НЭГҮҮН МЭДЭЭ
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ АРХИДАН СОГТУУРСАН НЬ ТОГТООГДООГҮЙ ТУЛ АЖИЛД НЬ ЭРГҮҮЛЭН ТОМИЛСОН

УБТЗ-ын Хүүхдийн секторын дарга Л.Янжмааг эргүүлэн ажилд томилсонтой холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл тарааж байгаа тул дараах тайлбарыг хийж байна. Л.Янжмаа нь ажлын цагаар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсний дагуу шуурхай очиж шалгахад ажлын байран дээрээ архидан согтуурсан нь тогтоогдоогүй тул Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан юм. Хууль хяналтын байгууллагаас буруутай нь тогтоогдоогүй тул УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хуралдаж Л.Янжмааг эргүүлэн ажилд нь томилохоор шийдвэрлэсэн болно. “УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс”

НИЙСЛЭЛИЙН БҮСЭЭС 11 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ГАРГАЛАА

Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажил үргэлжилж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэх хүрээнд одоогийн байдлаар 11,539 толгой мал гаргажээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа зэрэг байгууллага, дүүрэг, хороодын албан хаагчид тэргүүтэй 1009 хүн 171 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа. Нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах, мөн дахин орж ирэхээс сэргийлэх зорилгоор 56 мэдэгдэх хуудас, 249 албан мэдэгдлийг малтай иргэдэд хүргүүлж, долоон хүнд торгуулийн арга хэмжээ авсан байна. Түүнчлэн хот руу орж ирж байгаа малын эзэдтэй ойлголцох, мэдээлэл өгөх зэрэг ажлыг зохион байгуулж буй. Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГААР Л.ГАНТӨМӨРИЙГ БҮРТГЭЛЭЭ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар өнөөдөр /2023.02.09/ Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос батламжилсан Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэн, баталлаа. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд ээлжит бусаар хуралдаж намын даргаар УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийг бүртгэв.

АНУ-ЫН ДЕЙТОН ХОТЫН ДАРГА Ш.ЭНХИЙН-ОДОД ЗОРИУЛЖ ИРЭХ БААСАН ГАРГИЙГ “МОНГОЛЫН ӨДӨР” БОЛГОХООР ЗАРЛАЖЭЭ

АНУ-ын Дейтон хотын дарга Жеффрей Ж.Мимс "Dayton Flyers" багийн тоглогч Mike Sharavjamts буюу Ш.Энхийн-Одод зориулж ирэх баасан гаргийг "Монголын өдөр" болгохоор зарласныг DaytonDailyNews-ээс мэдээллээ. АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр зиндаанд тоглож буй анхны Монгол тоглогч Ш.Энхийн-Од улирал эхэлснээс хойш бүх 25 тоглолтод оролцсон ба 20-д нь гараанд гарсан юм. Тэрээр нэг тоглолтод дунджаар 5.9 оноо авдаг ба нийт 79 удаа оновчтой дамжуулалт өгснөөр багаа тэргүүлж байна. Сан Франциско хот дахь Монголын консулын газрын консул П.Баярмагнай Ш.Энхийн-Одын тухай "Тэр бол Охайо муж төдийгүй АНУ-д монголыг төлөөлж буй элч. Өөрийн амжилтаар залууст үлгэр дуурайл болж байгаа түүний төлөө бид бүгд баярлаж байна" хэмээжээ. Дейтон хотын "Монголын өдөр"-өөр Охайо муж дахь нийгмийн эрүүл мэндийн төлөөх ТББ "CareSource"-ын ивээн тэтгэлэгтэйгээр арга хэмжээ зохионо. Өдрийн 14-16 цагийн хооронд Pamela Morris Center-т Монголын соёл уламжлалын талаар танин мэдүүлэх өдөрлөг болох юм. CareSource-ын гүйцэтгэх захирал Эрхардт Претауэр болон Монголын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Батбаяр нар арга хэмжээний нээлтэд оролцоно гэв. Энэ баасан гаргийн орой 20:00 цагаас Dayton Flyers баг талбайдаа Saint Louis-тэй тоглоно. Эх сурвалж: DaytonDailyNews

ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖИЛИЙН ДОТОР ГАМШИГТ НЭРВЭГДСЭН БҮС НУТГУУДЫГ СЭРГЭЭН БОСГОНО ГЭВ

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоан тус улсын Засгийн газар гамшгийн дараа шуурхай арга хэмжээ авч чадалгүй цаг алдсаныг хүлээн зөвшөөрсний зэрэгцээ газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудыг нэг жилийн дотор сэргээн босгохоо амлажээ. Гамшгийн бүс нутагт хүрэлцэн очоод буй тэрбээр орон гэрээ алдсан бүх иргэдийг орон байраар хангахаас гадна одоохондоо майханд амьдрах хүсэлгүй байгаа иргэдийг Газар дундын тэнгисийн эрэг дагуух зочид буудлуудад шилжүүлэн байршуулах боломжтой гэсэн байна. Түүнчлэн гамшигт нэрвэгдсэн өрх бүрд 10 мянган лира буюу 531 ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр болсныг зарлав. Турк улсад газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 12 мянга 391 хүрснийг тус улсын Гамшгийн менежментийн агентлагаас мэдээллээ. Харин Сири улсад амиа алдсан хүмүүсийн тоо 2000 гаруйгаар нэмэгдсэнийг Туркийн “TRT” телевиз мэдээлжээ .

ХОРИГДОГЧИДТОЙ УУЛЗАХ УУЛЗАЛТЫН ЦАГИЙГ ЦАХИМААР ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим технологийг нэвтрүүлэх зорилгоор хоригдогчидтой уулзах уулзалтын цагийг урьдчилан цахимаар захиалах системийг нэвтрүүллээ. -Энэ хүрээнд прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, иргэд өөрт тохирох үйлчилгээг сонгон тусгайлан гаргасан QR код бүхий линкээр дамжуулан Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн албан ёсны www.461.cd.gov.mn хуудас руу нэвтэрч, холбогдох асуумжийг бөглөн, уулзалтын цагаа захиалах боломжтой юм. -Ингэснээр иргэд, үйлчлүүлэгчдэд цагаа хэмнэх, ажлаа зөв төлөвлөх зэрэг ач холбогдолтой болж байна.

АЛТАЙ, ХАНГАЙ, ХЭНТИЙ, ХӨВСГӨЛИЙН ӨНДӨРЛӨГ УУЛСААР 20 СМ-ЭЭС ИХ ЦАСТАЙ БАЙНА

Цасан бүрхүүлийн мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Увсын Давст, Завханы Баянтэс, Тэс, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 21-23 см. Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Түргэн, Зүүнговь, Ховдын Булган, Алтай, Үенч, Завханы Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Нөмрөг, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хушаат, Төвийн Баян, Мөнгөнморьт, Цээл, Угтаалцайдам, Алтанбулаг, Жаргалант, Улаанбаатарын Налайх, Хэнтийн Норовлин, Батширээт, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Баян-Овоо, Сүхбаатарын Асгат, Халзан, Дорнодын Булганд 11-20 см, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-60 см зузаан цастай байна. Ус цаг уурын улсын сүлжээн дээр цасны ажиглалт, хэмжилтийг 4 янзаар буюу өдөр тутам (цаг уурын ажиглалтын талбайд, өглөө бүр 08 цагт), 10 хоног тутам (хээрийн цасны хэмжилт, сар бүрийн 10, 20, 30/31-нд), өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаа (жил бүрийн 01 дүгээр сарын дунд арав орон даяар, багийн нутгаар), цаг үеийн нэмэлт ажиглалт (цас ихтэй хүндэрсэн газарт) гэсэн хөтөлбөрийн дагуу хийж байна. Эдгээр мэдээллээс үзэхэд зарим газраар зузаан цастай, цасны өнгөн хэсэг мөстөж хатуурсан (шилэн зуд), нягт ихтэй байгаа нь мал бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ОЛГОДОГ ЖИЖИГ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭЖ, ХУГАЦАА УРТАСЛАА

Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10 сая хүртэл төгрөг, - Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25 сая хүртэл төгрөг, -Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 50 сая хүртэл төгрөг, Улаанбаатар хотод: - Төрийн банк жилийн 8.8% хүүтэй, -Хаанбанк жилийн 8.8% хүүтэй, - ХХБ жилийн 8.5% хүүтэй, Орон нутагт: -Төрийн банк жилийн 4.4% хүүтэй. Энэхүү зээлд хамрагдахыг хүсвэл харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хандана уу.

НҮДНИЙ БОЛОР СОЛИХ МЭС ЗАСЛЫН 75 ХУВИЙГ ЭМД-ЫН САНГААС ХӨНГӨЛНӨ

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор нүдний болор солих мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 736 мянгаас 1.7 сая төгрөг байдаг. Харин хос эрхтэнд мэс засал хийхэд 1.1 - 2.8 сая төгрөг байхаар зохицуулсан. Үүний 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол ... Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨЛ ДАЙРЧ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЛГҮЙ ЯВСАН ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

Энэ оны 02 дугаар сарын 01-ний өдөр СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд Приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан. Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, осол гаргасан приус маркийн автомашины жолоочийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна. Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгаа тул жолооч та замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцоно уу! Тээврийн Цагдаагийн Алба

1 ... 184 185 186 187 188 189 190 191 192 ... 387