НЭГҮҮН МЭДЭЭ
ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ОПЕРАТОР КОМПАНИУДАД УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ДААЛГАВАР ХҮРГҮҮЛЛЭЭ

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийг хамруулахад дараах зөрчил илэрлээ. • Юнител ХХК нь: - хэрэглэгч урьдчилсан болон хосолсон төлбөрт хэрэглэгчийн хувьд нэмэлтээр идэвхжүүлсэн дата багцуудыг дууссан тохиолдолд дансан дахь нэгжээс хасагдах болон үйлчилгээний төлбөр хэдэн төгрөгөөр тооцох талаарх мэдээллийг хэрэглэгчдэд илгээдэггүй, - хоногтой картаар нэг дор 2 удаа цэнэглэхэд нэгж нь нэмэгдээд хоног нь сунгагдахгүй, хоногтой нэгжээр цэнэглэхээр хоног дуусаагүй бол хоног нэмэгддэггүй. • Мобиком корпораци ХХК нь: - дараа төлбөрт миний моби багц, хосолсон төлбөрт хайбрид (hybrid) багцын хэрэглэгчдийн өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарлаж, уг нөхцөлийн дагуу хэрэглэгчээс сар бүр үйлчилгээний сарын хураамж нэхэмжилдэг. • Жи мобайл ХХК нь: - дараа төлбөрт “Enjoy data” багцын хэрэглэгчдийн өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарлаж, уг нөхцөлийн дагуу хэрэглэгчээс сар бүр үйлчилгээний сарын хураамж нэхэмжилдэг, - хэрэглэгчийн нэмэлт дата багцын ашиглах хугацаа, хэмжээ дуусаагүй зэргийг үл харгалзан хүчингүй болгодог, - дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нөхцөлүүдэд хэрэглэгч гэрээг цуцлах санал тавих боломжгүйгээр тусгасан. • Скайтел ХХК нь: - дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн дата багцын хэрэглээ дууссан тохиолдолд задгай дата хэрэглээнд шилжсэн талаар болон задгай датаг хэрхэн тооцох үнэ тарифын мэдээллийг өгдөггүй, - дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нөхцөлд хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцлүүд тусгасан зэрэг зөрчлүүд илэрсэн. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар арга хэмжээ авч хариуг ирэх 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор ирүүлэх талаар улсын байцаагчийн албан шаардлагыг зөрчил илэрсэн үүрэн телефоны оператор компаниудад хүргүүллээ. Албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан дараагийн шатны арга хэмжээ авч ажиллах болно. Мөн иргэдээс дата хурдан дуусдаг талаарх гомдлыг шалгаж үзэхэд дижитал хэрэгцээний өсөлт, оператор компаниудын дата бүтээгдэхүүний хүртээмжтэй шууд холбоотой байх ба дээрх өсөлтүүдийн цаана дараах үндсэн суурь шалтгаанууд байна. Үүнд: Ухаалаг утас үйлдвэрлэгчид нь жил бүр гар утасны загваруудыг програм хангамж болон техникийн үзүүлэлтүүдийн хувьд сайжруулан гаргаж байгаа бөгөөд ялангуяа дэлгэцийн хэмжээ, дэлгэцийн нягтаршлыг байнга сайжруулж байна. Энэ нь хэрэглэгчийн мобайл дата хэрэглээнд шууд хамааралтай бөгөөд хэрэглэгч илүү өндөр чанартай зураг видео бүтээж үүнийгээ нийгмийн сүлжээнд хуваалцахдаа илүү их дата ашиглана. Өндөр чанартай контентыг өөр хэн нэгэн хэрэглэгч нийгмийн сүлжээнээс үзэхэд мөн тэр хэмжээний дата зарцуулагддаг. Мөн программ хангамжийг байнга сайжруулахад (update) энэ хэрэглэгчийн дата хэрэглээнд мөн нөлөөлдөг байна. Дундаж хэмжээний шинэчлэлтийн хэмжээ нь 200mb-300mb байдаг бол томоохон шинэчлэлтүүд нь 1gb-6gb хүрэх ч тохиолдол байна. Хэрэглэгч өөрийн утаснаас мобайл дата ашиглан шинэчлэл хийх тохиргоог унтраагаагүй тохиолдолд энэхүү шинэчлэлт нь хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүйгээр шууд татагддаг байна. Уг үйлчилгээтэй холбоотой хяналт шалгалт явуулахад үүрэн телефоны оператор компаниудын хууль зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй. Иймд хэрэглэгчид эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд утсан дээрээ дата хянах програм суулгах эсхүл оператор компанидаа хандан шалгуулах боломжтой. Түүнчлэн хэрэглэгч аль оператор компанийн дугаар ашиглаж байгаагаас үл хамааран өөрийн сонгосон үүрэн телефоны компанитай гэрээ байгуулж үйлчилгээ авах эрх үүсэх боломжтой болох талаар гомдол мэдээллийг тус газарт багагүй гаргадаг. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 9.1.13-т “дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах” гэж заасан атал өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Үүрэн телефоны операторуудад урьдчилсан төлбөрт үйлчилгээний дата дууссан тохиолдолд дансан дахь нэгжээс задгай төлбөр суутгадаг эсэх, хоногтой картаар дансаа цэнэглэх нөхцөлд үйлчилгээ хоног нэмэгдэж сунгагддаг эсэх, нэмэлт дата багц нь хоног дуусахаас өмнө устдаг эсэх, үйлчилгээний багц хооронд шилжих боломжтой эсэх болон үнэ цэнэтэй дугаараас бусад дараа төлбөрт багцын хэрэглэгчид гэрээг цуцлах, багц ахиулах боломжтой эсэхийг шалгахад эдгээр үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд дээрх хуулийн хэрэгжилтийг дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах тухай албан бичгийг Цахим хөгжлийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороонд тус тус хүргүүлж ажиллалаа.

