь хохирсоноос нийслэлд 6 хүүхэд, орон нутагт 51 хүүхэд тус тус амь хохирсон харамсалтай мэдээлэл цагдаагийн албанд бүртгэгджээ.Мөн энэ оны эхний 9 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42760 зөрчлийг илрүлсэнээс 5989 жолооч шүүхээр шийдвэрлэжээ.

Ш.ОДОНЧИМЭГ ТӨСВИЙН МӨНГӨӨР 30 САЯЫН ДРАПОН ПАЛЬТО СУУСАР УРТ ХАНТААЗНЫ ХОСЛОЛ, 10 САЯЫН БУЛГАН ШУБА ХУДАЛДАН АВЧ МАССАЖ ХИЙЛГЭЖЭЭ

Хагас тэрбум илүү буюу 560 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан Д.Энхжаргал нарын хэргээс харахад тансаглах маш дуртай эмэгтэйчүүд аж. Завшсан мөнгөөрөө бренд хувцас, гоо сайхны бараа, үйлчилгээ авч үнэтэй тавилга хогшил худалдан авсан. Экс дарга нягтлан хоёр хувцас, тавилгын дэлгүүр, гоо сайхны салон, шүдний эмнэлэгийн захирал, эздийн хамаарал бүхий компани руу “мах, хүнсний материал, барааны үнэ” зэргээр шилжүүлэг хийгээд мөнгөөр нь тансаглаж иржээ. “Унаган төгөл”, “Хөтөл тэлмэн” компанийн данс руу 90 гаруй удаагийн үйлдлээр нийт 195 сая төгрөг шилжүүлснээс экс дарга хатагтай “Нараа бутик” дэлгүүрээс 157 сая төгрөгөөр нь өөртөө хувцас худалдан авчээ. Энэ дэлгүүр Европоос эмэгтэй бренд хувцас оруулж ирдэг. Дэлүүрийн эзэгтэйн мэдүүлснээр Ш.Одончимэг өөртөө болон охиндоо хувцас авдаг байжээ. Хамгийн үнэтэй нь 30 сая төгрөгөөр үнэлэгдэх драпон пальто, суусар урт хар хантаазны хослол гэнэ. Тавилганы “Люкс таун” компани луу 64 сая төгрөг шилжүүлээд 17 сая төгрөгөөр гэртээ тавилга авчээ. Үүнд ширээ, хос буйдан,унтлагын хөнжил ор дэрний тавын таван ком зэргийг авчээ. 2017 онд 10 саяар унтлагын өрөөний ком тавилга авсан байна. Итали бренд хувцасны “Жоконди” дэлгүүр лүү Нийтлэг үйлчилгээний газраас “засварын материалийн үнэ” зэргээр 93 сая төгрөг шилжин орж Ш.Одончимэг ирээд туфль, пиджак өмд цамц, трико болон ээмэг зүүлт бугуйвч авдаг байжээ. Хамгийн үнэтэй нь 10 саяын булган шуба гэнэ. Худалдагч нартай уурлаж уцаарлаж харьцдаг, падаан дээр гарын үсэг зуруулах гэхэд “би ийм юман дээр гарын үсэг зурдаг хүн биш” гэж томордог. “Үлэмж Грийс” салон луу 21 сая төгрөг шилжүүлээд “Шангрилла молл” дахь салбараас нь гоо сайхан, иллэг массажны үйлчилгээ авч иржээ. “Ди Ди Өү Би” компанийн шүдний эмнэлэгт 43650 долларын өртөгтэй шүдний эмчилгээ, үйлчилгээ хийлгэхээр болж үүнээс 46 сая төгрөгийг нь шилжүүлсэн байжээ. Эмчилгээний хэрэгсэлийг Америкаас захиалсан аж. Үүнээс гадна 33 сая төгрөгөөр охиндоо “КН” апартментэд авто зогсоол авч өгчээ. Шүүх тансаглах дуртай дарга хатагтайг 20 сая төгрөгөөр торгосон. Эх сурвалж: Alim.mn

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧДИЙН ХЭРЭГ ДАХИН ПРОКУРОРТ ШИЛЖЛЭЭ

