НЭГҮҮН МЭДЭЭ
ГУРИЛЫН ҮНЭ НЭМСЭН КОМПАНИУДАД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас буудайн гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, нөөц хангамжийн байдлыг судлан тогтоох, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор агентлагийн даргын удирдамжтай хяналт шалгалт хийж байна. Гурил үйлдвэрлэгч 10 аж ахуй эрхлэгч, хоёр ТББ-ыг хамруулж хяналт шалгалтыг явуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэл болон гурил үйлдвэрлэгчдээс ирүүлсэн санхүүгийн баримтуудад шалгалт хийлээ. Хяналт шалгалтын явцад шаардлагатай тайлбар мэдээлэл, баримт материалыг дурдсан хугацаанд ирүүлээгүй “Өгөөж гурил” ХХК болон “Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо”, “Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-д хяналт шалгалтад саад учруулсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 6-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авлаа. Шалгалтын явцад “Улаанбаатар гурил”, “Алтан тариа”, “Од групп” ХХК-ууд буудайн гурилын үнийг нэгэн зэрэг нэмсэн үйлдэл нь нийтийн ашиг сонирхолд харшилсан эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байх тул зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН АВЛИГА ӨГӨХИЙГ ЗАВДСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад авлига өгөхийг завдсан гэх ү ндэслэлээр шалгагдаж байгаа, гэм буруутай эсэхийг шүүхээс тогтооно хэмээсэн. АТГ-ын дэд дарга Г.Азжаргалаас УИХ-ын гишүүнийг шалгаж байгаа эсэхийг тодруулахад: ” Энэ хэрэг шалгагдаж байгаа. 2020 оны тавдугаар сард шалгагдсан санагдаж байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа гэм буруутай эсэхийг тогтооно” гэв .

ГАШУУНСУХАЙТ ДАХЬ НҮҮРС ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ШИЛЭН БОЛСОН

Улсын Их Хурал(УИХ)-ын Эдийн засгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Ганболд "Бөмбөлгийн зөвшөөрлийг боомтын зөвлөл өгдөг. Зөвлөлийн дарга нь Сангийн сайд Б.Жавхлан" хэмээсэн. Уг мэдээллийн дагуу Сангийн яамнаас "Хилийн тухай хуульд Улсын Их Хурлаас 2022 оны наймдугаар сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр Хилийн боомтын үндэсний зөвлөлийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн даргалдаг байсныг Боомтын сэргэлтийн үндэсний хороо болгон өөрчилж, Боомтын сэргэлтийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн даргална гэж Гашуунсухайт дахь нүүрс экспортын тээвэрлэлт болон Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, тээврийн жолооч нарын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор "Гашуунсухайт дахь тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн хамтарсан тушаалаар баталсан. Тус журамд туссанаар битүүмжлэгдсэн тээврийн баг буюу /Бөмбөлөгт тээвэр/ үүсгэх ажлыг Гашуунсухайт боомт дахь өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий холбогдох төрийн байгууллагуудаас бүрдсэн Шуурхай штаб хариуцан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бөмбөлөгт тээврийг үүсгэх, үйл ажиллагаанд нь улс төрийн албан тушаалтан буюу сайд оролцож шийддэггүй" гэсэн тайлбарыг өглөө.

Т.ДОРЖХАНД: НҮҮРСНИЙ ХУЛГАЙД 40-45 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО АЛДСАН ГЭДГИЙГ БИ НОТОЛЖ ЧАДНА

УИХ-ын гишүүн Т.Доржханд, “ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас авхуулаад манай эрх барьж байгаа намынхан ч 40 их наяд төгрөг гэж юу яриад байгаа юм бэ, хэлсэн үгэндээ уучлал гуй ч гэх шиг сонин юм яриад байна. Сөрөг хүчин сөрөг хүчин шиг бай. Би ардчилсан нам руу нэг ч үг хэлж үзээгүй шүү. Өнөөдрийг хүртэл энэ хулгай дээрмийн талаар би ярьсан нь үнэн. Нүүрсний хулгайн тооцооллыг яг нарийн тооцож гаргахад 40-45 их наяд төгрөгийн орлого, 10 их наядын татвараа алдчихаад байгаа нь бодитой. Би нотолж чадна. Энэ мэдээллээ хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэдэд нээлттэй мэдээлнэ. Энэ миний хийдэг ажил. Харин гэв гэнэт бүгдээрээ Т.Доржханд иргэдийг төөрөгдүүлж, худлаа мэдээлэл тараалаа гэх юм. Тийм юм байхгүй шүү” хэмээв. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Нүүрсний хулгайн хэргийн талаар ганцхан УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэж байгаа. Тэр хүнээсээ асуу” гэх тайлбарыг өгсөн.

АХАА БИД ДААРЧ БАЙНА ХЭРЭГТНҮҮДЭД ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭЭД ӨГӨӨЧ

Нүүрсний хэрэгт хариуцлага тооцуулахаар иргэд төв талбайд 5 дах өдрөө жагсаж байна.Өвлийн энэ тэсгэм хүйтэнд бяцхан үрсдээ зөв сайхан нийгмийн үлдээхийн төлөө нялх биетэй ээжүүд дуу хоолойгоо хүргэхээр цуглажээ.Тэмцдэггүй улс мөхдөг шиг бид нялх балчраасаа авхуулаад өтгөс буурай хүртлээ бугшсан нийгмийн идээ бээрийг шахаж эрүүл хариуцлагатай нийгмийг цогцлоохын төлөө төв талбайд гарч иржээ.