1-3 ДАВХАР “АВТОМАШИНЫ ЗОГСООЛ”-ЫГ СПОРТЫН ТӨВ ОРДНЫ БАРУУН ТАЛД БАРИХААР ТӨЛӨВЛӨӨД БАЙНА

2021 оны байдлаар улсын хэмжээнд 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 53.6 хувь буюу 662 мянга нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож, нэг өрхөд дунджаар 1.5 машин ногддог аж. Нийслэлийн хэмжээнд 216 га талбайд 72.6 мянган тээврийн хэрэгслийн зогсоолтой. Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 74 байршилд 2,104 авто зогсоолд иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа. Өдөрт замын хөдөлгөөнд 350-450 мянган тээврийн хэрэгсэл оролцдог бөгөөд 69 хувь нь хувийн тээврийн хэрэгсэл. Төлбөртэй болон төлбөргүй зогсоолын сэлгэлтийн судалгаа хийхэд, төлбөргүй зогсоолын дүүргэлт өглөө 09:00 цагийн байдлаар 100 хувь, өдрийн турш сэлгэлт 16 хувь байжээ. Харин төлбөртэй зогсоолын сэлгэлт 100 хувь. Бага тойруу орчмын авто зогсоолыг судлахад 184 байршилд 4,857 тээврийн хэрэгслийн зогсоол тоологдсон. Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газар доорх авто зогсоол байгуулах, их багтаамжтай авто зогсоол байгуулах, автомат, ил давхар зогсоол байгуулах, гудамж, зам дагуу авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийжээ.Энэ хүрээнд Спортын төв ордны баруун талд, “Блю мон” төвийн зүүн талд ногоон байгууламжтай тохижилт бүхий газар доорх 1-3 давхар зогсоол барьж байгуулахаар төлөвлөжээ. Мөн III, IV хорооллын худалдааны төв орчим, Хүүхдийн 100 орчимд авто зогсоолын менежмент хийхээр төлөвлөж байгаа аж. Газар доорх зогсоолуудыг байгуулснаар тухайн газрын одоо байгаа зогсоолын тоо 2-3 дахин нэмэгдэхээс гадна ногоон байгууламж нэмэгдэх давуу талтай.