О.Магнайгийн ээжид давуу байдал бий болгосон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, тус дүүрэг хариуцсан тасгийн дарга Х.Саруул, Б.Батцэрэн нарт холбогдох хэргийн талаар бид мэдээлж байсан билээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан юм. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг дахин прокурорт шилжүүлсэн байна. Өмнө нь уг хэргийг 2021 оны гуравдугаар сард хэлэлцээд прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлээд байсан юм. НПГ-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарт Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, 17.3-1 дэх хэсгийн бусдын эд хөрөнгө залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Хэргийн талаар тодруулбал, “Седарс” гэх ХХК-иас 723.8 сая гаруй төгрөг гаргуулахаар хандсан төлбөр авагч иргэн С.Отгонжаргал буюу О.Магнайгийн ээжид давуу байдал бий болгох зорилгоор Б.Цогжаргал тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул, Б.Батцэрэн, 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун нартай хамтарч 2018 оны тавдугаар сарын 2-ноос зургадугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн. Үүний улмаас “Седарс партнерс” ХХК-ийн Баянгол дүүргийн нутагт байрлах 332 ам метр талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газар болон 25.5 хувийн гүйцэтгэлтэй байсан, дутуу барьсан барилгыг иргэн С.Отгонжаргал болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгож, уг компанид 1.1 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Ингэхдээ төлбөр авагч С.Отгонжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Магнай, Ж.Очирхуяг нартай уулзсаны дараа, тэдэнд давуу байдал бий болгох зорилгоор Х.Саруул, Б.Батцэрэн нараар дамжуулж шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуунд нөлөөлж, “Илүү хурдан шуурхай ажиллагаа явуул, яг наад материалаа хурдан шийд, одоо гараад шийд, үр дүн гарга” гэх зэргээр удаа, дараа үүрэг чиглэлийг өгч байсан нь хэмээн буруутгаж буй аж. Мөн “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газрын хуучин гэрчилгээг хүчингүй болгож, эзэмших эрхийг нь “төлбөр авагч С.Отгонжаргалын нэр дээр шилжүүлэн шинээр гэрчилгээ олгож хариу ирүүлнэ үү” гэсэн албан бичиг ч дээрх хүмүүс Нийслэлийн газрын алба, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн тасагт хүргүүлсэн аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Отгонжаргалын хэргийг хариуцсан 182 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ю.Оюунаа ажлаа хийж байхад нь “хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ю.Оюунаа байхгүй учир энэ материалд ажиллагаа хий” гэж 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуунд хариуцуулж өгсөн нь ч тогтоогдсон гэнэ. Хууль зөрчин төлбөр төлөгч “Седарс” бус, тус аж ахуйн нэгжийн охин компани болох, шийдвэр гүйцэтгэх хуудаст заагаагүй “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу барьсан барилга зэрэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан, “Седарс” ХХК-ийг төлөөлөх эрх нь дууссан иргэн Ц.Цэцэнбилэгийг эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэнэ, цагдан хорино гэж дарамтлан “С.Отгонжаргалд өгөх 723.8 сая төгрөгийн төлбөрт “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн бичиг хийлгэж, тамга даруулсан. “Седарс партнерс” ХХК-ийн газар болон дутуу гүйцэтгэлтэй барилгыг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуягт шилжүүлэн өгч, хадгалалт хамгаалалтыг хариуцуулсан нь ч шалгалтаар тогтоогджээ. Баянгол дүүргийн II хорооны нутаг дахь газарт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итан хөрөнгө оруулж бариулсан, 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяын өр төлбөрт тооцон шилжүүлсэн байдаг. Дашрамд дуулгахад уг хэрэгт яллагдагчаар татагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа юм. Түүнтэй хамт энэ хэрэгт татагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид ажлаасаа чөлөөлгдсөн байхад Б.Цогжаргал чөлөөлөгдөхгүй ажлаа хийсээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шударга бус байдал үүслээ гэх яриа гарсан бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

ЖЕНДЭР БА ХҮНИЙ ЭРХ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

НЗДТГ, Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл хамтран нийслэлийн удирдах түвшний алба хаагчдыг чадавхжуулах “Жендэр ба хүний эрх” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүргүүдийн Жендэрийн салбар хорооны удирдлагууд болон НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны төлөөлөгчид бүхий 100 гаруй алба хаагч хамрагдав. Тус сургалт, хэлэлцүүлгээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар Монгол Улсын баримталж буй бодлого, анхаарах асуудал, жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг халах гэх мэт онцлог асуудлыг авч, хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга З.Төмөртөмөө “Жендэрийн асуудал ярихад зөвхөн эмэгтэй хүний тухай авч үздэг цаг өнгөрсөн. Өмнөх цаг үеийг бодвол жендэрийн тухай ойлголт нэмэгдсэн байна. Гэвч үүнийг цаашид ч нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай. Нэг удаагийн хурал, уулзалтаар асуудал шийдэгдэхгүй учраас үүнийг тогтмолжуулах нь зүйтэй. Өнөөдрийн орсон сургалтыг хэлэлцүүлэгт хамрагдсан удирдах албан тушаалтнууд цааш өөрсдийн албан байгууллага, ажилтнууддаа болон олон нийтэд хүргэх учиртай” гэсэн юм. Төрийн алба бол хувийн бус, нийтийн эрх ашгийн төлөөх алба учраас жендэрийн эрх тэгш байдал болон хүний эрхийг ямагт хангаж, эрэгтэй болон эмэгтэй хүний ялгаатай хөгжилд зориулсан бодлого баримтлах нь зүйтэй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. НЗДТГ-аас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүрээнд I-V ангийн сурагчид дунд “Гэр бүл дэх эцэг, эхийн оролцоо - Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт гар зургийн уралдаан VI-IX ангийн сурагчид дунд “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан X-XII ангийн сурагчид дунд “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт илтгэлийн тэмцээн зохион байгуулжээ. Энэ хүрээнд илтгэлийн тэмцээнд түрүүлсэн сурагчдад өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр шагнал гардуулж, гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дэлгэлээ. Мөн тэргүүн байр эзэлсэн нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 12б ангийн сурагчид болох Б.Хүслэн, Э.Сэцэн нар “Өсвөр насны хүүхдүүдийн жендэрийн хэвшмэл ойлголтыг судалсан нь” сэдвээр илтгэлээ танилцуулсан юм. Монгол Улс дахь жендэрийн статистик дараах хувьтай байна.

1 ... 201 202 203 204 205 206 207 208 209 ... 374