НЭГҮҮН МЭДЭЭ
ӨНӨӨ ШӨНӨ ЯАРМАГ, СОНГИНО ОРЧМООР -39-41 ХЭМ ХҮЙТЭН ХОНОНО
Өнөө шөнө буюу 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Яармаг-Сонгино орчмоор -39...-41 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -43...-48 градус хүрэх төлөвтэй байна. Харин Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -36...-41 градус хүрч хүйтэн хонох аж. Тиймээс хол ойрын замд гарахдаа дулаан хувцас, машин техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
ӨӨРИЙГӨӨ “САЙДЫН ХҮҮ” ХЭМЭЭН ОРИЛЖ БУСДЫН АМГАЛАН БАЙДЛЫГ АЛДАГДУУЛСАН ИРГЭНД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА
"Би сайдын хүүхэд шүү" хэмээн бусадтай маргалдан тээврийн хэрэгсэл жолоодож буй иргэний бичлэг цахим ертөнцөд цацагдсан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Энэ оны есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө уг дуудлага ирсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны зогсоолоос "Mercedes-Benz" маркийн автомашины жолооч 34 настай иргэн Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Toyota Рrius-20, LEXUS 250 маркийн автомашиныг мөргөн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Иймд зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг явуулж байна. Харин хотхон дотор чанга дуугаар орилж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тухай гомдол ирээгүй, энэ нь сошиалд тавигдсан бичлэгээр ил болж байна" хэмээжээ.
“МАК ЦЕМЕНТ” ХХК-Д 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЛАА
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь заалт, 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад тус тус зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “МАК Цемент” ХХК-д холбогдох зөрчлийн 2202000296 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явууллаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “МАК Цемент” ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар задгай цементийг 283.600 төгрөгөөр, савласан цементийг 335.600 төгрөгөөр тус тус борлуулж байсан боловч 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээт худалдан авагч нартаа 1 тонн тутамд задгай цементийг 529.500 төгрөгөөр, савласан цементийг 550.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулж цементийн үнэд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон болох нь тогтоогдлоо. Иймд дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар “МАК Цемент” ХХК-д өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний буюу 5.4 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
ДАРАЛТ БУУРУУЛАХ 7 ТӨРЛИЙН ЭМИЙГ ЭМД-ЫН САНГААС 100 ХУВЬ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОЖ БАЙНА
ЭМДЕГ Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна. Өнөөдрийн байдлаар дээрх эмийг 2400 гаруй иргэнд олгож, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцлаа.
СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 16 НАСТАЙ ОХИНЫГ АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22:00 цагт “Манай охин гэрээсээс гараад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд шуурхай зохион байгуулж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр охиныг олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө. Иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд, эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН “ЧИНГИС ХААН” ЗОЧИД БУУДЛЫН ДЭРГЭД БАРЬЖ БУЙ БАРИЛГАД ГАЛ ГАРЧЭЭ
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хууль зөрчин барьж байж болзошгүй орон сууцын нэгэн барилгад өнгөрсөн баасан гарагт гал гарлаа. Баянзүрх дүүргийн I хорооны нутаг, “Чингис хаан” зочид буудлын баруун талд, Сэлбэ голын эрэг дээр сүндэрлүүлсэн 25 давхар орон сууцын “Сансар гарден” хотхоны нэг байрных нь 24 дүгээр давхраас энэ сарын 25-ны 20.50 цагийн үед гал эхэлж гарчээ. Дээрх төрийн өндөр албан тушаалтны АТГ-т гаргадаг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасаар ирсэн, түүний үүсгэн байгуулсан, гадаад худалдааны чиглэлийн “Хаус-Инвест” ХХК-ийн уг барилгад гал гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн шинжээчид ажиллаж буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр тухайн барилгын 24 дүгээр давхрыг дулаацуулж, цутгасан бетон зуурмагаа хатаах зорилгоор гал түлэх үед нь шахмал түлшний оч үсэрч амархан шатах зүйлд авалцсанаар шатаж эхэлсэн аж. Барилгачдынх нь өгүүлснээр 24 дүгээр давхрын гадна хэсэгт дулаалах зорилгоор синтфонон хаалтаар хучсан байсан нь шатсан юм байна. Б.Чойжилсүрэнгийн нэр дээрх “Хаус-Инвест” ХХК-ийн “Сансар гарден” хотхоны барилга яагаад хууль зөрчсөн байж болзошгүй гэдгийг тодотгоё. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын хамаарал бүхий “Чингис хаан” зочид буудлын эзэмшил газарт дээрх хотхоныхон найман блок бүхий барилгыг өнгөрсөн хавраас барьж эхэлсэн бөгөөд энэ үедээ Сэлбэ гол руу бохир усаа цутгаж байсныг холбогдох байгууллагынхан тогтоосон. Тодруулбал, нэгэн иргэн Туул голын сав газрын захиргаанд гомдол гаргасны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Экологийн цагдаагийн албаныхан хамтран шалгасан юм. Улмаар “Хаус-Инвест” ХХК нь барилгын хөрснөөс гарсан шүүрлийн усыг шавхан зайлуулж, Сэлбэ голд нийлүүлж байсныг тогтоон Усны тухай хууль зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад нь шилжүүлж байв. Гэвч тус компанийнханд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, улс төрд нөлөө бүхий албан тушаалтны аж ахуйн нэгж учраас хав дарсан байхыг ч үгүйсгэхгүй. Уг нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танхимд нь сууж байгаад 2012 оны тавдугаар сарын 17-нд батлалцсан Усны тухай хуулийн 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан. 22.2-т нь “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” хэмээн хуульчилсан. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд “Энгийн хамгаалалтын бүсийн заагийг усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй, харин нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд байхаар заасан ч эдгээр заалттай харшилдан “Хаус-Инвест” ХХК барилга барьж буй нь хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэх үндэслэл болж байгаа юм.
НИЙТ НУТГИЙН 80 ХУВЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ ГАРЧЭЭ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна. Харин 19 хувьд бага, таван орчим хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарчээ. Таван аймгийн 15 суманд зуд болох эрсдэл нэн өндөр байна. Тухайлбал: Баян-Өлгийн Сагсай, Алтай, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл сумдад зуд болох эрсдэл өндөр байгаа аж.
Аймгийн ИТХ-д хамгийн олон удаа буюу 5 удаа сонгогдсон төлөөлөгч, аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа
[media=https://fb.watch/hfSyoqO9n3/ end]
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо
Шинэ үндсэн хууль батлагдаж, Нутгийн өөрөө удирдах ёсыг, төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр Нутгийн Удирдлагыг хэрэгжүүлэх хууль албан ёсоор батлагдаж, хурлын шинэ үеийн түүх эхэлж өдгөө Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо хөгжсөнөөр 30 жилтэйгээ золгож байна. Үе үеийн төлөөлөгчид, нутгийн удирдлагын байгууллагын ажилтнууд, орон нутгийн удирдлага, төрийн албан хаагчид зэрэг 200 гаруй хүнд #Нутгийн удирдлагын 30 жилийн ойн медаль гардууллаа.