ОСЛЫН ГАЗАР МӨРГҮҮЛСЭН "ПРИУС41" МАРКИЙН МАШИНЫ ЭЗЭН "ЛЕКСУС" АВЧЭЭ

Энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан. Хүний эрүүл мэндийг ноцтой хохироосон хэргийн явц удаашралтай байгаад олон нийт цахим орчинд дургүйцлээ илэрхийлсээр байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан иргэн Э.Энхзориг дараах мэдээллийг хийлээ. Иргэн Э.Энхзориг: Хууль зүйн яамныхан хэрэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэхийг хүсэж байна. Бага насны хүүхдэд хүнд гэмтэл учруулсан энэ хэрэгт маш их эмзэглэж, хэрэг мартагдах, ямар нэгэн албан тушаалтан хэрэгт нөлөөлөх вий гэх айдас олон нийтэд байна. Ослын бичлэг нүд халтирам байхад хохирогч зүгээр "Хөл нь зулгарсан" гэх зүйл ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Миний хувьд ослын бичлэгийг хайж Олимп хотхоны хавьд очсон. Бичлэг хийх боломжтой хоёр камер байсан ч осол болсон орой хяналтын камерын хард дискийг цагдаа аваад явсан гэж хэлсэн. "Ланд-200" маркийн автомашин гурван ААН-ийг дамжиж нэр шилжсэн байдаг. Сүүлийн ААН дээр нэр шилжсэнээс дөрөв хоногийн дараа буцаж хувь иргэн дээр нэр шилжсэн нь анхаарал татаж байна. Машинд байсан согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй нь Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн захирал Г.Батсүх гэх хүн байсан талаар мэдээлэл байна. Төрсөн ах Г.Хадхүү гэх хүний нэр дээр тухайн машин байдаг. Магадгүй намын харьяалалтай хүн бол энэ хэрэгт нөлөөлөх гэж завдаж байгаа юу гэх хардлага байна. Тухайн үед осолд орсон долоон машины эзэд өнөөдрийг хүртэл яагаад чимээгүй байна? Осол гаргасан "Ланд-200" маркийн автомашинд мөргүүлсэн "Приус41" маркийн машин айлын хашаанд байгаа. Машины эзэн дунд гарын "Лексус" авсан талаар нэг иргэн холбогдсон. Таньдаг эгч нь тул "Та хэрэгт холбоотой мэдээлэл өгөөч" гэж хүсэхэд дуугарахгүй байгаа талаар иргэн мэдээлсэн юм. Тэгэхээр осолд холбоотой хүмүүс хохирлыг барагдуулж дуугүй байлгаж байгаа талаар хардлага байна. Хэргийн газарт байсан иргэд "12 настай охины яс нь цоорсон байсан" хэмээн яриад байхад бүдэрч унасан юм шиг зулгарсан гэлээ. Тухайн үед машин барьж явсан Чингэсийн Маралмаагийн гэр бүл хууль хүчний байгууллагатай үнэхээр холбоотой юу. Энэ хэргийн мэдээлэл үнэхээр нууц байна гэлээ. Эх сурвалж:livetv.mn

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 15 СУМДЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖИЙН АЖИЛТНЫГ ЧАДВАРЖУУЛАХ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг үндэслэн аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний 170 дахь заалтыг хэрэгжүүлэх үүднээс Аймгийн хэмжээнд анх удаа 15 сумын Хяналт-шинжилгээ үнэлгээний нэгжийн ажилтнуудыг чадваржуулах сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 18-21-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд баруун бүсийн Баяндалай, Булган, Гурвантэс, Ноён, Хүрмэн, Сэврэй, Ханхонгор зэрэг сумдын 37 албан хаагч, Зүүн бүсийн Баян-Овоо, Даланзадгад, Мандал-Овоо, Манлай, Номгон, Ханбогд, Цогт-Овоо, Цогтцэций зэрэг сумдын 40 гаруй албан хаагч нийт аймгийн хэмжээнд 80 гаруй албан хаагч хамрагдсан үр дүнтэй арга хэмжээ болсон. Сургалт зөвлөгөөний хүрээнд: • Хяналт-шинжилгээ үнэлгээний нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 2020 оны 206 дугаар тогтоолын нэмэлт мэдээлэл өгч арга зүйн зөвлөмжөөр хангасан, • Сум бүр ХШҮ-ний нэгжийн үйл ажиллагааны тэргүүн туршлага болон Орон нутгийн хөгжлийн сангийн сайн туршлагаа бусаддаа хуваалцсан, • Монгол Улсын Засгийн газраас 2023 онд улс орон даяар төрийн байгууллагад ISO:9001 стандартыг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Тус ажлыг сумдын Засаг даргын Тамгын газарт чанартай хэрэгжүүлэх хүрээнд ISO-9001:2016 стандартын талаарх ойлголт түүнийг хэрхэн нэвтрүүлэх талаар нэгдсэн мэдээллийг “Төгс өөрчлөлт” ТББ-зөвлөх багш нар өгч заавар зөвлөмжөөр хангасан, • Төрийн албан хаагчдыг идэвхжүүлэх зорилгоор “Глобал Удирдагч” их сургуулийн захирал Б.Солонго хувь хүний хөгжлийн талаарх лекц уншиж танилцууллаа. Эдгээр арга хэмжээний хүрээнд сумдууд харилцан туршлага судалсан, танилцсан жишиг арга хэмжээ болсон.

