МАРГААШААС RFID ЧИПИЙГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД СУУРИЛУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай зөвлөгөөнөөр Замын хөдөлгөөний нэгдсэн системийн талаар хэлэлцжээ.

Цахим шилжилтийн хүрээнд хийж байгаа Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-ийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн  гэрлэн дохиотой 138 уулзварын 354 байршил, дөрвөн пост, оношилгооны таван төвд нийт 455 ширхэг радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж, 1036 ширхэг уншигч антенн суурилуулан энэ оны эхний улиралд багтаан хэрэглээнд нэвтрүүлэхээр байна. Зөвлөгөөний үеэр сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил болоод шар усны үер, халиа тошин зэрэг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Улсын хэмжээнд орон нутагт 470,000 орчим, нийслэлд 650,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй ба эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулана.

Уг ажлыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэдгийг мэдэгдээд буй. Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан. RFID чипийг тээврийн хэрэгсэлд суурилуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулах аж. Чипийг үнэгүй суурилуулах бөгөөд импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр төлбөрөө төлөн наалгана.

RFID нь тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем. Тэгэхээр тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бүх асуудлыг энэ системээр шийдэх боломжтой ажээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.