Б.ГАНХУЯГИЙНХААС ТУСГАЙ ТӨХӨӨРӨМЖ ИЛРҮҮЛЭГЧ, С.ЭНХТҮВШИНГИЙН ГЭРЭЭС ХЯТАДЫН БАНКНЫ ТЭМДЭГ, 100 МЯНГАН АМ.ДОЛЛАР ОЛДЛОО

Өчигдөр /2022.12.7-8/- нд шилжих шөнө АТГ, ЦЕГ-ын ажилтнууд прокурорын зөвшөөрөлтэйгөөр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. “Эрдэнэс силвер ресурс’ ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, “Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, “Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер’ ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустрал’ ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан. Мөн ‘Сагсайс Редер’ ХХК-ийн захирал С.Энхтүвшингийн гэрээс Хятадын банкны тэмдэг 100 мянган ам.доллар, 70 сая төгрөг, ‘Хишиг арвин индустрал’ ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн гэрээс 300 сая төгрөг, ‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн гэрээс тусгай төхөөрөмж илрүүлэгч олджээ.

Б.БАТТӨМӨР: НҮҮРСНЭЭС ГАДНА АЛТНЫ ХУЛГАЙ ИХ БАЙГАА

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Нүүрснээс гадна алтны хулгай гаарсан хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "Олборлосон алтныхаа хагасыг нь тушаадаг. ААН-ийн орлогын албан татвараас зугтаж, ченжүүдээр дамждаг. Мөн лиценз тойрсон луйвар бий. Энэ хүрээнд 6200 лицензийг хоорондоо шилжүүлсэн. Үүний ихэнх нь худалдагдсан. Үүнийг бид хувийн хэвшлийг дэмжиж байна гэдэг нь эсрэгээрээ хулгайг дэмжиж байгаатай адил. Хулгай, авлигын асуудалтай тэмцэхийн тулд эхний ээлжинд Авлигын хууль болон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна" гэлээ.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ “ГЭГЭЭНТЭН“-ИЙ ХАДМЫН “ХИШИГ АРВИН ИНДУСТРАЛ“ ХХК ХОЛБОГДОЖ, ЗАХИРЛЫГ НЬ БАРИВЧИЛЛАА

АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2022.12.7-8/- нд шилжих шөнө прокурорын зөвшөөрөлтэйгөөр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал,түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан юм. Үүн дотор Нара Банчен гэгээнтэний хадамууд болон "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзнийг хоёр хүнийх нь хамт баривчилсан хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Түүнчлэн тус компани нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ УИХ-ын дарга асан З.Энхболдтой маш ойрын холбоотой, нөлөөтэй байдаг нь тогтоогдсон гэв. Наро банчен гэгээнтэний хувьд "Хишиг арвин индустрал" ХХК-ийн ганц охинтой гэрлэсэн билээ. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ийнхүү нүүрсний хулгайн бүлэг хэрэгт холбогдон шалгагдаж байна. "Хишиг арвин индустрал" ХХК-ийн хувьд Эрдэнэс тавантолгой ХК-ийн удирдлагуудтай ойр холбоотой хэмээн шалгагдаж, баримт нотолгоогоор тогтоогдон эрүү үүсгэгджээ. “Хишиг арвин индустрал" ХХК нь Эрдэнэс Тавантолгой компани анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагаа эрхэлж байгаа үндэсний томоохон компаниудын нэг юм. Эх сурвалж:Arslan.mn

САМУРАЙ БОНД”-ЫН ТӨЛБӨРИЙГ БҮРЭН БАРАГДУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болох /762.3 тэрбум төгрөг/ 30.0 тэрбум иенийг Монгол банк дахь төрийн сангийн дансанд байршуулж Бондын эргэн төлөлт хийхээр бэлдээд байна. Анх 2013 онд Хөгжлийн банк нь ЗГ-ын баталгаатайгаар 10 жилийн хугацаатай, жилийн 1.5%-ийн хүүтэй 30.0 тэрбум иенийн “Самурай" бондыг олон улсын зах зээлд арилжаалсан.

ЖАГСАГЧДААС 100 ИРГЭН ХЯНАЛТ ТАВИНА

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр нүүрсний хулгайн эсрэг жагсаж буй иргэдтэй уулзахдаа "Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн. Энэ асуудлыг орхихгүй, үр дүнд хүргэхээр ажиллах болно. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ялагдана. Ард иргэд Засгийн газартаа дэм болж нүүрсний хулгайч нартай тэмцэхийг уриалж байна” гэв. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий штабыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулсан. Энэхүү штабын үйл ажиллагаанд хяналт тавиулахаар жагсагчдаас 100 хүний төлөөллийг оруулахаар боллоо. Эх сурвалж: Засгийн газар

1 ... 183 184 185 186 187 188 189 190 191 ... 374