АСРАМЖИЙН ГАЗРЫН ХҮҮХДҮҮД ӨЛСГӨЛӨНТЭЙ НҮҮР ТУЛАХАД ОЙРХОН БАЙНА

Монголын төр хүүхдэд ээлгүй гэдгээ дахин баталлаа. Учир нь 2022 онд хүүхэд асрамжийн “Өнөр бүл” төвд 2.4 тэрбум төгрөг төсөвлөсөн ч төсвийн хэмнэлт нэрийн дор 148 сая орчим төгрөг нь тодотголоор хасагджээ. Хасагдсан мөнгөний 79 сая нь хоол, хүнсний зардлаас танагдсан байна. Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны зүгээс асрамжид хүмүүжиж буй хүүхдүүдийн хоногт хэрэглэх хоолны норм, хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийн нормативыг батлахдаа дунджаар 2013 оны нормативтай ижил хэмжээнд баталжээ. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд өдөрт идэх өндөгний үнийг 80 төгрөг гэжээ. Өндөг худалдаж авах үнийг 400 төгрөгөөр бодсон. Тэгэхээр таван өдрийн турш нэг өндөг хувааж иднэ гэсэн үг. Мөн тараг, аарцыг 2850, сүүг 2130, гурилыг 1280, гурилан бүтээгдэхүүнийг 2850, ургамлын тосыг 4000, төмсийг 1420, будааг 2550, махыг 12200 төгрөгөөр бодож, норматив баталсан. Хүүхэд өдөрт 110 грамм мах иднэ гэж заажээ. Түүнчлэн, өдөр тутмын ахуйн хэрэглээ, хувцасны үнийг хэдээр тооцсоныг уншигч та дараах баримтаас харж болно. Сангийн яам, ХНХЯ-ны зүгээс хүүхдийн дотоож 850 төгрөг, нимгэн оймс 1200, зузаан оймс 1400, унтлагын хувцас 10.700, дүрэмт хувцас 56.800, гэрийн шаахай 2800, хөхний даруулга 3500, трико 4200, бээлий 4250, хүзүүний ороолт 7100, зуны гутал 28400, өвлийн гутал 56.800 төгрөгөөр авна гэж баталжээ. эх сурвалж:tac.mn

АСРАМЖИЙН ГАЗРЫН ХҮҮХДҮҮД ӨЛСГӨЛӨНТЭЙ НҮҮР ТУЛАХАД ОЙРХОН БАЙНА

Монголын төр хүүхдэд ээлгүй гэдгээ дахин баталлаа. Учир нь 2022 онд хүүхэд асрамжийн “Өнөр бүл” төвд 2.4 тэрбум төгрөг төсөвлөсөн ч төсвийн хэмнэлт нэрийн дор 148 сая орчим төгрөг нь тодотголоор хасагджээ. Хасагдсан мөнгөний 79 сая нь хоол, хүнсний зардлаас танагдсан байна. Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны зүгээс асрамжид хүмүүжиж буй хүүхдүүдийн хоногт хэрэглэх хоолны норм, хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийн нормативыг батлахдаа дунджаар 2013 оны нормативтай ижил хэмжээнд баталжээ. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд өдөрт идэх өндөгний үнийг 80 төгрөг гэжээ. Өндөг худалдаж авах үнийг 400 төгрөгөөр бодсон. Тэгэхээр таван өдрийн турш нэг өндөг хувааж иднэ гэсэн үг. Мөн тараг, аарцыг 2850, сүүг 2130, гурилыг 1280, гурилан бүтээгдэхүүнийг 2850, ургамлын тосыг 4000, төмсийг 1420, будааг 2550, махыг 12200 төгрөгөөр бодож, норматив баталсан. Хүүхэд өдөрт 110 грамм мах иднэ гэж заажээ. Түүнчлэн, өдөр тутмын ахуйн хэрэглээ, хувцасны үнийг хэдээр тооцсоныг уншигч та дараах баримтаас харж болно. Сангийн яам, ХНХЯ-ны зүгээс хүүхдийн дотоож 850 төгрөг, нимгэн оймс 1200, зузаан оймс 1400, унтлагын хувцас 10.700, дүрэмт хувцас 56.800, гэрийн шаахай 2800, хөхний даруулга 3500, трико 4200, бээлий 4250, хүзүүний ороолт 7100, зуны гутал 28400, өвлийн гутал 56.800 төгрөгөөр авна гэж баталжээ. эх сурвалж:tac.mn

ОН ГАРСНААС ХОЙШ 20 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ

Аравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд 8023 автомашин, 1549 чингэлэг нийт 1038 мян.тонн нүүрс экспортод гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 186 хувь буюу 1.9 дахин өссөн үзүүлэлт юм. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 114.1 зэсийн баяжмал 94 төмөр 70.4 алт 79.3 газрын тос 43.7 цайр 114.5 хайлуур жонш 38.3 хувьтай байна. Оны эхнээс 20,5 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 58.5 хувиар өссөн гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

ЭМЭГТЭЙ ХҮМҮҮЖИГЧИД ТИВ ХООРОНДЫН ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

FIDE Олон Улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээнийг АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд зох иогдсон юм. Тэмцээнд АНУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги, Австрали, Канад зэрэг дэлхийн 46 орны 85 багийн тамирчид өрсөлдсөн бол Монгол Улсаа төлөөлөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй хоёр баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг багийн хүмүүжигчид өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүржээ. Эргэн сануулахад 2021 онд зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртэж, түүхэн амжилт гаргаж байсан аж.

ЭМД-ЫН ШИМТГЭЛЭЭ QR КОД УНШУУЛАН ШАЛГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

/2022.10.17/: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгуулагч иргэддээ мэдээ, мэдээллийг хялбархан, шуурхай хүргэх зорилгоор QR /Quick Response/ буюу түргэн хариу үзүүлэгч кодыг хэрэглээнд нэвтрүүлж, бүх төрлийн контентдоо байршуулж эхэллээ. QR кодыг уншуулахад тусгай төхөөрөмж шаардлагагүй бөгөөд даатгуулагч та ямар ч төрлийн ухаалаг утасныхаа камерыг ашиглан ЭМДЕГ-ын байршил, вэблинк, шимтгэлийн дутуу төлөлтөө шалгах, шимтгэлээ төлөх зэрэг олон төрлийн мэдээллийг энэхүү кодыг ашиглан авах боломжтой юм. Эх сурвалж: ЭМЯ

ЭНЭҮТ II ХӨХНИЙ ХАВДРЫН БУЮУ МАММОГРАФИЙН ОНОШИЛГООГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ХИЙЖ БАЙНА

“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” нь оношилгоо, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэх, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хөрөнгөөрөө шинэ тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулах ажлыг шат дараатай хийж байна. Үүний нэг болох хөхний хавдрын эрт илрүүлэг оношилгооны AIDIA брендийн “Маммографийн аппарат”-ыг хиймэл оюун ухаанаар онош унших программын хамт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр суурилуулан үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Хиймэл оюун ухаанаар онош унших программын тусламжтайгаар оношилгоог шинэ түвшинд гаргахаас гадна цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой болжээ. ЭНЭҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Э.Соёл-Эрдэнэ “Тус аппаратын онцлог нь богино хугацаанд буюу гурван секундэд өвчтөнд зовиур багатайгаар шинжилгээ авч, оношийг тодорхойлдог. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй ажлын өдрүүдэд үйлчлүүлэх бүрэн боломжтой. ” хэмээлээ. Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй иргэнд энэ төрлийн шинжилгээг хийжээ.

1 ... 202 203 204 205 206 207 208 209 210 ... 374